Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 11

 

Б.Нэд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

           Прокурор: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Б,

Шүүгдэгч: Б.Нэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргалын даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Нэд холбогдох, эрүүгийн 201610010242 дугаартай, 1 хавтас, 112 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Нэ -нд холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.Нэ нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 72 дугаар байрны гадаа иргэн Ч.Өтой маргалдаж улмаар түүний эзэмшлийн 00-40 УНД улсын дугаартай Lexus-570 маркийн автомашины копуд, крылог гараараа цохиж гэмтээн 331500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Нийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нээс 1530000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Өод олгож,

Шүүгдэгч Б.Нэ нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Нэд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хохирол төлбөрийг төлөөгүй гэдгээр ялыг биечлэн эдлүүлэхээр заасан. Хохирогч Өод хохирол төлбөрийг хүлээлгэж өгөөд, хохиролгүй болсон тул Нийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж гомдол гаргасан. Хохирогч Өод 1530000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлж дууссан. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө 300000 төгрөгийг төлсөн байсан. Хохирол төлбөр төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд өгсөн тул  анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Нэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би буруугаа гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд хохирол төлбөр төлөгдөөгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр ангид зааснаар тэнсэж хянан харгалзах ял оногдуулах боломжгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирол төлбөр төлөгдсөн, гэм хор арилсан гэдэг асуудлыг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Нийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.           

Тодруулбал шүүгдэгч Б.Нэ нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 72 дугаар байрны гадаа хохирогч Ч.Өтой маргалдаж улмаар түүний эзэмшлийн 00-40 УНД улсын дугаартай lexus-570 маркийн автомашины копуд, крылог гараараа цохиж, 1830000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Ө /хх-13/, гэрч Э.Гэрэлтуяа /хх-19/, Н.Болд /хх-23/, Г.Энхбат /хх-25/ нарын мэдүүлэг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн нотолж, тогтоосон байх ба шүүгдэгч Б.Нэд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан шинжээч Вендо ХХК-ийн дүгнэлтээр /хх-39/ тээврийн хэрэгсэлд 331500 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлэгдсэн хэдий ч хохирогч Ч.Ө нь нийт 1830000 төгрөгийн зардал гаргаж тээврийн хэрэгслээ засварлуулсан нь түүний шүүхэд ирүүлсэн М-ойл Групп ХХК-ийн ШТМ-ын зарлагын падаан /хх-87/, Дельта авто сервис ХХК-ийн кузов засварын үйлдвэрийн үнэлгээний баримт /хх-87/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах/ зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэснийг зөрчөөгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Нэ нь хохирогчид учирсан 1830000 төгрөгийн хохирлоос анхан шатны шүүх хуралдааны өмнө 300000 /хх-89/ төгрөгийг,  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны өмнө 1000000 төгрөгийг, нийт 1300000 төгрөгийг бэлнээр хохирогч Ч.Өод төлсөн, улмаар хохирогч Д.Ө нь хохирол болох 1830000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэнийг болон ял хөнгөрүүлж өөрчлөх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, дүгнээд  түүнийг хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдал зэргийг нь харгалзан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Бын гаргасан давж заалдсан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын холбогдох заалтыг өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс 4 дүгээр заалтыг хасч,

5 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Нэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай” гэж шинээр нэмж,

 6 дугаар заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Бын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Нэ нь  энэ хэрэгт нийт 21 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                      ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                            Н.БАТЧИМЭГ