Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2023/00095

 

2023 11 23 207/МА2023/000.....

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ц СӨХ-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц СӨХ-д холбогдох,

Засварын зардал 3.570.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь О аймгийн Б сумын У багийн Д-ийн 2-р байрны 1 дүгээр блокны зоорийн 182 м.кв талбайг эзэмшиж байсныг О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/..../......... тоот шийдвэр, О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар 10-ны өдрийн 207/МА2022/......... дүгээр магадлалаар албадан байрнаас чөлөөлүүлсэн. Уг байранд үйл ажиллагаа явуулахаар их хэмжээний зардал гаргаж засвар хийсэн бөгөөд одоогоор байгаа баримтаар 3.570.000 төгрөг болсон. Иймд уг засварын зардал болох 3.570.000 төгрөгийг Ц сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2004 оноос 2006 оны хооронд хувийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаад 2007 онд тухайн СӨХ-ны цэвэр, бохир усны шугамд бөглөрөл үүсч ашиглагдах боломжгүй болсон. Үүнийг СӨХ төрийн мөнгөөр засварлах ёстой байсан. Гэтэл үүнийг засварлахгүй байсны улмаас тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тухайн шугамыг засварлахгүй юм байна гэж бодсоны үндсэн дээр тухайн шугам хоолойг засварлахаар болсон. Үүнийг засварлахгүй байснаас болж тэр байрыг ашиглах болон үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. СӨХ-ны дарга уг ажлыг мэдэхгүй байна уу? эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ байдлыг сайн ойлгохгүй байна уу гэдгийг мэдэхгүй байна. Энэ шугамаар явж байгаа усыг нийт оршин суугчид ашиглаж байгаа. Зөвхөн Х ХХК үүнийг ашиглаагүй. Бүх хэрэглэгчдийн үндсэн шугам хоолойны суурь хэсэг нь зоорийн давхартаа байрладаг. Уг зоорийн давхрын шугам хоолойн эвдрэл гэмтлээс шалтгаалан нохой бөөс болон шавьж үүрлэх боломж бүрдсэн. 2021 оны 04 дүгээр сард үүнийг арилгах бүхий л арга хэмжээг авсан. Гадна талбайг тэгшилж зориулалтын талбайг гаргасан. Хайргаар машины зогсоолыг бий болгосон. 7 өрөө байрыг ашиглахын тулд СӨХ-ны хийх ажлыг Х ХХК хийсэн. Эдгээрийг хугацааны хувьд тооцох боломжгүй болсон. СӨХ үүнийг ашигладаг гээд огт ашиглаж байгаагүй газрын зургийг хэрэгт өгч байна. 2007 оноос 2021 он хүртэл тэнд тог цахилгаан огт байгаагүй учир 7 өрөөг холбосон бүх шугам холбоо, кабель зэргийг хийсэн. Бид нарыг үзлэг хийлгэхэд тог цахилгаантай байгаа нь үүнтэй холбоотой. Х ХХК-ийн зарим томоохон зүйлс тэндээ үлдсэн. Үлдсэн зүйлсээ авах гэхээр СӨХ-ны дарга өгөхгүй байгаа. СӨХ-ны оршин суугчдад зориулж шугам хоолойг сольсон. Одоо тэр шугамнаас зэвтэй ус гарахгүй байгаа. Хэсэгхэн газрыг солих боломжгүй учир тэнд байсан бүхий л хоолойг өөрөө засварласан. 2 засварчин ажиллуулсан. Тиймээс эдгээр мөнгийг л нэхэмжилсэн. Ц СӨХ нь чи манай эд зүйлийг ашиглаж байсан биз дээ гээд уг мөнгийг өгөхгүй байгаа. 1990 онд орон сууцны байцаагчийн зөвшөөрлөөр Х ХХК-д өмчлүүлж өгсөн. Гэтэл өмчийн гэрчилгээ нь гарахгүй байсаар байгаад төрийн өмч болгосон. Х ХХК-д өмчлүүлж өгнө үү гэж О- нь өөрөө бичиг гаргаж байсан. Гэтэл энэ нь орон нутгийн бодлого зохицуулалтын газарт очихоор оршин суугчдын эрх ашгийг хангасан дундын өмчлөлийн талбай учир Х ХХК-д өмчлүүлэх боломжгүй байна гээд өмчлүүлээгүй. Түүнээс биш дураараа тэнд очиж, дураараа үйл ажиллагаа явуулж байсан зүйл байхгүй. 2021 онд үүнийг засахгүй юм байна гээд дундын өмчлөлийн талбайд байгаа шугам хоолойг засварласан. Үүнийг засварласны дараа байрыг ашиглах боломжтой болсон. Х ХХК нь тухайн засварын ажлыг хийхэд зарцуулсан нийт мөнгийг нэхээгүй, зөвхөн баримттай байгаа зүйлсээ л нэхэмжилсэн. Бусад баримт байхгүй. Тухайн засварласан шугам хоолой, цахилгааны шит зэрэг нь оршин суугчдын хэрэглээнд үлдсэн. Өмчлөлийн асуудлаар маргах байсан бол 1990 оны үеэс эхлэн маргах боломжтой байсан. Чи олон жил ашигласан учир мөнгийг өгөхгүй гэсэн байдлаар хариуцагч тал хандаж байгаа. Хариуцагч талаас төлбөрийг төлөхгүй гэж бүхий л баримтыг үгүйсгэж байгаа. Нэг талаараа зарим засвар үйлчилгээ хийгдсэн байна гэж хариуцагч талаас зөвшөөрч ярьж байгаа. Манай талаас шитний зургийг хэрэгт гаргаж өгөөгүй байсан бол мөн л шит хийгээгүй мэтээр харагдах байсан байна. Одоо очоод үзсэн ч тэнд кабелиуд байгаа. Биднийг тэр газраас гарснаас хойш, тог цахилгаан, дулааны төлбөр төлөгдөөгүй юм байна. Учир нь манайд нэхэмжлэх ирээгүй. Манайх анх өрөө тус бүрээр шитийг зоож байсан. Хүний гаргасан зардлыг яагаад өгөхгүй гээд байгаа тухайгаа хууль хэрэглээний талаас нь тайлбарлаж ярихгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Х ХХК нь ганц өмчлөгчтэй. Ж одоо ч захирал хэвээр байгаа. Гэхдээ Х ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй. Татварын байгууллагаас дампуурлыг нь зарлаагүй. Засвар үйлчилгээ хийсэн баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Засвар үйлчилгээ хийгээд мөнгө хүлээж авсан хүнийг гэрчээр оролцуулах гэхээр тухайн хүн нь ажил төрөлтэй учир түүнд чирэгдэл үүсгээд яах вэ? гэж ярьж байсан учир больсон. 2021 он хүртэл О-тай маргалдахгүй энгийн харилцаатай, хэн хэнийгээ ойлгоод явж байсан. О- нь С гэх хүнтэй суугаад зан харилцаа нь өөрчлөгдсөн. О-аас илүү С гэх хүн удирдаж байгаа юм уу даа гэж харагддаг гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х ХХК нь О аймгийн У баг 3-р хороолол Д 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхарын 182 м.кв талбайтай дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах гэрээг 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл байгуулсан боловч түрээсийн төлбөрийн тооцоог хийгээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш 15 жилийн турш хууль бусаар ашигласан болно.Тухайн үед нь гэрээ байгуулах талаар удаа шаардлага тавьсан боловч элдэв шалтаг, шалтгаан, тайлбар тавьж гэрээ хийхээс зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иймд "Ц" СӨХ нь уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцлага хүлээх хуулийн үндэслэл байхгүй болно. Х ХХК болон Ц СӨХ-ны хооронд 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан "Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс төлөх гэрээ"-ний 3.5-д заасны дагуу Х ХХК нь барилгын засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй болно. Х ХХК-ийн нэхэмжилж байгаа 3.570.000 төгрөгийн засварын ажил нь 2021 оны 5 дугаар сард хийгдсэн бөгөөд засвар хийх талаар аймгийн Мэргэжлийн хяналтын алба болон манай "Ц" СӨХ-д албан ёсоор хуульд заасны дагуу мэдэгдээгүй болно. Иймд "Х" ХХК-ийн гаргасан 3.570.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х ХХК болон түүний захирал Ж нар нь нийт оршин суугчдын дундын өмчлөлийн хөрөнгийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж ирсэн. Өөрөөр хэлбэл тус газарт эмнэлэг, баар, биллиард тоглоомын газар зэргээр ашиглаж, олон жил үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан боловч хэлэлцэн тохирсон түрээс төлж байгаагүй. Х ХХК-ийн зүгээс энэ нь манай өмч гэх байдлаар хууль бус шаардлагыг тавьсан. Үүний дараа 2022 онд Ц сууц өмчлөгчдийн холбооны зүгээс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнтэй холбоотойгоор түрээсийн төлбөрт 40,349,400 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхээс тухайн дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглахтай холбоотой гэрээний үүргийн хугацаа өнгөрсөн, гэрээгээр үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр мөнгөн төлбөрийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тухайн зоорийн давхарыг Х ХХК-ийн өмчлөлөөс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ба тухайн шийдвэр нь давж заалдах шатны шүүхээр хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ц сууц өмчлөгчдийн холбоо нь нийт оршин суугчдын дундын өмч болох О аймаг Б сум У баг 3-20 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхарт байрлах 182 м.кв талбайг Х ХХК-ийн өмчлөлөөс чөлөөлүүлж авсан. Х ХХК нь тухайн газрыг хууль бусаар өмчилж байгаа гэдгийг мэдэж байсан мөртлөө Ц сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугч нарын ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр засвар хийсэн гэж хэлж байна. Худалдаж авсан гэх тоног төхөөрөмж нь Ц сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчдын хурлаар хэлэлцэгдээгүй. Худалдаж авсан төхөөрөмж болон хийгдсэн ажлуудаас зөвхөн 20, 25-ын шугам л байгаа. Уг шугамыг солихдоо инженерийн шугам сүлжээ буюу халуун хүйтэн усны хаалтыг хийх ёстой. Гэтэл үүнийг тавихгүйгээр шугамыг хэсэгчлэн авч хийсэн. Шугам сольж өгөх хүсэлтийг Ц сууц өмчлөгчдийн холбоо Х ХХК-ийн зүгээс тавиагүй. Ямар шалтгааны улмаас уг шугам сүлжээг сольсныг ойлгохгүй байна. Х ХХК нь тухайн нийтийн зориулалттай талбайг үнэ төлбөргүй ашиглаж байх үедээ үйл ажиллагаа явуулахын тулд тухайн шугам хоолойг сольсон байх. Тухайн сольсон гэх шугамнаас маш их хэмжээний ус алдаж байгаа. Үүнд нь нохой бөөс үүрлэсэн. Сүүлийн хэдэн жил огт ашиглалгүй орхисон. Үүнээс үүдэн шинжээч ч тухайн газар руу орох боломжгүй болсон. Х ХХК-д ийм зүйлийг янзлаарай гэсэн үүрэг чиглэл өгөөгүй. Нэхэмжлэгч талаас бусдын худалдаж авсан зүйлийг өөрөө авсан мэтээр худал баримт бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нохой бөөстэй болсон нь тухайн байрны оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хязгаарласан нөхцөл байдалд хүргэж байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалах, түүнийг сайжруулахтай холбоотой ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй учир уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Цэвэр усны шугамыг сольсон 20, 25-ын трубаг шаардлага хангасан хэлбэрээр хийгээгүй нь одоо түүнийг дахин засварлаж хаалт хийх байдалд хүргэсэн. Хоолойг хэсэгчлэн хувааснаас үүдэн үүнийг дахин гагнах шаардлагатай болж байгаа. Уг цагаан турба нь Ц сууц өмчлөгчдийн холбооны дундын өмч болж үлдсэн. Энэ нь 216.000 төгрөг, 147.000 төгрөгийн үнэ бүхий 2 цагаан хоолой байна. Үүнээс бусад хөрөнгө нь тухайн талбайд огт хийгдээгүй хөрөнгө байна. Т ХХК-аас худалдаж авсан эд зүйлийн үнийг Ц сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэх үндэслэлгүй байна. Нийт оршин суугчдын хөрөнгийг 20 орчим жил хэрэглэчихээд өөрсдийн үйл ажиллагаандаа хийсэн засвар үйлчилгээний мөнгийг одоо Ц сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэх боломжгүй. Нийт оршин суугч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс дундын эд хөрөнгийг хамгаалах, ажилчдыг цалинжуулахад зарцуулагддаг нийт оршин суугч нарын мөнгөнөөс гаргаж өгөх эрх олгогдоогүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т заасныг баримтлан хариуцагч Ц СӨХ-өөс 547.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.022.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц СӨХ-өөс улсын тэмдэгтийн хураамж 22.610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Ха ХХК ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц СӨХ-д холбогдох иргэний хэргийн О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/........... тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: О аймгийн Б сум У баг 2 Д-ийн байрны 182 мкв талбайтай подвал давхарт цахилгаан монтаж, сантехникийн засвар, байрны гадна зогсоолыг тэгшлүүлж , илүү шороог зайлуулж, хайрга асган цементлэн зогсоол хийсэн ба эдгээр гаргасан зардал 25000000 төгрөг болсон. Гэвч баримт нь бүрдсэн зардал болох завсарын материалын зардал болон уг засварыг хийж гүйцэтгэснээс ажлын хөлс болон бусад зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3.022.500 төгрөг хасч шийдвэрлэснийг үндэслэлгүй байна. Тухайн гарсан зардлыг хассан үндэслэл гэрээгээр тохиролцсон ажил гүйцэтгэсэн эсэх тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа шинжээч нар болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар цахилгаан шит хийсэн, халуун хүйтэн усны шугамыг сольсон болох нь тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийж, нотлох баримтуудад зөрүүтэй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 -р зүйлийн 40.1, 40.2-т заалтад нийцээгүй байна. Нэхэмжлэгчийн засвар хийсэн байдлыг хариуцагч талаас няцаасан баримт хэрэгт ирүүлээгүй бөгөөд няцааж буй үндэслэл буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй 3022500 төгрөг хасч шийдвэрлэсэн гэж үзэж байх тул О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/........... тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц СӨХ-д холбогдуулан Засварын зардал 3.570.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т заасныг баримтлан хариуцагч Ц СӨХ-өөс 547.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.022.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Х ХХК О аймгийн Б сумын У багийн 3 дугаар хороолол Д 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхарын 182 м2 талбай бүхий орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байсныг албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарч чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь О аймгийн Б сумын У багийн 3 дугаар хороолол Д 2 дугаар байрны 1 дүгээр блокийн зоорийн давхарын 182 м2 талбайд үйл ажиллагаа явуулахаар хэрэгцээний халуун, хүйтэн усны вентиль, 0.00 түвшин хүртлэх халуун, хүйтэн усны босоо шугамуудыг цайрдсан ган хоолойгоор хэсэгчилж сольсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2.-т зааснаар хариуцагчаас гарсан зардлаа шаардах эрхтэй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж 25 мм хэмжээтэй цагаан трубаны үнэ 216.000 төгрөг, 20 мм хэмжээтэй цагаан трубаны үнэ 147.000 төгрөг, автомат шит 45.000 төгрөг хайрцаг 85.000 төгрөг , 1 фаз автомат 22.500 төгрөг, хар кабель 32.000 төгрөг нийт хариуцагч Ц СӨХ-ноос 547.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.022.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О- нь ...нэхэмжлэлийн шаардлагаас 3.022.500 төгрөг хасч шийдвэрлэсэн үндэслэлгүй ... байна гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч тал нь биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролЦч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б