Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 207/ма2023/00090

 

2023 11 09 207/МА2023/00090

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц.Бт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.Уг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 142/МА2023/......6 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Бт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ц.Бийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Угийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Б-ийн нөхөр Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр над руу 99...... дугаарын утаснаас залгаж эхнэр маань гоо сайхны салон нээх гээд мөнгө хэрэг болоод байна, нэг сарын хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч гэсэн. Би Б.Бд чамайг болон танай эхнэрийг сайн танихгүй байж яаж өгөх вэ гэж хэлсэн. Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн машинаа зарчихсан дансандаа мөнгөтэй байсан. Машинаа өөрчилж шинэ машин авах гэж байсан. Энэ тухай миний найз С- мэдэж байсан ба тэрээр шинээр бизнесээ эхлүүлж байгаа юм чинь залуу хүмүүсийг дэмжээд зээлүүлчихгүй юу даа. Би хамт ажилладаг юм чинь гэсэн. Би дотны найз С-ыг хэлэхээр нь итгээд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийнхөө Х банкны ....................... дугаарын данснаас Д.Б-ийн Х банкны .......................... дугаартай дансанд /5.000.000 / таван сая төгрөг/ шилжүүлсэн. Ингээд нэг сарын хугацаа болоход хугацаандаа мөнгөө өгөөгүй. Ингээд Д.Б-ийн ..................... дугаарлуу, Б-ын утас руу залгахад өнөөдөр маргааш гэсээр 7 сар болж байна. Бид удаа дараа мөнгөө нэхэж шаардсан боловч тус тусдаа худлаа хэлсээр өнөөдөрийг буюу 2023.06.06-ний өдрийг хүргэж байна. Би өөрөө машин авах гээд чадахгүй байдалд хүргэж намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Ц.Бээс 5.000.000 / таван сая / төгрөг гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 142/МА2023/......6 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Бээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бээс 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Надад нэхэмжлэл гаргасан Д.Б- гэдэг хүнийг огт танихгүй, харж байгаагүй, мөнгө зээлээч гэж авч байгаагүй. Миний нөхөр байсан Б.Б нь миний дансаар тэр хүнээр дамжуулан мөнгө авсан байх гэж бодож байна. ...Надаас аваагүй мөнгийг нэхэмжилж байгаад ойлгохгүй байна. Тэр үед Б.Б бид хоёр салаагүй байсан. Миний дансаар орсон мөнгө нь ажил амьдрал, гэр бүл, үр хүүхдэд нь зарцуулагдаж дууссан байх. Өөрийн хүслээр зээл аваагүй байж одоо салсан нөхрийн авсан зээлийг би төлөх чадваргүй. Хоёр хүүхдээ өсгөж байгаа ганц бие ээж. Иймд миний гомдлыг хүлээж авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Ц.Бээс зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбараа анхан шатны шүүхэд гаргаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Д.Б-ын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ц.Бийн нөхөр н.Балжинням мөнгө зээлээч гэсэн, би өгөхгүй гэхэд манай найз н.С-аар яриулаад 1 сарын хугацаатай 5.000.000 төгрөг зээлүүлчих гэсэн учир мөнгийг Ц.Бийн Х банкны данс руу шилжүүлсэн гэсэн тайлбар, хариуцагч Ц.Бийн Х банкны .......................... тоот дансанд 5.000.000 төгрөг /2022.11.11-ний өдөр/ шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбараа гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч Ц.Б нь 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаанд буцаан төлөөгүй, түүний дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Ц.Б нь тухайн үйл баримтын талаар зөвшөөрсөн, татгалзсан тайлбараа гаргаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй байх ба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан татгалзлаа анхан шатны шүүхэд тайлбараар гаргаагүй, татгалзсан тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул хариуцагч Ц.Бийн гомдлыг хүлээн авах боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 142/МА2023/......6 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ц.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.УГ