Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
Хэргийн индекс | 136/2017/0001/Э |
Дугаар | 14 |
Огноо | 2017-02-08 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 14
М.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Шүүгдэгч М.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Эт холбогдох, эрүүгийн 201610000321 дугаартай, 1 хавтас, 201 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Э -т холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч М.Э нь ялтай байдал дуусаагүй байхдаа согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сайншанд сумын 4 дүгээр баг, 60 гэрийн баруун талын зам дээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад иргэн Б.Чийн жолоодож явсан 51-53 УНР улсын дугаартай, Тоёота Авинсис маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Оын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Эыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 71А дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлсдэн 2 жилийн хорих ялын заримыг болох 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын хувьд ногдох хөрөнгөөс 212000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Чт олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нийт 1 жил 6 сарын хорих ял авсандаа маш их гэмшиж, харамсаж байна. Миний хувьд өөрийн зохих ёсны гэм буруугаа ойлгохгүй, төрийн хуулиа дээдлэхгүйдээ биш хэт өөрийн хөнгөмсөг байдлаасаа болж дахин давтан болгоомжгүй үйлдэлд өртсөндөө харамсаад баршгүй байна. Миний үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Чт 212000 төгрөгийн хохирол учирсныг шүүхийн тогтоол гарсны дараа өгч барагдуулсан бөгөөд тухайн үед би согтуугаар мотоцикл жолоодож явсан нь үнэн боловч миний ар дээр сундалдаж явсан хохирогч О нь өөрийгөө удирдан жолоодох ямар ч чадваргүй, намайг тас тэврээд хоёр тийшээ гуйвж дайваад миний жолоодлогонд нөлөөлсний гадна иргэний нэхэмжлэгч Ч нь ч тодорхой зайнаас биднийг харсан атлаа тойроод гарчих боломжийг хийгээгүй болох буруутай үйл ажиллагааны нөхцөл байдлуудыг анхаарч үзэхийг хүсч байна. Миний хувьд ар гэртээ ам бүл 5-уул, эхнэр 3 нялх хүүхдийн хамт амьдардга бөгөөд амьдралын хувьд маш хүнд, өрхийн ямар нэгэн орлогогүй, эхнэр маань хүүхдүүдэ асарч гэртээ байдаг, эднийгээ тэжээн тэтгэж хоолонд нь залгуулах ганц хүн нь би болох бидний аргагүй байдлыг анхаарч үзнэ үү. Иймд миний хэргийг дахин хянаж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэдийгээр согтуугаар үйлдсэн байдаг боловч Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн сэдэл нь болгоомжгүй хэлбэрээр үүсгэгдсэн, тогтоогдсон байдаг. Уг хэрэт хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байдаг. Анхан шатны шүүхээс Чт 216000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг төлж барагдуулсан. Э ам бүл 5-уулаа, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь нялх. Анхны шийтгэх тогтоол нь 2016.09.22-ны өдөр гарсан байдаг. Э нь 2016.10.01-ний өдөр уг гэмт хэргийг үйлдсэн. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал харагддаг. Эын хувьд 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлээр ял шийтгэгдсэн боловч хуульд зааснаар ялгүй болсон. Хамгийн гол нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад гэмт хэрэг үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3-6 сарын баривчлах ялтай байдаг тул баривчлах ялыг оногдуулж ялыг хөнгөрүүлэх боломжтой гэв.
Прокурор Ө.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Э нь ялтай байдал дуусаагүй байхдаа согтуугаар зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Оын биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Э нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж өөдөөсөө ирж яваа иргэн Чийн автомашиныг мөргөсний улмаас мотоцикльд сундалж явсан С.Оын биед хүндэвтэр, иргэн Чийн автомашинд 212.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан тул Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагыг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч С.О, иргэний нэхэмжлэгч Б.Ч, гэрч Д.Ууганзул нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт олж авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллүүд байна.
Шүүгдэгч М.Э хулгайн гэмт хэргийн улмаас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлж, түүнд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба шүүгдэгч нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь 71/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ялтай эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна. Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар шүүгдэгчийн ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.
Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны зөрчил гаргасан этгээдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 336, 340 дүгээр зүйлүүдэд зааснаар прокурорын хүсэлтээр шүүх хорих ялыг тэнсэж хянан харгалзсаныг хүчингүй болгож, шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг бүгдийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэдэг журамтай.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байхад 2016 оны 09 дүгээр сарын 22-ны 71/А тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг авч, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 22-нд шийтгүүлсэн ял шийтгэлдээ дүгнэлт хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж байгаа тул шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан баривчлах ялыг сонгон хэрэглэхийг хүссэн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
А.САЙНТӨГС