Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                                     Б.Алтансүх

Улсын яллагч                                                                                 Б.Батбаяр  нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Баатаржавын Наран-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201610010242 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, ажилгүй,  ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр баг, Ганзам хорооллын 127-49 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овогт Баатаржавын Наран-Эрдэнэ /РД:ЕЙ89111514/

Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч Б.Наран-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 72 дугаар байрны гадаа иргэн Ч.Өлзийтогтохтой маргалдаж улмаар түүний эзэмшлийн 00-40 УНД улсын дугаартай Lexus-570 маркийн автомашины копуд, крылог гараараа цохиж гэмтээн 331.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Наран-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн үед хуурай ах Ариунболдтой уулзах гээд явж байсан юм.  Тэгээд байрны гадаа очоод Ариунболд ахыг дуудаад зогсож байхад  Ч.Өлзийтогтох гэж эгч машинтай орох гээд зогссон. Тэр үед би жоохон халамцуу байсан. Намайг холдож бай гэхээр нь би машинаа зогсоол дээр тавь гэснээс болж маргалдсан. Ч.Өлзийтогтох эгч машинтайгаа тулаад ирсэн. Тухайн үед би машины хаалгыг дараагүй. Копудыг нь цохьсон нь үнэн. Намайг заамдах үед миний малгай газар унасан ба би малгайгаа аваад гарыг нь түлхэж зугтсан. Хохирлын 2 сая төгрөгнөөс 300.000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг 2 дугаар сарын 05-ны дотор төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Хохирогч Ч.Өлзийтогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд машинтайгаа Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 72 дугаар байрны 102 тоот руу барилгын материал оруулах гэтэл 1 дүгээр орцны гадаа буюу машин явдаг зам дээр согтуу залуу Ариук ахаа гээд дээшээ хараад орилоод байсан. Тэгээд хажуугаар нь зөрөөд гарах гэтэл зам дээр тээглээд зогсоод байхаар нь хөөe миний дүү холдоорой барилгын материал оруулах юм гэсэн чинь чи ийшээ машинтайгаа ордог хэн бэ зогсоол чинь тэнд байна тэндээ очиж зогс гэхээр нь чи өмчлөөд авчихсан юм уу, тийм л юм бол энд байгаа бүх машинуудыг гаргачих  чи согтуу байна хүнд гай болов замаас холд гээд хоорондоо маргалдсан. Ингээд хоорондоо хэл амаа ололцохгүй болохоор нь тойроод гарах гэтэл чи ийшээ ордог хэн бэ гээд миний машины зүүн талыг крылог гараараа нэг удаа цохисон... Тэгээд машинаас буухын хооронд копудыг гараараа 2-3 удаа цохиод машинаас буулгахгүй хаалга дараад байсан…гэжээ. /хх-ийн 14 тал/

Гэрч Э.Гэрэлтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй хэд хоногийн өмнө намайг хотод байхад ээж утсаар залгаад нэг согтуу залуу машины гупер болон крыло хонхойлгочихсон гэж байсан.Энэ машин миний нэр дээр байгаа учир нь манай ээж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат болохоор анх машин худалдаж авахдаа хотын дугаар авах зорилгоор миний нэр дээр авсан. Эзэмшигч нь манай ээж өөрөө юм …” гэжээ. /хх-ийн 19 тал/

Гэрч Н.Болд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Өлзийтогтох 72 дугаар байрны гадаа орилоод байхаар нь цонхоор хартал нэг согтуу залуутай орно орохгүй гээд муудалцаад байсан. Тэгээд би таньдаг хүнтэйгээ маргалдаад байгаа юм байх гэж бодоод засварын ажлаа хийгээд сууж байтал Өлзийтогтох орж ирээд нэг муу согтуу залуу байрлуу материал оруулах гэсэн чинь оруулахгүй гээд машины гупер Крыло цохиод хонхойлгочихлоо бариад авсан чинь гар мушгичихлаа гэж байсан удахгүй нөхөр нь орж ирсэн …” гэжээ. /хх-ийн 23 тал/    

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-05 тал/
  • 00-04 УНД улсын дугаартай Lexus-570 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн талаарх гэрэл зураг /хх-ийн 07 тал/
  •     Хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг тодруулах зорилгоор 00-40 УНД улсын дугаартай Lexus-570 маркийн автомашины копуд болон крылог хагалсан гэх газрын гэрэл зураг /хх-ийн 09-10 тал/
  • Гэрч Г.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 25 тал/
  • 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-40 тал/
  • Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/
  • Хохирогчийн хохирлын талаарх нотлох баримт /хх-ийн 85-86 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Наран-Эрдэнэ нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 72 дугаар байрны гадаа хохирогч Ч.Өлзийтогтохтой маргалдаж улмаар түүний эзэмшлийн 00-40 УНД улсын дугаартай Lexus-570 маркийн автомашины копуд, крылог гараараа цохиж гэмтээн 1830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Наран-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно, өмгөөлөгч авахгүй гэсэн хүсэлт гаргасан болно.

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн  автомашин техникийн үнэлгээгээр уг гэмт хэргийн улмаас 00-40 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 331.500 төгрөгийн хохирол учирсан гэсэн үнэлгээг гаргасан ба хохирогч уг үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.Өлзийтогтох нь 00-40 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээ 1680.000 төгрөгөөр засуулсан болох нь “Делта кузов” засварын үйлдвэрийн үнэлгээний баримтаар, Замын-Үүдээс Улаанбаатар хот явахад 150.000 төгрөгийн зардал гаргасан нь М-Ойл ШТМ –ын зарлагын падаанаар нотлогдож байх тул хохирлыг  1830.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.Наран-Эрдэнэ нь хохирлын мөнгөнөөс 300.000 төгрөгийг  хохирогч Ч.Өлзийтогтоход төлсөн ба үлдэх 1530.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлнө гэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул түүнээс үлдэх 1530.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Өлзийтогтоход олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бичээч овогт Баатаржавын Наран-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наран-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих  ялаар хорьж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наран-Эрдэнэд  оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Наран-Эрдэнээс 1530.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Өлзийтогтоход олгосугай.

5. Шүүгдэгч Б.Наран-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд энэ хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Наран-Эрдэнэ  авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан   сэргийлэх  арга   хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ