Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/0082

 

 

Х.Бахытгүлийн нэхэмжлэлтэй, Төрийн

Албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь

салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн

Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс

 томилсон төрийн албаны тусгай шалгалтыг

зохион байгуулах комисс, Баян-Өлгий

аймгийн Засаг даргын Тамгын газрын

даргад тус тус холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Д.Батбаатар

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    М.Батсуурь

              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  А.Гантогтох

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0595 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Х.Бахытгүл, түүний өмгөөлөгч С.Нургайып (цахимаар), А.Кадирбек, А.Базар, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комиссын төлөөлөгч Н.Бат-Эрдэнэ, Д.Ербол, М.Нуржол, Б.Серик,  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өмгөөлөгч Б.Баясгалан, гуравдагч этгээд Х.Анар (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч Х.Бахытгүлээс Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комисс, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “Х.Анарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн шийдвэр нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох;

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар” ярилцлагын шатны шалгалтын Х.Анар болон Х.Бахытгүлд өгсөн шалгалтын оноо (үнэлгээ) хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох;

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Х.Анарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох;

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.Анарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилсон тушаалыг хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгох;

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар” ярилцлагын шатны шалгалтын Х.Анар болон Х.Бахытгүлд холбогдох хэсэгт нь дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах;

Төрийн албаны зөвлөлийн шалгалтын нэгдсэн дүнг үндэслэн Х.Бахытгүл намайг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгах;

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 59 дүгээр тогтоолоор төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх ажилтны албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулж, тус комиссоос 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ... удирдах албан тушаалтны (Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга) тусгай шалгалтыг зохион байгуулжээ.

2.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын шалгалтад Х.Бахытгүл, Х.Анар нар оролцож, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтад Х.Бахытгүл 64, Х.Анар 46 оноо авч, тэдгээрийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тус бүр 30 оноогоор үнэлж, дараагийн удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг үнэлэх ярилцлагын шалгалтад Х.Бахытгүлд 10, Х.Анарт 29.16 оноо өгсөн байна.

2.2. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комиссоос шалгалтын дүнг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр салбар зөвлөлийн хуралд танилцуулж, ... Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын тушаалд 105.16 оноо авсан Х.Анарын нэрийг дэвшүүлэх шийдвэр гарч, Салбар зөвлөлийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн нэр дэвшүүлэх тухай 09 дүгээр тогтоол гарчээ.

2.3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Х.Анарыг тус Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилжээ.

2.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтад оролцож өрсөлдсөн Х.Бахытгүлээс Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комисс, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан (Тодорхойлохын 1-д заасан нэхэмжлэлийн шаардлага) шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгчээс “... Төрийн албанд 8 жил ажиллаагүй буюу шаардлага хангаагүй хүний бүртгэлийг баталгаажуулан сонгон шалгаруулалтад бүртгэж хууль зөрчсөн, төрийн албанд 8 жил ажиллаагүй буюу шаардлага хангаагүй хүний бүртгэлийг баталгаажуулан сонгон шалгаруулалтад бүртгэж хууль зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан 50 хувийг хангасан албан хаагчийг шатлан дэвшүүлэх санал бичгээр гаргах гэсэн заалтыг мөрдөх ёстой, гэтэл шатлан дэвшүүлэх тухай бичгээр санал гаргаж өгөөгүй байхад бүртгэлийг баталгаажуулан хууль зөрчсөн, шалгалтад заасан бичиг баримтуудыг ирүүлээгүй, сахилгын шийтгэлгүй гэдэг талаар баримтыг хүргүүлээгүй учир бүртгэх ёсгүй байсан, 2021 оны үнэлгээ байхгүй, ярилцлагын шалгалтаасаа өмнө оноогоор (94) тэргүүлж байсан, гэтэл шударга бусаар дүгнэж хохироосон, ярилцлагын комиссын гишүүд яаж дүгнэсэн нь тодорхой бус нотолгоогүй, ярилцлагыг яаж дүгнэх талаар тодорхой дүрэм журам танилцуулаагүй, асуултад хариулсныг ямар дүрэм журмаар дүгнэсэн талаар комисс тайлбар хийгээгүй, ярилцлагын шалгалтыг хууль бусаар зохион байгуулсан, шалгалт товлогдсон хугацаанаасаа 2 цагийн дараа эхэлсэн, төрийн албаны ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг ноцтой зөрчсөн, 3 дахь асуултад хариулж байхад “таны цаг болсон” гэж зогсоосон, асуултад адилхан хэмжээнд хариулж байхад ялгаатай өгсөнд гомдолтой, ярилцлагын шалгалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан тул Х.Анарыг нэр дэвшүүлэхээр гаргасан тогтоол хууль бус бөгөөд уг тогтоол нь хүчингүй болсон тохиолдолд түүнийг Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилсон тушаал нь хууль бус болно, эхний 4 шалгалтад ил тод 18 оноогоор илүү байсан, 2021 оны үйл ажиллагааны үнэлгээнд би 30 оноо авсан, гэтэл 2021 оны үйл ажиллагааны дүн байхгүй байхад Х.Анарт 30 оноо өгөх нь хууль бус гэж үзэж байна, тиймээс дахин үнэлгээ хийлгэх хүсэлттэй, нэгдсэн дүнгээр миний оноо Х.Анараас илүү гарах учраас нэгдсэн дүнг үндэслэн намайг ... хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг Салбар зөвлөлд даалгана уу, анхнаасаа бүртгэл буруу хийгдсэн учир үүнийг хууль бус болохыг тогтоовол би өрсөлдөгчгүй болно, энэ утгаараа даалгах шаардлагуудыг гаргасан, нэгэнт салбар зөвлөлөөс миний нэрийг дэвшүүлбэл тухайн маргаан бүхий сул орон тоонд томилохыг даалгуулахаар шаардлага гаргасан ... ” гэж тайлбарлан маргажээ.

3.1. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комиссоос “ ... Салбар зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар хэлэлцээд, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх ажилтны албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг томилсон, тусгай шалгалтыг Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам, Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн журам, шатлан дэвшүүлэх журам, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 дүгээр тогтоолыг удирдлага болгон зохион байгуулсан, маргаан бүхий албан тушаалд 3 хүн материал ирүүлснээс шалгалтын комиссоос хянаад Х.Бахытгүл, Х.Анар нар тухайн албан тушаалын  тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан гэсэн үүднээс бүртгэж, шалгалтад оруулах шийдвэр гаргасан, Х.Анарыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан шаардлагыг хангасны дагуу бүртгэсэн, Засаг даргын Тамгын газрын дарга санал болгосон албан тоотыг ирүүлсэн байсан, тухайн албан бичигт сахилгын зөрчил гаргаагүй гэдгийг дурдсан байсан, цахим системд ирүүлсэн материалыг үндэслэн бүртгэлээ явуулдаг, бүртгэл хаагдсанаас хойш материалаа хянаад шалгадаг, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, 33.6-д заасан агуулгын хүрээнд шалгалтыг зохион байгуулсан, сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө гэхээр 2018, 2019, 2020 оныг авдаг, ... нэхэмжлэгч 2019, 2020, 2021 он буюу 2021 оны 12 сард үнэлгээгээ хийлгэсэн байсан, уг нь хуулийн хугацаа нь 01 сард үнэлгээгээ хийж, эцсийн байдлаар дүгнэж дуусах ёстой, Х.Анар нь 2018, 2019, 2020 оны ирүүлсэн байсан. Бид нар тухайн 2 хүний ирүүлсэн байдлаар нь үнэлгээг авсан, мөн тухайн өдөр шалгалтад орсон н.Вита, н.Майра нар мөн адил үйл ажиллагааны  үнэлгээгээ 2018, 2019, 2020 оноо ирүүлснээр нь авсан, үүнд маргаан байхгүй гэж үзэж байна. Ярилцлагын шалгалт авч байгаа хүмүүс хоорондоо зайтай суудаг, нэг нэгэндээ харагдахгүй, 1 асуулт асуусны дараа тухайн бүр оноогоо бичээд, асуулт дуусахад үнэлгээний хуудсыг авч, дүнг нэгтгэдэг, шалгалтын талаар удаа дараа тайлбарласан, шалгалтын оноог танилцуулж, гарын үсэг зуруулсан, нэхэмжлэгч шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг зөрчсөн, шалгалтын комиссоос хууль журмын дагуу шалгалтыг зохион байгуулсан, ярилцлагын шалгалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж;

3.2. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас “... Салбар зөвлөлийн 2021 оны 59 дүгээр тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулах комисс нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр удирдах албан тушаалтны  тусгай шалгалтыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүнг ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр салбар зөвлөлийн хуралд танилцуулж, маргаан албан тушаалд Х.Анарын нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасны дагуу Салбар зөвлөлийн даргын хувьд нэр дэвшүүлэх 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу томилох эрх бүхий албан тушаалтны хувьд Х.Анарыг ... Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд томилсон болно ...” гэж тус тус тайлбар гаргажээ.

3.3. Гуравдагч этгээд Х.Анараас “ ... 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан томилох эрх бүхий этгээдээс шатлан дэвшүүлэх тухай албан бичиг авч, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасны дагуу бусад материалын хамт цахимаар илгээсэн болно. Ярилцлагын шалгалтад орох үед шалгалт зохион байгуулах комиссын зүгээс “удирдах, манлайлах, багаар ажиллах чадварын талаар асуултууд байгаа 1 асуултад 3 хүртэл минутад хариулна” гэдгийг тайлбарлаж өгсөн, асуултад бүрэн гүйцэд хариулсан ба шалгалтын комиссоос тухайн өдрийн шалгалтад авсан оноог танилцуулж, гарын үсэг зуруулсан ...” гэж шүүхэд тайлбар гарган, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

4. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бахытгүлийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дах салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын Х.Анарт өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн Х.Анарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.Анарыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ярилцлагын шалгалтын Х.Анарт холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Х.Анарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг, шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын Х.Бахытгүлд өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын Х.Бахытгүлд холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст, Х.Бахытгүлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, Х.Бахытгүлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0025 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бахытгүлийн “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтын комиссын Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын Х.Анарт өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн Х.Анарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Х.Анарыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ярилцлагын шалгалтын Х.Анарт холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах, Х.Анарыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг, шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын Х.Бахытгүлд өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын Х.Бахытгүлд холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст, Х.Бахытгүлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, Х.Бахытгүлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, А.Базар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Нэхэмжлэгч Х.Бахытгүлийн өмгөөлөгч А.Кадирбек, А.Базар нараас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргасан байна.

7.1. ... Төрийн албан хаагчийн шалгалтын үнэлгээг шүүх хянах эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

7.2. Төрийн албаны шалгалтын зорилго нь төрийн албаны чадахуйн зарчимд үндэслэн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангаж буй хүнийг сонгон шалгаруулах явдал юм. Энэ хүрээнд захиргааны байгууллагад 10 хүртэл оноо өгөх сонгох боломж хуулиар олгогджээ. Захиргааны байгууллага тус сонгох боломжоо хууль ёсоор хэрэгжүүлсэн эсэхийг үзэх хянан боломжтой.

7.3. Захиргааны хэргийн шүүх нь хуульд заасан зорилгын хүрээнд захиргааны байгууллага сонгох боломжоо хууль ёсоор хэрэгжүүлсэн эсэхийг шалгах учиртай. Иймд Төрийн албаны тухай хуульд заасан зарчмын хүрээнд төрийн албаны шалгалтын үнэлгээг хянаж буй анхан шатны шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ нь үндэслэлтэй.

7.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т заасан үндсэн эрх нь шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг үүсгүүлэх төдий эрх биш бөгөөд шүүхээс үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалт авах ойлголт, гэтэл шүүх үнэлгээний дүнг хянахгүй гэвэл энэ нөхцөлд шүүхийн хяналт ямар ч үр нөлөөгүй болох юм.

7.5. Давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн өмнөх хууль хэрэглээ, тайлбараас зөрүүтэй байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүх өмнө нь “... үнэлгээг хянан талаар” талаар шийдвэрлэсэн, тэр хэргээсээ зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн ... гэжээ.

8. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

10. Давж заалдах шатны шүүх “ ... Төрийн албаны тусгай шалгалтын комиссын гаргасан сонгон шалгаруулалтын оноотой холбоотой асуудлаар буюу оноог дутуу эсхүл илүү дүгнэсэн гэх байдлаар хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан үнэлгээг үндэслэлтэй эсэхийг шүүх дүгнэх боломжгүй ...гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

11. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д зааснаар Төрийн албаны зөвлөл (салбар зөвлөл) нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, холбогдох журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан тэгш байдал, хууль дээдлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т тусгайлан заасан хуульд үндэслэх, ил тод, нээлттэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчмуудад нийцүүлэх учиртай.

12. Энэ хэргийн тухайд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга (тусгай шалгалт)-ын сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, тус шалгалтад Х.Бахытгүл, Х.Анар нар оролцон, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний ярианы болон бичгийн чадварын шалгалтад Х.Бахытгүл 64, Х.Анар 46 оноо авч, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тус бүр 30 оноогоор үнэлж, дараагийн удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг үнэлэх ярилцлагын шалгалтад Х.Бахытгүлд 10, Х.Анарт 29.16 оноо өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ тохиолдолд захиргааны шийдвэрийг шүүхээс магадлан шийдвэрлэх цар хүрээ нь Төрийн албаны тусгай шалгалтын үнэлгээг (ярилцлагын) зөв буруу гэж шууд дүгнэх бус, харин тус шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагаа (ярилцлагын шалгалтын асуулт боловсруулалт, үнэлж дүгнэх арга зүй) нь хуульд заасан зарчимд нийцсэн эсэхээр хязгаарлагдах юм.   

13. Нэхэмжлэгчээс ярилцлагын шалгалтын үнэлгээтэй холбогдуулан маргасан тухайд: Хэрэгт авагдсан ... ярилцлагын шалгалтын дэлгэрэнгүй тэмдэглэл (хэргийн 1 дэх хавтасны 36-61 хуудас)-ийг судлан үзвэл, нэхэмжлэгчийн зүгээс “1.Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, 2.Удирдан зохион байгуулах чадамж, 3.Өөрийн ба байгууллагын тавьсан зорилтыг хангахын тулд хамтран ажилладаг хүний ажлын арга барилд нийцэж ажилласан тухай”; гуравдагч этгээдийн зүгээс “1.Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын эрхэм зорилго, 2.Монгол Улсын нэгдсэн төсөв, түүний тогтолцоо, 3.Тулгамдсан асуудлыг бусдаас онцлог, өвөрмөц байдлаар шийдвэрлэж байсан бол тэр тухай, ямар үр дүн гарсан, гарсан үр дүнд нь сэтгэл ханамж ямар байсан” гэх өөр өөр утга агуулга илэрхийлсэн 3 асуултыг тус тус сонгосон бөгөөд тус асуултуудын хариуг урьдчилан үнэлэгдэхүйц бодитой (объектив) байх зарчимд нийцүүлэн боловсруулаагүй, Тусгай шалгалтыг зохион байгуулах комиссоос тус асуултын хариултад үнэлгээ өгөх зарчим, аргачлал, үндэслэл нь тодорхой бус байхад гуравдагч этгээдэд илт илүү үнэлгээ өгсөн нь ойлгомжгүй, ... энэ нь ялгамжтай байдлыг бий болгож, төрийн албаны чадахуйн зарчмыг баримтлаагүй гэх хяналтын гомдол үндэслэлтэй байна.

14. Учир нь, иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох ... асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд буюу чадахуйн зарчимд /мерит/ тулгуурлаж, уг зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг төрийн захиргааны албан тушаалд томилох талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тодорхой зааж, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд Төрийн албаны тусгай шалгалтын зорилго орших талаар Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 1.2 дахь хэсэгт журамласан байх тул Тусгай шалгалтыг зохион байгуулах комиссоос “чадахуйн зарчим”-ыг баримтлан сонгон шалгаруулалтад оролцогчдын мэдлэг, ур чадварыг бодитой үнэлэх үйл ажиллагааг явуулаагүй буюу ярилцлагын шалгалтын үнэлгээний аргачлал, үр дүн хуульд заасан зарчмуудад нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй байна.

15. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж зааснаар шүүхээс Тусгай шалгалтыг зохион байгуулах комисс үнэлгээ өгөх эрхээ хэрэгжүүлэхдээ уг эрхээ хэтрүүлсэн эсэх, буруу хэрэгжүүлсэн эсэх, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх зэрэг үйл баримтуудад дүгнэлт хийх бүрэн эрхтэй (Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 207 дугаар тогтоол) тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

16. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0595 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТБААТАР

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                   М.БАТСУУРЬ

                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

  Х.БАТСҮРЭН