Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1431

 

"ХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04037  дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ, ХХХ нарт холбогдох

 

Тоног төхөөрөмжийн үнэ 119 730 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

        шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ,

Хариуцагч: ХХХ, ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч "ХХ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манай компани ХХХ,
ХХХтай   лабораторийн  тоног  төхөөрөмжийг  60 000  ам.доллараар бүхэлд нь авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөртөө гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу гэрээний үнэ болох 60 000 ам.долларыг бүхэлд нь төлсөн. Гэрээний дагуу тоног төхөөрөмжийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний дотор нийлүүлэх ёстой байхад энэ гэрээний үүргээ биелүүлээгүй. Бүтэн жил хүлээгээд цагдаагийн байгууллагад хандахад компанитай гэрээ байгуулсан "ХХХХ" ХХК татан буугдсан байсан. Тэгээд ХХХ, ХХХ нар дээрх төлбөрийг манай компанид төлөхөөр тохиролцсон учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Иймд тоног төхөөрөмжийн үнэ болох 60 000 ам.доллар буюу 119 730 600 төгрөгийг ХХХ, ХХХ нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2014 оны 9 сарын 16-ны өдөр нэг талаас "ХХХХ" ХХК лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр "ХХХХ" ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. "ХХХХ" ХХК нь гэрээнд хүлээсэн үүргийн дагуу 2014 оны 11 дүгээр сард тоног төхөөрөмжийг бэлэн болгож нэхэмжлэгч компанийн захирал ХХХд утсаар мэдэгдсэн боловч лабораторийн барилгын ажил эхлээгүй, хөрөнгө оруулагчид шийдээгүй байгаа учраас лабораторийн тоног төхөөрөмжийг хадгалах  байр  савгүй  учир  он  гараад цагаан сарын дараа лабораторийн  барилга бэлэн болохоор хүлээж авъя гэх хүсэлтийг ХХХ-д өгсөн.

Иймд гэрээний 4 зүгээр заалтын дагуу "ХХХХ" ХХК нь хугацаандаа нийлүүлсэн үзэж байна. "ХХХХ" ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа зогсонг байдалд орсон учраас уг компани үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч 2015 оны 4 дүгээр сард татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан. Иймд нэхэмжлэгч "ХХ" ХХК-ийн гэрээний төлбөр болох 60 000 ам долларыг төлж барагдуулахаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2014 оны 11 сард ХХХ захирал руу яриад тоног төхөөрөмжөө аваачээ гэж хэлсэн. Тэгээд ХХХ өөрөө алга болчихсон атлаа цагдаад өгчихсөн байсан. ХХХХ өмгөөлөгч бид хоёртой уулзаад тоног төхөөрөмжөө зарсны дараа мөнгөө өгчих гэж хэлсэн тул  зөвшөөрч бичиг үйлдэж өгсөн. “Зарагдсаны дараа мөнгө өгнө” гэсэн байгаа. Одоо тоног төхөөрөмж зарагдаагүй Баянхошуунд айлын хашаанд байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 240 дүгээр зүйлийн 240.1.4-т тус тус зааснаар хариуцагч ХХХ, ХХХ нараас 119 730 600 төгрөгийг гаргуулах тухай "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч "ХХХХ" ХХК-иас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 756 603 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Манай компани анх ХХХтай  лабораторийн тоног төхөөрөмж  худалдаж авахаар тохирсон. Ингээд гэрээ байгуулах болоход ХХХ нь ХХХтэй ирээд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “ХХХХХ” ХХК-иар "Худалдах-худалдан авах" гэрээг байгуулсан. Ингээд гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тоног төхөөрөмжөө авах гэхэд жоохон хүлээж байгаач удахгүй нийлүүлнэ гэсээр 2015 оны 5 дугаар cap хүрсэн. Түүнээс хойш бүр холбогдохоо больсон учир шүүхэд хандахад “ХХХХ” ХХК нь татан буугдсан байсан.

 Ингээд эдгээр хүмүүсийг олохгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандахад хүрсэн. ХХХ, ХХХ нар нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа тоног төхөөрөмжийн үнийг буцааж өгнө гэсэн учир би Прокурорын байгууллагад гаргасан гомдлоо буцаан авсан.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ илт үндэслэлгүй манай компани эрх ашгийг зориудаар хохироосон шийдвэрийг гаргасан. Хэрэгт цугларсан баримтаар “ХХХХ” ХХК нь ХХХ, ХХХ гэсэн хоёр гишүүнтэй байсан байна. Манай компанитай байгуулсан гэрээний төлбөрийг ХХХын дансаар шилжүүлэн авсан. Гэрээний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 60 000 ам.доллар авсны дараа 2015 оноос үйл ажиллагааг зогсоож компаниа 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр татан буулгахаар болсон нь /хх-30,36 хуудас/ авагдсан баримтуудаар нотлогдоно. “ХХХХ” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн компанийг татан буулгах хурлаар компанитай холбоотой өглөг авлагыг бүрэн барагдуулж үлдсэн хөрөнгийг ХХХд өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ нь манай компанид өгөх өглөг ХХХд шилжсэн болохыг бүрэн нотолно. Үүний дагуу ХХХ  “Энэ хөрөнгө надаа байгаа, энэ хөрөнгийг зараад “ХХХХ” ХХК-нд төлбөрийг өгнө.”  гэж хүсэл зоригоо илэрхийлж, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр  бичгээр баримт өгсөн. “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХтай байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу лабораторийн тоног төхөөрөмжийн үнийг зарж борлуулан төлнө гэсэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар ХХХ, ХХХ нартай хэлцэл хийсэн гэж үзнэ.

 Манай компани нэхэмжлэлийг “ХХХХ” ХХК-нд холбогдуулж  гаргаагүй. “ХХХХ” ХХК-нь татан буугдахдаа санхүүгийн тайландаа манай компаниас авсан төлбөр, болон манай компанийн  өгөх лабораторийн тоног төхөөрөмжийг тайландаа тусгаагүйгээр татан буулгасан нь хэрэгт авагдсан санхүүгийн тайлангаар нотлогдоно. Энэ санхүүгийн баримтаар болон манай компанид гаргаж өгсөн 2015 оны 12 сарын 28 өдрийн баримтаар ХХХХ ХХХ нарын хувьд нь одоо болтол уг тоног төхөөрөмж байгаа бөгөөд уг тоног төхөөрөмжийг зараад манай компаниас авсан мөнгийг нь өгнө гэсэн учир эдгээр иргэнд холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нэг талыг барьсан, нотлох баримтыг буруу дүгнэж манай компанийн эрх ашгийг хохироосон гэх гомдолтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч "ХХХХ" ХХК нь ХХХ, ХХХ нарт холбогдуулан тоног төхөөрөмжийн үнэ 119 730 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч С ХХХ, ХХХ нарт холбогдуулж 119 730 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШЗ2016/03514 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ ХХХд холбогдуулан "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ. /хэргийн 14 дүгээр тал/

Гэтэл шүүх  ХХХад холбогдуулж иргэний хэрэг үүсгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж шүүгчийн захирамж гаргалгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХХХыг оролцуулж, түүнд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан,  хэргийн материалтай танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг шүүх  явуулж, улмаар  хариуцагч ХХХад холбогдуулж хэргийг шийдвэрлэж , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна..

 Түүнчлэн шүүх зохигчдыг хэргийн материалтай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эсрэг талын тайлбар, нотлох баримттай танилцах, тайлбар өгөх боломжит хугацаанд танилцуулсан гэж үзэх боломжгүй байна. Зохигчдод 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу шүүх хуралдаан хийх өдрөө танилцуулжээ. /хэргийн 86 дугаар тал/  Зохигчдод хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгосноор талууд мэтгэлцэх, нэг талын гаргасан баримтыг няцаах, нотлох баримтыг гаргах боломж бүрдэнэ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн мөн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 603 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               

                                              ШҮҮГЧ                                            Д.ДАМДИН-ОД                                                                                                   

                                                                                                       Ч.ОЮУНЦЭЦЭГ