Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4-р хороо 2-р хороолол Нарны замын 1-р гудамж 29-р байр 14 тоотод оршин суух Боржигон овогт Алтангэрэлийн Отгонбаяр /РД:ЧВ67051166, утас: 95712273/-аас гаргасан

         Хариуцагч: 1962 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Төмөр зам, Номт гудамж 22 тоотод оршин суух улсын бүртгэлтэй, одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сум 1-р баг Замчны 18 тоотод оршин сууж байгаа, тэтгэвэрт, Өөлд овогт Жамъянгийн Оюунчимэг, / РД:МЗ62080401, утас:94799648/-д холбогдох

Зээлийн төлбөр 9,706,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цогням, хариуцагч Ж.Оюунчимэг, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч А.Отгобаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн А.Отгонбаяр миний бие иргэн Оюунчимэгтэй 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 500000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 20 хувийн хүүтэй алданги тооцохгүйгээр зээлдүүлэх гэрээг бичгээр үйлдэж түүнд 5000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болно. Гэвч Ж.Оюунчимэг зээлээсээ 500000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг гэрээний дагуу буцааж төлөөгүй өнөөг хүрлээ. Иймд хариуцагч Ж.Оюунчимэгээс үлдсэн зээл 4500000 сая төгрөг, зээлийн хүү 5000000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 206950 төгрөг, бүгд 9706950 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цогням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   “...Зээлдэгч Оюунчимэг нь мөнгө зээлдүүлэх хүсэлтийг анх Отгонбаярт гаргасан. Зээлдүүлэгч Отгонбаяр нь хариуд хүүтэй мөнгө зээлдүүлэх санал өгсөн. Үүнийг Оюунчимэг хүлээн зөвшөөрч бичгээр үйлдэж гарын үсэг зурсан байгаа. Үндсэндээ 5 сарын хугацаатай 5 сая төгрөг зээлсэн. Энэ гэрээний гол нөхцөл нь Иргэний хуульд заасан хүү, хугацааг тодорхой заасан. Гэрээг заавал бичгээр хийнэ гэсэн нь хуулийн дагуу нийцэж байгаа. Анх гэрээ байгуулсанаас хойш өнөөг хүртэл 2 жил өнгөрсөн байна. Зээл төлсөн байх хугацаа 1 жил 1 сараар хэтэрсэн байна. Отгонбаяр Оюунчимэгээс 500.000 төгрөг хүлээн авсанаа хүлээн зөвшөөрдөг. Харин 1.000.000 төгрөгийг аваагүй гэдэг. Зүгээр л Отгонбаяр хүүхдийн хувцас зараад өгөөч гэж Оюунчимэгт хандсан байгаа юм. Оюунчимэг энэ хувцасны мөнгийг л өгсөн. Энэ хувцасны мөнгийг зээлийн мөнгөтэй хольж хутгамааргүй байна. Нийтдээ нэхэмжлэлийн шаардлага бол 9.706.950 төгрөгийг Оюунчимэгээс гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.

 

 Хариуцагч Ж.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Отгонбаяраас 5.000.000 төгрөг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дарьтын ногооны талбайд лууван тариад түүнийхээ арчлалтанд зориулах гэж авсан нь үнэн. Тэгээд ногоогоо хураагаад эрүүлээд өгнө гэсэн нь би шатчихсан юм. Отгонбаяр сар болгон надаас мөнгөний хүү гээд 200.000 төгрөг авч байсан. Хувцасны мөнгийг би тооцоогүй. Тэр 1.000.000 төгрөг чинь хувцасны мөнгө биш юм. Надад тусдаа квитанз байгаа. Хавтаст хэрэгт бүгдийг нь хавсаргасан байгаа.Энд андуурах зүйл байхгүй. Миний ойлгож байгаагаар гэрээнд заасны дагуу хугацааны хүүг тооцъё гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 5 сарын хугацааны хүү  өгнө гэж бодож байгаа. Тэгэхээр 7,500,000 болж байгаа. Үүнээс 1.000.000 төгрөгийг өгсөн учраас үндсэндээ 6.500.000 төгрөг өгнө гэж бодож байна...” шүүх хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

Үндэслэх нь:

           

Нэхэмжлэгч А.Отгонбаяр хариуцагч Ж.Оюунчимэгээс зээлийн төлбөр 9,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатайгаар анх зээлийн гэрээ хийгдсэн байна. Хариуцагч Ж.Оюунчимэг нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 200,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөгийг, бүгд 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Отгонбаярт төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд уг 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл 5,000,000 төгрөгийн хүүнд 5,000,000 төгрөг нэхэмжилснээс түүний 50 хувийг хасч 2,500,000 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, зээлийн  хүү 2,500,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг хасч, бүгд 6,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Отгонбаярт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 206,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оюунчимэгээс 118950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Отгонбаярт олгохыг шийдвэрт тусгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өөлд овогт Жамъянгийн Оюунчимэгээс 6.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ж.Оюунчимэгээс 118950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Отгонбаярт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

         4. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ