Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/02086

 

 

 

 

 

 

 

   2023       12           01                                    210/МА2023/02086

 

 

ЖҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/02817 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЖҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХХК, Б.А-, Б.З-, Т.Ц-, Т ХХК-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1,040,708,163 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

М ХХК нь 2018 онд 600,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл олгосноос хойш төлбөр төлөөгүй 1548 хоногийн хугацаа хэтрүүлж, зөрчил үүсгэсэн учраас алданги 406,318,045.17 төгрөг бодогдсон. Зээлийн барьцаанд Т.Ц-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах 115.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх,

Т ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 300 м.кв талбайтай малын тэжээлийн зориулалттай газар,

мөн компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 115.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

М ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах, 420 м.кв талбайтай үнээний ферм,

мөн Т.Ц-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах, 135 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх газар буюу 5 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

М ХХК нь зээл авснаасаа хойш ЖҮХС-д, 105,090,808 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн. Гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй учраас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 8,476,679.87 төгрөгийн алданги, үндсэн зээлийн төлбөр 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс төлөх ёстой байсан төлбөр нь 11,751,832.88 төгрөг, энэ үлдэгдлээсээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэж 1548 хоногт тооцоолоход алдангид 406,000,000 төгрөг болсон. М ХХК нь ЖДГ- болон ЖҮХС-, ковидын нөхцөл байдалд орсон талаарх тайлбар мэдээллийг ирүүлээгүй, мөн хүү алдангиас бууруулахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үндсэн үүрэгт хариуцагч М ХХК, Б.З- нараас 600,000,000 төгрөг, зээлийн хүү 34,359,617.62 төгрөг, алданги 406,318,045.17 төгрөг, нотариатын зардалд 30,500 төгрөг, нийт 1,040,708,163 төгрөг гаргуулж, хариуцагч Б.А-, Б.З-, Т.Ц-, Т ХХК нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Моделфарм ХХК-ийн тайлбарын агуулга:

Манай компани нь ЖҮХС-гаас 2018 онд 600,000,000 төгрөгийн зээл авч малын хаягдал, үлдэгдлийг боловсруулж тос гаргах төсөл хэрэгжүүлэхэд нийт 1,800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар гаргасан. 2018, 2019 онуудад 2 жил үйлдвэр барьж ашиглалтад орж дууссан. Энийг залгуулаад “Ковид-19” цар тахлаас шалтгаалж 2 жил сул зогсоод үйлдвэрлэлээ амжилттай явуулж чадахгүй, зээлийн төлөлтөд хүндрэл учирсан. Гэрээ байгуулснаас хойш эхний нэг жилд хүү төлөх үүргийнхээ дагуу бид хүүгээ төлсөн. Үүнээс хойш бүх эргэлтийн хөрөнгө үйлдвэрт ороод, үйлдвэрийн үйл ажиллагаа “Ковид-19” цар тахлаас хамаараад зогссон учраас бид зээлийнхээ төлөлтийг хийж чадаагүй юм. ЖҮХС-гийн үндсэн зардал нь Монгол Улсад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой байдаг учраас ямар нэгэн банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо шиг ийм их хэмжээний буюу 400,000,000 төгрөгийн алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд бид нар үндсэн зээлийг, хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлсэн, харин алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК, Б.З- нараас зээлийн гэрээний үүрэгт 634,390,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЖДГ-т олгож, илүү нэхэмжилсэн 406,318,045 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК, Б.З- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагч М ХХК, Б.А-, Б.З-, Т.Ц-, Т ХХК нарын өмчлөлийн Ү-2206004303 дугаартай, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг дахь ахуйн үйлчилгээний төвийн 115.2 м.кв талбайтай барилгын тал хэсэг /гэрчилгээнд бичигдснээр/ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Г- 2206006783 улсын бүртгэлийн дугаартай, 18636305093676 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 0-0 тоот, 135 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, өмчлөлийн Ү-2206001127 дугаар Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Ахуйн үйлчилгээний төвийн 115.2 м.кв талбайтай барилга бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 18609322328161 нэгж талбарын дугаартай, 000323679 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, Их булгийн ам, 21 дүгээр хороо, 400000 м.кв малын тэжээлийн зориулалттай эзэмшлийн газар, өмчлөлийн Ү-2201026186 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Их булаг гудамжны Ф69/2 тоот, 420 м.кв талбайтай үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М ХХК, Б.З- нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,329,901 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. М ХХК нь үйл ажиллагаа доголдсон талаарх асуудлаа ЖҮХС- болон ЖДГ-т ирүүлээгүй, энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. “Ковид-19” цар тахлын гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд нөлөөлсөн талаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэрчлэх журам болон бусад хүчин зүйлийн талаар ямар ч гэрчлэгдэх нотлогдох баримт ирүүлээгүй атал алдангиас бүрэн 100 хувь чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт алдангид 406,318,045.17 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Манай байгууллага нь ЖҮС-гаас 600,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээл авсан. Мөн төсөл хэрэгжиж байх явцад бүх нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал үүсэж, үйл ажиллагаа бүрэн зогссон. Манай байгууллагын үйл ажиллагаа зогссон учраас төслийн хэрэгжилтийн үе шат зогсож, зээлийн төлөлтийг хугацаанд нь хийж чадаагүй. Зээлийн үндсэн төлбөр 600,000,000 төгрөг, зээлийн хүү 34,359,617.62 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжилсэн 400,000,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ЖДГ- нь хариуцагч М ХХК, Б.А-, Б.З-, Т.Ц-, Т ХХК-д тус тус холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 600,000,000 төгрөг, зээлийн хүү 34,359,618 төгрөг, алданги 406,318,045 төгрөг, нотариатын зардалд 30,500 төгрөг, нийт 1,040,708,163 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

1.а. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсэг болох алданги 406,318,045 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулах зорилгоор зээл авсан бөгөөд үйлдвэрийг барьсан боловч “Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа зогссон учир алдангийг зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарлан, маргажээ. Хариуцагч Б.А-, Б.З-, Т.Ц-, Т ХХК нар нь шүүх хуралдаанд оролцоогүй, хариу тайлбар гаргаагүй байна.

 

 

2. ЖДС- нь М ХХК, Б.З- нартай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 88/2018/3-63 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 600,000,000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар М ХХК-д зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх5-11/ Уг зээлийн гэрээнд Б.З- нь хамтран зээлдэгчээр оролцсон байх ба  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч байна. Хариуцагч Б.З- нь нэхэмжлэлийг гардан аваад хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг эсэргүүцээгүй гэж үзнэ.

 

2.а. Гэрээний дагуу зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, харин хариуцагч М ХХК нь алдангиас татгалзаж, маргасан.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

3.а. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх  үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд талууд маргаангүй байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч М ХХК-аас үндсэн зээлд 600,000,000 төгрөг, зээлийн хүүд 34,390,118 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.а. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг зөвтгөн  дүгнэж  энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

 

4.б. Талууд зээлийн гэрээний 1.5-д “Зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Хариуцагч энэ талаар маргаагүй боловч алдангиас татгалзаж байгаа үндэслэлээ “зээлийн гэрээний дагуу бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг барьсан, ковидын нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй” гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэж хуулийг буруу тайлбарлан, алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

 

4.в. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан ба шүүхээс алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь алданги тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул алданги нэхэмжилсэн шаардлагыг 406,318,046 төгрөгийн хэмжээнд хангуулах давж заалдах гомдлыг бүхэлд нь хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 600,000,000 төгрөг, зээлийн хүү 34,359,618 төгрөг, алдангид 317,179,808 төгрөг /634,359,618 х50%/-ийг хариуцагч М ХХК, Б.З- нараас гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгчээс нь нотариатын зардалд 30,500 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул шийдлийг  хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.  

 

6. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 88/2018/Б-63 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээгээр,

Т.Ц-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004303 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг дахь ахуйн үйлчилгээний төвийн 115.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,/хх33/

Т.Ц-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2206006783 дугаарт бүртгэлтэй, 18636305093676 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 0-0 тоот, 135 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,/хх34/

Т ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001127 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Ахуйн үйлчилгээний төв, 115.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,/хх 38/

Т ХХК-ийн эзэмшлийн 18609322328161 нэгж талбарын дугаартай, 000323679 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, Их булгийн ам/ 21 дүгээр хороо, 400,000 м.кв талбайтай малын тэжээлийн зориулалттай газар,/хх 39-43/

М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026186 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Их булаг гудамжны Ф69/2 тоот, 420 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө/хх 32/-ийг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв./хх12-18/

 

6.а. Хариуцагч М ХХК, Б.З- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. Энэ шийдвэрт хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээнэ.

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг удирдлага болгосон нь оновчгүй байхаас гадна нэхэмжлэлийг хангасан шаардлагад холбогдох хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүй, мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу хариуцагч нарын хүлээх үүргийг тодорхой тусгаагүй зэрэг алдаа гаргасныг өөрчлөлт оруулах замаар залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/02817 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн удирдлага болгох хэсэгт “100 дугаар зүйлийн 100.3” гэснийг хасч,

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК, Б.З- нараас 951,569,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖДГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 89,138,237 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК, Б.З- нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

хариуцагч Т.Ц-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004303 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг дахь ахуйн үйлчилгээний төвийн 115.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

мөн эрхийн улсын бүртгэлийн Г-2206006783 дугаарт бүртгэлтэй, 18636305093676 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 0-0 тоот, 135 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

хариуцагч Т ХХК-ийн өмчлөлийн  эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001127 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Ахуйн үйлчилгээний төв, 115.2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

мөн компанийн эзэмшлийн 18609322328161 нэгж талбарын дугаартай, 000323679 тоот гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, Их булгийн ам/ 21 дүгээр хороо, 400,000 м.кв талбай бүхий малын тэжээлийн зориулалттай газрын эзэмших эрх,  

хариуцагч М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026186 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Их булаг гудамжны Ф69/2 тоот, 420 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус худалдан борлуулах замаар шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “3,329,901” гэснийг “4,915,800” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 Ц.АЛТАНЦЭЦЭГ