Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/01957

 

 

 

 

 

 

 

   2023       11          10                                    210/МА2023/01957

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/02914 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-т холбогдох,

36,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Тойрог хүнсний дэлгүүрийг эгч, дүү Б.О-, Б.ОТ- нар ажиллуулдаг. Дүү Б.ОТ- нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ковидын карантин болж, хүнсний дэлгүүртээ бараа бүтээгдэхүүнээ нөөцлөх зорилгоор 10 сард удаа дараа мөнгө зээлсэн. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.ОТ- нь нас барсан учир эгч Б.О-оос мөнгөө нэхэмжилнэ. Нэхэмжлэгчийн Хаан банкны 000 тоот данснаас Ц.С-ын Хаан банкны 000тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3,850,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 18,850,000 төгрөгийг Б.ОТ-ын 000 дугаар утсыг бичиж гүйлгээний утгаар шилжүүлсэн. Э.М-ын Хаан банкны 5301388370 тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.ОТ-ын нэрээр шилжүүлсэн. Э.Б-ийн Хаан банкны 5062176001 тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 7,100,000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.ОТ- 000 утасны дугаарыг бичиж шилжүүлсэн. Б.Энхцэцэгийн Хаан банкны 000 тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.ОТ- 000 дугаарыг бичиж шилжүүлсэн. М.М- /шатахуун авна гэж/ Хаан банкны 5560106092 тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3,800,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 5,800,000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.ОТ-ын нэрээр шилжүүлсэн. Н.Одмөнхийн Хаан банкны 5096040229 тоот дансны руу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг гүйлгээний утга нь Б.ОТ- 000 утасны дугаар бичиж шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс дээрх 6 хүн рүү нийт 36,750,000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.ОТ- 000 утасны дугаар бичиж шилжүүлсэн байна. Талийгаач Б.ОТ- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй, данс нь хаалттай нэрийдлээр тамхины ченжүүд болон танил бусдын данс руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга нь өөрийн нэрээр буюу утасны дугаараараа мөнгө шилжүүлдэг байсан. Иймд Тойрог 1 хүнсний дэлгүүрийн худалдагч, төрсөн эгч Б.О-оос 36,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. Гэрчүүд Б.ОТ-ыг дэлгүүрт ажилладаг байсан болохоор мөнгө зээлүүлдэг байсан гэж мэдүүллээ, дэлгүүрт ажилладаг байсан, мөн талийгаач нь Б.О-ын төрсөн дүү нь учраас нэхэмжлэлээ дэмжинэ. Өнөөдөр Б.ОТ-ын өв нээгдээгүй байгаа, Иргэний хуулийн 512 дугаар зүйлд өв хэрхэн нээгдэх, хэн өвлөгч байхыг заасан болохоос нас барсан хүний өр төлбөрийн асуудлыг нарийвчилж зааж өгөөгүй байгаа нь учир дутагдалтай байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие Тойрог хүнсний дэлгүүрийг 10 жил ажиллуулж байгаа бөгөөд нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг бараа материал эдгээр хүмүүсээс зээлж татаагүй. Манай дэлгүүр өдөр тутмын тогтмол орлоготой, түүгэээрээ бараа материал татдаг. Талийгаач дүү Б.ОТ- өөрөө нас биед хүрсэн, тусдаа амьдардаг, миний дэлгүүрт ирж, очин ажилладаг байсан. Нэхэмжлээд байгаа мөнгөөр нь манай дэлгүүр бараа татаад зарчихсан, эсхүл би өөрөө нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн бол өнөөдөр зээлээ төлнө. Гэхдээ нэхэмжлэгчээс би болон манай дэлгүүр мөнгө, бараа зээлээр авсан зүйл байдаггүй. Талийгаач дүүгийнхээ хэнээс, хэдэн төгрөг авч байсныг би мэдэхгүй, гэрчүүд ч гэсэн энэ хүмүүсээс мөнгө авч байсан талаар намайг мэдэхгүй болохыг хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар М.Б-ын нэхэмжлэлтэй Б.О-т холбогдох 36,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч хэнд холбогдуулан хариуцагчийг өөрөө сонгохоор хуульд заасан боловч олон хариуцагч нарын хаяг өөр өөр байгаа. Иргэний хэргийн ажиллагаа хийгдэж байгаа, Улсын тэмдэгтийн хураамж нь үнийн дүнгээр төлөгдсөн нөхцөлд нэмж хамтран хариуцагчаар татаж болох эсэх нь асуудал нь тодорхой бус зэргээс энэ хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход нөлөөлсөн. Хэрэв шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний энэ хэрэгт хамтран хариуцагчаар нэр бүхий 7 иргэнийг татах хүсэлтийг хангасан бол нэхэмжлэгчийн данснаас дээрх иргэдийн данс руу нь мөнгө шилжүүлсэн банкны гүйлгээгээр нотлогдож байгаа үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Б.О-т холбогдуулан 36,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б.ОТ- нь өөрийн эгч Б.О-ын хүнсний дэлгүүрт ажиллаж байхдаа дэлгүүртээ бараа, бүтээгдэхүүн нөөцлөхөөр надаас удаа дараа мөнгө зээлж аваад нас барсан тул уг дэлгүүрийг ажиллуулдаг эгч Б.О-оос нь зээлүүлсэн мөнгөө гаргуулна” гэжээ.

 

1.б. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “би хүнсний дэлгүүрээ өөрөө ажиллуулдаг бөгөөд хэн нэгнээс зээл авч бараа, бүтээгдэхүүн авдаггүй, дэлгүүрийн орлогоороо бараа авдаг, талийгаач дүү маань ирэн, очин ажилладаг байсан, тусдаа амьдралтай, бие даасан хүний авсан зээлийг би хариуцахгүй” гэж маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

2.а. М.Б-ын 5005803439, 000 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3,850,000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 3,800,000 төгрөг, 7,100,000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 10 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 34,250,000 төгрөгийг “000” гэх утгаар шилжүүлсэн байна. /хх8-14/

 

2.б. Б.ОТ- нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ. /хх15/

 

2.в. Хариуцагч Б.О- нь Ш ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байх бөгөөд үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, “Тойрог-1” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг байна. /хх 27-28/

 

2.г. Хариуцагч Б.О-, нэхэмжлэгч М.Б-аас 34,250,000 төгрөгийг дэлгүүрийн үйл ажиллагаанд зориулан зээлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар болон гэрч Э.Б-, Б.Энхцэцэг, М.М- нарын мэдүүлгээр тогтоогдоогүй байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагч нь мөнгө зээлж авсан, зээлийн гэрээг буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх нотлох баримтгүй, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүрэггүй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нь нэр бүхий дансанд шилжүүлсэн 34,250,000 төгрөгийг хариуцагч Б.О-ыг хүлээж авсан гэж үзэх үндэслэлээ нэхэмжлэгч тал нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа өөрөө бүрдүүлж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 7 иргэнийг хамтран хариуцагчаар татуулахаар гаргасан хүсэлтийг  шүүх хүлээн аваагүй байх бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй. Мөн хамтран хариуцагчаар татуулахаар хүсэлт гаргасан нэр бүхий 7 иргэний хаяг бүрэн тодорхой бус, мөн засаг захиргааны нэгжийн хувьд өөр өөр орон нутагт оршин суудаг иргэд байх тул нэхэмжлэгч нь эдгээр иргэдэд холбогдуулан жич нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй гэж үзнэ.

 

4. Нөгөөтэйгүүр, хариуцагч Б.О- нь талийгаач Б.ОТ-ын өвчлөгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэлийг Б.О- хариуцах хууль зүйн бусад үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.а. Харин, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл заалт нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг алдааг залруулан зөвтгөнө.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/02914 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын “515 дугаар зүйлийн 515.2-д” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ