Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 214/МА2023/00024

 

Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2023/00418 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Магсарт холбогдох

“Талийгаач М.Хадбаатарын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Намсрайг тогтоолгож, хадам аав М.Магсарын эзэмшлээс талийгаачийн төрсөн хүү Х.Намсрайд ногдох эд хөрөнгө болох 202 840 000 төгрөгийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ...дундаа хамтран өмчлөх эд хөрөнгүүд болохыг тогтоолгох, нас барсан хүү М.Хадбаатарын хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох бие даасан шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, С.Ванчиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Даваасүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунбат /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Миний хүү Хадбаатар овогтой Намсрай нь 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Магсарын Хадбаатарын ууган хүү болж төрсөн. Миний бие талийгаач М.Хадбаатартай 2006 онд танилцаж гэр бүл болж дундаасаа ганц хүүтэй. Бид гэрлэлтийн баталгаа хийлгээгүй ч олон жил хамтран амьдарсан. Нөхөр бидний дундах хамтын амьдралд амьдралын сайн муу олон зүйлээс болж маргаан гардаг байсан ч жаргалтай өдрүүд ч олон байсаар энэ амьдралыг туулж, ёс бусаар насан өөд болсон. Талийгаач нөхөр минь хүүдээ өөрийн аминаас ч илүү хайртай байсан төдийгүй, хадмуудтайгаа нэгэн гэр бүл болж олон жил хамт амьдарсан. Гэтэл үхсэн хүн үг хэлэх биш гэдгээр нөхрийг минь нас барсны дараа хадам аав М.Магсар, түүний хүүхдүүд нь хуурамч бичиг баримт үйлдэж нөхөр бид хоёрыг хүүхэдгүй байсан, намайг бараг мэдэхгүй, хүү минь ганц ч хүүхэдгүй аав ээжийнхээ хамтаар амьдарч байсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Булган аймгийн нотариатч П.Золжаргалаар “өвлөх эрхийн гэрчилгээ” хийлгэж талийгаачийн нэр дээрх эд хөрөнгийг зарж борлуулсан, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг.

Манай нөхөр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэнэтийн золгүй байдлаар нас барсан. Нөхөр М.Хадбаатар нь амьд сэрүүн байх хугацаандаа хүүдээ маш их хайртай байснаас гадна түүнд бүхий л зүйлээ зориулдаг байсан. Миний хүү аавынхаа өвөө, эмээ, төрөл садангийнд нь зочлон очиж нэг гэр бүл шиг л байдаг байсан.

... Миний хүү Х.Намсрай нь өөрийн талийгаач эцэг М.Хадбаатарын хууль ёсны өвлөгч бөгөөд тэрээр амьд сэрүүн байхдаа хүүдээ зориулж байр, машин авсан гэж ярьж байсан. Гэтэл нөхрийг минь нас барсны дараа хүү бид хоёрт ингэж хандаж байгаад гайхшраад барахгүй ба туйлын гомдолтой байна. Уг нь манай хадмууд мал ахуй ихтэй, хөрөнгө чинээ элбэгтэй хүн чанартай л хүмүүс, гэтэл төрсөн хүүгийнхээ ганц хүүг үгүйсгэн хөрөнгө мөнгөнд шунаж байгаад туйлын гомдолтой байна.

...Хүүгээ хамтдаа өсгөж өндийлгөж байхад хадмын гэр бүл миний хүүг түүний хүүхэд мөн биш гэж маргаж гэр бүлийн дундуур хүртэл оролцдог байсан. Бид ийм шалтгааны улмаас Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхээр орж хүү Х.Намсрайг М.Хадбаатарын төрсөн хуү мөн болохыг хүртэл тогтоолгож нотолгоо болгон хадмууддаа үзүүлж байсан. Түүнээс гадна намайг хүртэл салж сарнидаг, эхнэр нь биш, хамт амьдарч байгаагүй ирээд л явсан хүн мэтээр хадмын гэр бүл үзэж бидний амьдралд хөндлөнгөөс маш их ордог байсан. М.Хадбаатартай хамтран амьдарч байсан нь үнэн гэдгийг ч мөн шүүхээр тогтоолгож байсан.

Мөн 2023.02.10-ны өдөр талийгаач нөхөр М.Хадбаатарыг хууль ёсны өв нээгдэх хугацаа болсон тул Булган аймаг дахь нотариатч дээр очиж өв нээлгэх хүсэлт гаргасан боловч хадам аав М.Магсар нь ирээгүй тул нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй, шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Түүнчлэн талийгаач нөхрийн бүх л эд хөрөнгө хадам аав М.Магсарын эзэмшилд байдаг. Миний бие талийгаач нөхрийн нэр дээр байдаг эд хөрөнгийн лавлагааг гаргуулан авахаар Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв, Булган сумын Засаг даргын тамгын газар, Орхон сумын Засаг даргын тамгын газарт хандсан боловч надад бичиг хийж өгөхгүй, та шүүхээр хүсэлтээ гаргавал лавлагаа өгнө гэж тайлбарлаж хүсэлтийг буцааж байна.

Миний мэдэж байгаагаар талийгаач нөхөр М.Хадбаатарын нэр дээр түүний эзэмшилд дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Үүнд:

-БУА 62-48 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, арлын дугаар 03338188 дугаартай, Тоуаto Hiluх маркийн тээврийн хэрэгсэл, 50,000,000 төгрөгөөр анх авч байсан,

-Адуу 72, үхэр 138, хонь 900, ямаа 200 нийт 1310 тооны мал, Нийт үнийн дүн 428,520,000 төгрөг,

-Бонго Жи-3 маркийн 2028 улсын дугаартай тээврийн хэрэгсэл. Бонго машиныг 30,000,000 төгрөгөөр үнэлж байна.

-Орхон аймаг, Баян-Өндөр сум 4-8 тоот байранд 2 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгөтэй байдаг. Үнэлгээг 100,000,000 төгрөгөөр үнэлж байна.

Нийт хөрөнгийн үнэлгээ 608,520,000 төгрөгөөр үнэлэх боломжтой байна.

Миний бие дээрх эд хөрөнгийг дараах байдлаар үнэлж дүнг гаргаж байна.

Адуу 72 ширхэг: Бүдүүн адуу 46 ширхэг х 1,600,000 нийт 70,000,000

-Шүдлэн хязаалан 10 ш х 800,000 нийт 8,000,000

-Сарваанууд 16ш х 600,000 нийт 9,600,000

Нийт 87,600,000

Үхэр 138 ширхэг: Бүдүүн үхэр 50ш эм х 1,500,000 нийт 75,000,000

-Бүдүүн үхэр 50ш эр х 1,500,000 нийт 15,000,000

-Шүдлэн үхэр 25ш эр х 1,200,000 нийт 30,000,000

-Бяруу 20ш эр х 700,000 нийт 14,000,000

-Бяруу 13ш эм х 700,000 нийт 9,100,000

Нийт 143,100,000

Хонь 900 ширхэг: Бүдүүн хонь эм 350ш х 200,000 нийт 70,000,000

-Бүдүүн хонь эр 96ш х 200,000 нийт 19,200,000

-Шүдлэн эм, эр 200ш х 180,000 нийт 36,000,000

-Төлөг эм 150ш х 200,000 нийт 20,000,000

-Төлөг эр 100ш х 150,000 нийт 15,000,000

Нийт 162,700,000

Ямаа 200 ширхэг: Бүдүүн эр ямаа 100ш х 200,000 нийт 20,000,000

-Бүдүүн эм ямаа 9ш х 180,000 нийт 16,200,000

-Ямаа 10ш х 150,000 нийт 1,500.000

-Ямаа 40ш х 150,000 нийт 6,000,000

-Ямаа 40ш х 150,000 нийт 6,000,000

Нийт 35,120.000 төгрөг,

Малын нийт дүн 428,520,000 төгрөг болно.

Миний хувьд талийгаач нөхрийнхөө нэр дээр бүртгэлтэй дээрх эд хөрөнгийг мэдэж байна. Амьд сэрүүн байхдаа хүүдээ хадгаламж нээсэн ирээдүйд нь зориулж хадгалж байгаа гэж хэлдэг байсан ба хэдийн хэмжээний зүйлийг өөрийн болон хүүгийнхээ нэр дээр хадгалсныг мэдэхгүй байна.

Би дээрх эд хөрөнгөөс өөрийн хүүдээ хамаарах хэсгийг өв залгамжлах эрхтэй гэж бодож байна. Нас барснаас нь хойш нөхрийн эд хөрөнгийг худалдаж борлуулсан бусдад шилжүүлсэн зүйл их байгаа. Талийгаач нөхрийн минь эцэг эхэд нь хуваарилагдах хөрөнгийг нь хасаад хүү Х.Намсрайд ногдох хэсгийг 202,840,000 төгрөг гэж үнэлж байна. Уг хөрөнгийг талийгаач нөхрийн аав М.Магсар, хадам ээж Ж.Даваасүрэн, хүү Х.Намсрай нийт 3 хүнд ногдох нэг хүний хувь нь 202.840.000 төгрөг болж байна. Үүнээс хүү Х.Намсрайд ногдох хэсэгт хамаарах үнийн дүнд дүйцэх эд хөрөнгийг хадам аав М.Магсарын эзэмшлээс гаргуулан авахыг хүсэж байна.

Миний нэхэмжлэлийг хүлээн авч талийгаач нөхөр М.Хадбаатарын хууль ёсны өвлөгчөөр түүний төрсөн хүү Х.Намсрайг тогтоож, хадам аав М.Магсарын эзэмшлээс өв залгамжлагдах нийт 608,520,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөөс хүү Х.Намсрайд ногдох 202,840,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч М.Магсарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ариунаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Лхагвасүрэн нэхэмжлэлдээ миний хүүтэй олон жил хамт амьдарсан, тэдний амьдралд эхнэр бид хоёр маш их оролцдог гэх утгатай зүйл бичиж өндөр настай бид хоёрыг хүн чанаргүй эдийн шуналтай хүмүүс мэтээр бичжээ. Миний талийгаач хүү Хадбаатар өрх тусгаарлаж гэр бүл зохиогоогүй, 43 наслахдаа аав ээжтэйгээ нэг ам бүлд амьдарч байгаад цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзсэн.

Лхагвасүрэн нь шүүхэд хандан бичээд байгаа, шүүхээр тогтоолгосон шиг миний хүүтэй 10 жил хамт амьдрах байтугай албан ёсоор нэг гэрт хамт орж амьдраагүй. 2005-2006 оны үед Лхагвасүрэн нь нөхөр Мөнхбат 2 хүүхдийнхээ хамт Зүүнтүрүүнд нүүж ирэн манайхтай ойролцоо амьдрах болсноор түүнийг анх харж байсан. 2008 онд хүү маань Лхагвасүрэнг хүүхэд төрүүлсэн түүнийгээ миний хүүхэд гээд надаар овоглож төрсний гэрчилгээ авсан байна, миний хүүхэд мөн эсэхэд нь эргэлзэж байна нөхөр 2 хүүхэдтэй хүн шүү дээ гэж байсан. Түүнээс хойш Лхагвасүрэнг хүүхдээр түрүү барьж олон юм нэхэх нь хэрээс хэтэрлээ, өгсөөр байгаад бүүр дийлэхээ болилоо шинжилгээгээр эцэг нь мөн гэж тогтоогдвол нэхээд байгаа юмыг нь өгөөд сэтгэл амаръя намайг тайван байлгахгүй байна гэдэг байсан. Тэгээд нэг хэсэг тайван байснаа тиймхэн мөнгөөр хүүхдээ хуурчихаад өнгөрнө гэж санаж байна уу үгүй шүү гээд байнга дарамталдаг байсан ба хүү маань мал ахуй борлуулсан мөнгө төгрөгөөсөө өгөх, хувцас хунар хүүдээ авч өглөө гэдэг байсан. Түүнээс амьд сэрүүндээ хүүгээ авч ирээд ач хүү нь гэж бидэнтэй уулзуулж золгуулж байсан удаагүй харин 2022 оны зун хэд хонуулсан цаад зорилго нь энэ байжээ.

Лхагвасүрэн нь гэр бүл үр хүүхэдтэй байж илүү санаархаж өөрөөсөө дүү залуутай гэр бүлээс гадуур харьцаа үүсгэснээс энэ бүх хэрэг явдал өнөөдөр үүсч гарсан, миний хүүгийн сэтгэл санааг урвуулан өөртөө татаж хүүхэдтэй болчхоод хамт амьдрахгүй болохоор нь хүүхдээрээ түрий барьж элдэв хоёроор хэлж дарамтлах, эцэг эх биднийг давхар доромжилж сэтгэл санаагаар унагах, мөнгө төгрөг нэхэх асуудал амьд сэрүүн үед нь их гарч байсан. Миний хүүг заримдаа архи балгадаг болоход энэ хүний дээрх байдал нөлөөлөөд зогсохгүй амь насаа золгүй байдлаар алдсан нь Лхагвасүрэн гэгч хүүхэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Учир нь хэн нэгэн эмэгтэй хүнтэй танилцаад ойртож дотносох гэхээр нь хаа байгаа газар нь олж очоод наад хүн чинь хүүхэдтэй хүүхдээ тоохгүй байгаа хүн чамайг тоохгүй ашиглаад хаяна, чи миний хүүгийн хөрөнгийг идэж гудрах нь уу тэгж ярихгүй шүү гээд үсдэж ноцолддог, хэрүүл маргаан хийдэг байдал олон сонсогдож байсан. Одоо би хүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй байсан эд хөрөнгийн талаар дараах зүйлийг тайлбарлаж байна.

а. Малын талаар: Магсар миний бие өмч хувьчлалаар олгогдсон цөөн тооны мал дээрээ эхнэрийн төрсөн ах Вандангаас өвлөгдөж ирсэн малыг 1993 оноос өнөөг хүртэл маллаж түүнийхээ ашиг шимээр өөрсдийн болон үр хүүхдүүдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлж ирсэн. 2008 он гэхэд малын тоо овоо өссөн боловч 1000 мал тоолуулахад бас болоогүй байсан тул 3 том хүүхдээсээ мөнгөний туслалцаа авч 1000 мал тоолуулж байсан. Мянга хүргэсэн энэ малаа 15 жилийн турш тоонд нь бариулж, төлөөр нь нөхөж малаа эргэлтэд оруулснаар түүний нэр дээрх хөрөнгө бий болсон.

Энэ малаа би 2018 он хүртэл өөрийн нэр дээр тоолуулж явсан. 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор эхнэр бид 2 ярилцаад өндөр настай болсон тул малаа хүүгийнхээ нэр дээр шилжүүлэн тоолуулсан. Учир нь эхнэр бид 2 гадагш гарч ажил төрөл хөөцөлдөж чадахгүй болж хүү маань бүх ажлаа амжуулдаг болохоор түүнийг банкнаас зээл авах, аж ахуйгаа эрхлэхэд нь хөнгөвчлөх зорилгоор ийм алхам хийж байсан.

Иймд энэ бүх мал хөрөнгө бол манай гэр бүл буюу эхнэр бид хаёр 6 хүүхэд нийт 8 хүний дундын өмч юм. Манай хүүхдүүд бүгд тусдаа гарсан ч бие биеэ дэмжин амьдардаг. Айл бүр дээр /тавиул мал/ мал тоолдоггүй тул бид үр хүүхдүүдийнхээ хуваарьт малыг өөрсөд дээрээ тоолуулж тэдний хэрэгцээ шаардлагыг хангасаар ирсэн. Өөрөөр хэлбэл тэдний махны хэрэгцээг хангаад орон байр, хашаа байшин амьжиргаанд нь зориулж шаардлагатай үед нь мал зарж тусалж дэмжиж байсан. Тэд ч бас манайхыг байр, машин авахад дор дороо мөнгө нэмж тусалж байсан.

Миний хүүхдүүд мал сүргээ өсгөхөд мөнгө төгрөг, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хувь нэмрээ оруулж яваа хүмүүс. Гэтэл Лхагвасүрэн гэгч энэ эмэгтэй манайд нэг удаа ирж бидний малыг маллалцаж бэлчээрт байгаа малын толгой эргүүлээгүй байж яаж малыг 3 хувааж авна гэж хэлж чадаж байна. Мал маллахад асар их хөдөлмөр хөлс хүч, ажиллагаа асаргаа хөрөнгө мөнгө шаардагдана. Малчин хүн малаа эзэнгүй 7 хоног орхиход л тэр мал үгүй болно.

Эхнэр бид хоёр 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүүгээ нас барснаас хойш сэтгэл санаагаар их унаж эмгэнэн гашуудаж эрүүл мэнд эрс дордон хөгшин маань зүрхний хагалгаанд орж, өвдөгний үе солиулснаас хүний асаргаанд орсон, миний бие өндөр настай эрүүл мэнд сайнгүй тул малд явж чадахаа больж малаа 3-5 хүнийг цалинжуулан маллуулах болсон. Малчин ажиллуулахын тулд цалин хөлс, хоол хүнс тамхи орон байраар хангах ар гэрт нь дэмжлэг туслалцаа үзүүлэх гээд маш их асуудал гардаг түүнийг хэрхэн зохицуулдгийг Лхагвасүрэн мэдэхгүй олон мал байгаа тэрнээс нь авна гэж боддог.

Ийм учраас малынхаа гуравны нэгийг Намсрайд өвлүүлэх боломжгүй юм. Мал тооллогын 2017, 2018 оны баримтыг хавсаргав.

б.Тээврийн хэрэгслийн тухайд: Лхагвасүрэнгийн яриад байгаа Бонго Жи-3 авто машиныг 2017 онд манай гэр бүл малынхаа ашиг орлогоор /мал зарж/ 16,000,000 төгрөгөөр авч байсан. 2022 оны өвөл эвдрээд 2023 онд мотор солиулсан хөдөө газар ойр зуур мод усанд явах төдийд хэрэглэгддэг. Энэ машиныг худалдан авсан эх үүсвэр нь миний нэр дээрх малыг зарж олсон орлогоор авсан.

Toyato Hilux 62-48 БУА авто машиныг 40,000,000 сая төгрөгөөр авч байсан. 2022-2023 оны элэгдлийг хасаад зах зээлийн үнэлгээ 30,0 сая төгрөг.

в.Орон сууцны тухайд: Лхагвасүрэнгийн нэрлээд байгаа энэ байрыг 2015 онд авахад миний хүү Хадбаатарт өөрийнх нь нэр дээр өмчлөгдсөн эд хөрөнгө байгаагүй, мал зарахаас өөр орлогогүй байсан. Байрыг анх худалдаж авахдаа миний 2 охин болох Орхон аймагт амьдардаг Амаржаргалаас 10,000,000 сая төгрөг бэлнээр, Улаанбаатарт амьдардаг Бүрэнжаргалаас дансаар 7,000,000 төгрөг авч үлдсэн мөнгийг малаа борлуулсан орлогоор авсан. Тухайн үед ийм нөхцөл байдал үүснэ чинээ бодоогүй тул хүү маань аав ээжээ амар тайван амьдруулахаар байр судалж олоод худалдаа наймаа хийсэн болохоор өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан. Хүү минь амьд сэрүүн байхдаа аав ээж 2 минь насаараа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө хөлсөөр дулаан байранд хэнээс ч хараат бус амьдрах боллоо гэж баярлаж ярьдаг байсан. Өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан болохоос зарцуулсан мөнгө нь үр хүүхдүүд минь нийлж гаргаж биднийг тавтай байлгах гэж бэлдэж өгсөн хөрөнгө юм. Бид хоёрын олон жилийн хөдөлмөрийн үр шимээрээ авсан ганц байгаа 2 өрөө байрыг минь амьд байх хугацаанд минь хэн нэгэн хүнд битгий өвлүүлэн өгөөч гэж хүсмээр байна.

Эхнэр бид 2 ярилцаад Намсрайд 15,000,000 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө өвлүүлэх боломжтой гэж үзлээ. Үүний 8,000,000 саяыг нь Намсрайн нэр дээр хугацаатай /18 нас хүртэл/ хадгаламж нээж хийх, үлдэх 7,000,000 төгрөгт нь Лхагвасүрэнгийн үнэлгээгээр мал өгч болох ба малыг шүүхийн шийдвэр гарсны дараа хэзээ ч авч болно. Намсрай нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг тул сургууль төгстлөө ойр зуурын хэрэглээгээ хангаад байх боломжтой. Бусад хариуцлагыг төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа эх нь хүлээх ёстой.

Ингэж болзол тавьж байгаагийн учир нь Лхагвасүрэн нь нэхэмжлэлдээ олон зүйлийг худлаа бичсэн хамт амьдраагүй байж бараг нас бартал нь хамт байсан мэт хүүхдээ мөн бишид эцэг нь эргэлзэж байсан тул шинжилгээ хийлгэсэн байхад бид хоёрт үзүүлэх гэж хийлгэсэн мэт, нас барсны нь дараа хамтын амьдралтай байсан гэж худлаа шийдвэр гаргуулснаа талийгаач бид 2 ярилцаж байгаад гаргуулсан гэж баримттай нотолгоотой зүйл дээр байхгүй худлаа ярьж буй тул олгогдох хөрөнгийг хүүдээ өгөлгүй яаж ч үрж мэдэх хүн юм. Лхагвасүрэн хүүхдээ тэжээх ёстой гэдэг шалтгаанаар мөнгө төгрөг нэхэж авч байснаас бус хүүхдээ эцэгтэй нь уулзуулж элгийг дэвтээх, түүнтэй ойр дотно байлгаж эцэг үрийн холбоогүй байлгаснаас хүү нь аавын талын ахан дүүсээ гэх сэтгэлгүй зөвхөн эд хөрөнгө авах сонирхолтой өссөн байна. Ямар зорилгоор хамтын амьдралтай байсан гэж тогтоолгосныг нь мэдэхгүй ч бид хамт амьдарч байгаагүйг нь нотлох болно. Шүүхээр ийм шийдвэр гаргуулчхаад энд тэнд очин талийгаачтай холбоотой зүйлээр лавлагаа авах, өгөхгүй гэхээр нь шүүхийн шийдвэр харуулж дарамталж байгаад авсан байсан. Мөн улсын бүртгэлийн ажилтнаас Лхагвасүрэн нь миний хүүгийн эхнэр гэсэн худал лавлагаа хүртэл гаргуулж авчээ.

Ийм хууль бус үйлдлүүд хийж эхнэр бид хоёрын насаараа хөдөлмөрлөж олсон хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгосон эд хөрөнгөнд маань хүүхдийнхээ нэрээр халхавчлан эзэн суух гэж байгаа энэ үйлдлийг шалган тунгааж, бодит байдлыг тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Даваасүрэн шүүхэд гаргасан шаардлагадаа: “Миний бие Ж.Даваасүрэн нь гэр бүл болж, 6 хүүхэд төрүүлсэн. Том охин М.Уранчимэг, М.Ариунаа, М.Амаржаргал, М.Цолмон, М.Бүрэнжаргал нар 5 хүүхэд нь тус тусдаа гарсан. Хүү М.Хадбаатар нь 2022 оны 02 сарын 10-ны өдөр нас барсан ба бусадтай гэр бүл болж, тусдаа гараагүй бидэнтэй хамт амьдарч байсан билээ. Нөхөр бид хоёр өндөр настай болсон тул өөрсдийн гэсэн орон сууцтай болох гээд орон сууц худалдан авахаар шийдэж байсан ба тухайн орон сууцыг худалдан авахдаа өөрийн охин М.Амаржаргалаас 10,000,000 төгрөг, охин М.Бүрэнжаргалаас 7,000,000 төгрөг авч, мөн малаа зарж худалдан авсан. Тухайн орон сууцыг авахдаа өөрийн хамт амьдарч байсан хүү М.Хадбаатарыг бичиг баримт хөөцөлдөх, гарын үсэг зурах, орон сууцны сар бүрийн гэрэл цахилгаан дулаан хэд гарч байгааг мэдэж төлөхөд туслуулах зорилгоор түүний нэр дээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-8-51 тоот орон сууцыг авсан.

Миний нас барсан хүү М.Хадбаатар нь миний гэр бүл, үр хүүхдүүдийн минь малыг маллаж өсгөхөд тусалж, хамт амьдарч байсан учир тухайн орон сууцны өмчлөгч гэр бүлийн гишүүний нэг мөн. Мөн би болон нөхөр маань тухайн орон сууцны өмчлөгч билээ. Малаа маллах, хол ойр явахдаа унаа болгох санаатай худалдан авсан Тоуото Hilux 62-48 БУА тээврийн хэрэгсэл, Воngо-3 20-28 БУА тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүд мөн бидний гэр бүлийн дундын хөрөнгө билээ. Гэтэл 2022 оны 02 сарын 10-ны өдөр хүү М.Хадбаатар нас барсны дараа түүний төрсөн хүү Намсрай гэх хүү гарч ирсэн ба түүний төрсөн эх Ч.Лхагвасүрэн гэх хүн тухайн орон сууц, автомашин, малаас өв авна гэж маргах боллоо.

Энэхүү хөрөнгүүд нь үүрийн таван жингээр унтах нойроо хугаслан байж, өвгөн бид хоёрын өсгөсөн хэдэн малын маань буян хишиг шингэсэн хөрөнгө бөгөөд хүүгээ гэнэт алдаж, сэтгэлийн хүнд зовлон эдэлж явахад эд хөрөнгийн өвийн маргаан үүссэн учир дээрх хөрөнгүүд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгож, М.Хадбаатарын ногдох хэсэгт хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-51 тоот орон сууц, Тоуото Hilux 62-48 БУА тээврийн хэрэгсэл, Воngо-3 20-28 БУА тээврийн хэрэгсэл, 2022 оны байдлаар малын А дансанд М.Магсарын нэр дээр бүртгэгдсэн мал зэрэг хөрөнгүүдийг М.Магсар, нас барсан хүү М.Хадбаатар болон миний өмчлөлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, М.Хадбаатарын эд хөрөнгийн ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, мөн 2021 оны байдлаар Малын А дансанд М.Магсарын нэр дээр бүртгэгдсэн малаас охин

а.М.Уранчимэг үнээ 4, тугал 4, эр үхэр 3, хонь 55, хурга эр 20, хурга 5, эр хонь 10, төлөг 18 малтай ,

б.Охин М.Бүрэнжаргал үнээ 3, тугал 3, бяруу 2, үхэр 2, хонь 50, эм хурга 20, эр хурга 19, эр хонь 5, төлөг 5 малтай,

в.Охин М.Ариунаа үнээ 3, тугал 3, бяруу 4, эр үхэр 2, хонь 150, хурга эр 25, эм 50, төлөг 24, гүү 10, унага 8, даага 3, морь 4, ямаа 50, ишиг эр 15, эм 15, борлон 23 малтай,

г.М.Цолмон хонь 58, эм хурга 20, эр хурга 5, төлөг 5, үхэр 10, үнээ 3, тугал 3, бяруу 2, эр үхэр 2 малтай,

д.М.Амаржаргал хонь 100, эм хурга 35, эр 10, төлөг 20, үнээ 5, тугал 4, бяруу 3, эр үхэр 4, гүү 3, унага 3, даага 3, морь 2, ямаа 50, эм 15, эр ишиг 15, борлон 10 мал бүхий хөдлөх хөрөнгөтэй болохыг болон бусад мал бүхий хөдлөх хөрөнгө нас барсан хүү М.Хадбаатар, М.Магсар, Ж.Даваасүрэн нарын өмчлөлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, нас барсан хүү М.Хадбаатарын хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна гэжээ.

4. Хариуцагч М.Магсарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргалын гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбарт: “...М.Магсар миний бие нь өмнө гаргасан тайлбартаа тодорхой бичсэн тул Даваасүрэнгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох мал орон сууц, машин зэрэг нь эхнэр бид 2 болоод талийгаач хүү Хадбаатарын цаашлаад бусад хүүхдүүдийн хүч хөдөлмөр, дэм тусаар бий болж өнөөг хүрсэн. Анх манайх малтай болохдоо өмч хувьчлалаар манай гэр бүлийн бүх гишүүдэд оногдсон мал, хадам ахаас өвлөгдөж ирсэн цөөн тооны малыг уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр өдий болтол өсгөсөн. Ингэж ажилласныхаа үр дүнд Орхон аймагт орон сууц, амьдралынхаа хэрэгцээнд 2 машин худалдан авсан.

Энэ бүх хөрөнгөө бид хоёртой хамт амьдарч хол ойр явж бүхий л ажил  амжуулдаг хүүгийнхээ нэр дээр авсан бүртгүүлсэн нь өнөөдөр ийм маргаанд хүргээд байна. Хөрөнгийн эх үүсвэр болсон мал 2018 он хүртэл миний нэр дээр тоологдсон бүх баримтыг гаргаж өгсөн. Би нас өндөр болж бусадтай харьцаж амьдрал ахуйгаа зохицуулахад хүндрэлтэй болсон тул талийгаач хүүгийнхээ нэр дээр шилжүүлэн тоолуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Ийм болохоор Даваасүрэнгийн бичсэн эд хөрөнгө бидний дундын өмч бөгөөд мал сүргийн хувьд анхнаасаа бүх ам бүлд минь хуваарилагдаж ирсэн, хүүхдүүд минь бололцоогоороо /өөрсдөө болоод үр хүүхэд нь хариулж маллах/ тусалж ирсэн тул манай гэр бүлийн дундын өмч юм.

Иймд Даваасүрэнгийн малаа өөрийн бүх хүүхдэдээ хуваарилсан, бусад хөрөнгийг талийгаач хүү бид гурвын дундын өмч болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

5. Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбарт: “Миний нөхөр, хүүгийн эцэг Хадбаатар нь олон жил мал маллаж амьдарч, өөрийн хүч хөдөлмөрөөрөө өөрийн гэсэн эд хөрөнгөтэй болсон. Гэтэл үхсэн хүн үг хэлэх биш гэсэн байдлаар одоо түүний эд хөрөнгийг ээж аав, эгч дүүс нь бүгд булаацалдаж маргалдаж байгаад туйлын харамсалтай байхаас гадна энэ бүгдийн өмнөөс төрсөн хүү Намсрайгаас ичих шиг болж байна. Энэ шүүхэд цугларсан материалаар авагдсан байгаа хөрөнгө бол зөвхөн талийгаач нөхөр Хадбаатарын хөрөнгө мөн. Энэ хөрөнгийг нь бүхэлд нь хүү Намсрай өв залгамжлах эрхтэй. Би өвгөн, эмгэн, эгч дүүсийнх нь хөрөнгийг авъя гэж нэхээгүй. Зөвхөн талийгаач нөхөр Хадбаатарын өөрийн хөрөнгөөс хүү Намсрайд ногдох хэсгийг нь гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн. Би хөрөнгийг нь бүхлээр нь нэхэмжлэх нэхэмжлэл гаргаагүй ээ. Зөвхөн өөрт ногдох хэсгийг нь л нэхэмжилж байхад хариуцагч болон гуравдагч этгээд одоо нэхэмжилж байгаа хөрөнгийг дундын өмч гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч эгч, дүү нар нь мал маллахад тусалдаггүй нэмэр тус болдоггүй, бүх малаа талийгаач өөрөө бий болгосон. Хүнд хүн чанар гэж байдаг бол шүүхэд бичиж байгаа зүйлээсээ санаа зовох хэрэгтэй. Энэ баримт, түүх болон шүүхэд хадгалагдана. Миний хүү болон түүний үр удам, танай үр хүүхэд бүгд энэ үнэнийг чинь мэдэж авна, архив болон үлдэнэ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн чинь шүүхэд хадгалагдана. Хүү минь өнөөдөр юу ч авахгүй өнгөрч болох хэдий ч та бүхний ганц хүүгийн чинь өв залгамжлагч, танай удам угсаа явж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.

Гуравдагч этгээдийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй гэж бодож байна. Харин ч би талийгаач Хадбаатарын бүх хөрөнгөөс өв залгамжлал тогтоолгох гээгүй, хуваах ёсгүй хүнд хүртэл хувааж гуравны нэгийг л нэхэмжилсэн” гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1, 126.2.2, 126.2.4-т зааснаар Х.Намсрайг М.Хадбаатарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, М.Магсар, Ж.Даваасүрэн нараас 12 111 111 /арван хоёр сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж Х.Намсрайд олгож, 1310 толгой малаас Х.Намсрайд ногдох хэсгийг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1, 126.2.2, 126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-8-51 тоот орон сууц, Тоуото Hilux 62-48 БУА тээврийн хэрэгсэл, Воngо G3 20-28 БУА тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын өмч болохыг, М.Хадбаатарт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь Ж.Даваасүрэн болохыг тогтоож, үлдсэнийг нь буюу 2022 оны мал тооллогоор тоологдсон мал М.Хадбаатар, М.Магсар, Ж.Даваасүрэн нарын гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,242,350 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Магсар, гуравдагч этгээд Ж.Даваасүрэн нараас 208,000 /хоёр зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, М.Магсар нараас тус тус 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Ж.Даваасүрэнд олгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би талийгаач М.Хадбаатартай 2006 оноос анх танилцаж дотносон улмаар 2008 онд бидний дундаас хүү Намсрай төрж, хамтран амьдарч байлаа. Хүү бид гурав 2014 он хүртэл 6-8 жил амьдрахдаа зарим үед хэрүүл маргаан гарч тэрээр намайг зодож цагдаагийн байгууллагаар арга хэмжээ авагдахад хүрч өршөөлийн хуулиар гарч байсан болохоор өөрийн эрүүл мэнд, амь нас мөн хүүхдийнхээ хүмүүжилд анхаарсны улмаас хоёр талд амьдрах тохиолдлууд байсан. М.Хадбаатарын аав, ээж, ах, эгч, дүү нар нь үгсэн хуйвалдаж худал ярьж түүнийг үндэслэн шүүх шийдвэр гаргахдаа талийгаачийн олон жилийн мал маллаж өсгөн үржүүлсэн үр шимийг нь хүртсэн. 1310 тоо толгой малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс бүхэлд нь хасч шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Энэ нь хууль зөрчсөн хүү Намсрайгийн эрх ашгийг дордуулж хариуцагч болон гуравдагч этгээдүүдэд давуу эрх олгосон шийдвэр гэж үзэж байна. Малыг хаясан шалтгаанаа 2022 оны мал тооллогын материалыг ирүүлж хэрэгт хавсаргаагүй мөн малын тоо толгой хүйс нь 2021 оны А данстай зөрсөн гэж ялимгүй зүйлээр шалтгалсан байдаг. Энд 2022 оны А данс хэрэггүй, ач холбогдолгүй бөгөөд 2021 оны мал тооллогын А данс байсаар байхад түүнийг нотлох баримтаар авч үзэж ач холбогдол өгөхгүй өвлөх хөрөнгөөс хассаныг гайхаж байна. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М.Хадбаатар нас барснаар өв нээгдэж түүнийг шүүхээр тогтоолгож нотлогдсон. Хүү Намсрай аав М.Магсар, Ж.Даваасүрэн нар нь хууль ёсны өвлөгч болж дундын эд хөрөнгө, өмчөө тухайн цаг үеийн ханшаар буюу зах зээлийн үнээр үнэлж гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийн тодорхойлсны үндсэн дээр талийгаачийн өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг тогтоож хууль ёсны өвлөгчид нь зөвшилцөж эсхүл шүүхээр өвлөгдсөн эд хөрөнгийг хуваах учиртай. Энэхүү хэрэгт маргаан шийдвэрлэх шатанд багагүй зүйлийг мэдэж авсан учир шүүхийн шийдвэрлэсэн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тооцоо хийж үзэхэд талийгаач М.Хадбаатар, аав М.Магсар, ээж Ж.Даваасүрэн нарын гэр бүлийн гурван гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууц, 2 машин, 1310 толгой малыг шүүхээс болон өөрийн үнэлгээгээр тооцож үзэхэд hilux машин 50 сая, вонго жи-3 машин 9 сая, 2 өрөө байр 50 сая, мал 1310 толгой 428 520 000 буюу нийт 537 520 000 төгрөг болж байна. Үүнээс Хадбаатарт ногдох нь 179 173 333 төгрөгийн гуравны нэг буюу хууль ёсны өвлөгч М.Магсар, Ж.Даваасүрэн, Х.Намсрай нарт адил тэнцүү хуваахад 59 724 444 төгрөгийн өв авахаар байгаа юм. Үүнээс анхан шатны шүүх 12 111 111 төгрөгийн хөрөнгө олгож шийдвэрлэсэн тул зөвшөөрөхгүй байгаа гомдлын хэмжээ 47 613 333 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлж гомдолд хавсаргасан. Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв. 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн хүсэлтээр давж заалдах шатнаас өмгөөлөгчөөр оролцохоор болж хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцаад, нэхэмжлэгчийн гомдлыг дэмжин оролцож, улмаар хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг дутуу цуглуулж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэсэн дүгнэлтийг хийж байна.

М.Хадбаатар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барж улмаар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлох /ИХ-129.1.4/ шаардлага үүсжээ. Талийгч М.Хадбаатар нь 1990 оны өмч хувьчлалаар оногдох хувьцааныхаа малыг авч, аав ээжийнхээ хамтаар малаа өсгөж, түүнийхээ үр шимийг хүртэж хамтдаа хөдөлмөрлөж аж ахуйн үйл ажиллагааны хүчинд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөө арвижуулан нэмэгдүүлж ирсэн байна. Үүнийг хариуцагч тал нотолж хамаг ажлыг маань хийж, гадуур, дотуурх бүхий л ажлыг хөөцөлдөж, амжуулдаг байсан тухай тайлбар мэдүүлэгтээ удаа дараа дурдсан байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдний хамт амьдарч байгаа хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ” гэжээ. Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ /ИХ125.1/ гэжээ. Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглан захиран зарцуулна /ИХ128.1/. М.Магсар, Ж.Даваасүрэн, М.Хадбаатар нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс 1310 толгой малыг үндэслэлгүй хасаж, мөн мөнгөн хуримтлал байгаа эсэхийг М.Магсар, Д.Даваасүрэн, М.Хадбаатар, Х.Намсрай нарын нэрээр банкнаас лавлагаа гаргуулаагүй байх ба нэхэмжпэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг /XX 53/ татгалзаж шийдэхдээ нэхэмжлэлтэй хамааралгүй гэж Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4-дэх заалтуудыг зөрчсөн байдал харагдаж байна. Ийнхүү алдаатай дүгнэлт хийснээр хууль ёсны өвлөгч болох талийгч М.Хадбаатарын хүүхэд гэдэг нь шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 720 дугаар шийдвэрээр баталгаажсан Х.Намсрайгийн эрх ашиг хохироход хүрсэн байна. М.Намсрайн ээж Ч.Лхагвасүрэн нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нотариатч П.Золжаргал дээр очиж өв хүлээж авах тухай хүсэлтээ гаргахад, өмнө нь иргэн М.Магсар нөхцөл байдлыг мэдсээр байж талийгч М.Хадбаатар хүүхэдгүй, эхнэр Ж.Даваасүрэн өв хүлээж авахаасаа татгалзсан, өөр өвлөх хүн байхгүй, хэрэв гарч ирэх юм бол мөнгийг нь нөхөөд өгнө гэсэн утга бүхий хүсэлтийг нотариатад өгч /XX17/, улмаар нотариатч үүнд хайнга, хөнгөн хийсвэрээр хандаж, өөр дундын хөрөнгө болон өвлөгч байгаа эсэхийг нягталж шалгалгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 15:25 цагт М.Магсарт олгосон байдаг. /ХХ-16/ Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөн өөрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ /ИХ-н 532.1/. Өвлөгчид зөвшилцөж чадаагүйн улмаас шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрсэн байна. Иргэний хуулийн зорилтын дагуу Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан зарчмыг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн эрх тэгш байх зарчмыг баримтлах учиртай. Гэр бүлийн гишүүд болох М.Магсар, Ж.Даваасүрэн, М.Хадбаатар нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг бүрэн тогтоогоод 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үнэлснээр өв нээгдэх үеийн өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээ бодитой тогтоогдож гарч ирнэ. Үүний дараа талийгч М.Хадбаатарт ногдох хэсгийг нэг мөр тогтоосны эцэст тухайн хөрөнгийг өв хүлээн авагч нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 20-д: “2021онд М.Хадбаатарын нэр дээр тоологдсон мал нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасанчлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна. Гэр бүлийн гишүүд гэдэг нь М.Магсар, Ж.Даваасүрэн, М.Хадбаатар нарыг хэлнэ” гэж дүгнэсэн байдаг хирнээ өвлөгдөх хөрөнгө болох малыг хассан нь ойлгомжгүй байхын гадна зохигч талууд хөрөнгийн үнэлгээ дээр маргаантай байхад шүүгч шууд үнэлсэн нь хуульд нийцэхгүй юм.

Тухайлбал:hilux машиныг нэхэмжлэгч 50 саяар, Вонго Ж-3 машиныг 30 саяар үнэлсэн байхад, хариуцагч тал hilux машиныг 40 саяар, Вонго Ж-3 машиныг 16 сая эсвэл 9 сая, түүнчлэн хариуцагч тал малын үнэлгээг хэтэрхий өндөр үнэлсэн гэх мэт үнийн зөрүүтэй, маргаантай тайлбар мэдүүлэг өгсөн байдгийг анхаарах. Энэ бүхнийг дурдаад дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

а. Талийгч М.Хадбаатарын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоолуулсан 1310 толгой малыг гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцуулан тодорхойлуулах,

б. М.Магсар, Ж.Даваасүрэн, М.Хадбаатар, Х.Намсрай нарын нэр дээр банкны хадгаламж байгаа эсэхийг тодруулж банкуудаас лавлагаа авах,

в. Гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгө байхаар ойлгогдож буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-51 тоот 2 өрөө орон сууц, hilux, Вонго Ж-3 гэсэн 2 машин, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр талийгч М.Хадбаатарын нэр дээр тоологдсон 1310 толгой мал зэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн (өв нээгдсэн) тухайн цаг хугацаагаар шинжээч томилон үнэлгээ хийлгүүлэх. Хүсэлтэд дурьдсан ажиллагаануудыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 болон 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2023/00418 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр Анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Нэхэмжлэгч гомдолдоо ялимгүй зүйлээр шалтаглан малыг дундын өмчөөс хассанд гомдолтой гэжээ. Намсрайн хувьд өв нээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнийг шүүх дурдаад, насанд хүрээгүй өвлөгчийн эрх ашгийг бодож зохих эд хөрөнгийг өвлүүлснийг хариуцагч зөвшөөрч гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч малаас өвлөх хүсэлт гаргавал зохих хугацаанд нь гаргаагүй хирнээ малаас өвлүүлсэнгүй гэж гомдол гаргаж буй нь үндэслэлгүй. Нэгэнт малыг өвлөх хүсэлт гаргаагүй хугацаа хоцроосон тул /өв хүлээн авах хугацааг шүүх сунгасан бол/ бусад өвлөгчид шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгийг шаардан авах эрхтэй. Гэтэл нэхэмжлэл гаргах цаг хугацаанд бэлэн байгаа мал хэд болохыг өөрөөр хэлбэл малын тоо толгойг тогтоосон нотлох баримтгүй тул шүүхийн энэ талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй болно. Хариуцагч Магсарын өмчлөлийн малын бий болсон эх үүсвэрийг тогтоосон нотлох баримтаас үзэхэд Магсарын гэр бүлийн буюу түүний бүх үр хүүхдүүдийн дундын өмч болохыг хариуцагч Магсар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Даваасүрэн нарын тайлбараар тодорхойлогдоно. Магсарт мал бий болсон үеэс 2017 оны жилийн эцсийн мал тооллого хүртэл бүх мал түүний нэр дээр тоологдож байгаад 2017 оны жилийн эцсээр талийгаач хүү Хадбаатарын нэр дээр шилжүүлэн тоолуулсан. /шилжүүлэн тоолуулсан шалтгаанаа шүүх хурал дээр тодорхой тайлбарласан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар хамт амьдарч байсан өвлөгч Магсар, Даваасүрэн нар 3 сарын дотор өвийг хүлээн авахаас татгалзаагүй, харин хамт амьдардаггүй Намсрай нь 1 жилийн хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэнэ үү” гэв.

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Магсарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.11-ний өдрийн 132/ШШ2023/00418 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүх “…Ч.Лхагвасүрэн нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Х.Намсрайг Хадбаатарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, М.Магсараас 202 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байх тул өвлүүлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Х.Намсрайг өвлөгчөөр тогтоолгох нь зүйтэй” гэх дүгнэлтийг хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528 дугаар зүйлийн 528.2-т заасан заалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй Х.Намсрай нь аав Хадбаатарыг нас барах үед хамт амьдарч байгаагүй учир өв нээгдснээс хойш 3 сарын дотор нотариат эсхүл баг, сумын Засаг даргад өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй, улмаар нэг жилийн хугацаанд шүүхэд маргаан үүсгэсэн хөрөнгөнүүдийг нотариатад хандан өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй. Нэг хөрөнгөд буюу hilux маркын автомашины өвийг хүлээн авах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүхээс бүхий л хөрөнгөд гаргасан мэт үзсэн нь үндэслэлгүй буюу нотлох баримтгүй хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Түүнчлэн өв хүлээн авах хүсэлтийг шүүхэд бус зохих этгээдүүдэд хандахыг хуульд тодорхой заасан байхад үндэслэлгүй, хуульд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528 дугаар зүйлийн 528.2 дах заалтын дагуу нотариат болон сум багийн Засаг даргад хандах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаа хэрэгт нотлоогүй, өвийг хүлээн авах хугацааг сэргээх хүсэлтийг нэхэмжлэгч тал огт гаргаагүй байхад өвийг хүлээн авсан гэж үзэхээр байна гэх хуульд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл өвлөгч гэж шүүх тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй байхад өвлөгч гэж үзсэн нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй, өвийг хүлээн авах хугацааг сэргээх хүсэлтийг гаргаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. Өв хүлээн авах хугацааг 1 сар 6 хоног хэтрүүлсэн тухай шүүхээс хууль зүйн дүгнэлт хийсэн. Энэхүү дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэлийн шаардлага гаргасан хугацаагаар тооцон дүгнэсэн. Энэ нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528 дугаар зүйлийн 528.2 дах заалтыг зөрчсөн. Учир нь өв хүлээн авах хугацааг шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар тооцохгүй бөгөөд хуульд заасан эрх бүхий этгээдэд хандсан байхыг хуульчилсан. Харин энэхүү өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан байвал сунгаж болохыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасан. Хэрэгт хүндэтгэн үзэх шалтгаан байснаа нотлоогүй бөгөөд Х.Намсрай насанд хүрээгүй хүүхэд гэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд огт хамааралгүй болно. Хэдийгээр анхан шатны шүүх хууль зөрчсөн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт заасан боловч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Даваасүрэн миний бие нас барсан хүү М.Хадбаатарыгаа бодож, шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэхийг зорьж, давж заалдах гомдол гаргаагүй болно. Харин нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528 дугаар зүйлийн 528.2 дахь заалтыг зөрчиж, дүгнэлт хийсэн шийдвэрийн хэсгийг залруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үндэслэл хэсгийн 24 дүгээрт 1310 толгой мал, 50.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий hilux  машин, бусад эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шийдвэрийг гаргасан. Гэр бүлийн маргаан бүхий хөрөнгө дээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч болон миний зүгээс гаргасан. Хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргийг хүсэлт гаргаснаараа хүлээсэн гэтэл татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Шүүх хурал удаа дараа хойшилсон, хариуцагч эд хөрөнгийн үнэлгээн дээр маргаагүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Талууд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эвлэрэх боломжгүй, гуравдагч этгээд малын үнэлгээ өндөр байна гэснээс маргаан үүссэн. Өнөөдөр хүртэл мал үхсэн гэсэн тайлбарыг гаргадаг. Шүүхийн хэлэлцүүлэгт үнэлгээн дээр маргаан байгаа бол яагаад маргаж байгаа юм гэдгээ хариуцагч тал нотлох үүргээ биелүүлээгүй. Татгалзлыг хариуцагч тодорхойлох ёстой. Ямар үнэлгээн дээр маргаад байгаа юм, малын тоон дээр юм уу, үнэлгээн дээр юм уу гэдгийг шүүх санаачлагчаараа шинжээч томилоод шийдэх боломжтой байсан. Шинжээч томилуулах хүсэлтийг шүүхийн шатанд гаргаж байсан. Хариуцагч юу байгаа гэдгийг дурдаж, тайлбараа нотлоогүй. 1310 толгой мал талийгаачийг нас барахаас өмнө хууль ёсоор баталгаажсан тоо. Малын тоо 12 дугаар сарын 25-ны өдөр гарч баталгаажих ёстой. Малын “А” дансны хуулгын хувьд талийгаач 2 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тул 2021 оны малын “А” дансны баримтыг хэрэгт хавсаргасан. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар гэж хүсэлт гаргаагүй. Иймд 1310 гэдэг тоо нотлогдохгүй байна гэсэн шүүхийн тайлбар үндэслэлгүй байна. Баталгаажсан тоо 1310 байх тул баримтаа нэхэмжлэлийн хамт хавсаргаж өгсөн. 2022 оны малын “А” данс байхгүй тул хуваах боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий 2 тээврийн хэрэгсэл, нэг үл хөдлөх хөрөнгө байдаг. Талууд эд хөрөнгө хэдээр авсан дээр маргаан байгаа тул худалдан авсан үнээр үнэлгээг тогтоох боломжтой. Эд хөрөнгийн тоо зөрүүтэй байгаа ч малын тоотой адил. Машин, мал адилхан хөрөнгө. Машиныг үнэлж болоод байж малыг яагаад үнэлж болоогүй шалтгаанаа тайлбарлаагүй. 2 өөрөөр үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.  Хариуцагч hilux машины үнэ 50.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байсан. Анх эвлэрэх санал дээрээ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мөн хэлж байсан. Нэхэмжлэгч өв нээлгэх хүсэлт гаргахаас 1 сар 6 хоног хугацаагаа хэтрүүлсэн боловч Намсрайг өвлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Нотариат Золжаргалын мэдэгдэл дээр 7 дугаар сард машины өвлөх эрх нээлгэх гэж очиход гэрчилгээ нээсэн. Ингээд нотариатын танхим, шүүхэд гомдол гаргаж шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч өөрөө тайлбарласан ба шүүх шийднэ гэж хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү“ гэв.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Энэ хүн тусдаа амьдралтай байхдаа манай дүү Хадбаатартай уулзаж байсан. Төрсөн эгч нь намайг дуудаж уулзаад ийм асуудал үүсгээд байна шүү, миний дүү нөхөр хүүхэдтэй гэж хэлсэн. Энэ хүн манай дүүтэй нэг дор амьдарч байсан гээд байна. Үнэхээр энэ хоёр хүнийг хамт байсан гэдэг талаар гэрчлэх хүн байвал дуудаж болно. Мал ахуй эх үүсвэрийн хувьд миний ээж, аав Баян-Агт сумаас өмч хувьчлалаар хэдэн цөөн тооны мал авсан. Мөн манай ээжийн өндөр настай ах нас барахдаа манай ээжид малаа өвлүүлээд үлдээсэн. Мал байгаа дээр бид хэдэд хэрэгтэй гээд байнга тусалж ирсэн. Бид мөнгөний хэрэгтэй байна гэх үед мөнгө өгөөд, мал аваад малаа өсгөсөн. Би хамт амьдарсан гээд байна. Манай дүү эхнэртэй болох үндэслэл байхгүй. Энэ хүн байнга дарамтлаад байдаг болохоор эхнэртэй болох үндэслэлгүй“ гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг нарын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь хариуцагч М.Магсарт холбогдуулан талийгаач М.Хадбаатарын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Намсрайг тогтоолгож, хадам аав М.Магсарын эзэмшлээс талийгаачийн төрсөн хүү Х.Намсрайд ногдох эд хөрөнгө болох 202 840 000 төгрөгийг гаргуулах тухай” шаардлагыг,   бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Даваасүрэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-8-51 тоот орон сууц, тоёото хайлукс маркын 62-48 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бонго-3 маркын 20-28 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2022 оны байдлаар малын А дансанд М.Магсарын нэр дээр бүртгэгдсэн мал зэрэг хөрөнгүүд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, нас барсан хүү М.Хадбаатарын хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

3. Анхан шатны шүүх ...Х.Намсрайг М.Хадбаатарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, М.Магсар, Ж.Даваасүрэн нараас 12 111 111 төгрөг гаргуулан Х.Намсрайд олгож, 1310 толгой малаас Х.Намсрайд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-51 тоот орон сууц, тоёото хайлукс маркын 62-48 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бонго-жи3 маркын 20-28 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын өмч болохыг, М.Хадбаатарт ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь Ж.Даваасүрэн болохыг тус тус тогтоож, 2022 оны мал тооллогоор тоологдсон мал М.Хадбаатар, М.Магсар, Ж.Даваасүрэн нарын гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4. Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь өөрийн төрсөн хүү насанд хүрээгүй Х.Намсрайн эрх ашгийг хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй. Х.Намсрай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эцэг М.Хадбаатар, эх Ч.Лхагвасүрэн гэж төрсний бүртгэлийн лавлагаанд тодорхойлсон бөгөөд М.Хадбаатар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь 236301000418 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогддог. Иймд хүү Х.Намсрайн хууль ёсны төлөөлөгч эх Ч.Лхагвасүрэн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. /1 хх 9-10/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2. дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасан.

5а. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад талийгаач М.Хадбаатарын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Намсрайг тогтоолгож, ...ноогдох эд хөрөнгийг гаргуулах  гэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах эрх гагцхүү нэхэмжлэгчид олгогдсон байдаг. Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд өвлөх эрхтэй холбоотой харилцаа нь иргэний эрх зүйн бусад харилцаанаас өвөрмөц онцлогтойг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл зөвхөн нэхэмжлэлд нэрлэн заасан эд хөрөнгийн хүрээнд хүсэлтээ гаргах ёстой гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.   

5б. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 132/ШЗ2023/00995 дугаартай захирамжаар нотлох баримт гаргуулах тухай өмгөөлөгчийн хүсэлт хангахаас татгалзаж байгаа үндэслэлээ “…нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг давж заалдах гомдолдоо хүсэлт шийдвэрлүүлэхээр дурдсаныг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхгүй бөгөөд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах гомдлын үндэслэлд заах эрхгүй гэдгийг зөрчсөн гэж үзнэ.

7. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хуралдааны тэмдэглэлд цаг буруу бичигдсэн, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжийн огноо зөрсөн, шүүгчийн захирамжийн агуулга алдаатай зэрэг зөрчлүүд байх ба хойшид энэ мэт алдаа гаргахгүй ажиллахыг анхаарвал зохино. /1 хх-95, 101-102, 183, 198/

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,  нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7.,  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2023/00418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 396 017 /гурван зуун ерэн зургаан мянга арван долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

 

                                             ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

 

                                                                                     

                                                                                              Л.АРИУНЦЭЦЭГ