Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 589

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00109 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХХ-д тус тус холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ, ХХХХ нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХшүүхэд гаргасан нэхэмжлэл,шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зүүнхараагийн ачааны воган засварын депод сэлгээний туслах машинчаар ажиллаж байгаад зөрчил гаргасан шалтгаанаар Депогийн даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б2-168 тоот тушаалаар ажлаас халагдсан ба энэ тушаалыг үндэслэлгүй гэж үзээд Сум дундын 21 дүгээр шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 301 тоот шийдвэрээр 169 тоот тушаалыг хүчингүй болгож намайг туслах машинчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Би тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээгүй байсан. Гэтэл Депогийн удирдлагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй намайг бүтэн 10 cap ажилд авахгүй чирэгдүүлсэн ба шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусламжтайгаар 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа эргэж орсон боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Депогийн даргын 449 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр дахин ажлаас халсан. Би одоо 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд 12 000 000 төгрөгийг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замаас гаргуулахыг хүсэж байна. Би Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б-2 57 тоот тушаалыг тухайн үед мэдээгүй, энэ шүүх дээр ирээд мэдсэн, энэ тушаалыг надад гардуулаагүй, Улаанбаатар Төмөр Замын Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ХХХХ-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замтай холбоогүй байх бөгөөд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б-2 57 тоот тушаал хүчин төгөлдөр байгаа, энэ тушаалын талаар ХХХХ2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шүүхэд маргаан гаргаагүй. Мөн хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хууль байдаг тул ХХХХ-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. Сэлэнгэ аймгийн Сум дундын 21 дүгээр шүүхийн 301 дүгээр  шийдвэрт ХХХХ-ийг ажлаас чөлөөлсөн өөр тушаал байдаг бөгөөд энэ тушаалаар Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогийн дарга ХХХХ болон бусад хүмүүст арга хэмжээ авсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн, иргэний хэрэг үүсгэсэн зэрэг ажиллагаа болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй шилжүүлсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан байна. ХХХХТөмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4-т заасан үндэсэлээр ажлаас халагдсан байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж байгаа бол 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах, цалин хөлс дутуу олгосон гэж үзэж байгаа бол 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Гэтэл 2014 оны 6 дугаар сарын асуудлаар 2016 онд гаргасан гомдлыг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ХХХХ-аас 5 774 461  төгрөгийг гаргуулан ХХХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6 225 539 төгрөгийг хэрэгсзхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан ХХХХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 107 341 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай дүрмийн заалтыг зөрчсөн. Техник ашиглалтын дүрмийн 2.2 дугаар заалт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй, ажлын гүйцэтгэл чанар хангалтгүй, шуурхай нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаагүй технологи мөрдөлтөд тавих хяналтыг сулруулсан үндэслэлээр  сахилгын шийтгэл ногдуулсан. Анхан шатны шүүх харицагчийн гаргасан  баримтыг үнэлээгүй, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хурал, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б-И-57 дугаартай Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар ХХХХ-д гардуулж, сахилгын арга хэмжээ авсан, менежер ХХХХ-ын гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч ХХХХнь хариуцагч ХХХХ-д тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 12 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, арга хэмжээ авсан тушаал хүчин төгөлдөр байгаа, уг тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч ХХХХнь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 301 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон тул анх ажлаас үндэслэлгүй халагдсан өдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд орсон буюу 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг нөхөж гаргуулна гэж тодорхойлсон байна.  

 

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 301 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийг Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод сэлгээний бригадын туслах машинистын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд энэ шийдвэр 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр биелэгдэж, нэхэмжлэгч ажилдаа орсон. Уг шийдвэрээр ажилтанд ажилгүй байсан хугацааны олговрын асуудлыг шийдвэрлээгүй болно.

Нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хэрэг үүсгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 691 дүгээр захирамжаар ХХХХ-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 

Мөн уг захирамжаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад уг хугацааг сэргээсэн нь үндэслэлгүй юм.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргахаар зохицуулсан бөгөөд уг байгууллага байхгүй тохиолдолд мөн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ. Гэтэл нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мэдсэн гэж тооцсон ч гомдлын шаардлага гаргах 3 сарын хугацаа 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна.

 

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх Зүүнхараагийн вагон засварын депод холбогдох ХХХХ-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь Зүүнхараагийн вагон засварын депод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл Зүүнхараагийн вагон засварын депо нь хуулийн этгээдийн эрхгүй болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан бичгээр тогтоогдож байх хэдий ч иргэний хэрэг үүсгэсэн ажиллагааг дуусгавар болгохдоо хариуцагчаар тодорхойлсон этгээдийг орхигдуулах үндэслэл болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00109 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Зүүнхараагийн вагон засварын депо, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам тус тус холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 12 000 000 төгрөг гаргуулах тухай ХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                 Ш.ОЮУНХАНД