Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/0002

 

 

“К” ХХК, “А с” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай

 сумын Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       Г.Банзрагч

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        Д.Батбаатар

                   М.Батсуурь

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2022/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0653 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 528 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч “К” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч “А с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч О.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, С.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “К” ХХК, “А с” ХХК-иас Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/107, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Х*** **-р багийн нутаг дэвсгэр Ц******* ** дугаар хороололд байрлах *************** зориулалттай ** га газар эзэмшигч “К ХХК /*******/-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

2.1. Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцжээ.

2.2. Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” А/128 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг үндэслэн газар эзэмшигч “К” ХХК-ний газрын байршлыг өөрчлүүлэх хүсэлт ирүүлсэн учир ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015.05.05-ны өдрийн хурлаар шийдвэрлэсний дагуу **** багийн нутаг дэвсгэрт байрлах Т***** ******* дугаар польноос *** га, ***** багийн нутагт байрлах хар ямаатын хөндийн **** дугаар польноос *** га газрыг үр тарианы зориулалтаар тус тус 60 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

3. Нэхэмжлэгч “К” ХХК-иас “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй, хуулийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заах бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй, 2016 оноос хойш жил болгон газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөр төлж ирсэн, 2019 оноос эхлэн корона вирусын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан өөрийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй нөхцөл үүссэн, энэ асуудал нь газар эзэмших гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр шалтгаалсан асуудал байгаа, маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу актын талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй ...” гэж;

3.1. Нэхэмжлэгч “А с” ХХК-иас “... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй, тайлбар санал гаргах боломжоор хангаагүй ...” гэж;

3.2. Хариуцагчаас “... "К" ХХК нь Төв аймгийн Баянхангай сумын ****** багийн нутаг, ***** *** дугаар хороолол ** га газрыг ********* зориулалтаар эзэмшиж авсан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдсон учир хүчингүй болгосон, К” ХХК нь газрын байршлыг өөрчлүүлэх хүсэлт ирүүлснийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар шийдвэрлэсний дагуу ****т багийн нутагт байрлах ****** ****** дугаар польноос *** га, Х***** хөндийн ***** дүгээр польноос 503 га газрыг үр тарианы зориулалтаар Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаар захирамжаар шийдвэрлэсэн ба ингэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримталсан нь хууль бус шийдвэр байсан, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах ба газрын байршил нь сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж хуульчилсан байдаг. “К” ХХК-д ***** хөндийн ***** дүгээр польноос дуудлага худалдаагүйгээр *** га газрыг үр тарианы зориулалтаар олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг зөрчсөн учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь үндэслэлтэй, “К” ХХК-ийн эрх сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийн хувьд хөндөгдөхгүй, *** га газрыг “А с” ХХК-д шилжүүлсэн байсан учир. Харин “А с” ХХК-ийн эзэмшиж байсан 1000 га газрын эзэмших эрх нь сумын Засаг даргын 2015 оны А/122 дугаар захирамжаар олгогдсон **** га хэвээр сэргэж байх учир эрх нь зөрчигдөхгүй ...” гэж тус тус маргажээ.

4. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК, “А с” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/107 дугаар захирамж, мөн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК, “А с” ХХК-иудын “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Л.М-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 12 дугаарсарын 05-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 528 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Нэхэмжлэгч “А с” ХХК-ийн төлөөлөгч Ч.Ц-ээс: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0653 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргажээ. Үүнд:

7.1. ... Захиргааны байгууллага болон давж заалдах шатны шүүх 2015 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2020 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан нь хамаагүй гэх байдлаар шийдвэрлэж байгаа нь хуульд үндэслэх зарчмыг алдагдуулж байна.

7.2. Өөрөөр хэлбэл 2020 онд “газар эзэмших эрхийг” шилжүүлэн авч байхад маргаан бүхий **** га газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, биет байдлын болон эрхийн зөрчилгүй гэж “К” ХХК болон захиргааны байгууллага хэн аль хэлж, шилжүүлэн өгч байсан мөртлөө жилийн дараа 1000 га газрыг чинь бид нар сумын иргэддээ нэг хүнд 50 га газар өгөхөөр сонгуульд амласан учир буцааж авахаар боллоо гэж, Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгч нар улайран зүтгэж байгаа нь хууль бус юм. Манай байгууллага нь 2020 оноос хойш маргаан бүхий *** га газар дээр тариа тарьж, хэвийн үйл ажиллагаа явуулж байтал захиргааны байгууллага зөвхөн сонгуулийн амлалт, үр дүнгээс нь хамааран манай байгууллагыг хохироож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

7.3. Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны А/163 дугаар захирамжаар 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болгосноор манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байтал захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн.

7.4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1-д тус тус хуульчилсан байтал захиргааны байгууллага 2021 оны А/163 дугаар захирамжийг гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтыг огт хэрэгжүүлэхгүйгээр манай байгууллагыг хохироож байхад давж заалдах шатны шүүх захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөж байгаа нь хуульд нийцэхгүй.

8. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Ж.Ч-аас: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0653 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргажээ. Үүнд:

8.1. ... Давж заалдах шатны шүүх 2015 оны А/128 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга найруулгын илэрхий алдаатай” дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, Газрын тухай хууль зөрчиж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахаар тусгаагүй гэж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

8.2. Тодруулбал, захиргааны байгууллага нь сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаар “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.2.1, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан бөгөөд Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” буюу илт хууль бус захиргааны акт байна.

8.3. Захиргааны байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйл “Сонсох ажиллагаа явуулах”, 43 дугаар зүйлд заасан “Захиргааны актыг мэдэгдэх” эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа огт хийхгүй хууль зөрчсөн байтал давж заалдах шатны шүүх хариуцагч дээрх ажиллагааг хийсэн ч актыг хүчингүй болгоход нөлөөлөхүйц хэмжээний нөхцөл байдал бий болохгүй гэж дүгнэсэн нь хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан зарчмыг алдагдуулж байна.

8.4. Захиргааны байгууллага нь өөрийн хариуцан байгаа нутагт дэвсгэрт, төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлэхдээ хууль дээдлэн, төрийн залгамж халааг эрхэмлэн, хүний эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн ил тод, нээлттэй, түргэн шуурхай, тасралтгүй байх, гэвч Төв аймгийн Баянхангай сумын Захиргаа сумын төсөв бүрдүүлэх зорилгоор ямар ч судалгаа, тооцоолол хийлгүйгээр газар эзэмшүүлэх ажиллагааг зохион байгуулснаас болж сум орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдөөд зогсохгүй, тухайн суманд хөрөнгө оруулалт хийж, олон зуун сая төгрөгөөр хохирсон манай байгууллагын хувьд маш их гомдолтой байна.

8.5. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0653 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2022/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэг. Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулахшаардлагын тухайд:

11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байна.

12. Түүнчлэн захиргааны байгууллага аливаа шийдвэрээ хуульд заасан журмын дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж, актыг гаргасан байгууллага түүнийг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэг хүлээхээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд тусгайлан зохицуулжээ.

13. Энэ хэргийн тухайд, хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “К” ХХК-ийн Х**** ***-р багийн нутаг дэвсгэр Ц******** *** дугаар хороололд байрлах ***************** га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахдаа тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн (газар эзэмшигч “К” ХХК) өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломж олгоогүйн зэрэгцээ газрыг хүчингүй болгосон шийдвэрээ мэдэгдээгүй нь тогтоогдох бөгөөд хариуцагчийн энэхүү шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн, газар эзэмшигчийн эрхэд халдсан хууль бус акт гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Хоёр.Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

14. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2002 оны) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах, уг шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө хүчингүй болгох эрхтэй байна.

15. Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан өмнө нь гаргасан шийдвэрээ (хууль бус) өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг 48.2-т тодорхой заасан ба /хандсан этгээдийн зүгээс/ “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”-ээс бусад тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш “таван жилийн дотор” хүчингүй болгохоор заасан уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг баримтлах ёстой.

16. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчид 2015 онд (“К” ХХК-иас А с” ХХК-д шилжүүлсэн) газар эзэмшүүлэхээр эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий А/128 дугаар тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий 2021 оны А/163 дугаар тушаалын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлийн аль нь хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна хариуцагч Засаг даргаас өмнөх шийдвэрээ хүчингүй болгох боломжтой 5 жилийн хугацааг хэтрүүлсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байхад давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг тус маргаанд хэрэглэлгүйгээр “... захиргааны байгууллагаас хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөж, хууль зөрчсөн актаа хүчингүй болгосныг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

17. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0653 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2022/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн70,200 (далан мянга хоёр зуу)төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.БАНЗРАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Д.МӨНХТУЯА

                     ШҮҮГЧИД                                             Д.БАТБААТАР

                                                                            М.БАТСУУРЬ

               Х.БАТСҮРЭН