Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 11

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                              С.Оюунцэцэг

                                                                             Г.Давааренчин

                      Оролцогчид

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  М.Гансүх

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 93 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Э.Эрдэнэзаяагийн  нэхэмжлэлтэй Х.Нарантуяад холбогдох “31.391.020  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...

Х.Нарантуяа нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Э.Эрдэнэзаяа надтай албан ёсны зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй зээлэн авсан болно. Х.Нарантуяа нь 2014 оны 09 дүгээр сарын 15-нд зээлийн хүү болох 960.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд зээлийн хүү 960.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-нд зээлийн хүү 960.000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш төлөөгүй байж байгаад 2015 оны 3 дугаар сард 2014 оны 12 дугаар сарын 15 болон 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 1920.000 төгрөгнөөс 1500.000 төгрөг төлөн үлдэгдэл 420.000 дутуу төлсөн болно. Мөн зээлийн гэрээ 2015 оны 02 дугаар сарын 15-нд дуусахад үндсэн зээл болох 12.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл болох 420.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 960.000 төгрөг нийт 13.380.000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл намайг хохироож байна.

Э.Эрдэнэзаяа би Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.3%-ийн алданги тооцон нийт 406 хоногоор /нэг хоногийн 13380.00 х 0.3%= 40.140/ 16285.000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн зээл болох 13.380.000 төгрөг нийт 29.665.000 төгрөгийг нэхэмжилж байна.

        Х.Нарантуяа нь зээлийн барьцааны гэрээнд өөрийн Ү-1317007142 дугаар бүхий үл хөдлөх, Г-1317001142 дугаар бүхий газрыг барьцаалан барьцааны гэрээ байгуулан Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн бөгөөд уг гэрээнд хариуцагч өөрийн үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцон 12.000.000 төгрөгөөр үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа миний нэхэмжилсэн мөнгөн дүн болох 29.665.000 төгрөг нь барьцаа хөрөнгөнөөс хэт давсан байх тул нэхэмжилж буй мөнгөний 12.000.000 төгрөгөнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл мөнгө болох 17.665.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү!...гэжээ.

         Нэхэмжлэгч: Э.Эрдэнзаяа 2016 оны 06 дугаар сарын 10-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ:

        ... Алданги 2015 оны 02 дугаар сарын 15-наас 2016 оны 03 дугаар сарын 29-нийг хүртэл 406 хоногоор бодсон нь шүүх шийдэх өдөр хүртэл 43 хоног дутуу бодогдсон байх тул хоногийн 40.140 төгрөгийн алдангийг 43 өдрөөр тооцон нийт 1726.020 төгрөгийг нэмж нэхэмжилж байна... гэжээ.

         Хариуцагч Х.Нарантуяа анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

         …Миний бие нь Э.Эрдэнэзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Эрдэнэзаяа бид хоёрын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 12.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн юм.

Зээлийн хүүнд өгсөн мөнгийг Э.Эрдэнэзаяа нэхэмжлэлдээ бичихдээ 2014 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2880.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 1500.000 төгрөг, нийт 4380.000 төгрөг гэсэн байна.

        Миний бие дээрх мөнгөнүүдийг хүүнд нь өгсөн нь үнэн боловч Э.Эрдэнэзаяа нь зарим өгсөн мөнгөнүүдийг хүүнд нь оруулалгүй дутуу бичсэн байна. Учир нь 2014 оны 12 дугаар сард 100.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 26-нд 1500.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд 850.000 төгрөг нийт 6830.000 төгрөг болно. Эдгээр мөнгийг шилжүүлсэн баримт болон гэрчүүд байгаа болно. Иймээс Э.Эрдэнэзаяагийн нэхэмжилсэн үндсэн зээлийн хүү дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

         Хариуцагч: Х.Нарантуяа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 08-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...Э.Эрдэнэзаяагийн гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний хувьд өмнөх тайлбар дээрээ дурьдсанчлан хүү нь дууссан гэж үзэж байна. Иймээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.. гэжээ.

Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 93 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар Х.Нарантуяагаас 17.070.000 төгрөгийг гаргуулан Э.Эрдэнэзаяад олгож, үлдэх 14.321.020 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

  -Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Х.Нарантуяагийн нэг хүний эзэмшлийн № 000103344 дугаартай, Ү-1317007142 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн 2 дугаар хэсгийн 155 тоотод байрлалтай 108 мкв талбайтай орон сууцны зориулалтай барилга, №000092691 дугаартай, Ү-1317001142 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн 2 дугаар хэсгийн 155 тоотод байрлалтай 2145.4 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчилсөн газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

        -Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж,

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 306.275 төгрөгийг нөхөн төлүүлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 17.070.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 243.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

        …Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл маань шүүх надаас 17.070.000 төгрөгийг гаргуулж, Э.Эрдэнэзаяад олгохоор болсон ба энэ мөнгөнөөс дараах мөнгөнүүд хасагдах ёстой гэж үзэж байна. Үүнд: Россия дэлгүүрийн гадна надаас 100.000 төгрөг, дараа нь захын тэнд, мөн өөрт нь манай дүү Сэлэнгэ 200.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сард гэрийн гадаа ирж 95000 төгрөг зэргийг авч байсан ба энэ мөнгөнүүдийг Эрдэнэзаяаг өөрийг нь хуралд оруулж байгаад асуух шаардлагатай байсан.

       Мөн шүүхийн шийдвэр үл хөдлөх хөрөнгө болох байшинг маань шууд хурааж, албадан худалдахаар болсон байна. Гэтэл миний биед ямар нэгэн мөнгийг нь өгөх хугацаа болон боломжийг олгохгүйгээр шууд худалдахаар шийдвэрлэж байгаа нь надад хэцүү байна. Хуулинд хүний хөрөнгийг хувь хүн барьцаалах ёстой юм уу, энэ гэрт хамтран амьдарч байгаа бусад гишүүдийн эрх маань зөрчигдөж байна гэж үзэж байна. Иймд шүүхээс гаргасан шийдвэр 17.070.000 төгрөгөөс 395000 төгрөгийг хасуулж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Х.Нарантуяа нь давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гаргасан байхад анхан шатны шүүх гомдлыг хүлээн авч, улмаар ямар нэгэн нотлох баримтгүйгээр түүнийг давж заалдах гомдол гаргах тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Давж заалдах гомдолдоо 395000 төгрөг Э.Эрдэнэзаяад төлсөн гэдэг боловч энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь Х.Нарантуяад холбогдуулан  зээл, зээлийн гэрээний үүрэг 31.391.020  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х.Нарантуяагийн  гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: зээлийн гэрээний талууд 2014 оны 08 сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус  байгуулж тус гэрээнийхээ 8 дах хэсэгт “энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол улсад эцэслэн шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, гэрээтэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлүүлэх талаар харилцан тохиролцох эрхтэй.

Энэхүү эрхийнхээ дагуу нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа, хариуцагч Х.Нарантуяа нар нь 2014 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээндээ тухайн гэрээтэй холбоотой  маргааныг Арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна гэж үзэхээр байна.

Гэтэл нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь 2014 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой маргаанаа талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсоны дагуу  Арбитраар шийдвэрлүүлэх атал ердийн харьяаллын шүүхээр  шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл  Арбитрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “талууд арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохирсон маргаан арбитрын харьяалалд хамаарна”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “...зохигч хэлэлцэн тохирсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Шүүх Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлийг хэргийн хярьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзах, энэ байдал нь  нэхэмжлэлийг хүлээн авах үед мэдэгдээгүй боловч шүүх хуралдааны үед буюу нотлох баримтыг шинжлэн судлах үед тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох байтал  хуульд заасан хэргийн харьяаллыг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хуульд заасан хэргийн харьяалал зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн тул хэргийн шийдэл  болон хариуцагчийн давж заалдах гомдлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5 дахь заалтууд нь хэргийн зохигчийн шүүх хуралдаанд оролцсон эсэхээс хамааран шүүхийн шийдвэрийг гардан авах хугацааг өөрөөр тоологдохоор заасан  бөгөөд  энэхүү хугацаанаас хамаарч  давж заалдах гомдол гаргах хугацаа мөн харилцан адилгүй тоологдож байгааг тайлбарлах нь зүйтэй байна.

Хэдийгээр  Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй хэрэг хэрэгсэхгүй болж байгаа боловч түүний зээлийн гэрээтэй хобоотой маргаанаа хуульд заасан харьяаллын  дагуу  шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй  байгаа болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 сарын 10-ны  өдрийн 93 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан  Э.Эрдэнзаяагийн нэхэмжлэлтэй Х.Нарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Х.Нарантуяа нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 02 сарын 17-ны  өдрийн 42 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргах  тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам

4.зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                                   ДАРГАЛАГЧ              Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                    Г.ДАВААРЕНЧИН