Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2023/00098

 

Х ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х,

М.Тр нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/......... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х нарт холбогдох,

Зээлийн гэрээний төлбөрт 32.204.194,38 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Х ББСБ ХХК, Б.Х нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №011.................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Гын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д /цахим/, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Х нь гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1259 хоног төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй байна. Иймд үндсэн зээлийн 12.757.989,78 төгрөг, түүний үндсэн хүү 16.370.353,42 төгрөг, торгуулийн хүү 3.075.851,18 төгрөгийн хамт нийт 32.204.194,38 төгрөгийг хариуцагч Б.Хаас гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.Тр Х ББСБ ХХК-тай анх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба төлөх ёстой төлбөрөө бүрэн төлөөгүй. Х ББСБ ХХК болон Х ББСБ ХХК нь тусдаа салаад Х ББСБ ХХК нь зээлийн багцаа Х ББСБ ХХК-д шилжүүлсэн, үүний дараа М.Тр гэх этгээд Б.Хыг дагуулан ирж өөрийн зээлийн үлдэгдлээ шилжүүлсэн. Б.Х нь 14.000.000 төгрөг төлсөн гэх боловч төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, Б.Х нь зээлийг үргэлжлүүлэн төлөхөө илэрхийлээд нотариатаар гэрчлүүлээд зээлийн гэрээний барьцааны зүйл М.Трын эзэмшлийн ....................ОРХ улсын дугаартай Л круйзер-80 маркийн автомашиныг аваад, сэлбэгэнд задалж зараад дууссан нь хариуцагчийн мэдүүлгээр тодорхой болсон. М.Тр нь анх Х ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаа үгүйсгэдэггүй, төлж байснаа ч илэрхийлдэг, төлбөрөө төлсөн гэдэг боловч нотлох баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс Б.Хтай уулзаад төлсөн баримт байвал тооцооноос чинь хасъя гэсэн саналыг тавьсан боловч бидэнд тодорхой баримт гаргаж өгөөгүй. Б.Х 2018 онд гэрээ байгуулахдаа Голомт банкны данс байхгүй, Х банкны харилцагч учраас Х банкаар зээлийн төлбөрөө төлмөөр байна гэсэн саналыг нь хүлээн авч Х ББСБ ХХК-ийн ажилтан Б гэдэг хүний Х банкны данс руу зээлийн төлбөрөө хийдэг байсан. Бгийн Х банкны дансны хуулбар хэрэгт авагдсан ба Б.Хын буюу М.Трын зээлийн төлбөр төлөгдөж байсан. Гэхдээ зээлийн гэрээнд дурдсан хугацаанд төлбөрөө зохих хэмжээнд төлөөгүй учраас зээлийг ашигласаар байгаа гэж үзэж байна. Иймд бид хүү тооцож шаардах эрхтэй. Бид барьцааны зүйлийг тухайн үед Авто тээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт илгээж бүртгүүлсэн. М.Тр нь зээлийн гэрээний харилцаанд оролцоод түүнийгээ Б.Х руу шилжүүлсэн, гэтэл өнөөдөр Б.Х төлбөр төлөхгүй гэж байна. Тус машиныг аваад ашиг шимийг нь хүртчихээд зээлийн гэрээний дагуу хэн үүрэг хүлээх нь тодорхойгүй, тавлаж байгаа юм шиг 800.000 төгрөг төлье гэж байна. Б.Х төлөхгүй бол М.Тр төлбөрөө төл. М.Трын зээлийн гэрээ байгаа, Б.Х М.Тр нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж өөрсдөө нотолсон. ...Талуудын хооронд нэгэнт харилцаа үүссэн учраас эцэслэх шаардлагатай, төлбөрөө төлчихвөл асуудалгүй харилцаа дуусна. 13.500.000 төгрөгийн төлбөрийг Б.Х зөвшөөрч байгаа, ...М.Тр нь гэрээгээ шилжүүлэхдээ 10.000.000 гаруй төгрөгийг бэлнээр эсвэл дансаар өгсөн гэдгээ нотолж чадаагүй. Иймд 32.204.194,38 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Х М.Траас Л-80 загварын автомашиныг 2016 онд байх 13.500.000 төгрөгөөр худалдаж авахдаа түүний Х ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 13.500.000 төгрөгийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцон төлбөрөө төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг Б.Х өөрийнхөө хүсэл зоригоор байгуулаагүй гэж үзэж байгаа учир нь Б.Х бид хоёрыг Х ББСБ-ыг өөр хүн худалдаад авчихсан, тиймээс та нарын зээлийн гэрээг өөрчилсөн гэж хэлээд 15.000.000 төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурахыг шаардсан. Б.Х бид хоёр эхэндээ гарын үсэг зурахгүй гэсэн боловч хүчээр гарын үсэг зурахыг шаардаж айлган дарамталсан, нөхөр Б.Хыг би гарын үсэг битгий зур гэсэн боловч Б.Х айсандаа гарын үсэг зурсан. Би 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Х ББСБ-аас 15.000.000 төгрөг аваагүй тул энэ зээлийн гэрээ маань өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ тул би сөрөг нэхэмжлэл гаргана. Иймд Х ББСБ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Х би 2018 оны 12 сарын 06-ны өдөр Х ББСБ-аас 15.000.000 төгрөгийн зээлийг огт аваагүй бөгөөд надад энэ байгууллагаас шилжүүлэн өгсөн мөнгө төгрөг байхгүй, миний дансаар ямар ч мөнгө орж ирээгүй. Миний хувьд тус шүүхэд хандаж 2016 онд байгуулсан зээлийн гэрээг гаргаж өгөхийг хүссэн ба Х ББСБ-аас ийм зээлийн гэрээ байхгүй талаар хариу тайлбар албан бичиг ирүүлсэн. Тэгэхээр би Х ББСБ-аас 15.000.000 төгрөгийн зээл аваагүй байхад надаас 2018 оны 12 сарын 06-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээл авсан гэж хүчээр зээлийн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулан гэрээ байгуулах хүсэл сонирхол байхгүй, надад мөнгө төгрөг өгөөгүй мөртлөө надаас зээлийн үлдэгдэлд 12.757.989 төгрөг, үндсэн хүүнд 16.370.353 төгрөг, торгуулийн хүү 3.075.851 төгрөг, нийтдээ 32.204.194 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн асуудал болж байна. Х ББСБ бид хоёрын 2018 оны 12 сарын 06-ны өдөр хийсэн гэх 211.................... дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.9-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд тооцогдох тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 011.................... тоот гэрээгээр 15.000.000 төгрөгийг Х ББСБ ХХК нь Б.Хт 3,1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 12,757,989 төгрөг, зээлийн хүү 16.370.353 төгрөг, торгуулийн хүү 3.075.851 төгрөг, нийт 32.204.194 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Торгуулийн хүүг би нэмэгдүүлсэн хүү гэж бодож байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай зээлийн гэрээний дагуу Б.Хт мөнгө шилжүүлээгүй. Хүнд өгөөгүй мөнгөнийхөө төлөө хүнээс мөнгө, хүү, торгуулийн хүү нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Х нь аймхай хүн ба 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. Энэ хүнд зээл олгосноор зээлийн харилцаа үүснэ, түүнээс биш чи урьд нь мөнгө авсан одоо баримжаагаар 15.000.000 төгрөгийн зээлтэй байгаа учраас чи гарын үсэг зур гэж хүчээр гарын үсэг зуруулчхаад хүү гэж үндсэн зээлээс илүү мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Х ББСБ ХХК-аас Х ББСБ ХХК нь шаардах эрхийг шилжүүлж авсан нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргахаасаа өмнө шаардах эрхээ шилжүүлж аваад шаардах эрхийнхээ дагуу 13.500.000 төгрөгөөс төлсөн төлбөрийг тооцоолоод нэхэмжлэх ёстой. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1-т банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно гэж заасан байдаг. Хэрэв Х ББСБ ХХК татан буугдаад Х ББСБ ХХК байгуулагдсан бол шилжүүлсэн гэх зөвшөөрөл байх хэрэгтэй. Иймд шаардах эрх бидэнд байгаа гэж ярих нь буруу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр огт мөнгө аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х ББСБ ХХК-д эрх шилжсэний дараа 14.169.000 төгрөгийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу 900.000 төгрөгөөр 8 удаа буюу 7.200.000 төгрөгийн төлбөр төлсөн. 13.500.000 төгрөгөөс 817.000 төгрөгөөр 2 удаа, 835.000 төгрөгөөр 1 удаа, 3.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа, 500.000 төгрөгөөр 1 удаа, нийт 6.969.000 төгрөг төлсөн. 14.169.000 төгрөгийг Б.Х төлсөн. Б.Х нь М.Траас 13.500.000 төгрөгөөр машиныг нь тооцож аваад зээлийг нь төлөхдөө 14.169.000 төгрөгийг төлсөн. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг төлөхөд үндсэн зээлээс хасахгүй 2.819.000 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 184.746 төгрөгийг суутгасан. Дараа нь 1.000.000 төгрөг төлөхөд 981.109 төгрөгийг зээлийн хүү, 18.891 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд суутгасан, үндсэн зээлээс тодорхой хэмжээнд хасагдах ёстой. Иргэний хуульд зааснаар эхлээд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэсэн дараалал байдаг. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа юу дурдсан тэр хэмжээнд шийдвэрлэдэг болохоос биш олон жилийн өмнөх зээл байна гэсэн байдлаар шийдэхгүй, тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 32.204.194,38 төгрөг гэсэн ба үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Хавтаст хэрэгт 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 13.500.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай зээлийн гэрээ гээд маш олон гэрээ байдаг, аль гэрээ хамааралтай эсэх нь тодорхойгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардлага гаргасан гэж ойлгож байгаа. Х ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 32.204.194,38 төгрөгийг хариуцагч Б.Хаас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.Тр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анх Х ББСБ ХХК-аас 25.000.000 төгрөгийн зээл аваад, 13.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад ....................ОРХ улсын дугаартай Л круйзер-80 маркийн авто машиныг 13.500.000 төгрөгөөр Б.Хт худалдаад, Б.Хыг дагуулж Х ББСБ ХХК-д очоод зээлийн үлдэгдэл мөнгийг Б.Х төлнө гээд зээлийн төлбөрийг Б.Хт шилжүүлж гэрээ байгуулсан, үүнээс хойшхи асуудлыг би сайн мэдэхгүй. 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд би оролцоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/......... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Хаас зээлийн төлбөрт 6,067,758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26.136.436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Трт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Хын Х Б.Х нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №011.................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.970,97 төгрөг, хариуцагч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 112.034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

"Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х, инбаярт холбогдох Зээлийн гэрээний төлбөрт 32, 204, 194.38 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 10-р сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/......... ай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар заалтад Хариуцагч Б.Х нь Х ББСБ ХХК, хариуцагч М.Т нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгууллагдсан 0109110086 дугаартай зээлийн гэрээний төлбөрт зээлийн ажилтан Бгийн дансаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2019 оны 08-р сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 14, 737,419 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний тооцоолол, Б.Хын Х банкны 5096................. тоот дансны хуулгаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Хэрэгт авагдсан баримтаар Б.Х нь 13,500,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу нийт 5, төгрөгийг Х ББСБ ХХК-ийн ажилтны дансанд хийсэн байдаг. Нөгөө талаар хариуцагч Б.Х нь мөнгө төлсөн гэж тайлбарлан хэлэх, ярих боловч ямар дансанд, хэдий хэмжээгээр, хэзээ шилжүүлсэн талаараа нотлож чадаагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрийг төлсөн талаарх баримт байгаа бол зээлийн тооцоололоос хасч тооцох талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт удаа дараа хэлсэн боловч энэ талаар ямар ч баримтыг гаргаж өгөөгүй. Б.Х-ын бодит төлсөн төлбөр нь нийт 11,479,000 төгрөг байхад ямар үндэслэлээр 14,737,419 төгрөг төлсөн гэж үзсэн нь тодорхойгүй байна. Гэтэл анхан шатны шүүх ямар баримтад үндэслэн энэхүү мөнгийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар мөн 9 дүгээр зүйлд төлсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. 2. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7 дугаар зүйлд нэхэмжлэгч хууийн этгээдийг Б.Х зээлээ төлөх гээд ирхэд нь аваагүй, зугатаасан, дансаа байнга өөрчилсөн, зээлийн төлбөрт төлсөн мөнгийг нь буцаан шилжүүлсэн мэтээр Зээлдүүлэгчийг буруутган дүгнэжээ. Зүй нь энэхүү маргаан нь зээлдэгч гэрээнд заасан үүргээ зохих цаг хугацаанд нь үнэнчээр гүйцэтгээгүйгээс болсон байтал нэхэмжлэгч талыг буруутган дүгнэсэн нь ойлгомжгүй, ач холбогдолгүй дүгнэлт болжээ. Хариуцагч нарын зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр байна гэх талаар ямар ч тайлбар гаргаагүй, түүнийг бууруулах талаар хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаараа дүгнэлт хийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болжээ. Зээлдэгч хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар Хүү хэт өндөр тогтоогдсон бол Зээлдэгчийн хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу дүгнэсэн гэж үзэж байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь хариуцагч Б.Х М.Тр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32.204.194.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, Х ББСБ ХХК болон хариуцагч Б.Х нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №011.................... дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Хаас зээлийн төлбөрт 6,067,758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26.136.436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Трт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Хын Х Б.Х нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №011.................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Х ББСБ ХХК нь шаардах эрхээ Х ББСБ ХХК-д шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК зээлдэгчийн эрхийг шилжүүлэн авснаар Х ББСБ ХХК, хариуцагч М.Тр нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 0109110086 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх шилжсэн бөгөөд 13.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хариуцагч Б.Хт шилжиж, хариуцагч М.Трын үүрэг дуусгавар болжээ.

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК, хариуцагч Б.Х нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 011.................... дугаар зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Х ББСБ ХХК нь Б.Хт 15.000.000 төгрөгийг 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл өгөхөөр тохиролцсон боловч 15.000.000 төгрөгийг хариуцагч Б.Хт шилжүүлж өгөөгүй, харин Х ББСБ ХХК, хариуцагч М.Тр нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 0109110086 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр дээр уг гэрээг нөхөж байгуулсан болох нь тогтоогдож байна.

Х ББСБ ХХК болон хариуцагч М.Тр нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 0102060019 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж гэрээний дагуу хариуцагч М.Тр 25.000.000 төгрөгийг 3.1 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж, барьцаанд хариуцагч М.Трын өмчлөлийн Тоёота Л круйзер-80 маркийн ....................ОР.... улсын дугаартай, ногоон өнгийн суудлын автомашиныг барьцаалжээ.

Х ББСБ ХХК болон хариуцагч М.Тр нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 0109110086 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж гэрээний дагуу хариуцагч М.Тр нь 13.500.000 төгрөгийг 3.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, барьцаанд М.Трын өмчлөлийн Тоёота Л круйзер-80 маркийн ....................ОРХ улсын дугаартай, ногоон өнгийн суудлын автомашиныг барьцаалжээ.

Хариуцагч М.Тр нь зээлийн барьцаанд байсан өөрийн өмчлөлийн Тоёота Л круйзер-80 маркийн ....................ОРХ улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Б.Хт 13.500.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, машины үнэнд өөрийн Х ББСБ ХХК-д төлөх зээлийн төлбөр 13.500.000 төгрөгийг хариуцагч Б.Х төлөхөөр тохиролцож, хариуцагч Б.Х нь уг зээлийн төлбөрийг хариуцагч М.Трын өмнөөс үргэлжлүүлэн төлөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь ...банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.,-д зааснаар зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ..., ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэсний дагуу хариуцагч Б.Хаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй болно.

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Х ББСБ ХХК, хариуцагч Б.Х нарын хооронд байгуулагдсан 011.................... дугаар зээлийн гэрээний үүрэг 2020 оны 12 дугаар сарын 15 ны өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагчаас зээлээ төлөхийг шаардаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн тооцооллоор хариуцагч Б.Х нь зээлийн гэрээний үүрэгт 5.958.419 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байхад шүүх үндэслэлгүйгээр 14.737.419 төгрөг төлсөн байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагч нийт 20.805.177 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 5.958.419 төгрөгийг төлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч М.Трт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, Х ББСБ ХХК, Б.Х нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №011.................... дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх хүлээн авах боломжтой болно.

Иймд хариуцагч Б.Хаас зээлийн гэрээний үүрэгт 14.846.758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.357.436. төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288.632 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2023/......... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Хаас зээлийн төлбөрт 6.067.758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 26.136.436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Трт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Хын Х Б.Х нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №011.................... тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т зааснаар хариуцагч Б.Хаас зээлийн төлбөрт 14.846.758 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.357.436 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Трт холбогдуулан гаргасан нэхэмжлэл, Х Б.Х нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №011.................... дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.970 төгрөг, хариуцагч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 112.034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч Х ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.970 төгрөг, хариуцагч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 232.184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгосугай... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288.632 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б