Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 96

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Р.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр магадлалтай, Д.Б-д холбогдох 2014000030018 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Р.Уранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1953 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Д.Б,

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Д-ийн хэвлийн тус газарт хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н 2020 оны 06 сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл 83 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож” шийдвэрлэжээ.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Миний бие шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас оролцсон бөгөөд хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрсөн байр сууринаас анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд санал дүгнэлтээ гаргаж өмгөөлөл явуулсан боловч 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 289 тоот шийтгэх тогтоол гаргасныг, давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хяналтын журмаар гомдол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн тул хуульд заасан эрхээ эдлэн гомдлоо гаргаж байна. Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ялгаа зүйлчлэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн үү, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хор уршгийг төсөөлөхгүйгээр гэм буруугийн хэлбэрээр үйлдэгдсэнээр ялгагдахыг хууль тайлбарлагчийн зүгээс тайлбарласан байдаг. Энэ тайлбарыг хэрэглээгүй шүүх шийдвэр гаргасан нь хууль ёсны, шударга ёсны зарчим зөрчигдсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлахгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь Д.Б-д холбогдох хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох мэргэжлийн эмч нарын дүгнэлт, тодорхойлолт, шүүгчийн захирамж зэргээс тодорхой харагдана. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн тул хяналтын журмаар гомдол гаргалаа. Иймд хянан үзэж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү. Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг биш, 11.2 дугаар зүйлд заасан хэрэг гэж  өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа болно” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3, 2.4-д заасны дагуу иргэн Д.Б-д холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхээс оролцон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Тус хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 289 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар 3 жил 4 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагүу Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 27-ны өдөр тус хэргийг хянан хэлэлцэж 89 тоот магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчөөс 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 89 тоот магадлалыг эс зөвшөөрч анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэн хяналтын гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Д.Б-д холбогдуулан түүнийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж зүйлчилсэн прокурорын ялын зүйлчлэлийг шүүхээс тохирсон байна гэж үзсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл юм.

Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь өөрийн хийсэн үйлдлээ хүсч үйлдсэн байх үндсэн шинжийг заавал агуулсан байдаг. Харин Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь өөрт нь хүч хэрэглэсэн байх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон байх, хохирогчийн хууль бус зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд хоромхон зуур автсан байхыг ойлгодог. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд /авагдсан нотлох баримтын хувьд/ насанд хүрээгүй гэрч Н.Ариундөлгөөний өгсөн “... тэгээд гэр дээр гараад хаалга онгойлгооч Д.Б өвөө гэсэн чинь хаалга онгойлгож өгөөд Д.Б өвөөгийн гар нь салганаад байсан. Тэгээд араас нь Дэмбэрэл ах орж ирээд Д.Б өвөөг заамдаж аваад толгой тус газар нь “ял Д.Б” гээд хоёр удаа цохисон, тэгээд би дүүгээ аваад дэлгүүр орох гээд явсан” гэх мэдүүлэг,

Д.Б-н “... Ж.Д орж ирээд надаа хэрүүл гуйгаад миний толгой руу цохиод байхаар нь би гал тогооны саван дээр байсан хутгыг аваад хутгалсан...Ж.Д миний толгой руу цохиод байхаар нь айгаад зодох нь ээ гэж бодсон” гэх мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мэргэжлийн эмч нарын №26 дугаартай шинжээчийн ... Д.Б нь сэтгэл мэдрэлийн хувьд гэмтлийн дараах тархины эмгэгшил, зан төрхийн эмгэг оноштой эмчилгээ хийлгэсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 08 сарын 03-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн ...Д.Б нь гэмт хэрэг үйлдэгдэхэд болон хэрэг үйлдэхийн өмнө, хойно нь тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Б өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна гэх шинжээчдийн дүгнэлтүүд авагджээ. Бодит байдал дээр Д.Б нь 67 настай, хохирогч нь 40 нас хүрээгүй байж Д.Б-г “ял Д.Б” гэх өөрийнх нь өмнө ял эдэлж байсан байдлыг нь дайруулан хэлсэн доромж үг хэлж, өөрийн залуу, эр чадалтай байгаа байдлаараа давуу байдал болгож настай хүн рүү дайрсан, доромжилсон үйлдэл нь 70 хүрч байгаа Д.Б-н сэтгэлзүйн байдалд өөрчлөлт өгч “сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан” үедээ хохирогчийг гэмтээсэн үйлдэл гаргасан. Мөн хохирогчийн Д.Б-г зодож хүч хэрэглэсэн, доромж үгээр харьцсан байдал нь түүнийг хутга авч өөрийгөө хамгаалах хэмжээнд хүргэжээ. Шүүхээс энэ байдалд үнэлэлт өгөлгүйгээр хэлбэрийн өнгөц байдлыг нь харгалзан “бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэж зүйлчилж ял оногдуулсан нь Д.Б-н эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг ч гэсэн шүүх хэрэглээгүй. Өмгөөлөгчөөс Д.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлт гаргаж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв. 

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн” талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүхийн шатанд шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар шүүхээс томилсон шинжээч дүгнэлт гаргасан бөгөөд хэрэг хариуцах бүрэн чадвартай гэсэн дүгнэлт гарсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Р.Уранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Д-ийн хэвлийн тус газарт хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Өмгөөлөгчдийн гаргасан шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлүүлэх агуулга бүхий гомдлын тухайд шүүгдэгчийн үйлдлийн шинж байдал нь эрүүгийн эрх зүйн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах тухай ойлголтын шалгуур шинжийг хангахгүй байна.

 

Учир нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас хоромхон зуур гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд түр хугацаанд оруулсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт хэлбэрээр илэрч буюу тухайн агшинд үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал гэж ойлгоно. Шүүгдэгч гэмт хэрэг гарах үед ийм байдалд орсон байж илтэд болзошгүй нөхцөл байдал илэрвэл тусгай мэдлэг бүхий шинжээч энэ асуудлаар дүгнэлт гаргасан тохиолдолд шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх боломжтой. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргаж эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүлсэн нь шүүх хэргийг хэлэлцэх үед ач холбогдол бүхий нотлох баримтад тооцогдох бөгөөд шүүх хуралдаанаас өмнө энэ асуудлыг шийдвэрлэсэн байвал зохино.

 

Хэдийгээр энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйлд хохирогч Ж.Дийн зүй бус үйлдэл, доромж үг хамаарах боловч “ял Д.Б” гэх зэргээр харьцсан нь доромжлох, дарлах, гутаах байдлаараа шүүгдэгчийг хүчтэй цочроосон, сэтгэцийн тэнцвэрт байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна сэтгэцийн шинжээчийн дүгнэлтэд энэ тухай тусгагдаагүй байх тул өмгөөлөгчдийн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах нотлох баримтын болоод хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэх гэмт хэрэгт оногдуулах таваас арван хоёр жил хүртэл хугацаатай хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг сонгож шүүгдэгчид оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, харьцангуй хүнд бус ял гэж үзнэ. 

 

Мөн шүүх хуралдааны явцад өмгөөлөгчдийн зүгээс Д.Б-н эрүүл мэндийн талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтыг ирүүлсэн байх бөгөөд Д.Б-г өвчний учир хорих ялаас чөлөөлөх, эмнэлгийн байгууллагад шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлд заасан “шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журам”-ын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэргийн үйл баримтыг тогтоох, шийдвэр гаргах явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

            1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Р.Уранцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                  Ч.ХОСБАЯР

                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН