Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

          Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Л.Болормаагийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Тус аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзоригт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын  28-ны  өдөр хүлээн авч  захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аюурзана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Л.Болормаа миний бие Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар буюу Төрийн захиргааны албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан билээ. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолоор төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна. Дээрх сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан шийдвэрт Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11,165 дугаар зүйлийн 165.2 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг гол үндэслэлээ болгосон байна.  Ажлаас халсан тушаалын 1 дэх заалтад   Л.Болормаа нь Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь шат шатны шүүхийн шийдвэр, ажил шалгасан ажлын хэсгийн шалгалтаар нотлогдож, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тул гэжээ.  Л.Болормаа миний бие Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахаар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт  шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гэх зүйлийг надад огт танилцуулаагүй. Түүнчлэн миний бие 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулагдах үеэр аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуульд зааснаар хамтын шийдвэрийн үндсэн дээр гардаг ба тухайн шийдвэрийнхээ үндсэн дээр шүүхэд хариуцагчаар аймгийн Сонгуулийн хороо татагдаж, шийдвэр үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээж явдаг болохоос биш дан ганц дарга бүх асуудлыг шийдвэрлэдэггүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 12,15,16,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан ба миний бие хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй, төрийн албан хаагчид хориглох зүйлийг хийгээгүй.  Иймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аюурзана шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

         Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  Л.Болормаа нь Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн албан үүрэгт ажлаас нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолоор халсан. 

          Ажлаас чөлөөлөх 1-р үндэслэл нь:  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 буюу Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн үндэслэл тогтоогдсон болно.

          Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13 дугаар зүйлийн 13.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13 дугаар зүйлийн 13.1.3 эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13 дугаар зүйлийн 13.1.8. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх зэрэг заалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа Л.Болормаа зөрчсөн болох нь өөрийн нь явуулж байсан үйл ажиллагаа нь шат шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа юм.

          Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.8-ийг зөрчсөн тухайд: Аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа Л.Болормаа нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд уг шийдвэрийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгосон нь тухайн шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон байна. Аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Л.Болормаа нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй,  илт хууль бус захиргааны акт гаргана гэдэг бол улс төрийн нөлөөлөлд автаж байсныг нотлох баримт нотолгоо бөгөөд Сонгуулийн тухай хуулийг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаагүй, төрийн ашиг сонирхолд захирагдаж өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллаагүй Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь харагдаж байна. Мөн иргэн В.Сүррагчаа, В.Рэнцэндорж нарын сонгох, сонгогдох эрхийг аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор зөрчсөн болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож Сонгуулийн хууль зөрчсөн  мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг нотолж байна.

          Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зохицуулсан бөгөөд Л.Болормаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг зөрчсөн үйлдлийг гаргаж байсан.

          Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн. мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно гэж заасан бөгөөд Л.Болормаа нь төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч нарыг ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлж байсан нь дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Л.Болормаа нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны 07 дугаар тушаалаараа нягтлан бодогч Г.Соёлоог үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Сум дундын 5 дугаар Шүүхийн 2014  оны 07-р сарын 17-ны 190 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 09-р сарын 19-ны өдрийн 28 дугаар магадлалаар топгоогдсон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтэн Б.Наваан-Юндэнг 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 22 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08-р сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэгдэж Л.Болормаа нь төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж байсан нь нотлогдож байгаа юм.

         Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт нь дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг бүхэлд нь хамруулж байгаа учраас Л.Болормааг ажлаас халах шийдвэрийн хууль зүйн үндэслэл болж байгаа юм.

         Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй болохыг зохицуулсан бөгөөд 26 дугаар зүйлийн 26.1.3-т Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийг хэрэглэж болохоор хуульчилсан байна.

          Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэж заасан бөгөөд уг заалтыг зөрчсөн тохиолдолд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-т Төрийн албан хаагч энэ хуулийн 11.4-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үндэслэл болно гэж зохицуулсан. Л.Болормаа нь аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тоггоолоороо В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын сонгогдох эрхийг хуульд зааснаас илүү шаардлага тавьж хязгаарласан бөгөөд энэ шийдвэр нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 17-ны 17-р шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 05-ны өдрийн 221 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийг 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн 361 дугаар тогтоолоор сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Л.Болормаа нь хууль бус шийдвэр гаргаж Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж иргэний сонгогдох эрхийг зөрсөн болохыг тогтоосон байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-т заасан хариуцлагыг уг хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасан этгээд буюу Л.Болормаад хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй буюу ажлаас халах шийдвэрийн хууль зүйн үндэслэл болж байгаа юм.

          Л.Болормаа нь Сонгуулийн хорооны шийдвэр нь хамтын шийдвэр учраас хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь хуульд заасан хариуцлагаас буюу Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-тзаасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.

           Л.Болормаа нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг зөрчсөн болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон, хуульд заасны дагуу хариуцлага хүлээх албан тушаалтны нэг бөгөөд хамтын шийдвэр гэдэг утгаар хариуцлага хүлээлгэхгүй гэсэн үг үсэг Сонгуулийн тухай хуульд байхгүй. Хариуцлага хүлээхгүй гэдэг утгаар Сонгуулийн хорооны дарга, гишүүдээр ажиллаж байгаа хүмүүс хэн нэгний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж болдог бол Сонгуулийн тухай хуульд хариуцлага тусгах шаардлагагүй юм. Сонгуулийн хорооны дарга, гишүүд нь хуулийн дагуу ажиллах үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид учраас Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т зааснаар хариуцлага хүлээх бөгөөд, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д заасан хариуцлагын хүлээх субъект болж байгаа юм.

          Аймгийн ИТХ-ын даргын 2016 оны 08-р сарын 16-ны өдрийн 14 дүгээр захирамжаар ажлын хэсэг томилон ажиллуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан тэнцэлд хяналт шалгалт хийсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг эрх бүхий албан тушаалтан бөгөөд томилох чөлөөлөх, эрх бүхий албан тушаалтны хувьд ажлыг нь шалгах ажлын хэсгийг томилох бүрэн эрхтэй субьект юм. Уг хяналт шалгалтаар үйл ажиллагааны болон санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн болно. /баримтыг хавсаргав/

           Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 07-р сарын 19-ний өдөр хуралдсанаас хойш аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 11 удаа хуралдахад бүх хурлын бэлтгэлийг хангаагүй, 2 удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангаагүй, ажлын албыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч бус, хууль дээдэлдэггүй, Төрийн албаны тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь нотлох баримт, шат шатны шүүхийн шийдвэрүүдээр нотлогдсон болохыг дурдаж байна.

          Гуравдагч этгээд А.Мөнхтөр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй болно.                                                   

ҮНДЭСЛЭХ нь

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт шүүх болон шүүх хуралдаанд хэргийн оролцогч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Л.Болормааг ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн Дэвшил хорооны 2-1  тоотод оршин суугч Л.Болормаагийн нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Л.Болормааг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь заалт, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Л.Болормааг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн  бичгийн даргын үүрэгт ажлаас халсан байна.

           Нэхэмжлэгч Л.Болормаа нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр  Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын хавсралтын 32 дугаарт бичигджээ.

         Улмаар Л.Болормаа нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.    

           Л.Болормааг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар жинхлэн томилсон нь хавтаст хэрэгт авагдсан ба 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 03 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Л.Болормаа нь Төрийн захиргааны албан тушаалд томилогдсон тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдож байна.

          2015 оны үр дүнгийн гэрээг нэг талаас Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Дэлгэржаргал нөгөө талаас ерөнхий менежер аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа хийсэн ба уг гэрээгээ 93.5 оноогоор “А” үнэлгээтэйгээр дүгнэгдэж байсан байна.

 

          2016 оны үр дүнгийн гэрээг нэг талаас Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Дэлгэржаргал нөгөө талаас ерөнхий менежер аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа хийсэн боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн  даргын ажлыг шалгаж дүгнэлт гаргахыг шаардсан байгаа ба уг шалгалтын дүгнэлтээр зөрчил дутагдлыг дүгнэж Л.Болормаад хариуцлага тооцох тухай дурдсан хэдий ч ямар хариуцлага тооцсон нь тодорхой бус мөн  уг хяналт шалгалтаар үйл ажиллагааны болон санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн байдлыг нэхэмжлэгч Л.Болормаад танилцуулаагүй  байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 11 удаа хуралдахад бүх хурлын бэлтгэлийг хангаагүй, 2 удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангаагүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

          Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аюурзаны  хавтаст хэрэгт өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар дээр Л.Болормааг Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 д заасан 13,15, 40 зүйлийг зөрчиж  

          13.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

                13.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байх;

                13.1.3.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;

                13.1.8.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх гэсэн заалтуудыг зөрчиж . Л.Болормаа нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны 07 дугаар тушаалаараа нягтлан бодогч Г.Соёлоог үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Сум дундын 5 дугаар Шүүхийн 2014 оны 07-р сарын 17-ны 190 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 09-р сарын 19-ны өдрийн 28 дугаар магадлалаар тогтоогдсон, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн Б.Наваан-Юндэнг 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 22 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08-р сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэгдэж Л.Болормаа нь төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж байсан нь нотлогдож байгаа юм гэж тайлбарлаж байгаа  хэдий ч  энэ нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой нь ажлаас халагдах үндэслэл болохгүй юм.

          Мөн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Л.Болормааг ажлаас халсан тогтоолын тухайд:  Аливаа Сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуульд зааснаар хамтын шийдвэрийн үндсэн дээр гардаг,  тухайн шийдвэрийнхээ үндсэн дээр Сонгуулийн хорооны даргын хувьд Л.Болормаа нь шүүхэд хариуцагчаар төлөөлж байсан хэдий ч Сонгуулийн хорооны тогтоолууд нь Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн хамтын шийдвэр учир Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

          Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч Л.Болормаагаас  Төрийн албаны тангараг өргөсөн талаар болон ямар их дээд сургууль төгсөж ямар боловсролтой эсэх талаарх нотлох баримтыг шаардсан боловч энэ миний хувийн байдал уг хэрэгт хамаагүй,  гэж гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

          Гуравдагч этгээд А.Мөнхтөр нь 2005 онд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн ба 1999 онд Монгол Улсын Их Сургуулийг D9907787 дугаартай дипломтойгоор БАКАЛАВР, 2009 онд Хүмүүглэгийн их сургуулийг №Е 20090079 дугаартайгаар бизнесийн удирдлагын МАГИСТР, 2011 онд Удирдлагын академыг №Е20111940 дугаартай дипломоор  Төрийн удирдлагын МАГИСТР төгссөн байна.

          2016 оны 12 дугаар сарын 02-ны Сонгуулийн ерөнхий хорооны 277 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн сонгуулийн хорооны бүрэлдхүүнд өөрчлөлт оруулж тус аймгийн сонгуулийн хорооны даргаас Л.Болормааг чөлөөлж, аймгийн сонгуулийн хорооны даргаар А.Мөнхтөрийг томилсон байна.

           Иймд нэхэмжлэгч Л.Болормаагийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин бодож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нь зүйтэй байна.

     

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1.11 мөн хуулийн  27.2.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолыг хүчингүй болгож,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11  дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар Л.Болормаагийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг бодож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Болормаад  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНЧИМЭГ