Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 6062

 

 

 

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/06062

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 5-2 тоотод байрлах, “Хөх дэл инвест” ХХК /РД:2549832/

 Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 58 дугаар байр 50 тоотод оршин суух, 1979 онд төрсөн 37 настай, Тавхайнх овогт Цогтын Дөлгөөн /РД:ХГ79012696/

            Тоног төхөөрөмжийн үнэ 60.000 ам доллар буюу 119.730.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, хариуцагч Ц.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Хөх дэл инвест ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөх дэл инвест ХХК нь Ц.Дөлгөөнтэй лабораторын тоног төхөөрөмжийг 60.000 ам доллараар худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөртөө гэрээний 5.2-т зааснаар үнэ 60.000 ам долларыг Д.Нармандахын дансанд шилжүүлж төлсөн. Гэрээнд зааснаар худалдагч нь чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэх ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Ц.Дөлгөөнтэй холбогдоход удахгүй төлнө гэж байснаа сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгэхээр нь Сүхбаатар дүүргийн шүүхэд Хувьт Орчил ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад компани татан буугдсан байсан. Бусдад төлөх өр төлбөрөө дуусаагүй байхад компанийг татан буулгах боломжгүй ба манайд өртэй байсан хэрнээ татан буугдсан байсан.  Тиймээс бид Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан шалгуулах явцад Я.Ариунбат, Ц.Дөлгөөн нар тоног төхөөрөмжийг хугацаанд нь нийлүүлээгүй, төлбөрийг хариуцна гэснээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Худалдах, худалдан авах гэрээний 4.1-т худалдан авагч барааны үнэд тохирсон бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй гэж заасан. Барааг нийлүүлээгүй нь Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасныг зөрчсөн. Тоног төхөөрөмжийн үнийг Ц.Дөлгөөн төлнө гэсэн бичгийг цагдаагийн байгууллагад бичиж өгсөн тул түүнээс тоног төхөөрөмжийн үнэ 60.000 ам доллар буюу 119.730.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Дөлгөөн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хувьт Орчил ХХК лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр Хөх дэл Инвест ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх үүрэг хүлээсэн. Хувьт Орчил ХХК  гэрээнд зааснаар 2014 оны 11 дүгээр сард лабораторийн тоног төхөөрөмжийг бэлэн болгож Хөх дэл Инвест ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Уянгад утсаар мэдэгдсэн боловч манай лабораторийн барилгын ажил эхлээгүй, хөрөнгө оруулагчид шийдээгүй байгаа учраас уг лабораторийн тоног төхөөрөмжийг хадгалах байр сав байхгүй, он гаргаад цагаан сарын дараа лабораторийн барилга бэлэн болохоор хүлээж авах хүсэлтийг Я.Ариунболдод өгсөн. Иймд бид тоног төхөөрөмжийг 2014 оны 12 дугаар сард Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт айлын хашаанд хадгалуулсаар өдийг хүрсэн. Бид гэрээнд зааснаар төхөөрөмжийг хугацаанд нь хийсэн. Өөрөө лабораторийн барилга баригдаж дуусаагүй гээд аваагүй. Хувьт Орчил ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон учраас үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан. Гэрээнд зааснаар лабораторийн тоног төхөөрөмжийг Дорнод аймгийн Матад суманд баригдах лабораторийн барилга дээр угсарч хүлээлцэх ёстой байсан боловч энэ барилга нь хугацаандаа баригдаагүй тул хүлээлцэж чадаагүй. М.Уянгатай энэ талаар утсаар ярьж байсан, энэ явдал Я.Ариунбат, М.Уянга бид 3-ын хооронд утсаар яригдаж байсан болохоор өөр нотлох гэрч байхгүй. Хэрэв барилга нь хугацаандаа баригдсан бол бид хийсэн тоног төхөөрөмжийг шалгуулаад хүлээлгэн өгч болох байсан. Биднээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг тоног төхөөрөмжийг зараад өг та нар танилтай гэж гуйхаар нь асууж сураад боломжоороо зарж өгье гэж 2015 оны 12 дугаар сарын 28-нд бичиг хийж өгсөн болохоос мөнгийг төлөхийг зөвшөөрч бичээгүй. Гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хугацаанд нь хийсэн өөрсдөө лабораторийн барилга бэлэн болоогүй гээд хүлээж аваагүй тул төлбөрийг төлөхгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Хөх дэл Инвест ХХК нь хариуцагч Ц.Дөлгөөнд холбогдуулан гэрээний үүрэгт 60.000 ам доллар буюу 119.730.600 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Хөх дэл Инвест ХХК нь Хувьт Орчил ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр лабораторийн тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдагч гэрээнд заасан барааг худалдан авагчид 2014 оны 12 дугаар сарын 31-ний дотор нийлүүлэх, худалдан авагч гэрээ байгуулмагц төлбөр 60.000 ам долларыг төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан ба худалдан авагч Хөх дэл Инвест ХХК нь төлбөр 60.000 ам долларыг төлсөн болох үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

Худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээнд заасан барааг худалдан авагчид 2014 оны 12 дугаар сарын 31-ний дотор худалдан авагчийн байранд  хүлээлгэн өгөх, гэрээ энэ өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар тохиролцож гэрээг байгуулжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй” гэж тайлбарладаг боловч гэрээний хугацаанд Хувьт Орчил ХХК-наас үүргээ биелүүлэхийг шаардсан болон, гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэн баримтгүй, Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн Хар сэрвэн гэх газарт Хөх дэл Инвест ХХК нь лабораторийн зориулалтаар 2014 онд сэндвичэн барилга барьсан боловч барилга баригдаж ашиглалтанд орсон болон үйл ажиллагаа явуулах эрх авсан талаар баримтгүй тул гэрээний үүрэг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Хөх дэл Инвест ХХК нь хариуцагч Ц.Дөлгөөнөөс худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардсан боловч тэдний хооронд гэрээ байгуулагдаагүй, Хувьт Орчил ХХК 2 гишүүнтэй, компани Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-т зааснаар татан  буугдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар улсын бүртгэлээс хасагдсан, хариуцагч Ц.Дөлгөөн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр лабораторийн тоног төхөөрөмжийг зарж борлуулсны дараа 60.000 ам долларыг төлөхийг зөвшөөрсөн боловч энэ баримтаар Хувьт Орчил ХХК-ийн эрх үүргийг хариуцагч Ц.Дөлгөөн залгамжилж, өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн баримт гэж үзэх боломжгүй, зохигч 2015 оны 05 дугаар сарын 18, 2016 оны 08 дугаар сарын 12, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд тоног төхөөрөмжийг зарж өгч туслахаар тохиролцож дээрх бичгийг үйлдсэн талаар тайлбарлан мэдүүлсэн тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэж төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр Хувьт Орчил ХХК Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан тул хариуцагч Ц.Дөлгөөнөөс гэрээний үүргийг нэхэмжлэгч Хөх дэл Инвест ХХК шаардах эрхгүй байна.

          Иймд хариуцагч Ц.Дөлгөөнөөс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60.000 ам доллар буюу 119.730.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөх дэл Инвест ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Шүүх хуралдаанд хариуцагч Ц.Дөлгөөн и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсан болохыг дурьдав.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    

ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                                                                                                                                                              

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар хариуцагч Ц.Дөлгөөнөөс 60.000 ам доллар буюу 119.730.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөх дэл Инвест ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756.603 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Хариуцагч Ц.Дөлгөөн и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсан болохыг дурьдсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА