Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01155

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/00976 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч Х-ХХК-д холбогдуулан гаргасан 58,576,550 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1043 тоот захирамжаар нэхэмжлэгч Х--ны Дархан салбарт хариуцагч Д- ХХК, А.Х- нараас 14,527,158 төгрөг гаргуулж, төлбөрийг хуваарийн дагуу барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. К- ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 75.324,000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг үнэлсэн. Албадан дуудлага худалдаагаар хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгож, Х-ХХК нь хувийн сууц болон газрыг авсан. Шинжээч нь барьцаа хөрөнгө болох 181 кв.м талбай бүхий 2 давхар амины орон сууц, 700 м.кв газрыг 75,324,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс Х--д төлөх 14,527,158 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн зардал 2,220,292 төгрөгийг хасаад нийт 58,576,550 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгазлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1043 тоот захирамж нь 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдөр гарсан байх бөгөөд тухайн үед 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хэрэгжиж байсан. Нэгэнт шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд дахин анхан шатны журмаар нэхэмжлэл гаргах боломжгүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Х-нь тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь хууль зөрчөөгүй болно. Иймд урьд өмнө нь шүүхийн шийдвэрээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй шинэ хуулийг буцаан хэрэглэж, сэргээх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Э- нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х-ХХК-аас нийт 58,576,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,783 төгрөгөөс 157,950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х-ХХК-аас 450,832 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Э-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй тухайд хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээнд хамаарах бөгөөд төлбөр гаргуулах хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол үнийн дүнгийн зөрүүг төлбөр авагчаар төлүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцах юм. Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба хорих 445 дугаар ангийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байгааг анхаараагүй, энэ талаарх хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

4.а.Анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтын агуулгыг буруу тодорхойлж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцээгүй. 16/05 дугаартай газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Х-ХХК-ийг төлөөлж зээл эрхэлсэн захирал Ю.Гэрэлмаа болон Дархан салбарын захирал А.С- нар байгуулсан. Гэрээний зорилго нь зээлийн өр төлбөрт тооцон авахаар шийдвэрлэсэн өмчлөх эрхтэй газрыг өмчлөх эрх шилжүүлэн авагчийн нэр дээр шилжүүлэн авч хадгалуулах харилцааг зохицуулах бөгөөд банкны дотоод үйл ажиллагааны хүрээнд байгуулагддаг гэрээ юм. Өөрөөр хэлбэл, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй газрыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт тооцон авсан харилцаанд хамааралгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үед явагдаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, Шинэчлэн найруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс 3 сар 12 хоногийн дараа буюу 112 хоногийн дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тул шүүх энэ талаар зөв дүгнэсэн. Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх 447 дугаар ангийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд хүсэлт гаргасан хэдий ч үндэслэлээ тайлбарлаагүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Х-ХХК-ийн захирал А.С-ийн гэрээг буруу тайлбарласан гэх асуудал нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, чухал баримт үйл баримт биш юм. Б.Э-ын өмчлөлийн 2 давхар хувийн сууц, газрын хамт 75,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад Х-ХХК 16,000,000 төгрөгийг төлбөрт тооцож авсан нь хэт үнэгүйдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Х-ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт тооцон авсан хөрөнгийн зөрүү төлбөрт 58,576,550 төгрөг гаргуулах-аар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

3.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1043 дугаар захирамжаар Дархан стек ХХК, А.Х- нар нь 14,527,158 төгрөгийг тав хувааж, Дархан-Уул аймаг дахь Х-ны салбарт төлөх, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 9-р хэсэг, 3-216 тоотод байрлах Ү-2003015634 дугаар, 181 м.кв талбайтай хашаа, байшин болон Г-2003003510 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 94-р тал/

 

3.а.Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагчийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 869 дугаар гүйцэтгэх хуудсыг олгожээ. /хх-ийн 96-р тал/

 

3.б.Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газар зэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилж, 03/39 тоот тогтоолоор хураасан байна. /хх-ийн 9-11-р тал/. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч К- ХХК нь 181 м.кв талбай бүхий хувийн сууц болон 700 м.кв талбай бүхий газар зэргийг нийт 75,324,000 төгрөгөөр үнэлсний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага нь анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч дээрх хөрөнгүүд худалдан борлогдоогүй үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 21-24-р тал/

 

3.в.Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба хорих 445 дугаар анги нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Х-ны салбарт хүргүүлсэн албан бичигтээ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу хоёрдахь албадан дуудлага худалдааны үнэ болох 37,662,000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авах эсэх талаар хариу ирүүлэх-ийг мэдэгдсэн байна. /хх-ийн 104-р тал/

 

3.г.Төлбөр авагч Дархан-Уул аймаг дахь Х-ны салбар нь барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг зөвшөөрсөн байх ба Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба хорих 445 дугаар анги нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газар зэргийн өмчлөх эрхийг Х-ны өмчлөлд шилжүүлэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэнээр барьцаа хөрөнгийн өмчлөх эрх төлбөр авагч Х-инд шилжсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 105-106-р тал/. Энэхүү ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

 

3.д.Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан хугацааг харгалзан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх харилцаанд буцаан хэрэглэсэн нь алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авах хүсэл зориг нэгдсэн цаг хугацаа нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгааг анхан шатны шүүх анхаараагүй байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

3.е.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тус тус тооцохоор заасан. Хэрэв албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгодог журамтай ба хөрөнгийн үнэлгээ нь дээрх хуульд зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиас доошгүй байх юм.

3.ё.Анхан шатны шүүх төлбөрт тооцон авсан хөрөнгийн зөрүүг тооцохдоо үнэлгээчний тогтоосон анхны үнэ болох 75,324,000 төгрөгөөс төлбөр төлөгчийн төлбөл зохих төлбөрийг хасаж тооцсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгийн агуулгад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь нь 37,662,000 төгрөг, үүнээс Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1043 дугаар захирамжид заасан төлбөр төлөгч нарын төлбөл зохих төлбөр болох 14,527,158 төгрөгийг хасаж, 23,134,842 төгрөгийг хариуцагч Х-ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлээс 35,441,708 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Нэгэнт албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө тооцон авсан үйл баримт тодорхой байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба хорих 445 дугаар ангийг гуравдагч этгээдээр оролцуулах байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2023/00976 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-ХХК-аас 23,134,842 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож, нэхэмжлэлээс 35,441,708 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж

2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... 450,832 төгрөгийг ... гэснийг 273,624 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х-ХХК-аас төлсөн 450,832.75 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ