Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2023/00092

 

2023 11 16 207/МА2023/00092

 

 

 

Г банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Л.Б-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2023/.....02 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б-т холбогдох,

16.640.402 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О-ийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 07 дугаар сарын 21 өдөр ЗГ................... тоот зээл гэрээ байгуулан 10.000.000 төгрөг, 36 сарын хугацаатай, жилийн 16.8% хувийн хүүтэй цалингийн зээл авсан болно. Л.Б- зээл авах үедээ Э үйлдвэр ХХК АТБ цехэд засварчнаар ажилладаг байсан. ЗГ................... тоот зээл нь 2022.03.28-ны өдрийн байдлаар 1908 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 8.764.100,53 төгрөг, хүү 6.958.921,95 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 917.380,11 төгрөг, нийт 16.640.402,59 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Иймд Л овогтой Б /Г.................../-ын хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүүний төлбөр болох 16.640.402,59 төгрөгийг албадан төлүүлж богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие 2016 онд Э хотод хувиараа үсчин хийдэг байсан ба миний аав хорт хавдраар өвчилж асарч байсан. 2016 оны 3 дугаар сард найз А-тэй уулзалдаж эмчилгээний мөнгө 5.0-6.0 сая төгрөг хэрэгтэй байна, надад зээл олдох болов уу гэж асуухад эхнэртээ хэлээд үзье гэсэн. Тухайн үед А- А компанид мастер хийдэг, эхнэр Б нь Г банкны салбарт эдийн засагч хийдэг байсан. Тэгээд хэд хоногийн дараа намайг данс нээлгэчих иргэний үнэмлэхээ хуулбар хийгээд багийн тодорхойлолттой авчраад өг, зээл гарч болох юм шиг байна гэхээр нь би эхнэр Бт нь өгсөн. Тэгээд таг болсон. 6 дугаар сарын 6-нд миний аав өнгөрөөд ажил явдал дуусаад байж байтал 6 дугаар сарын 20-р А- над руу яриад мөнгө бүтсэн, ажил тарахаар банкны гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд би 6-р микрт байдаг Г банкны гадаа орой 20 цагийн орчим очиход А-, Б хоёр машин дотроо сууж байсан. Тэр өдөр надад 4.0 сая төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс 2 хоногийн дараа 2.0 сая төгрөг манай гэрийн гадаа ирж бас бэлнээр өгсөн. Тэгж өгөхдөө ингээд 6.0 сая төгрөг өглөө шүү чи сар болгон нээлгэсэн дансруугаа 350.000 төгрөг хийгээд байгаарай, тэгээд төлөөд дуусгана биздээ гэж хэлсэн. Надад банкнаас хэдэн төгрөг ямар нөхцөлтэй авсан талаар огт хэлээгүй. Надад бэлэн авчирч өгөхөөр нь өөрсдөө мөнгө олоод надад зээлүүлж байна гэж ойлгосон. Мөнгө өгөхдөө надаас 200.0 төгрөг газар дээр нь мөнгө олж өгсөний шан гэж авсан. Би тухайн үед өртэй байсан болохоор өгсөн 5.800.000 төгрөгийг нь 6.000.000 болгож төлнөө гээд авсан. Түүнээс хойш би сард 350.000 төгрөгөөр болон мөнгөтэй болсон үедээ бөөн бөөнөөр хийгээд явж байсан. Гэтэл 2017 оны эхээр над руу банкнаас залгаад та цалингийн зээл 10.0 сая төгрөг авсан байна, зээлээ яагаад хугацаандаа төлөхгүй байгаа юм бэ гэсэн. Би гайхаад банкин дээр очиж эрхлэгч гэх эмэгтэйтэй уулзахад миний нэр дээр цалин барьцаалсан цалингийн зээл 10.0 сая төгрөг гарсан байна гэж хэлсэн. Тэр үеэс хойш би мөнгө төлөөгүй, найз А-, Б нартай холбогдох гэтэл хоёулаа Солонгос явсан байсан. Тухайн үед би найзаасаа мөнгө зээлсэн гэж бодож байсан, нэг ч удаа банкин дээр очиж гэрээ хийгээгүй, мөнгө аваагүй, огтоосоо банктай харьцаагүй. Сая л нэхэмжлэлээс намайг Э үйлдвэрт ажилладаг мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж банкинд өгч зээл гаргасныг мэдлээ. Одоо би банкнаас нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин А-ид бэлэн авсан 6.0 сая төгрөгөөсөө төлсөн мөнгөө хасаад үлдэгдлийг нь төлнө гэж бодож байна. Иймээс Г банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Орхон салбарын хариуцагч Л.Б-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.152 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн хх-54 дүгээр талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 21 -ний өдрийн ЗГ................... дугаар зээл болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсгийг хариуцагч Л.Б- миний гарын үсэг биш гэж маргаж байгаа, хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ................... дугаар зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн график, мемориалын баримтад Л.Б-ын гарын үсэг зураагүй байгаа, Л.Б- Э үйлдвэр ТӨҮГ-т ажилдаггүй нь баримтаар тогтоогдож байгаа, нэхэмжлэгч хавтаст хэргийн 54-р талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 21 -ний өдрийн ЗГ................... дугаар зээл болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсгийг хариуцагч Л.Б-ын гарын үсэг мөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй зэрэг нь талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1,-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээл олгох гэрээний харилцаа үүссэн нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэл боллоо... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. зээлдэгч Бын 4....................... тоот харилцах дансанд Зээл олгов гэсэн утгатай 10.000.000 төгрөгийн гүйлгээ орсон нь дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.5 дахь хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэсний дагуу зээл авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Л.Б- зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 10.260.000 төгрөгийг өөрийн 4....................... данснаас Б Л шилжүүлэв гэсэн утгатайгаар Т Ц-ын Г банкны 4005103305 тоот дансруу шилжүүлсэн баримтын хуулбарыг анхан шатны шүүхэд өгсөн болно. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч Л.Б- өөрийн харилцах 4....................... тоот дансандаа 400.000 төгрөгийг Зээл төлөлт Б ............................ , 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийг Зээл төлөлт ............................ гэсэн утгатайгаар тус тус шилжүүлж төлсөн нь Л.Б- зээл авсанаа мэдэж байсан гэх үндэслэлтэй бөгөөд Анхан Шатны Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 2016 оны 3 дугаар сард найз А-тэй уулзаж эмчилгээний мөнгө 5-6 сая төгрөг хэрэгтэй байна, надад зээл олдох болов уу гэж асуухад эхнэртээ хэлж үзье гэсэн. Тухайн үед А- А компанид мастер хийдэг, эхнэр Б нь Г банкны салбарт эдийн засагч хийдэг байсан. Тэгээд хэд хоногийн дараа намайг данс нээлгэчих иргэний үнэмлэхээ хуулбар хийгээд багийн тодорхойлолттой авчраад өг зээл гарч болох юм шиг байна гэхээр нь би эхнэр Бт нь өгсөн гэснээс харахад Л.Б- нь зээл авах хүсэлтэй байсан түүнийгээ банканд ажилладаг, танил талаараа дамжуулан хөөцөлдөн авах эрмэлзлэлтэй байсан үйл баримтаа хариу тайлбартаа дурдсан байна. Түүнчлэн Л.Б-, А-, Б нараас 4.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг тус тус авахдаа Зургаан сая төгрөг өглөө шүү, чи сар болгон нээлгэсэн данс руугаа 350.000 төгрөг хийгээд байгаарай, тэгээд төлөөд дуусгана биздээ гэж хэлсэн. Түүнээс хойш би сард 350.000 төгрөг болон мөнгөтэй болсон үедээ бөөн бөөнөөр хийгээд явж байсан гэж дурьдсан нь Л.Б- зээлийн төлөлт хийж байсан нь зээл авсан гэдгээ мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байгааг Орхон аймгийн Сум Дундын Иргэний Хэргийн Анхан шатны шүүгч харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, мөн ЗГ................... тоот Зээлийн гэрээний хувьд дээрх шаардлагыг хангасан буюу талууд зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэн сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин Т гэрээ байх бөгөөд шүүхээс дүгнэхдээ 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 35/...... албан бичгээр дээрх гарын үсэг болон загваруудад илэрч буй шинж тэмдгүүд нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийхэд Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээний объектын нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байх тул хуульд зааснаар татгалзсан байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ хэмээн заасан байдаг. Учир нь: Л овогтой Б нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЗГ................... тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөг авсан нь хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх тал дээр дүгнэлт гаргуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, гарын үсгийг эцсийн байдлаар тогтоогоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3 Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, 168.1.7 Энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэхэд илэрсэн заалтуудыг зөрчиж шүүх хуралдаанаар хэлэлцсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 142/ШШ2023/.....02 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б- давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Б миний бие 2016 онд найзаасаа мөнгөний хэрэг гарч зээл гарах боломж байна уу гэж асуусан боловч тухайн үед надад банкнаас 10 саяын зээл авчихлаа гэж яриагүй, хэлээгүй, гэрээ үзүүлээгүй, гарын үсэг ч зураагүй 4 сая төгрөг бэлэн, 2 сая төгрөг бэлэн тус тусад нь авчирч өгөөд энэ мөнгийг шинэ нээлгэсэн дансандаа сар сард хийгээд дуусгаарай гэсэн тэр дагуу мөнгөтэй үедээ 1-2 удаа хийж байтал банкнаас 10 сая төгрөг гэж ярьсан би банкнаас зээл аваагүй,банктай гэрээ хийгээгүй. Иймээс энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Банкнаас шүүхэд анх миний гарын үсэггүй гэрээ хэрэгт өгсөн байсан. Намайг нэхэмжлэл гардаж аваад хариу тайлбар өгөхөд гарын үсэг зурсан гэрээ өгсөн. Энэ нь миний гарын үсгийг харж байгаад дуурайлгаж зурсан гэж үзэж байна. Банкнаас зээл гэж олгогдсон мөнгийг орлого зарлагын шилжүүлгийн ямар баримтаар дансаар гарсан нотлох баримтыг банкнаас шаардсан өгөөгүй. Банк тайлбартаа Ц- гэдэг хүн рүү шилжүүлсэн гэж байжээ. Ийм хүн би танихгүй, мэдэхгүй. Хэрэв тийм бол миний гарын үсэгтэй шилжүүлгийн баримт байх ёстой, ийм баримт байхгүй. Би өөрийн гарын үсгийн талаарх баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн,өөр банкинд гаргаж байсан баталгаат гарын үсгийн баримтаа ч өгсөн. Банк зээл олгохдоо бүрдүүлдэг бичиг баримтууд хүртэл хуурамч байсан, хэн нэгэнд залилуулж алдсан мөнгийг надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед манай найзын эхнэр Б нь энэ банкинд эдийн засагч хийж байхдаа энэ мэтээр олон хүний нэр дээр мөнгө гаргаж залилан авч гадаадад гарсан, эрэн сурвалжлагдаж байгаа юм билээ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт гараагүй, нотлох баримт дутуу байхад шийдсэн гэж бичжээ. Иргэний эрх зүйн харилцаанд өөрийн нэхэмжлэл шаардлагыг талууд өөрсдөө нотлох үүрэггэй. Банкнаас энэ талаар гаргасан баримтууд нь бүгд хуурамч мөнгө авсан баримт ч байхгүй байгаа. Шүүхэд хариуцагч талаас гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт гаргаж бүх баримтыг өгсөн. Харин нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэсэн ямар ч баримт өгөөгүй. Мөнгө авсан гэх санхүүгийн гол баримтыг банкнаас шаардсан боловч гаргаж өгөөгүй, байхгүй. Энэ нь зээлийн гэрээн дэх гарын үсэг хуурамч зээл аваагүй болохыг нотолж байна. Тиймээс заавал шинжээчийн шаардлага байхгүй, бусад нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тэгээд ч банк 2016 оны зээлийг 2022 онд нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Г банк ХХК-ийн Орхон салбар, Л.Б-аас ЗГ................... тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж түүний Г банкин дахь дахь данс руу шилжүүлсэн үйл баримт бий болж байна.

Хариуцагч Л.Б- нь шүүхэд Г банкнаас зээл аваагүй, зээлийн гэрээнд зурсан гарын үсэг минийх биш 2016 оны 03 дугаар сард найз н.А-тэй уулзаж аавын эмчилгээнд 5-6 сая төгрөг хэрэгтэй байна, надад зээл олдох болов уу гэж асуухад би эхнэртэй хэлээд үзье гэж хэлсэн. Эхнэр Б нь Г банкинд эдийн засагч хийдэг байсан. Тэгээд хэд хоногийн дараа намайг данс нээлгэчих, иргэний үнэмлэхний хуулбар хийгээд багийн даргын тодорхойлолт аваад ир гэсний дагуу эхнэр Бт аваачиж өгсөн. Тэгээд таг болсоноо 6 дугаар сарын 20-доор үеэр А- над руу яриад мөнгө бүтсэн банкны гадаа хүрээд ир гэсэн. Очиход А- эхнэр Бтэйгээ машиндаа сууж байсан. Тэгэхэд 4.000.000 төгрөг өгөөд 2 хоногийн дараа 2.000.000 төгрөг өгөөд 6.000.000 төгрөг болсон. Сар бүр нөгөө данс руугаа 350.000 төгрөг хийж байгаарай, тэгээд төлөөд дуусна биз гэж хэлсэн. Надад банкнаас хэдэн төгрөг ямар нөхцөлтэй авсан талаар огт хэлээгүй. Бэлэн мөнгө авчирч өгөхөөр нь өөрсдөө л зээлдүүлж байна гэж ойлгосон. Түүнээс хойш сар бүр данс руугаа 350.000 төгрөг хийж байсан. 2017 оны эхээр банкнаас ярихад 10.000.000 төгрөгийн зээл авсан байна, яагаад зээлээ төлөхгүй байна гэсэн. Тэр хоёр Солонгос гарсан учир холбогдож чадаагүй. Намайг Э үйлдвэр-т ажилладаг гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл гаргасныг мэдсэн. Зээлийг зөвшөөрөөгүй. Тэр хоёроос авсан 6.000.000 төгрөгөө төлснөө хасаад үлдэгдлийг төлнө гэж бодож байна гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгч Г банк-наас 2 зээлийн гэрээ нотлох баримтаар гаргасан байгаа бөгөөд 1 гэрээ нь хариуцагчийн гарын үсэггүй, эргэн төлөлтийн графикт мөн гарын үсэг зурагдаагүй /хх-ийн 4,5/ хх-ийн 54-р талд авагдсан зээл болон барьцааны гэрээнд Л.Б-ын гарын үсэг зурагдсан байгаа боловч хариуцагч Л.Б- зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шинжээч томилсон боловч шүүх шинжилгээний хүрээлэн шинжилгээний обьектын нийтлэг буюу тусгай шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн зээл, барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Л.Б-ыг Э үйлдвэр ТӨҮГ-т ажилладаг болох талаар тодорхойлолт зэрэг нь банкнаас зээл олгох журам, хуулийг зөрчсөн нотлох баримт байх тул Г банк ХХК-ийн Орхон салбар Л.Б- нарын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Хавтаст хэргийн 44-р талд авагдсан Э үйлдвэр ТӨҮГ-ын тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. /Орос хэл дээр бичигдсэн, орчуулагдаагүй/ Энэхүү тодорхойлолтыг Э үйлдвэр ТӨҮГ-ын Хүний нөөцийн захиргааны хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 113/64 тоот албан бичгээр үгүйсгэгдсэн, хэргийн 54 дэх талд авагдсан зээл болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсгийг Л.Б-ынх гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Г банк-наас хариуцагч Л.Б-т олгосон гэх зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3., 20, 22 дугаар зүйлүүдийг зөрчсөн, хариуцагч Л.Б-ыг зээл авсан гэдгийг нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд/ байх тул хариуцагч Л.Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Орхон салбарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2023/.....02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.152 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨРНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У