Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2023/00056

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 150/ШШ2023/00163 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2,030,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... ******* миний бие *******тай 2022 оны 09-р сарын дундуур анх танилцаад ногоогоо хурааж авч чадахааргүй болсон учраас талбай дээрээс нь зах зээлийн үнээс хямд зарах лууван, манжин байна гэж надтай ярилцаад ногооны талбайг нь үзэхээр болж очиход түүний эгч ******* нь уулзан тарьсан ногоог нь очиж үзүүлсэн. 10 сарын дундуур манжин лууванг нь талбай дээрээс нь хурааж авахаар болж ******* бид хоёроос урьдчилгаа болох 2 сая төгрөг авъя гэсэн ингээд ******* ******* ******* данс руу 2022.09.26-ны өдөр манай эхнэр болох ******* ******* тоот данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 2022 оны 10 сарын эхээр ******* талбайн ногоогоо үхэрт идүүлсэн малчныг нь шүүхэд өгсөн тэгэхэд шүүх мөнгөн дүнг маань бага гаргасан тул давж заалдсан байгаа би өөрөө прокурорт ажилладаг болохоор санаа зоволтгүй ээ 2 сая төгрөгийг чинь буцааж олгоно гэх олон шалтгаан хэлж явсаар өнөөдрийг хүрч мөнгө ч үгүй, ногоо ч үгүй болон хохироод байна. Энэ хугацаанд хоёр удаа шүүхэд хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй байгаа учир гомдолтой байна. Иймд *******, ******* нараас ногооны урьдчилгаа болгож өгсөн 2 сая төгрөгөө буцаан гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ хооронд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч ******* ******* нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уулзалтад ирээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна... гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ...Шударга байх хэрэгтэй. .... Иргэний хуульд зааснаар амаар хийсэн хэлцэл хүчинтэй байдаг. Тэр хүнээс болж би бүхэл бүтэн 20, 30 сая төгрөгөөр шатсан. Би буцааж төлөх боломжгүй. Яагаад гэхээр шүүхийн шийдвэр дээр миний дансыг хаасан байсан одоо хүртэл миний данс хаалттай байгаа. Данс хаалттай тул ******* данс руу хийгээд би өөрөө бэлэн мөнгөө тоолж авсан. Тэр мөнгийг өмнө нь зээлсэн 1,500,000 төгрөгийн өрөнд өгсөн. 500,000 төгрөгийг би өөрөө хэрэглэсэн. Зөвхөн ******* дансаар мөнгө орж ирсэн. Тэр газар ногоо бүгд минийх. Дунд нь Баттулга холбож өгсөн болохоос хамаагүй. 1,500,000 төгрөг хүн рүү шилжүүлсэн хуулгаа би гаргаад өгч болно. Та нараас болж би байраа зарсан. 2 өрөө байраа 1 өрөө байраар сольсон. Хүний амьдралыг хохироогоод 2,000,000 төгрөг ярихаасаа ичээч. Би ийм луйварчин биш. Та нар залуу хүмүүс шударга бай. Ингэж хүнийг хохироож болохгүй. 7,500,000 төгрөгийн акт тогтоосон хэрэг Дэлгэрсайхан шүүгч дээр явж байгаа одоо түдгэлзсэн байгаа.Нөгөө хүмүүс нь унадаг татдаг гээд өвчин зовлон яриад байгаа. Би 12 сард төлнө гэсэн. гэтэл 1 сард энэ хүүхэн намайг дарамтлаад залгаад эхэлсэн. Тэрийг та нар сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс би төлж чадахгүй. Би та хоёроос болж гарсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 150/ШШ2023/00163 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 163 дугаартай шийдвэрийг хариуцагч ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, /хамтран хариуцагч/ ******* бид үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх *******ас 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй тул дор дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Уг талбайд тариалсан лууван манжин нь *******д хамааралгүй бөгөөд тэр зөвхөн зуучилж өгсөн атал хариуцагчаар зөвхөн түүнийг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2.Тариалсан манжин , лууванг газар дээр нь ирж үзээд 10 сард хурааж авахаар харилцан тохиролцоод урьдчилгаа төлбөрөө хийснээр гэрээ байгуулагдсан байдаг .Үүнээс цааш харуул манаачын ажлын хөлсийг төлж тариалсан ногооны бүрэн бүтэн байдлаа хангах үүрэг нь худалдан авагч талд шилжсэн нь тодорхой нотлон тогтоогдож байхад өөрсдийн хариуцлагагүй манаачын цалин хөлсийг төлөөгүйгээс мал оруулчихаад мал орсоныг мэдмэгцээ гэрээнээс татгалзсан үйл баримтанд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул гомдолтой байна.

3.Уг талбайд мал орсон той холбоотой хохирол тооцсон Орхон сумын ажлын хэсгийн дүгнэлт болон холбогдох материалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн эндээс Орхончимэг миний талбайд иргэдийн хонь ямаа үхэр орсон нь нотлогдож байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр би уг тарилсан ногоо нь С.******* ногоо биш гэдгийг хангалттай талбарласан. Гэтэл шүүх *******ас 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.Сумын хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр манжин лууван тариалсан талбайд хэдэн сарын хэдний өдөр мал орсон нь тодорхой нотлогдож байгаа бөгөөд энэ хугацаа нь Худалдах худалдан авах хэлцэл амаар хийгдэж , мөнгө төгрөг шилжүүлснээс хойш болж өнгөрсөн байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *******тай 2022 оны 09 сарын дундуур танилцсан. Тэгээд ногоо тарьдаг ногоогоо хурааж авч амжихгүй байна талбай дээрээс нь зах зээлийн үнээс хямд зарах лууван, манжин байна гэж надтай ярилцаад талбайг нь үзэхээр очсон. Түүний эгч гэх ******* нь ногоог үзүүлсэн. Ногоог талбай дээрээс нь хурааж авахаар тохироод салсан.

...Би эхнэртэйгээ ярьж байгаад болно гэж хэлсэн. Энэ хоёр над руу болохоор бол урьдчилгаа 2.000.000 төгрөг өгчхөөч гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр цалингийн зээл аваад өгсөн. Хоорондоо тохиролцохгүй явсаар байгаад 9 дүгээр сарын 26-ны өдөр зээл аваад 2.000.000 төгрөг өгсөн. 10 дугаар сарын 01-ний өдөр ногоог чинь авахаа болилоо гэхэд ...ногоог чинь хурааж аваад зараад өгье... гэж хэлсэн. Тэгвэл би 2.000.000 төгрөгөндөө манжингаас чинь очиж хурааж авъя гэж хэлэхэд ...үгүй, би зараад, өгье... гэж хэлсэн. Хэд хоногийн дараа таг чиг болохоор нь ярьсан чинь малд ногоогоо идүүлчихлээ гэж хэлсэн. Эгч нь өөрөө прокурорт ажилладаг хүн, асуудалгүй 11, 12 дугаар сард өгчихнө гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 2.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг нийт 2.030.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь өөрийгөө төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хариуцагч *******т олгосноор тус хэрэгт ******* хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх ба нэхэмжлэгчээс хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч С.******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* нь оролцсон байна. Анхан шатны шүүхээс хэргийн хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй харилцан тохирч хүнсний ногоо лууван манжин зэргийг талбай дээрээс нь худалдахаар тохирч ногооны тайлбайг хүлээлгэн өгсөн. Гэтэл тухай талбайгаа харж хамгаалаагүйгээс ногооны талбайд айлын мал орж сүйтгэсэн. Энэ нь хариуцагчид хамааралгүй. Ногоогоо хурааж аваагүй удсанаас болж ийм байдалд хүрсэн. Ногооны талбайд мал орж сүйтгэсэн талаар сумын комиссд хэлж улмаар энэ хохирлыг нь гаргуулахаар малын эзэнд холбогдуулан хохирлоо гаргуулахаар шүүхэд хандсан байгаа гэж татгалзлаа тайлбарлажээ.

6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сард 2 га газарт тариалсан лууван, 1 га газарт тариалсан манжинг хурааж худалдан авахаар тохиролцон 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилгаа 2.000.000 төгрөгийг төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу худалдан авах ногооны үнийн урьдчилгаанд хариуцагч С.******* Хаан банк дахь дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагчаас гэрээнд тохиролцсоны дагуу ногоог нийлүүлээгүй болох нь тогтоогдсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2.000.000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй харин ногооны талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь ногооны талбайг манаачгүй байлгаснаар ногооны талбайд мал орж ногоо сүйтгэснээр гэрээ биелэгдэх боломжгүй болсон гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Гэтэл хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт зохигчдын тайлбар болон мөнгө шилжүүлсэн баримт зэрэг баримтаар нэхэмжлэгч нь ******* нь хариуцагч *******тай ямар нэгэн хэлцэл хийгээгүй гэх баримт үгүйсгэгдэж байна.

7. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоох урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээнээс татгалзаж болохоор заасан бөгөөд хэргийн үйл баримтаар хариуцагчийн нэхэмжлэгчид худалдахаар тохирсон ногооны талбайд мал орсноор ногоо хураах боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн талуудын хооронд байгуулагдсан гэрээ биелэгдэх боломжгүй гэсэн үндэслэлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан нь хуулийн үндэслэлтэй байна.

Мөн иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын ногооны урьдчилгаанд шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг хариуцагч *******ар гаргуулахаар гаргасан шаардлага нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт болон талуудын хооронд үүссэн маргаанд хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

8. Хариуцагч С.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* нь тус харилцаанд миний эзэмшлийн ногоог бусдад худалдахаар зуучилсан, ногоог нэхэмжлэгч *******од шууд талбай дээрээс нь худалдаж талбайг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь ногооны талбайг манаачгүй орхисноос болж мал орж, хохирсон байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж давж заалдах гомдлоо тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу татгалзал түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 150/ШШ2023/00163 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 47.430 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН