Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 15

 

   С.Эд холбогдох

                                                                          эрүүгийн хэргийн тухай                                                                                              

                                                                                                                                                                                                   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор Ө.М,

            хохирогчийн өмгөөлөгч Ж.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч С.Эд холбогдох, эрүүгийн 2016100001310 дугаартай, 2 хавтас, 301 хуудас эрүүгийн хэргийг улсын яллагч Ө.Мийн эсэргүүцлийг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Эд холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч С.Э нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар 33-67 УБП улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин иргэн Н.Бгийн жолоодож явсан 17-92 ХЭҮ улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ш.Сгийн амь насыг хохироож, Н.Бгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн 201610000310 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг прокурорт очтол батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Захирамжийг эс зөвшөөрвөл прокурор 5 хоногт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.М эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч Н.Бгийн биед учирсан гэмтэл тус бүрийг Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоох шаардлагатай гэж үзвэл зүүн нүдний ухархай дотор хананы хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-ээр гэмтлийн хөнгөн зэрэгт, цээжний баруун 3, 5-р хавирганы хугарал нь мөн журмын 2.3.1-ээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн умдаг яс, суудал ясны дээд салааны хугарал нь мөн журмын 2.3.1-ээр хүндэвтэр зэрэгт, зүүн тойгны далд хугарал нь мөн журмын 2.3.1-ээр хүндэвтэр зэрэгт, хацар, зүүн гуя, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгарал гэмтэл нь мөн журмын 2.4.1-ээр хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-д “…Шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлнэ…” гэж заасан байдаг ба дээрх хэргийн хувьд хохирогч Н.Бгийн биед учирсан гэмтэл нь хэд хэдэн этгээдийн буруутай үйлдлээс болж үүссэн. Түүний биед учирсан гэмтлүүдийн аль нь хэний буруутай үйл ажиллагаанаас үүссэн болохыг тогтоох шаардлагатай хэрэг биш бөгөөд нэг цаг хугацаанд буюу С.Э 33-67 УБП улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодо жяваад Монгол Улсын Замын хөдөлгөнөий дүрмийн 8.2, 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчин иргэн Н.Бгийн жолоодож явсан 17-92 ХЭҮ улсын дугаартай Киа пронтер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас үүссэн гэмтэл бөгөөд тус бүрийг гэмтлийн зэрэгт хамаарахыг гаргаснаараа хэргийн зүйлчлэл болоод учирсан хир хэмжээнд нөлөөлөхгүй юм. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд “... Энэ хуулийн 165 дугаар зүйлд заасан тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шинжилгээг нэмж буюу дахин хийлгэж болно ...” гэж заасан байдаг тул шүүх шаардлагатай гэж үзвэл хэргийг мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр шүүхийн шатанд шинжилгээг нэмж буюу дахин хийлгэх боломжтой байсан. Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Б нь шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй, хохирол төлбөр төлөгдсөн тул шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхийн шатанд гаргасан байдаг юм. Мөн хохирогч Д.Шатар, Н.Б, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг нараас хэргийн зүйлчлэл болоод нотлох баримтын тал дээр ямар нэгэн маргаангүй болно. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон бөгөөд хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул С.Эд холбогдох эрүүгийн хэргийн прокурорт буцаасан Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Б эрүүл мэндийн байдлаасаа болоод ирж чадахгүй гэсэн асуудлыг хөндсөн байдаг. Эрүүл мэндийн хувьд Б нь одоог хүртэл хөл дээрээ босч чадахгүй, хүний асаргаа, сувилгаанд байгаа гэдгийг анхаарч үзнэ үү.  Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр маш олон гэмтэл гарсан байдаг, энэ гэмтлүүдийг нийтэд нь базаад хүндэвтэр зэргээр тогтоосон. Хүндэвтэр гэмтлийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа нь 14-28 хоног байдаг. Гэтэл энэ хэрэг нь 2016.10.01-ний өдөр үйлдэгдсэн. Өнөөдрийг хүртэл Б нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөөд хэвтэрт бусдын асрамжинд байгаа. Ийм учраас хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг харгалзаагүй. Шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүд болох зүүн умдаг яс, суудал ясны дээд салаа, зүүн тойг яс далд хугарал гэсэн гэмтлүүд байдаг. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн заавар тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарах уу, үгүй юу гэдэг нь маш эргэлзээтэй. Эд холбогдох хэргийн нөхцөл байдал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хир хэмжээ бүрэн нотлогдож тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа хүндэвтэр гэмтэлд 14-28 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл 4-5 сар болж байхад хэвийн байдалдаа ороогүй, хэвтрийн байдалтай байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Эыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлснийг Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-т заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдлийн улмаас шүүгдэгчийн найз охин С нас барж, 17-92 ХЭҮ улсын дугаартай Киа пронтер маркийн автомашины жолооч Т.Бд зүүн нүдний дотор ханын далд хугарал, баруун талын 3, 5-р хавирганы далд хугарал, зүүн умдаг ясны далд хугарал, зүүн тойг ясны далд хугарал, хацарын зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтлүүд, хохирогч Д.Шатарт 3.675.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Т.Бд 3.505.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт олж авсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллүүд байна.

Хэргийн талаар болон хуулийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч, хохирогч нарын зүгээс маргасан зүйлгүй байхад анхан шатны хохирогч Н.Бгийн биед нэг цаг хугацаанд хэд хэдэн гэмтэл учирсан болохыг тогтоосон атлаа гэмтэл тус бүрд эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоож, уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн ямар төрөлд хамаарах талаар тусгаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүх хохирогч Н.Бгийн биед учирсан гэмтлүүдэд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д зааснаар шинжилгээ хийлгэх эрх шүүхэд байгаа ба энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь буруу болжээ.

Иймд эдгээр үндэслэлүүдээр прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        А.САЙНТӨГС