Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00231/И |
Дугаар | 378 |
Огноо | 2016-07-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 378
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 002 тоотод оршин суух, “Итгэлт-Агь” ХХК-ний захирал ажилтай, Баатар овгийн Эрдэнэцогтийн Эрдэнэзаяа /МЗ- 82121202/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 155 тоотод оршин суух, Боржигон овогт Хандсүрэнгийн Нарантуяа / МЮ 67111401/-д холбогдох
“31.391.024 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа, хариуцагч Х.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Нарантуяа нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Э.Эрдэнэзаяа надтай албан ёсны зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг зургаан сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлэн авсан болно.
Уг мөнгийг том хүүгийн байрны урьдчилгаанд төлнө хэмжээн авсан. Х.Нарантуяа нь 2014 оны 09 дүгээр сарын 15-нд зээлийг хүү болох 960.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд зээлийн хүү 960.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-нд 960.000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш төлөөгүй ба 2015 оны 03 дугаар сард 2014 оны 12 дугаар сарын 15 болон 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 1.920.000 төгрөгнөөс 1.500.000 төгрөг төлөн 420.000 төгрөг дутуу төлсөн болно.
Мөн зээлийн гэрээ 2015 оны 02 дугаар сарын 15-нд дуусахад үндсэн зээл болох 12.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл болох 420.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 960.000 төгрөг нийт 13.380.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй намайг хохироож байна.
Э.Эрдэнэзаяа би “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлд зааснаар “зээлийн хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.3 хувийн алданги бодож төлнө” гэсэн заалтыг үндэслэн хариуцагч Х.Нарантуяагаас 13.380.000 төгрөгийг хоногийн 0.3 хувийн алданги тооцон нийт 406 хоногоор /13.380.000x0.3=40.140/ 16.285.000 төгрөг төлөгдөөгүй үндсэн зээл болох 13.380.000 төгрөг нийт 29.665.000 төгрөгийг нэхэмжилж байна! гэжээ.
Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Би 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Х.Нарантуяад холбогдуулан 29.665.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэл дээр зээлийн гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.3 хувиар алданги бодно гэсэн заалтыг үндэслэн алданги тооцож бодохдоо 2015 оны 2 дугаар сарын 15-наас 2016 оны 03 сарын 29-ний өдөр хүртэл нийт 406 хоногоор бодсон нь шүүхэд хандах өдөр хүртэл 2016 оны 5 сарын 11 гэхэд 43 хоног дутуу бодогдсон байна.
Иймд хоногийн 40.140 төгрөгийн алдангийг 43 өдрөөс тооцон нийт 1.726.020 төгрөгийг нэмж нэхэмжилж байна! гэжээ.
Хариуцагч Х.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Эрдэнзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Эрдэнэзаяа бид хоёрын хооронд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 12.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн юм.
Зээлийн хүүнд өгсөн мөнгийг Э.Эрдэнэзаяа нэхэмжлэлдээ бичихдээ 2014 оны 9 дүгээр сараас 2014 оны 11 срын 15-ны өдөр хүртэл 3 сарын хүү 2.880.000 төгрөг, 2015 оны 3 сард 1.500.000 төгрөг нийт 4.380.000 төгрөг нийт 4.380.000 төгрөг өгсөн гэсэн байна.
Миний бие дээрхи мөнгийг хүүнд өгсөн нь үнэн боловч Э.Эрдэнэзаяа зарим өгсөн мөнгийг хүүнд нь оруулалгүй дутуу бичсэн байна.
Учир нь 2014 оныхоо 12 сард 100.000 төгрөг, 2015 оны 4 сарын 26-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 4 сараас 5 сарын хооронд 850.000 төгрөг, нийт 6.830.000 төгрөг өгсөн.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй! гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хандсүрэн овогтой Нарантуяа би Эрдэнэцогт овогтой Эрдэнэзаяатай эвлэрлийн гэрээ байгуулахаар тохирлоо.
Э.Эрдэнэзаяагийн нэхэмжилсэн 31.551.003 төгрөгнөөс миний төлсөн 340.000 төгрөг, нэхэмжлэгчээс 551.020 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгө болох 30.771.008 төгрөгнөөс 3.771.008 төгрөгийг хасуулан 27.000.000 төгрөг төлөхөөр тохиролцон эвлэрлээ.
2016 оны 9 дүгээр сарын 18-ны дотор буюу өнөөдрөөс 60 хоногийн дараа бүрэн төлж барагдуулах болно. Хэрэв барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгө болох Ү-1317001742 дугаар бүхий үл хөдлөх болон Г-1317001142 дугаар бүхий газраар хангуулах болно! ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Итгэлт-Агь” ХХК нь хариуцагч Х.Нарантуяагаас 31.391.024 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нэхэмжлэлийн шаардлагаасаа 4.391.024 төгрөгийг багасгаж, үлдэх 27.000.000 төгрөгийг хариуцагч Х.Нарантуяагаас гаргуулахаар, хариуцагч 27.000.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 18-ны дотор буюу өнөөдрөөс 60 хоногийн дараа бүрэн төлж барагдуулахаар, дээрх хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгө болох Ү-1317001742 дугаар бүхий үл хөдлөх болон Г-1317001142 дугаар бүхий газраар хангуулахыг хариуцагч Х.Нарантуяа хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэр гаргах хүртлэх хугацаагаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Итгэлт-Агь” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Х.Нарантуяад холбогдох 31.391.024 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигчид 27.000.000 төгрөгийн хэмжээнд Ү-1317001742, Г-1317001142 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурьдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42.000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 306.272 төгрөгийг орон нутгийн орлогод оруулж, хариуцагч Х.Нарантуяагаас 146.252 төгрөг, орон нутгийн орлогоос 146.252 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ