| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 162/2020/0167/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 125
Ө.Ц-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 960 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, Ө.Ц-д холбогдох 2005017191474 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын гарын хяналтын прокурор Г.Намжилын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Ө.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Цг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-д 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Ц-ос 1,553,741 төгрөг гаргуулж, хохирогч “Тайгын булаг авто” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын гарын хяналтын прокурор Г.Намжил бичсэн эсэргүүцэлдээ “...магадлалын үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан шаардлага, үндэслэлүүд тодорхой тусгагдсан хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхээр хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлан, гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ өөр гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй.
Хэрэгт “Тайгын булаг авто” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн “2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд харуул Ө.Г нь албан ёсоор чөлөөтэй байсан” гэсэн албан бичиг болон “Тайгын булаг авто” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Г.Дөлгөөний “...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хашаан доторх эд хөрөнгүүдийг шалгаж үзэхэд 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлд байх ёстой 12 ширхэг шинэ дугуйнаас 2 ширхэг нь байсан 10 ширхэг шинэ дугуйг сольж хуучин муу дугуйнууд тавьсан байсан”,
Гэрч Ө.Гын “...2018 оны 04 дүгээр сард манай том эгч Алимаа бурхан болоод Хөвсгөл аймаг руу гачигдлаар явахдаа төрсөн ах Ө.Ц-ыг өөрийн оронд түр ажиллуулсан...захирал Гэрлээгээс зөвшөөрөл авч явсан. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Тайгын булаг” ХХК-иас хүмүүс ирж ...чиргүүлийг хүлээлцэх явцад 12 дугуйнаас 10 ширхэг дугуй солигдож, хуучин муу дугуй тавигдсан байсныг мэдсэн... намайг ажил явдалтай хөдөө явсан хойгуур ах Ө.Ц дугуйнуудыг сольсон байна гэдгийг мэдсэн... Би сүүлд ах Ө.Ц-ос дугуйнуудыг яагаад сольсон талаар асуухад мөнгөний хэрэг гараад байсан учраас солиод тавьчихсан юм гээд байсан дугуйнуудыг хүмүүст зарчихсан гэсэн...”,
Гэрч Я.Гэрэлтогтохын “ ...Ө.Г гэх хүнийг танина. 2015 оны 01 дүгээр сараас “Тайгын булаг авто” ХХК-д харуулаар ажилд орсон. Ө.Г нь өөрийн төрсөн эгч болох Алимаа нас барсан талаар ярьж байсан. Мягмарсүрэн захирал чөлөө өгдөг”,
Яллагдагч Ө.Цн “Би 2018 оны 04 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн дүү болох Ө.Гын ажиллаж байсан “Тайгын булаг авто” ХХК-ний барьцаа хөрөнгө байлгадаг хашаанд түр хугацаанд дүү Ө.Гын гуйснаар 10 хоногийн хугацаанд ажиллаж байхдаа 84-71 ТЧ улсын дугаартай чиргүүлийн 10 ширхэг сайн чанарын дугуйг өөр муу 10 ширхэг дугуйгаар сольж зарж борлуулсан... дүү Ө.Гыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сум руу явснаас хойш 3 хоногийн дараа танихгүй 5 залуу ирээд “ахаа наад чиргүүлийнхээ дугуйг зарах уу” гэхээр нь мөнгөний хэрэг гараад 1 дугуйг нь 150,000 төгрөгөөр бодоод 10 ширхэг дугуйг 1,500,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр өгсөн. Би тэр хүмүүсийг танихгүй тухайн үед надтай ирж уулзсан өөрөөр болж огт харж байгаагүй хүмүүс байсан...” гэх мэдүүлгүүд авагджээ.
Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд, Ө.Ц нь “Тайгын булаг авто” ХХК-ийн зогсоолын харуул ажилтай өөрийн төрсөн дүү Ө.Гыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд чөлөөтэй байх хугацаанд түр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 урд байрлах “Тайгын булаг авто” ХХК-ийн барьцааны эд зүйл хадгалах зориулалттай хашаанд байсан контейнар ачих зориулалттай 84-71 ТЧ улсын дугаартай, 40 тонны даацтай, 12К20 гэсэн хэмжээтэй 12 ширхэг шинэ дугуйтай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, бусдад зарж борлуулан “Тайгын булаг авто” ХХК-д 6,460,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, “Тайгын булаг авто” ХХК-ийн харуул ажилтай Ө.Г нь тухайн цаг хугацаанд албан ёсоор ажлаасаа чөлөө авч, төрсөн ах Ө.Цг өөрийгөө төлөөлүүлэн түр ажиллуулах талаар компанийн удирдлагуудад хүсэл зоригоо илэрхийлснийг компанийн зүгээс татгалзаагүй нь иргэний эрх зүйн харилцааны явцад хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Магадлалд шүүгдэгч Ө.Цг “Тайгын булаг авто” ХХК-д манаачийн эзгүйд түр ажиллуулах болон түүнийг ажиллахыг зөвшөөрсөн тухай бичгийн баримт авагдаагүй гэж дурдсан байх ба Иргэний хуульд зааснаар хэлцлийг заавал бичгээр хийхийг шаардахгүй юм. Ингэснээр шүүгдэгч Ө.Ц нь итгэлцлийн үндсэнд компанийн эд хөрөнгийг бусдад хулгайлагдахаас хамгаалж өөрийн хараа, хяналтад байлгах үүрэг хүлээсэн этгээд буюу компанийн зүгээс эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.Ц тус компанийн өмчийг захиран зарцуулах эрхгүйгээр хариуцан хамгаалж байхдаа чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, бусдад худалдаж, эд хөрөнгийг завшсан нь хулгайлах гэмт хэргийн “нууц, далд арга”-аар үйлдэгддэг шинжээс ялгагдаж байна. Түүнчлэн, шүүгдэгч Ө.Ц нь тус компанийн барьцаалсан тээврийн хэрэгслүүдийг хашаанд байршуулах, зээлээс чөлөөлсөн тээврийн хэрэгслийг зөвшөөрлийн дагуу эзэмшигчид хүлээлгэн өгөх зэрэг ажлуудыг тухайн цаг хугацаанд гүйцэтгэхдээ компанийн эд хөрөнгийг хамгаалах чиг үүрэг бүхий Ө.Гын ажлыг үргэлжлүүлэн хийж байсанд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй. Уг гэмт хэргийг Ө.Ц үйлдсэн болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Ө.Ц нь хэргийг хэрхэн, яаж, ямар зорилгоор үйлдсэнээ тодорхой мэдүүлсэн байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Ө.Ц-д манаачаар ажиллах зөвшөөрөл өгсөн болох нь тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн асуудлаас өөрөөр дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Золзаяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хяналтын журмаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Ө.Ц-д “Тайгын булаг” ХХК-иас байгууллагынхаа эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулсан үйл баримт тогтоогддоггүй буюу өөрийн төрсөн дүүгийн оронд 9 хоног ажиллахдаа тухайн компанийн эд хөрөнгийг хүлээж аваагүй. Харин давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын шатны шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын гарын хяналтын прокурор Г.Намжилын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Ө.Ц-д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Прокуророос Ө.Ц-г “Тайгын булаг авто” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 05-15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 урд байрлах “Тайгын булаг авто” ХХК-ийн барьцааны эд зүйл хадгалах зориулалттай хашаанд байсан контейнар ачих зориулалттай 84-71 ТЧ улсын дугаартай, 40 тонны даацтай, 12 ширхэг шинэ дугуйтай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хуучин дугуйгаар сольж, бусдад зарж борлуулан “Тайгын булаг авто” ХХК-д 6,460,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ.
Ийм байтал анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр болсон байна.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Хэдийгээр “Тайгын булаг авто” ХХК-ийн манаач ажилтай Ө.Г нь ажлаасаа чөлөө авч төрсөн ах Ө.Ц-г өөрийн оронд ажиллуулахаар харилцан тохиролцсон боловч Ө.Ц-г “Тайгын булаг авто” ХХК-д манаачаар түр томилсон тушаалыг “Тайгын булаг авто” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гаргаагүй, албан ёсны гэрээ, хэлцэл байгуулаагүй байна.
Өөрөөл хэлбэл, өөрийн өмч, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулахаар Ө.Ц-г манаачаар ажиллуулахаар сонгох эрх нь “Тайгын булаг авто” ХХК-ийн эрх хэмжээнд хамаарахаас бус түүний дүү Ө.Г эдлэхгүй, хэрэв ийм гэрээ, хэлцэл байгуулсан, тохироонд хүрсэн бол ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй, Ө.Ц-г тус компанийн эд хөрөнгийг хариуцахаар үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхгүй.
Энэ тохиолдолд ашиглан шамшигдуулсан эд хөрөнгө өмнө нь бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль, гэрээгээр шилжсэн байх завших гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй шүүгдэгчийн зан үйлд Эрүүгийн хуулийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, эсэргүүцэл, гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Баянгол дүүргийн прокурорын гарын хяналтын прокурор Г.Намжилын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН