Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00198

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн хуралдааны  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гандангийн 52 тоотод оршин суух Дүнгээ овогтой Содномын Дуламсүрэн /РД:МЭ58112566, утас:95390617/

 

Хариуцагч: “Тайгын нарс” ХХК-ны захирал ажилтай

Боржигон овогт Мөнхтогоогийн Отгонбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гандангийн 78 тоотод оршин суух, /РД:МЗ69050871, утас:99897487/-д холбогдох ажилласан хугацааны цалин 600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Дуламсүрэн, хариуцагч М.Отгонбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч С.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Тайгын нарс” ХХК-д 2014 оны 09 дүгээр сарын 14-нд ажилд орсон.Анх Отгонбаатар надтай уулзаад гэрээ нүүлгээд ир. Сарын 200.000 төгрөгөөр цалинжуулъя, ус түлээ цахилгаан үнэгүй хэрэглээд хөрөө рам хараад байж бай гэсэн.  Намайг дөнгөж гэрээ нүүлгээд ирэхэд гэрийн бүрээс, өрх үнэгүй авч өгсөн. Тэгээд 9 сарын цалин өгөхөөр нь би гэрийн бүрээс, өрх авсан юм чинь гээд  80.000 төгрөгийг буцааж өгөхөд танд бэлэг болгож өгч байгаа юм гээд аваагүй. Тухайн үед ингээд л өнгөрсөн. Түүнээс хойш цалин мөнгөө  авчираад өгч байсан удаа ганц 2 удаа л байгаа. би өөрөө эмчилгээтэй, хагалгаатай байсан учир заримдаа гуйгаад авдаг байсан. 10 сард рам хаагдсан. Түүнээс хойш цалин өгөөгүй. Би өөрт нь танд ч хэцүү байгаа байх. Гэхдээ эгч нь хоол ундгүй хэцүү байна гэж хэлэхээр дансанд мөнгө орж ирэхээр өгнө л гэдэг байсан. Цагаан сарын үеэр мөнгө авъя гэсэн чинь байхгүй гэсэн. Би тэтгэвэрийн зээл аваад байж байтал Отгонбаатар зах дээр байна, ирээд 100.000 төгрөг авах уу гэхэд нь очиж авсан. Түүнээс хойш 4 сард 250.000 төгрөг өгсөн. Энэ нь 12 дугаар сарын 50.000, 01 дүгээр  сарын 200.000 нийлээд 250.000 төгрөг өгсөн. Эгчид нь мөнгө хэрэгтэй байна гэхээр байхгүй гэнэ.Тэгсээр байгаад саяхан нүүхээс өмнө би танд цалин өгч чадахгүй гэсэн. Би тухайн үед Отгоотой нүүх тухай яриагүй байсан юм. Би нүүнэ гэтэл нүү нүү гэсэн. Маргааш билүү нөгөөдөр нь манайх нүүсэн. Раманд харах юмгүй байсан гэдэг худлаа. Би тоо ширхэгээр нь дутаалгүй хараад л байж байсан. Би сүүлд нь утсаар цалингаа авмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд би танд өгөхгүй гэж хэлээ биз дээ гээд өгөөгүй. Манай хүүхэд бас 100.000 төгрөг авах ёстой. Тэрийг ч өгөөгүй байгаа. Сүүлд арга ядаад эгч нь одоо шүүхэд өгье гэхэд өг өг гэсэн. Тэгчихээд дараа нь та новширч шүүхэд өглөө гэхэд нь чи өөрөө л шүүхэд өг гэж хэлсэн ш дээ гэж хэлсэн. Манайх гэрийн шал хийж авсан нь үнэн. Гэхдээ манайх жижиг 4 ханатай гэр. Би хагалгаанд орох шаардлагатай. Одоо цалингаа л авмаар байна гэв.

Зохигчид шүүхийн хэлэлцүүлэгт дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Миний бие С.Дуламсүрэн, М.Отгонбаатараас 600000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид 300000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сард багтаан өгөхөөр тохирч эвлэрсэн. Үүнээс 100000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 07-нд өгөхөөр тохиролцсон болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Дуламсүрэн ажилласан хугацааны цалин 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Тайгын нарс” ХХК-ны захирал М.Отгонбаатарт холбогдуулан гаргажээ. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 300.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 300.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сард нэхэмжлэгчид өгөхөөр эвлэрэн хэлэлцэж тохирчээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн зохицсон нь шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон тэдний бичгээр гаргасан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагчаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1.С.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч “Тайгын нарс” ХХК-ны захирал М.Отгонбаатарт холбогдох ажилласан хугацааны цалин 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 300.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Тайгын нарс” ХХК-ны захирал М.Отгонбаатар нь 300.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сард  нэхэмжлэгч С.Дуламсүрэнд төлөхөөр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжпэгч С.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тайгын нарс” ХХК-иас 9325 төгрөг гаргуулж нэхэмжпэгч С.Дуламсүрэнд  олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ