Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/0007

 

“Х к” ХХК-ийн гомдолтой,

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын

гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг

 бүртгэх албаны гаалийн улсын байцаагч

Ж.А-д холбогдох зөрчлийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:              Д.Батбаатар

           Танхимын тэргүүн             Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                               М.Батсуурь

                                                             П.Соёл-Эрдэнэ                                                     

            Илтгэгч шүүгч:                   Г.Банзрагч

            Нарийн бичгийн дарга:    Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0440 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 515 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой зөрчлийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх үндэслэлээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: Гомдол гаргагч “Х к” ХХК-аас Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн  улсын байцаагч Ж.А-д холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0012516 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахгомдлын шаардлага гаргасан;

 2. Хэргийн нөхцөл байдал:                                                     

 2.1. “Х к” ХХК нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016.05.13-ны өдрийн 2016/07 дугаар “иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах” тусгай зөвшөөрөлтэй (6 жилийн хугацаатай), 2021.10.01-ний өдөр тус компани Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох комисст (цаашид Комисс гэх) хандан ОХУ-аас оруулж ирэх бараандаа улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн байна.

2.2. Уг хүсэлтийг Комисс хэлэлцээд 2021.11.02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр тус компанийн нийт 52 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй, харин бусад сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг оруулахыг зөвшөөрсөн дүгнэлтийг гаргасан байх бөгөөд үүнийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.12.01-ний өдрийн А/277 дугаар тушаал гарсан.

2.3. Энэ хооронд буюу 2021.11.03-ны өдөр “Х к” ХХК нь Алтанбулаг боомтоор 52 ширхэг галт зэвсэг болон сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг оруулж ирсэн ба ингэхдээ гаалийн байгууллагад хандан барааг Алтанбулаг хилийн боомтоор дамжуулан Улаанбаатар хот дахь гаалийн баталгаат агуулахад байршуулах, гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлтээ өгсөн байна.

2.4. Хариуцагч 2021.11.23-ны өдөр “Х к” ХХК-д холбогдуулан 2102000437 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2022.01.20-ны өдрийн 0012516 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, уг актыг тус компани эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргажээ.

3. Гомдол гаргагч “Х к” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шаардсан. Үүнд:

3.1. Манай компани тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд галт зэвсэг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох хүсэлтийг холбогдох байгууллагад гаргасан боловч Комисс нь холбогдох журамд заасан хугацаандаа хуралдаж, шийдвэрээ гаргаагүй. Иймд компани гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулах зорилгоор гаалийн байгууллагаас мэргэжлийн туслалцаа хүссэн, тус байгууллагын зөвлөмжийн дагуу бараагаа 2021.11.04-ний өдөр ОХУ-аас Алтанбулаг дахь хилийн боомтоор дамжуулан гаалийн хяналтын дор тээвэрлэн, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд оруулж, түр агуулахын нөхцөлөөр байршуулан, гаалийн баталгаат агуулахын 700 горимд байршуулахаар гаальд мэдүүлсэн.

3.2. Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасны дагуу гаалийн баталгаат бүс нь гаалийн нутаг дэвсгэрт хамаарахгүй. Барааг 700 горим сонгон гаальд мэдүүлж байгаа нь тухайн барааг гаалийн хилээр нэвтрүүлж, гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа үйлдэл биш тул холбогдох хууль, журам зөрчсөн үйлдэлд хамаарахгүй.

3.3. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох” журам болон Галт зэвсгийн тухай хуульд тухайн галт зэвсэг, сум түүнтэй адилтгах хэрэгслийг хилийн чандаас оруулахаас өмнө заавал лиценз авах ёстой гэсэн шаардлагыг нарийвчлан зохицуулаагүй.

3.4. Хариуцагч нь Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу, үзлэг шалгалт хийгээгүй, уг журмын 5.35-д заасныг зөрчиж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь хэт нэг талыг барьсан, процессын журам зөрчсөн.

3.5. Зөрчлийн хэрэг материалтай танилцахад гаалийн улсын байцаагч Ж.А 2022.01.19-ний өдрийн тэмдэглэлдээ манай компанийн барааг буцаан өгсөн мэт хуурамч бичиг баримт үйлдсэн байсан. Мөн шийтгэлийн хуудас дээрээ 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан захиргааны актын хэлбэрийн шаардлагыг зөрчсөн.

3.6. Хариуцагч манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутган шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх журмын хэд дэх зүйл, заалтын ямар шаардлагыг хангаагүй болох талаар тодорхой дурдаагүй. Иймд  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу явуулсан.

4.2. “Х к” ХХК нь Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан 2015.11.04-ний өдрийн А/251, 304 дүгээр тушаалаар батлагдсан журмын 3.1-ийг зөрчсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Галт зэвсгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор оруулж ирэхээс өмнө улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй байсан. Иймд тус компанид Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.

4.3. Шийтгэлийн хуудас дээрээ гомдол гаргах хугацааг 5 хоног гэж бичиж, бичиглэлийн алдаа гаргасан хэдий ч холбогдогчийг гомдол гаргах эрхээр нь хангасан. Иймд гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0440 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9, Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х к” ХХК-ийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А-д холбогдуулан “2022.01.22-ны өдрийн 0012616 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Х к” ХХК Алтанбулаг боомтоор 2021.11.03-ны өдөр галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг оруулж ирэх үед эрх бүхий этгээдийн улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл гараагүй байсан. Тус компани зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2021.10.01-ний өдөр гаргасан боловч Комисс журамд заасан хугацаанд хуралдаж дүгнэлт гаргаагүй, 2021.11.02-ны өдөр гаргасан нь тухайн зөрчлийг гарахад нөлөөлсөн байх боловч энэ нь гаалийн улсын байцаагчийг буруутгах үндэслэл болохгүй.

5.2. Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын хилийг тодорхойлсон тул “улсын хилээр нэвтрүүлээгүй” гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй, харин “хилийн боомтоор орж ирэхээс өмнө улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг авсан байх ёстой” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 

5.3. Шийтгэлийн хуудаст хариуцагч шүүхэд гомдол гаргах хугацааг 5 хоног гэж бичсэн техникийн алдаа нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

5.4. “Х к” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэтгэсэн байх тул  маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзжээ.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 515 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х к” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ж.А-ын гаргасан 2022.1.22-ны өдрийн 0012516 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах зөрүүтэй дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

6.1. “Х к” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2021 онд ан агнах зориулалттай 114 ширхэг, харуул хамгаалалтын зориулалттай 21 ширхэг галт зэвсгийг импортлох хуваарилалт хийгдсэн талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан атлаа маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд буруу дүгнэлт хийн, гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.        

6.2. Гомдол гаргагчаас дээрх зөвшөөрлийн дагуу 2021.11.03-ны өдөр галт зэвсэг оруулахаасаа өмнө 2021.10.01-ний өдөр эрх бүхий этгээдээс зөвшөөрөл хүссэн боловч Комисс журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй, харин 2021.10.08-нд зөвшөөрөл олгох боломжгүй талаар хариу өгсөн. 2022.01.04-ний өдөр дахин хуралдаад 24 ширхэг галт зэвсгийг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон. Энэ хугацаанд гомдол гаргагч 2021.11.04-нд галт зэвсгийг боомтоор нэвтрүүлэн зохих журмын дагуу Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсэд гаалийн баталгаат агуулахын горим сонгуулан буулгасан байна.

6.3. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны 2022.01.19-ний өдрийн тэмдэглэлд битүүмжилсэн 14 нэр төрлийн 58 ширхэг галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг “Х к” ХХК-д буцаан олгосон гэснээс үзэхэд зохих зөвшөөрөл авалгүйгээр галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй гэж гомдол гаргагчийг буруутгах үндэслэлгүй.

6.4. “Х к” ХХК нь бодит байдалд хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй төдийгүй 2021 онд импортлох галт зэвсгийн тоо хэмжээ нь тогтоогдсон, гагцхүү оруулж ирэх галт зэвсэг нь зөвшөөрөгдсөн буюу ан агнуурын, харуул хамгаалалтын зориулалттай эсэхийг Комиссоос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжилтний магадлагааг үндэслэн тогтоох ажиллагаа удаашралтай явагдсан, магадлагаа янз бүрээр гарсан зэрэг нь гомдол гаргагчийг буруутгах үндэслэл болохгүй.

6.5. Импортлох галт зэвсгийн талаарх мэдээллийг эрх бүхий Комисст гаргасан боловч журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй, Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд байрших хугацаанд зохих зөвшөөрөл гарсан байгаагаас үзэхэд гомдол гаргагчийг зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулж буй нь хууль бус.

6.6. Хууль хэрэглээний хувьд энэхүү маргаанд Монгол Улсын хилийн тухай хууль бус, харин Гаалийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй, энэ тохиолдолд гомдол гаргагчийг гаалийн хууль тогтоомжийг зөрчиж, тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж үзэхээргүй байна. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4, 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаас үзэхэд Улаанбаатар хотын Техник импортын гаалийн хяналтын бүсэд гаалийн түр агуулахын хяналтад байгаа галт зэвсгийг гаалийн хяналтад байгаа бараанд тооцогдоно гэжээ.

7. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.7.26-ны өдрийн 515 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна.

7.1. “Х к” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй хэдий ч Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны А/251, 304 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын 3.1-д заасны дагуу галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ зөвшөөрөл авах ёстой бөгөөд гаалийн хууль, тогтоомжид заасны дагуу шаардагдах баримт бичиг, мэдүүлгийн хамт бүрдүүлэх үүрэгтэй. 

7.2. Комиссын 2021.11.02-ны өдрийн 08 дугаартай тэмдэглэлд дурдагдсанаар 52 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй талаар хариу өгөхөөр шийдвэрлэсэн байдаг. Үүнээс харахад тухайн 52 ширхэг галт зэвсгүүд улсын хил нэвтрэхээс өмнө зөвшөөрөл гарах нөхцөл бүрдээгүй байна.

7.3. Тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу галт зэвсгийг тээвэрлэн ирсэн ОХУ-ын тээврийн хэрэгслийг суллаж, барааг чингэлэгт хийж битүүмжлэх ажиллагаа явуулсан, мөн тээврийн хэрэгслийн сул зогсолт, сул зогсолтын өдрийн төлбөр зэргийг харгалзан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдлагаас гаргасан чиглэлийн дагуу 2021.11.09-ний өдөр тэмдэглэл үйлдсэн...

7.4. Хууль хэрэглээний хувьд Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хилийг гаалийн хилд тооцно”, Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д “мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд тус аж ахуйн нэгж нь ОХУ-аас импортолж буй галт зэвсэг, сумыг 700 горимын дагуу бүрдүүлэлт хийсэн.

7.5. “Х к” ХХК нь хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй, 2021 онд импортлох галт зэвсгийн тоо хэмжээ нь тогтоогдсон гэх боловч Хууль зүйн яамнаас нийтэд нээлттэй мэдээлдэггүй, яаманд байгаа гэх шалтгаанаар тус аж ахуйн нэгжээс гаргаж өгөөгүй болно...

7.6. Зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэр гаргахдаа тус компанийг ... тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж үзээгүй, харин галт зэвсэг түүнтэй адилтгах дагалдах хэрэгслийг улсын хил нэвтрүүлэх үеийн журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу 0012516 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.

7.7. Нийт 2 нэр төрлийн 28 ширхэг спорт-сургалтын зориулалтай буунд одоог хүртэл ямар нэгэн лиценз гараагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, “Х к” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

8. Гомдол гаргагч тал шүүх хуралдаанд “гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

9. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

10. Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг үндэслэсэн хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагчийн 2022.01.20-ны өдрийн 0012516 дугаар шийтгэлийн хуудас хууль ёсны байна.

11. Дээрх хуульд заасан “галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журам” гэдэгт Галт зэвсгийн тухай хууль болон уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан 2015.11.04-ний өдрийн А/251, 304 дүгээр тушаалаар батлагдсан “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг ойлгоно.

12. Уг журмын 2-т зааснаар галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй этгээд нь галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэхдээ хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс зохих зөвшөөрөл авах үүрэгтэй. Мөн журмын 3.1-д “Галт зэвсэг, ... -ийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад шаардагдах бичиг баримтын хамт бүрдүүлсэн байна” гэснээс үзвэл тусгай зөвшөөрөлтэй этгээд нь галт зэвсэг, сум...-ыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс эхэлж авсны үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх, холбогдох бүрдүүлэлтийг хийх агуулгатай байна. 

13. Гэтэл гомдол гаргагч “Х к” ХХК нь 2021.11.03-ны өдөр ОХУ-аас спорт-сургалтын зориулалттай 28, ан агнах зориулалттай 24, нийт 52 ширхэг галт зэвсэг болон бусад сум, хэрэгслийг Алтанбулаг хилийн боомтоор оруулж ирэхдээ холбогдох зөвшөөрлийг аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 14. Иймд, “тус хуулийн этгээд нь дээрх журмын 3.1-ийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн” гэсэн хариуцагчийн тайлбар болон энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1, 7.6-д заасан хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

 15. Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг дэх “улсын хил” гэснийг Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж ойлгох ба тухайн тохиолдолд “Х к” ХХК нь галт зэвсгийг Алтанбулаг хилийн боомтоор дамжуулан Монгол Улсад оруулж ирсэн байх тул “улсын хилээр нэвтрүүлээгүй” гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, “тухайн барааг 700 горимоор мэдүүлж гаалийн баталгаат агуулахад байршуулсан тул улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэхгүй” гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй.

16. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох зорилгоор ... барааг гаалийн баталгаат агуулахын горимд байршуулна” гэснээс үзвэл “галт зэвсгийг гаалийн баталгаат агуулахад байлгаж байх хугацаандаа улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг нөхөж авах боломжтой” гэх гомдол гаргагчийн тайлбар мөн үндэслэлгүй.   

17. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

18. Тодруулбал, “... “Х к” ХХК нь бодит байдалд хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй төдийгүй 2021 онд импортлох галт зэвсгийн тоо хэмжээ нь тогтоогдсон, гагцхүү оруулж ирэх галт зэвсэг нь зөвшөөрөгдсөн буюу ан агнуурын, харуул хамгаалалтын зориулалттай эсэхийг Комиссоос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжилтний магадлагааг үндэслэн тогтоох ажиллагаа удаашралтай явагдсан, магадлагаа янз бүрээр гарсан зэрэг нь гомдол гаргагчийг буруутгах үндэслэл болохгүй... Импортлох галт зэвсгийн талаарх мэдээллийг эрх бүхий Комисст гаргасан боловч журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй, Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд байрших хугацаанд зохих зөвшөөрөл гарсан байгаагаас үзэхэд гомдол гаргагчийг зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулж буй нь хууль бус...” гэж Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг буруу тайлбарласан байна.

19. Учир нь, хэдийгээр “Х к” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй, мөн тухайн онд импортлох галт зэвсгийн тоо хэмжээ нь тогтоогдсон хэдий ч дээр дурдсан журамд заасны дагуу (Хянавал хэсгийн 11-13) галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэхээсээ өмнө холбогдох зөвшөөрлийг авах үүрэгтэй байсан, гэтэл эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, тодорхойгүй байхад улсын хилээр нэвтрүүлсэн байх тул зөрчил гаргасан гэж үзнэ. Хожим нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл олгосон, үүний дагуу хариуцагч барааг буцаан өгсөн зэрэг нь холбогдогчийн нэгэнт үйлдсэн зөрчлийг үгүйсгэх болон зөвтгөх үндэслэл болохгүй юм.

20. Түүнчлэн “Х к” ХХК нь 2021 онд ан агнах галт зэвсэг 114 ширхэг, харуул хамгаалалтын галт зэвсэг 21 ширхгийг импортлох хуваарьтай байтал анхнаасаа спорт-сургалтын зориулалттай буу 28 ширхгийг оруулж ирсэн, ийм ч учир эдгээр галт зэвсэгт өнөөдрийг хүртэл зөвшөөрөл олгогдоогүй байгааг дурдах нь зүйтэй.    

21. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч уг маргаанд хэрэглэгдэхгүй Монгол Улсын хилийн тухай хуулийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

22. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 515 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, ...” гэснийг хасаж, “... 22-ны өдрийн 0012616 ...” гэснийг, “... 20-ны өдрийн 0012516 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-ын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Д.МӨНХТУЯА

         ШҮҮГЧИД                                                               М.БАТСУУРЬ

                                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                         Г.БАНЗРАГЧ