Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 223/МА2021/00017

 

2021 11 04 223/МА2021/00017

 

 

Жуулчин дюти фрий ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2021/00510 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгол-Аэропорт сервис ХХК,

Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн зарласан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 талбайд Монгол-Аэропорт сервис ХХК-ийг түрээслэгчээр сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М.Каспер, орчуулагч Л.Лхагва-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Батжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жуулчин дюти фрий ХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, гадаад худалдаа, татваргүй барааны дэлгүүр ажиллуулах үндсэн үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгийн зах зээлд хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг, үндэсний манлайлагч хувьцаат компани юм. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь татваргүй барааны дэлгүүр бөгөөд Монгол Улсын томоохон хилийн боомт болох Улаанбаатар төмөр замын төв буудал, Буянт-Ухаа нисэх онгоцны буудал, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомт зэрэг татваргүй барааны дэлгүүрийг тогтвортой ажиллуулж ирсэн. Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжид талбай түрээслэгчээс санал авахаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С/С 316 дугаартай талбайд сонгон шалгаруулалт зарлаж, урилгыг Өдрийн сонин-оор дамжуулан зарласан. Уг урилгын дагуу түрээслэгчийн санал авах урилгыг худалдан авч, холбогдох компанийн баримт бичиг, үнийн саналыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-иас гаргасан урилгын 5 дугаар бүлгийн 8 дугаар зүйлд сонгон шалгаруулалтын дүнг 2019 оны 12 дугаар сард оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдээлэхээр заасан боловч сонгон шалгаруулалтын дүнг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулж, 2020 оны 1 дүгээр сард мэдээлнэ гэж урилгад заасан хугацаагаа хойшлуулсан талаарх мэдээллийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр [email protected] хаягаас ирүүлсэн. Тус компани нь сонгон шалгаруулалтын ярилцлагад 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр орсон боловч 3 хоногийн дараа буюу Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр С/С 316 дугаар талбайд сонгон шалгаруулалтад тэнцээгүй талаарх и-мэйлийг ирүүлсэн. Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй ил тод явуулаагүй, түрээслэгч сонгон шалгаруулах үйл явцыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байсан, оролцогч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн нь тодорхойгүй, ер нь оролцогчийг ямар шалгуур, дүрмээр дүгнэх нь тодорхойгүй, мөн сонгон шалгаруулах комисс болон ажлын хэсэггүй шалгаруулалтыг явуулсан. Мөн сонгон шалгаруулалтад ямар үндэслэлээр тэнцээгүй болох, сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалздаг зэрэг нь талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, шударга бус явагдсан гэж үзэж байна. Иймд Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд тус компанийн 51 хувийг Жапан эйрпорт менежмент ХХК, 49 хувийг Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Улмаар Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн газартай 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулсан. Тус концессын гэрээгээр олгосон эрхийн хүрээнд Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын Зорчигч үйлчилгээний байгууламж болох терминал дахь зарим түрээсийн талбайд түрээслэгч сонгон шалгаруулах зорилгоор Түрээсийн санал хүлээн авах урилга-ын дагуу саналыг хүлээн авч, шалгаруулалт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 28 дугаар зүйл, Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам-ын 10, 17 дугаар зүйл болон Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах жишиг баримт бичиг, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг тус тус зөрчсөн байна гэжээ. С/С 316 дугаар бүхий талбайд үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ 8 компани ирүүлсэн бөгөөд нийт ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалуудыг үнэлж үзээд, үйл ажиллагаа, туршлага, борлуулалт, бүтээгдэхүүний төрөл, ажиллах хүч зэргийг үндэслэн сонгон шалгаруулахад Монгол-Аэрпорт сервис ХХК шалгарсан. Одоогийн байдлаар тухайн компанитай түр гэрээ байгуулж, талбайн төлөвлөлт, засварын ажлыг эхлүүлээд байгаа. Сонгон шалгаруулалтын үр дүнд Жуулчин дюти фрий ХХК-ийг шалгаруулаагүй гол үзүүлэлт нь бусад татваргүй барааны дэлгүүртэй харьцуулахад үйл ажиллагаа эрхэлсэн жил бага, барааны сонголт хангалтгүй, борлуулалт, ажиллах хүч муу байсан тул тус компанийг шалгуулахаас татгалзсан. Ингээд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр сонгон шалгаруулалтын үр дүнг оролцсон аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн. Иймд Жуулчин дюти фрий ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ...Концессын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1.2-т Концессын хугацааны туршид нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулах онцгой эрхтэй байна, 14 дүгээр зүйлийн 14.1-т Концесс эзэмшигч нь концессын хугацаанд өөрөө шууд, эсхүл гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах замаар концессын талбай болон концессын зүйлийн арилжааны аливаа боломжийг хууль тогтоомжийн хүрээнд ашиглах онцгой эрхтэй ба үүнд дараах арилжааны боломжууд багтана гээд 14.1.5-д Зорчигч терминалын барилгын концессын бус зүйл болох VIP лаунжийн хэсгээс бусад хэсэгт жижиглэнгийн худалдаа, хоол хүнс болон уух зүйл /үүнд татваргүй бараа хамаарна/ борлуулах эрхийн түрээсийн талаар гэрээ байгуулах гэж заасан. ...Мөн сонгон шалгаруулалтын урилгад Сонгон шалгаруулалтын арга, үр дүн, сонгон шалгаруулалтын үр дүнг нийтэд мэдээлэхгүй бөгөөд үүнтэй холбоотой асуултад хариулахгүй болно гэж дурдсан тул нэхэмжлэгч талаас нээлттэй зарлахыг шаардсан шаардлагыг биелүүлэх боломжгүй. Нөгөө талаар, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын зорчигч терминалын барилга нь манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлгүй тул нэхэмжлэлд дурдсан холбогдох төрийн өмчийн хөрөнгийг түрээслэх дүрэм, журам, сонгон шалгаруулалтын жишиг журмыг бид мөрдөх шаардлагагүй болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгол-Аэропорт сервис ХХК-иас шүүхэд гаргасан шаардлагадаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж буй Жуулчин дюти фрий ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-д холбогдох иргэний хэрэгт тус компани нь гуравдагч этгээдээр оролцох болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т зааснаар дараах бие даасан шаардлага гаргаж байна. Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 дугаар талбайд түрээслэгч сонгон шалгаруулахаар шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтын урилгад оролцох компаниудад тавигдах шаардлагад заасны дагуу тус компани уг сонгон шалгаруулалтад оролцож, улмаар шалгарсан. Ингээд бид Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-тай түрээсийн урьдчилсан гэрээ байгуулж, бидний хооронд эрх, үүрэг үүссэнээр гэрээний дагуу ажиллаж, нийт 330.367.085 төгрөгийг зарцуулсан байна. Нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХХК нь уг сонгон шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, тус компанид давуу байдал бий болгож, шударга бус өрсөлдөөн бий болгож, хариуцагч компанитай хуйвалдсан мэтээр илт худал үндэслэл гаргаж, маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хэргийн материалд авагдсан сонгон шалгаруулалтын урилга буюу түүнд заасан сонгон шалгаруулалтын журам, сонгон шалгаруулсан хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулалтад өрсөлдсөн этгээдүүдийн харьцуулалт зэрэг баримтаар тус компани нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХК-иас ажилласан жилийн туршлага, ажилтнуудын тоо, бусад улсад нийт 15 татваргүй барааны дэлгүүртэй, брендүүдтэй шууд гэрээтэй, тэдгээр брендүүдээс 3 сар тутам ажилчдад сургалт ордог, тээвэрлэлт, барааны менежмент сайн зэрэг давуу талаараа бусад өрсөлдөгч этгээдээс ялгарч сонгон шалгарсан юм. Мөн Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор Монгол Улсын 49 хувь, Япон Улсын 51 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдсан Монгол Улсын хуулийн этгээд. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 568 дугаар тогтоолоор хариуцагч компанийг хувийн эрх зүйн хуулийн этгээд гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл болон Орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өөрийн өмчийг түрээслүүлэх журам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг, мөн газрын Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол зэрэг нь хувийн эрх зүйн хуулийн этгээдэд хамааралгүй буюу сонгон шалгаруулалтад хэрэглэгдэх эрх зүйн баримт бичиг биш. Иймээс хувийн эрх зүйн хуулийн этгээд нь өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд сонгон шалгаруулалтаа шударгаар явуулж, Монгол-Аэрпорт сервис ХХК-ийг сонгон шалгаруулсан тул Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн зарласан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 талбайд Монгол-Аэропорт сервис ХХК-ийг түрээслэгчээр сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөр болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2, 421.10, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХК-ийн хариуцагч Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгол-Аэропорт ХХК-д холбогдуулан гаргасан Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч болон хариуцагчид холбогдуулан гаргасан Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн зарласан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн үйлчилгээний С/С 316 талбайд Монгол-Аэропорт сервис ХХК-ийг түрээслэгчээр сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтын үр дүнг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2021/03974 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгол-Аэропорт сервис ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус тусын 70.200 төгрөг, нийт 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн Шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар *******, ******* нар давж заалдах гомдолдоо: ...Хариуцагч "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-иас 2019 оны 11 сарын 22-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Тахилт толгой гэх газар байрлах Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч, үйлчилгээний байгууламжид бэлэг дурсгал, нийтийн хоол, үйлчилгээ зориулалтаар байр талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж, энэ тухай Өдөр тутмын "Өнөөдөр" сонинд нийтэлсэн байдаг. Тухайн сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарласан тул Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д зааснаар Уралдаант шалгаруулалт явуулсан.

Иргэний хуулийн 421.1."Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүргийг хүлээнэ." гэж заасан.

Уралдаант шалгаруулалт гэдэг нь хамгийн сайн үнэлэгдсэн ажлыг болзолд заасан журмын дагуу шалгаруулж шагнал, эрх олгох ажиллагаа юм. Шалгарсан этгээдэд зарим тохиолдолд шагнал амладаг бол зарим тохиолдолд эрх олгодог бөгөөд "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК"-нь түрээслэгч сонгон шалгаруулах, тухайн талбайд түрээслэгчээр сонгон шалгарах эрх олгохоор шалгаруулалт зарласан. Шалгаруулалт явуулах болзолд заавал дурдах шаардлагатай нөхцөл гэж байдаг бөгөөд эдгээр нөхцлийг болзолд дурдаагүй тохиолдолд шалгаруулалтыг явуулах, дүгнэх боломжгүй болдог. Тухайлбал гүйцэтгэх ажил, түүнийг биелүүлэх нөхцөл, шагналын тоо, хэмжээ, шалгаруулах журам, хугацаа нь уралдаант шалгаруулалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх хэмжээний нөхцөлд хамаарна.

Хариуцагч талаас сонгон шалгаруулалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх гол зүйл болох сонгон шалгаруулах журам байхгүй. Үүнээс шалтгаалж хариуцагч тал өөрийн үзэмжээр тухайн сонгон шалгаруулалтын хугацааг дуртай үедээ өөрчилсөн, оролцогч нарыг хэрхэн үнэлж шалгаруулсан нь тодорхойгүй, түрээслэгч сонгон шалгаруулах талаар комисс томилсон байх боловч уг комисс нь сонгон шалгаруулах ажиллагааг явуулаагүй, сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар шийдвэр гаргаагүй зэрэгтодорхой бус нөхцөл байдлууд нь уг сонгон шалгаруулалтад тэгш боломжоор өрсөлдөх, шудрагаар үнэлүүлэх нэхэмжлэгч талын эрхийг зөрчих нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа юм.

1. Сонгон шалгаруулалтын хугацааны талаар:

"Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч терминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга"-ын 12 дугаар хуудас "Талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргах заавар"-ын 8.3-т Сонгон шалгаруулалтын хариу мэдэгдэх хугацааг 2019.12 сард багтааж шалгаруулах, Нью Улаанбаатар интернэйшнл ХХК-иас 2019 оны 12 сарын 30-ны өдөр ирүүлсэн майлаар "Сонгон шалгаруулалтын баримт бичигт зааснаар бид 2019 оны 12 дугаар сард багтаан сонгон шалгаруулалтын хариуг мэдэгдэх байсан боловч ажлын ачааллаас хамааран 2020 оны 01 дүгээр сард багтаан сонгон шалгалуулалтын хариуг мэдэгдэх болсныг үүгээр мэдэгдэж байна" гэсэн боловч тухайн хугацаанд сонгон шалгаруулаагүй, 2020 оны 02 сарын 19-ний өдөр буюу хугацаа хэтэрч хариуг мэдэгдсэн. Сонгон шалгаруулах хугацаа нь уралдаант шалгаруулалтын гол нөхцөл, болзолд хамаарна. Нэгэнт зарласан уралдаант шалгаруулалтын болзлыг өөрчилж болохгүй бөгөөд болзол өөрчлөх урьдчилсан нөхцөл байх ёстой.

Үүнд: Уралдаант шалгаруулалтыг зарласан байх, өөрчлөх болсон шалтгаан нь уралдаант шалгаруулалт зарласан этгээдийн хүсэл зоригоос үл хамаарсан, зайлшгүй өөрчлөх шаардлагатай зэрэг тохиололд болзлыг өөрчилж болдог.

Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн зүгээс сонгон шалгаруулалт явуулах хугацааг хэтрүүлсэн үндэслэлийг тайлбарлаагүй, хугацаа буюу болзлыг өөрчлөх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй.

Мөн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5-д "уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах бөгөөд ийнхүү зарлаагүй бол уралдаант шалгаруулалтын болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй" гэж зааснаар анх сонгон шалгаруулалтын урилга явуулсан Өдөр тутмын сониноор дамжуулан хугацааг мэдэгдэх үүрэгтэй байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Жуулчин дюти фрий" ХК-ийн төлөөлөгч нар 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр уулзалтад оролцохдоо энэ талаар гомдлоо тухайн үед гаргаагүй байна. Тэгэхээр зарласан хугацаандаа сонгон шалгаруулалтыг явуулаагүй талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд хариуцагч "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-иас хугацаа хойшлогдсон талаарх мэдэгдлээ ирүүлж байжээ." гэх боловч нэхэмжлэгч компанийн зүгээс гомдлыг шүүхэд гаргасан, тухайн үед гомдлоо гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хаах боломжгүй.

Мөн "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-ийн зүгээс сонгон шалгаруулах хугацааг хойшлуулсан майл ирүүлсэн боловч түүнд заасан 2020 оны 01 сард багтаан явуулаагүй юм. Болзол өөрчлөгдсөн нь аль нэг оролцогчид давуу байдал бий болгосон, бусад оролцогч нарын шудрагаар, тэгш өрсөлдөх боломжийг хаасан нөхцөл байдал үүсэхээс хамгаалж "анх зарласан хэлбэрээр нийтэд мэдээлэхийг үүрэг болгосон" хуулийн зохицуулалт байтал сонгон шалгаруулалт явуулах хугацаа буюу болзлыг зөрчиж, хугацаандаа явуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Уралдаант сонгон шалгаруулалтын журам байхгүй талаар:

Уралдаант шалгаруулалт явуулах болзолд заавал дурдах шаардлагатай гол нөхцөл гэж байдаг бөгөөд шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар журам заавал байх ёстой. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журам байхгүй талаар тайлбарласан, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч "Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч теминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга"-ын 12 дугаар хуудас "Талбай түрээсэлж үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргах заавар"-ын 7-д "Сонгон шалгаруулалтын үр дүнг мэдэгдэх" гэсэн хэсгийг журам гэж тайлбарладаг.

Тухайн хүсэлт гаргах зааврын 7-д Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичигт үндэслэн "Түрээсийн талбайн худалдаа, үйлчилгээний чиглэл, зориулалтад нийцсэн байдал болон бизнесийн туршлагын цогц үнэлгээнд тулгуурлаж сонгон шалгаруулна." гэж заасан нь уралдаант сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах журам биш харин оролцогч нарт зориулсан товч мэдээлэл төдий зүйл гэдэг нь тодорхой байгаа юм. Үүнийгжурам гэж ойлгох мөн тайлбарлах боломжгүй юм.

Шүүхээс "Сонгон шалгаруулалтын урилга түүний доторх Талбай түрээслэж үйл ажиллагаа явуулах заавар"-ыг журамтай адилтгаж үзэж шийдвэрийн 7 дугаар талд дүгнэлт хийсэн байгаа атлаа уг урилга, зааварт тусгаагүй зүйлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай явагдсан байх ба 2 компани шалгарч, тэдний төлөөлөгч нартай уулзалт хийж, Монгол Аэрпорт сервис ХХК-ийг тэмдэглэлээр шалгаруулсан байна гэх мэтээр анхнаасаа журамлаагүй, тодорхойгүй байсан үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд зааснаар болзлын гол нөхцөл болох журамгүй байгаа нь тухайн уралдаант шалгаруулалт анхнаасаа хууль зөрчсөн, тухайн уралдаант шалгаруулалтыг явуулах, дүгнэх боломжгүй болгосон. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын уралдаант сонгон шалгаруулалтын журам байхгүй гэх үндэслэлд тайлбар, дүгнэлт гаргаагүй, хариуцагч тал журмыг нотлох баримтаар гаргуулах шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байгаа нь "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК уралдаант сонгон шалгаруулалт явуулахдаа журамгүй явуулж хууль зөрчсөн болох нь харагдаж байх бөгөөд үүнээс үүдэн нэхэмжлэгч талын сонгон шалгаруулалтад шалгарч үйл ажиллагаа явуулах эрх олж авах, улмаар үйл ажиллагаа явуулж орлого ашиг олох эрх зөрчигдөж, талуудын хооронд маргаан гарах нөхцөл бүрдсэн юм.

3. Уралдаант сонгон шалгаруулалтыг тэмдэглэлээр сонгон шалгаруулсан, сонгон шалгаруулалтын комиссын талаар:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... "тэмдэглэл"-ээр шийдвэр гарсан" гэх үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан боловч энэ нь тухайн сонгон шалгаруулалт зарласан компанийн дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй"

"Тэмдэглэл"-д хуралд оролцсон "Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-ийн эрх бүхий этгээдүүд болон С/С316 дугаар талбайг түрээслэгчээр "Монгол аэропорт сервис" ХХК-ийг сонгосон талаар тус тус дурдсан байгаагаас үзэхэд тухайн маргаан бүхий талбай түрээслэгчийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр байна.

Түүнчлэн уралдаант, сонгон шалгаруулалтыг зарласан этгээд нь уг эрхийг хэнд олгохоо өөрөө шийдвэрлэх бөгөөд үүнд заавал шалгаруулах эрх бүхий комисс томилсон байхыг шаардахгүй, шалгаруулалтыг зарласан этгээд өөрөө сонгон шалгаруулсан байна" гэжээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сонгон шалгаруулах комисс, ажлын хэсэг байгуулахгүйгээр явуулсан гэж маргаагүй. Хэргийн 3 дугаар хавтаст "Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 сарын 19-ний өдрийн А/01 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын Зорчигч терминалын барилга дахь зарим түрээсийн талбайд түрээслэгч сонгон шалгаруулахыг Түрээсийн үйлчилгээний хэлтэст даалгасан. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтын дагуу гүйцэтгэх захирал "Като Такэо" өөрийн эрхийг түрээсийн хэлтэст шилжүүлж, сонгон шалгаруулахыг даалгасан байна. Үүний дагуу түрээслэгч сонгон шалгаруулах хэлтэс сонгон шалгаруулалтыг явуулсан.

Гэвч Сонгон шалгаруулсан тэмдэглэлд "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-ийн удирдлагын баг Монгол Аэрпорт сервис ХХК-ийг сонгон шалгаруулсан талаар тэмдэглэл гаргасан байдаг. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 -д эрх олгоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр заасан боловч Като Такэо-гоос удирдлагын багт өгсөн зөвшөөрөл хэрэгт авагдаагүй юм.

Мөн түүнчлэн Тэмдэглэлээс харахад татваргүй барааны дэлгүүрийн сонгон шалгаруулалтын шийдвэр өмнө нь гарсан нь харагдаж байна. Хариуцагч талаас тухайн тэмдэглэлийг шийдвэр гэж маргаж байх боловч түрээслэгч сонгон шалгаруулсан шийдвэр өмнө гарсан, мөн тэмдэглэлээр сонгон шалгаруулсан. Тэмдэглэл гэж аливаа хэрэг явдлыг тэмдэглэн бичсэн, тэмдэглэл хөтөлсөн баримтыг хэлдэг. Сонгон шалгаруулалтын журам байхгүй учраас сонгосон аж ахуйн нэгжийг тэмдэглэлээр шалгаруулсан байна.

4. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, аж ахуйн нэгжүүдийг тэгш өрсөлдөх боломжоор хангаагүй талаар:

Шүүхийн шийдвэрийн 6 дугаар талд....."Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч, үйлчилгээний байгууламжид бэлэг дурсгал, нийтийн хоол үйлчилгээ зориулалтаар байр талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж, энэ тухай өдөр тутмын Өнөөдөр сонинд нийтэлснээс үзэхэд сонгон шалгаруулалтыг тодорхой хэдхэн компаниудын дунд зарлаагүй, нийтэд нээлттэй зарлаж, адил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон компаниуд хоорондоо өрсөлдөх боломжийг олгосон байх тул нэхэмжлэгчийн "сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулаагүй" гэх үндэслэлийгхүлээн авах боломжгүй байна" гэжээ.

Сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй гэж зарласан боловч шалгаруулалтын үйл явц хаалттай, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаандаа шалгаруулаагүй, ямар шалгуураар сонгон шалгаруулалтанд нь тэнцээгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг оролцогч нарт хүргүүлээгүй зэргээр хууль бус шалгаруулсан, үр дүнгийн талаар ил тод мэдээлээгүй юм.

Хавтас хэргийн 107 талд авагдсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 01/56 тоот "... манай компанийн зүгээс түрээслэгч сонгон шалгаруулах, худалдан авалтын ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй явуулах, аж ахуй эрхлэгчийн шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх үндэсний компани, иргэдийг өрсөлдөх тэгш боломжоор ханган, шударга өрсөлдөөний зарчмыг баримталж ажиллахыг зөвлөмжийн НУБИЭ ХХК-д удаа дараа өгч байсан" албан бичгээр, мөн 108 талд авагдсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 01/717 тоот "тус газарт танай компаниас зарласан шинэ нисэх буудлын талбайн түрээслэгч сонгох уралдаант сонгон шалгаруулалттай холбогдох гомдлуудыг сонгон шалгаруулалтанд оролцсон аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн. Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК ийн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний 11.1.2-т Концесс эзэмшигч концессын хугацааны туршид нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг явуулах эрхтэй байна гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зарласан боловч сонгон шалгаруулалтанд оролцогчдод сонгон шалгаруулалтын мэдээллийг өгөөгүй байна.

Иймд танай компани уралдаант сонгон шалгаруулалт зарлахдаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх худалдан авах ажиллагааны зарчмыг баримталж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн албан бичгээр хариуцагч байгууллага шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулахдаа уг сонгон шалгаруулалтыг оролцогчдод ил тод нээлттэй, хариуцлагатай явуулаагүй байна гэдгийг нотолно. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т "өрсөлдөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах", мөн зүйлийн 15.1.12-т "эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх", 22 дугаар зүйлийн 22.1-д "Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шалгалтыг ...аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол ...-оор явуулна" гэж заасан.

Эдгээр хуулийн зохицуулалтыг зөрчсөн бөгөөд сонгон шалгаруулалтыг оролцогчдод ил тод нээлттэй явуулаагүй тул шүүгчийн дээрх сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулсан байна гэх дүгнэлт үндэслэлгүй юм.

5. Оролцогч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр, ямар баримтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй талаар:

Сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуй нэгжүүдийг 1 дүгээр хавтасны 89 дүгээр талд авагдсан баримтад дурдсан шалгуураар үнэлж үнэлгээг гаргасан гэж тайлбарладаг. Тухайн баримтад "Монгол аэропорт сервис" ХХК, "Жуулчин дюти" фрий ХК болон бусад аж ахуй нэгжүүдийг жагсаасан.

"Монгол аэропорт сервис" ХХК-г 22 жилийн үйл ажиллагааны туршлага, Монгол, Лаос, Камбож, Мянмар зэрэг улсуудад 15 татваргүй барааны дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг, Брендүүдтэй шууд гэрээтэй болон лицензтэй... Мөн 2020 онд 11.247.505.000 төгрөг, 2021 онд 17.157.211.000 төгрөгийн нийт борлуулалттай гэж бичсэн.

Жуулчин дюти фрий ХХК-нь 4 жилийн үйл ажиллагааны туршлага, Толгой компани нь Таван богд групп, Брендүүдтэй шууд гэрээгүй... 2020 онд 4.193.713.000 төгрөг, 2021 оны 10.591.752.000 төгрөгийн нийт борлуулалт хийнэ гэжээ.

Жишээлбэл: "Монгол аэропорт сервис" ХХК 2018 онд 522.983.596 төгрөг, 2019 онд 488.344.884 төгрөг, "Жуулчин дюти фрий" ХК 2018 онд 868.852.830 төгрөг, 2019 онд 907.453.374 төгрөгийн борлуулалт /Гаалийн ерөнхий газраас ирсэн баримтаар/ хийснээс харахад дээрх сонгон шалгаруулалтын үнэлгээ нь бодит эсэх эргэлзээтэй байна.

Сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдийн буюу "Монгол аэропорт сервис" ХХК-ийн сонгон шалгаруулалтын үнэлгээ /1 дүгээр хавтас, 89 дүгээр тал/-нд дурдсан зүйлстэй холбогдох баримтыг хавсаргаагүй, дээрх үзүүлэлт нь үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 151/Ш32020/03275 дугаар захирамжаар "Монгол аэропорт сервис" ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцсон бүх материалыг гаргуулахаар захирамжилсан.

Хариуцагч талаас бүх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, өөр баримт байхгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлдэг.

"Монгол аэропорт сервис" ХХК-нь дээрх үнэлгээнд дурдсан 15 татваргүй барааны дэлгүүртэй, дэлхийн брендүүдтэй шууд гэрээтэй зэрэг нь тухайн компани бус "Престиж суплайз инк" ХХК буюу толгой компанийн мэдээллийг оруулсан.

Иймд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх баримтаа гаргаж өгөөгүй нь сонгон шалгаруулалтын үнэлгээнд тусгасан зүйлс бодит бус байна.

6. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бол түүнийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар:

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 151/Ш32020/03275 дугаар захирамжаар хариуцагч "Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-иас "Монгол аэропорт сервис" ХХК-ийн сонгон шалгаруулалтад оролцсон бүх материал гаргуулахаар захирамжилсан боловч хариуцагч талаас захирамжийг биелүүлээгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 'Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаарлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасан татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй, дээрх үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байна. Компанийн нууцтай холбоотой, дотоод асуудал гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

7. Концессын гэрээний талаар:

Монгол улсын Засгын газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар болон Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нарын хооронд байгуулсан "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын менежмент төсөл"-ийг хэрэгжүүлэх концессийн гэрээний 11.5.1-д Концесс эзэмшигч нь Нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх болон Нисэх буудлын бизнес эрхлэх зорилгоор Хууль тогтоомж болон энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдэд нийцүүлэн гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж болно.

Гэрээ байгуулагч нь концесс эзэмшигчийн худалдан авах ажиллагааны шаардлага, стандартыг хангаж байгаа бөгөөд өрсөлдөхүйц үнэ санал болгосон тохиолдолд Концесс эзэмшигч нь холбогдох хууль тогтоомж, гэрээ хэлэлцээрийн дагуу дотоодын хуулийн этгээдүүдтэй тэргүүн ээлжинд гэрээ байгуулахыг эрмэлзэж ажиллана" гэж заасан.

Уралдаант сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүд болох "Монгол аэропорт сервис" ХХК болон "Жуулчин дюти фрий" ХК нь Компаний тухай хууль болон бусад хуулийн дагуу Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд юм. Гэвч "Монгол аэропорт сервис" ХХК-нь гадаадын хөрөнгө оруулалттай, толгой компани нь "Престиж суплайз инк" компани юм.

Харин "Жуулчин дюти фрий" ХК-нь Таван богд группийн охин компани бөгөөд компаний тухай хуулинд зааснаар хувьцаат компани юм. Иймд Монгол улсад бүртгэлтэй дотоодын буюу үндэсний аж ахуйн нэгжийг сонгох боломжтой бөгөөд концессын гэрээгээр үүрэг болгосон байна.

8. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хууль зүйн үндэслэлийн талаар:

Шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд "...Иргэн хуулийн этгээд хэнтэй гэрээ байгуулах, хэнийг сонгож хамтран ажиллахаа өөрөө шийдэх боломжтой гэж, мөн түүнчлэн сонгон шалгаруулалтыгхүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргэх, ямар үр дагаварт хүргэх нь ойлгомжгүй" гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт хүсч шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах эрхийг няцаасан шийдвэр хариуцагч талаас гаргасныг хүчингүй болгосноор дахин сонгон шалгаруулалт явуулах нөхцөл бүрдэнэ. Тус компани хэнтэй гэрээ байгуулах, хэнтэй хамтран ажиллахаа шийдвэрлэхээ өөрөө шийдэх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулах аргыг сонгосон бол энэ сонгон шалгаруулалт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр, МУ-ын хуулийн дагуу явагдах ёстой. Сонгон шалгаруулалтыг дахин явуулснаар маргаж буй үйл баримт засагдаж хариуцагч тал журам гаргаж, үнэлэх аргачлал сонгон шалгаруулах журам нь нээлттэй тодорхой болж улмаар оролцогч талуудаас бүх шалгуурын хувьд илт давуу манай компани шалгарах нөхцөл бүрдэнэ, бид үйл ажиллагаа явуулах эрх олж авах боломжтой болно гэж үзэж шүүхэд шаардлага гаргаж байгаа юм.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг хэлэлцсэн талаар:

Монгол Аэрпорт сервис ХХК-иас хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, ямар эрх нь зөрчигдсөн нь ойлгомжгүй байхад шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчсөн. Мөн түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Батжав шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болохыг тогтоолгох талаар шаардлага гаргаж байхад шүүх хүлээж авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д заасныг зөрчсөн байхаас гадна өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гаргах, нотлох баримт гаргуулах хэргийн оролцогч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1-д заасан эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "компаний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар компаний хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх..." гэж дүгнэсэн бөгөөд тухайн хуулийн этгээд нь компанийн тухай хуулинд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Хариуцагч "Нью улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд заасан "Уралдаант сонгон шалгаруулалт" зарласан бол тухайн хуулинд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулах ёстой. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т "Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, ...гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно" гэж заасан.

Үүнээс болзлын гол нөхцөл болох хугацаандаа явуулаагүй, журам боловсруулаагүй учраас уралдаант шалгаруулалтыг явуулах, дүгнэх боломжгүй болсон.

Мөн сонгон шалгаруулалтыг нээлттэй, аж ахуйн нэгжүүдийгтэгш өрсөлдөх боломжоор хангаагүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хариуцагч тал татгалзлаа нотлоогүй, Оролцогч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр, ямар баримтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй, концессын гэрээгэээ хэрэгжүүлээгүй нь тухайн уралдаант сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл юм.

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2021/00510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтай холбоотой гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Концессын гэрээгээр олгосон эрхийн хүрээнд Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК /UBIA/ нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Тахилт толгой гэх газар байрлах Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч, үйлчилгээний байгууламжийн бэлэг дурсгал, нийтийн хоол, үйлчилгээ зориулалтаар ашиглагдах байр С/С 316 дугаартай талбайд түрээслэгчийг сонгон шалгаруулалтын журмаар сонгон түрээсийн гэрээ байгуулах эрх олгох зорилгоор түрээслэгч сонгон шалгаруулах шалгаруулалтыг 2 үе шаттай явуулжээ.

  1. Түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтын эхний үе шат

Хариуцагч Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХКомпани нь талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж, Монгол улсын өдөр тутмын сонин болох Өдрийн сонин Баасан гаригийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №239 (6340) дугаарт түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай нийтэд зарлан мэдэгдэж, мөн оролцогчдод зориулан гаргасан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хүлээн авах талаар мэдээлсний зэрэгцээ сонгон шалгаруулалтын 2 дахь үе шат Жич: Сонгон шалгаруулалтын 2 дахь үе шат 2020 оны 1 дүгээр сард явагдах болно гэж нийтэд зарлан мэдээлсэн байна.

Үүний дагуу нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХКомпани зарласан урилгыг хүлээн авч сонгон шалгаруулалтын баримт бичиг буюу Улаанбаатар Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын зорчигч терминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга /нэгдүгээр хэсэг/ гэсэн баримт бичигт тусгагдсан нөхцөл, шаардлага, тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтын баримтыг бүрдүүлж, битүүмжлэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг 45 минутад Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХКомпанид хүлээлгэн өгч хүлээн авсан байна. /1-р хх-ийн 19тал/

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж мөн хуулийн 195.4-т Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болгохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХКомпани түрээслэгчийг сонгон шалгаруулалтын журмаар сонгон гэрээ байгуулах эрх олгох саналаа нийтэд зарлан мэдээлж, хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлсэн дуудлагыг нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХКомпани хүлээн авч, баримт бичгийг хүлээлгэн өгснөөр сонгон шалгаруулалтын эхний үе шатанд тэнцжээ.

Ийнхүү сонгон шалгаруулалтын эхний үе шатанд нэхэмжлэгч Жуулчин дюти фрий ХКомпани тэнцсэнээрээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна мөн зүйлийн 9.4.2-д эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэсэн иргэний эрх зүйн хамгаалалт зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх бөгөөд сонирхогч этгээд болон аж ахуйн нэгж байгууллагуудыг сонгон шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангагдсан байна.

2. Түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтын 2 дахь үе шат буюу аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн материалыг үнэлэх үнэлгээний шат

Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХКомпани нь сонгон шалгаруулалтад хүлээлгэн өгсөн компаниудын материалуудыг зохих шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж үзээд шаардлагад нийцсэн гэж үзсэн Монгол-Аэропорт сервис ХХК, Жуулчин дюти фрий ХК зэрэг нийт нэр бүхий 8 компанийн материалыг үнэлжээ.

Ийнхүү оролцогчдын материалд үнэлгээ хийж, харьцуулалт хийхээс өмнө сонгон шалгаруулалтын уулзалтыг зохион байгуулж Монгол-Аэропорт сервис ХХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр, Жуулчин дюти фрий ХК-тай 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр компанийн удирдлагуудтай уулзан санал солилцсоны дараагаар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХКомпаний 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдан хэлэлцэж Монгол-Аэропорт сервис ХХКомпанийг шалгаруулж, Түрээсийн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2, 421.10, Компаний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зохицуулалтай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол-Аэропорт сервис ХХКомпаний боловсруулсан баримт бичигт тусгагдсан саналыг үнэлж, бусад оролцогчдын бэлтгэсэн материалтай харьцуулан Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудлын зорчигч тээврийн терминал, Түрээслэгчдээс санал авах баримт бичигт заагдсан болзол нөхцөл, шаардлагыг хангасан буюу үйл ажиллагаа, туршлага, борлуулалт, бүтээгдэхүүний төрөл, ажиллах хүч, уулзалтад оролцсон байдал зэргийг үндэслэн, тус компанийг Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХКомпаниас уралдаант шалгаруулалтад шалгаруулж, сонгон Түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Мөн Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-иас өөрсдийн боловсруулж сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцогчдод зориулан гаргасан Улаанбаатар Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын зорчигч терминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга /нэгдүгээр хэсэг/ гэсэн баримт бичигт гэрээний хэлбэр, гэрээний нөхцөл, гүйцэтгэх үйл ажиллагааны төрөл, үйлчилгээний талбайн барилгын ажлын зардал, түрээсийн талбайн засал чимэглэл дизайн, үйл ажиллагаа эхлүүлэх үндсэн нөхцөл гэх зэрэг гүйцэтгэх ажил, нөхцөл, шаардлага, уралдаант шалгаруулалтын болзол журмыг тодорхой тусгасан байгаа нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-д заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн Татваргүй барааны дэлгүүр С/С 316 талбай дахь Сонгон шалгаруулалтын үнэлгээ /1-р хх-ийн 89 тал/ гэсэн баримтаас үзвэл сонгон шалгаруулалтын үнэлгээний шатанд өрсөлдсөн нийт 8 компанийн тус бүрд үнэлгээ хийж, энэ талаарх тодорхой мэдээллийг шаардлага хангаж байгаа эсэх талаар тусгаж, илүү үнэлэгдсэн гэх компанийн саналыг цэнхэр өнгөөр тэмдэглэсэн, хангасан 0, хангаагүй х, тодорхой бус - гэж тэмдэглэж компаниудыг хэрхэн үнэлсэн байдлаа тодорхойлон тусгаж тэмдэглэжээ.

Үүнээс үзвэл Монгол-Аэропорт сервис ХХКомпаний санал болгосон материалууд нь Жуулчин дюти фрий ХКомпаниас илүү шаардлагыг хангаж үнэлэгдсэн байх бөгөөд Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, шударга бус явагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХКомпани нь өөрсдийн боловсруулж сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцогчдод хүлээлгэн өгсөн Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудлын зорчигч терминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга-ын баримт бичигт тусгагдсан нөхцөл, шаардлага, журмын дагуу Түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр С/С 316 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хангасан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн гарсан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2021/03974 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл дуусгавар болсон байхад шүүх уг захирамжийг хүчингүй болгосон нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2021/00510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ

Т.ЭНХМАА