Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02014

 

 

 

 

 

 

 

 

2023 11 17 210/МА2023/02014

 

 

Э ХХК, Ч.С- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03178 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э ХХК, Ч.С- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШГ-т холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК,

2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18250222/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 01709 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу НШГ-т гүйцэтгэгдэж байгаа төлбөр авагч Х ХХК, төлбөр төлөгч Э ХХК, Ч.С- нарт холбогдох 436,116,539 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, АОС байр, 00-00 хаягт байршилтай, улсын эрхийн бүртгэлийн Ү-2205035994 дугаарт бүртгэлтэй 694,56 м.кв талбайтай 3 давхар амины орон сууц болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын 18638310880710 дугаар бүхий 182 м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газраар хангуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар үүсэн явагдаж байгаад маш их гомдолтой байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18250222 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол болон НШГ-н 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18250222/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан ба Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/902 дугаартай хариуг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01528 дугаартай захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэгдэж байсан бөгөөд төлбөр авагч Х ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13/7123 дугаартай хүсэлтийн дагуу гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж шийдвэрлэсэн. Нэгэнт төлбөр авагч өөрөө хүсэлт гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасантай нийцсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4/226 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоол гарсан. Гэтэл НШГ-н Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18250222 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надад танилцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдэл гардуулан 18250222/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18250222 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 18250222/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн боловч төлбөр авагч Х ХХК нь барьцааны эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж өөрөө хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг буцаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт зааснаар дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх үндэслэлгүй. Гэтэл хуульд заасан үндэслэлээр дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байтал дахин ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин хийж байгаа нь буруу байна. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах эрх зүйн зохицуулалт нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39.8, 48.7 дахь хэсэгг тусгалаа олж, үйл ажиллагаанд 15 жилийн хугацаанд мөрдөгдөж ирсэн нь Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт тус тус дээрх эрх зүйн зохицуулалтууд хэвээр хуульчлагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр, зүйлийн 31.4 дэх хэсэгт .... Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх... эрхгүй байхаар хуульчилсан байсан нь төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрийн шаардлага хангуулахаар гаргуулсан эд хөрөнгө худалдан борлогдоогүй, уг эд хөрөнгөөс өөр хөрөнгө байхгүй тоохиолдолд төлбөр авагчид хөрөнгө санал болгох ажиллагааны нөхцлийг тодорхойлсон. Өмнө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгөд бүхий л ажиллагааг гүйцэтгэсэн байхад түүнийг дахин давтан гүйцэтгүүлэхээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж, ямар ч цаг хугацааны хязгаарлалтгүйгээр барьцаа хөрөнгийн үнэлгээг өөрт таалагдсан үнэ хүрэх хүртэл нь ажиллагааг гүйцэтгэсээр байх агуулгатай байх, хэдийд ч эрхэд нь халдаж болно гэж үзэж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хуульд заасан журмыг зөрчин үндэслэлгүйгээр явагдсан НШГ-н 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18250222/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1709 дүгээр шийдвэрээр Ч.С-ээс 437,285,805 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00-00 тоот хаягт байршилтай 3 давхар амьны орон сууц, тус хаягт байрлах 182 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул шинжээчээр Д ХХК-ийг томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 1,349,103,809 төгрөгөөр тогтоосон. Дээрх үнэлгээг талуудад танилцуулж, үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул тус газраас санал болгох хурал зохион байгуулж Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч Хас банканд 1,349,103,809 төгрөгөөр санал болгосон. Төлбөр авагч Хас банкны зүгээс хөрөнгийн үнийн зөрүүг төлөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан. Төлбөр авагч Х ХХК-ийн зүгээс төлбөр төлөгч Ч.С- Э ХХК нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа дахин явуулж өгнө үү гэх хүсэлтийг тус газарт ирүүлсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18250222 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулж байна. Төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 00-00 тоот хаягт байршилтай 3 давхар амины орон сууц, мөн 182 м.кв талбайтай газрыг хуульд заасны дагуу битүүмжлэн хурааж улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчөөс өгсөн үнийн саналтай тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн. Хөндлөнгийн шинжээчээр ажилласан Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ 1,349,103,809 төгрөгөөр үнэлэгдэж анхан болон хоёр дахь дуудлага худалдаагаар зарагдаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манайд үнэлгээний дүн болох 1,349,103,809 төгрөгөөр санал болгосон. Шүүхийн шийдвэрээр төлөх дүн 437,285,805 төгрөг, хөрөнгийн үнэлгээ 3 дахин хэт өндрөөр үнэлэгдсэн, банк зөрүү төлбөрийг төлөх боломжгүй тул гүйцэтгэх баримт бичгийг манайд буцаасан. Төлбөр төлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрөө биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр авагч Х ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг хуульд заасан эрхийнхээ дагуу дахин сэргээн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаснаар ажиллагааг сэргээсэн болно. Иймд Э ХХК, Ч.С- нараас шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, төлбөр авагчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШГ-т холбогдох НШГ-н 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18250222/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК, Ч.С- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК, Ч.С- нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг зөв тогтоож чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

5.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн боловч төлбөр авагч Х ХХК нь барьцааны эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж өөрөө хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг буцаасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт зааснаар дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх үндэслэлгүй.

Гэтэл хуульд заасан үндэслэлээр дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байтал дахин ирүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин хийж байгаа нь буруу байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өмнө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгөнд бүхий л ажиллагааг гүйцэтгэсэн байхад түүнийг дахин давтан гүйцэтгүүлэхээр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж, ямар ч цаг хугацааны хязгаарлалтгүйгээр барьцаа хөрөнгийн үнэлгээг өөрт таалагдсан үнэ хүрэх хүртэл нь ажиллагааг гүйцэтгэсээр байх агуулгатай байх, хэдийд ч эрхэд нь халдаж болно гэж үзэж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин дахин буюу хязгааргүйгээр зөвхөн төлбөр авагчийн хүссэнээр явагдах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч болон гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Э ХХК, Ч.С- нь хариуцагч НШГ-т 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18250222/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01709 дугаар захирамжаар хариуцагч Э ХХК, Ч.С- нар нь 436,166,539 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Х ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталгаажуулж, төлбөрөө сайн дураар төлөөгүй бол Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС байр, 00-00 тоот орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 18638310880710 дугаартай, 182 м.кв талбай бүхий газрыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШГнд даалгаж шийдвэрлэсэн байна. /хх36-39/

 

3. Дээрх хүчин төгөлдөр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжилж, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хураан авсан байна. Түүнчлэн, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/32 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэжээ. /хх40-46, 87/

 

3.а. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Х ХХК-ийн хүсэлтээр барьцааны үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилогдсон байх ба шинжээч Д ХХК-аас дээр дурдсан барьцааны хөрөнгийг 1,349,103,809 төгрөгөөр үнэлсэн байна./хх 47-51/

 

3.б. Түүнчлэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулагдаж, тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй тул шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээ болох 1,349,103,809 төгрөгөөс төлбөрийг хасаж, зөрүү 911,818,004 төгрөгийг төлж төлбөрт тооцон авахыг санал болгох ажиллагаа явуулжээ. Төлбөр авагч Х ХХК зөрүү төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэн, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албадан гүйцэтгүүлэх бичиг баримтыг буцаах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/226 дугаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолуудыг тус тус хүчингүй болгож буцаан олгосон байна. /хх 52-67/

 

3.в. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр авагч Х ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинээр дахин явуулах хүсэлтийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18250222 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн байна. /хх 69,75-76/

 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй. Энэ хэсгийн 31.1.2 гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул дахин шинээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинээр явуулах тухай төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн дахин ажиллагаа явуулсныг буруутгахгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Харин, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл заалт нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг алдааг залруулан зөвтгөнө.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03178 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын 49 дүгээр зүйлийн 49.1 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ