Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0204/З |
Дугаар | 001/ХТ2023/0001 |
Огноо | 2023-01-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2023/0001
“К” ХХК-ийн гомдолтой,
Санхүүгийн зохицуулах хорооны
улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 420 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 575 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 527 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Б.Б, Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014005 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: “К” ХХК-ийг өөрийн компанийн “MGG пропертиз” гэх олон нийтийн цахим сүлжээнд зар байршуулахдаа (facebook) 2021 оны 09 сарын 27, 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 10 сарын 07, 2021 оны 10 сарын 20, 2021 оны 11 сарын 01-ний өдрүүдэд буюу 5 удаа “Орон сууц түрээсэлнэ, хөлслүүлнэ, үнэ 2.200 USD” гэж, түрээсийн төлбөрийг гадаад валют болох америк доллароор зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж 40,000,000 төгрөгөөр торгосон.
3.Гомдол гаргагчаас “... холбогдогчийг буруу тогтоосон, зарыг Б.О тавьсан байхад компанид хариуцлага тооцсон, манай компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан, хууль өөрөө тэгш үйлчлэх ёстой, тусгай зөвшөөрөлтэй этгээдийг зөрчил гаргавал сануулъя, зөрчлийг арилгуулъя, арилгахгүй тохиолдолд торгоё гэснээ тусгай зөвшөөрөлгүй этгээдийг торгоно гэж байгаа нь шударга бус” гэж, хариуцагчаас “...орон сууцны түрээсийн төлбөрийг гадаад валютаар илэрхийлж, зар сурталчилгаа явуулсан, гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирал КХ-аас П.М-д итгэмжлэл олгосон байсан, Б.О гэдэг хүн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан тул компани хариуцлага хүлээх ёстой” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “... “К” ХХК-ийг үл хөдлөх хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр хуулийн дагуу явуулж, ашиг олохдоо төлбөрийн нөхцөлийг гадаад валютаар илэрхийлэн зарлан сурталчилсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2. Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зүйлчилж шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... тус компани нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулахдаа төлбөрийн нөхцөлийг дээрх хуульд заасны дагуу төгрөгөөр бус, харин ам.доллароор зарлан сурталчилсан үйлдэл нь хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж, …хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн төдийгүй, гомдол гаргагч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Компанийн зүгээс Б.О-тай 2021 онд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болохоо, зорилго нь зар оруулах, ирүүлсэн асуултад хариулах байсан талаар, зар сурталчилгаа хийх бүх бүрэн эрхийг олгосон болохоо, мөн “К” ХХК-ийн “MGG пропертиз” фейсбүүк хуудаст түрээсийн үнийг ам.доллароор тавьсан байсныг тус тус хүлээн зөвшөөрч буй энэ тохиолдолд ажилтны хууль зөрчсөн үйлдлээс үүссэн хариуцлагыг ажил олгогч буюу компани хүлээнэ” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Гомдол гаргагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Магадлалд “харин ч хууль зөрчсөн үйл ажиллагаанаас олсон орлогыг хураагаагүй энэ тохиолдолд хариуцагч шийтгэлийг хөнгөрүүлсэн гэж үзнэ” гэх байдлаар гомдол гаргагч, хариуцагчийн тайлбарт дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.
6.2.Хууль зүйн хувьд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж байгаа этгээд нь тус хуулийн 1.1-т заасан “...бараа, ажил, үйлчилгээ”-ний аль нэгийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэсэн эсхүл сурталчилсан байхыг шаардана. Гэтэл шүүхүүд гомдол гаргагчийн хийсэн гэх үйлдэл нь бараа, ажил, үйлчилгээний алинд хамаарч байгаа талаар дурдаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй.
6.3.Б.О-т “К” ХХК-аас гадаад мөнгөн тэмдэгтээр зар байршуулах талаар үүрэг даалгавар өгч байгаагүй талаар тогтоогдсон байхад уг нотлох баримтыг үнэлээгүй.
6.4.Нэг зөрчлийг эрх зүйн этгээдүүд гаргаж байгаа бол ижил хариуцлага ногдуулах шударга ёсонд нийцнэ. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хариуцлага тооцохгүй эрх зүйн хариуцлагаас чөлөөлдөг бол тусгай зөвшөөрөлгүй буюу үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэх тухай хуулийн нарийн мэдэхгүй, энэ талаар мэргэшээгүй хуулийн этгээдэд шууд хариуцлага тооцохоор буюу урьдчилан сануулах боломжийг олгохгүй Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй байна.
6.5.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 527 дугаар тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
9.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10.Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заажээ.
11.Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасанд агуулгын тайлбар хийхэд, аливаа бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх үүрэгтэй, тухайн тохиолдолд түрээсийн төлбөрийг гадаад валютаар зарлан сурталчилсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байх тул шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
12.Гомдол гаргагчийн “урьдчилан сануулахгүйгээр хариуцлага тооцсон” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан, хууль тогтоогчоос хариуцлага тооцохоос өмнө урьдчилан сануулах үүргийг улсын байцаагчид олгоогүй тул хариуцагчийг “шууд хариуцлага хүлээлгэсэн” гэж буруутгах үндэслэлгүй.
13.Гомдол гаргагчийн “1 зөрчилд ижил хариуцлага ногдуулах нь шударга ёсонд нийцнэ. Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хариуцлага тооцохгүй эрх зүйн хариуцлагаас чөлөөлдөг бол тусгай зөвшөөрөлгүй буюу үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог гүйцэтгэх тухай хуулийг нарийн мэдэхгүй, энэ талаар мэргэшээгүй хуулийн этгээдэд шууд хариуцлага тооцохоор буюу урьдчилан сануулах боломжийг олгоогүй нь шударга бус” гэх гомдлын тухайд,
14.Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 2-т “Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд зөрчлөө арилгах талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй бол тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөлтэй этгээдийг урьдчилан сануулж, дараа нь торгох агуулгагүй, харин хариуцлагын хувьд адил байдлаар зохицуулсан буюу зөрчил гаргасан тохиолдолд торгох, ийнхүү хариуцлага хүлээлгэсээр байхад зөрчлөө арилгаагүй бол дахин торгож, тусгайлан олгосон эрхийг хасах агуулгатай байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
15.2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал ХК-наас П.М-д Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагад “К” ХХК-ийг төлөөлөн мэдүүлэг өгөх, шаардлагатай бичиг баримтыг шалгуулах, бичиг баримт бүрдүүлэн өгөх, хүлээн авах эрхийг итгэмжлэн олгосон байх тул зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн холбогдох этгээдэд төлөөлөх эрхийг олгосон тул гомдол гаргагчийн эрх зөрчигдөөгүй байна.
16.Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 420 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 575 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ