Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваадорж, Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 996 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1449 дүгээр магадлалтай, Я.Дд холбогдох 2003003240255 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Б.Даваадорж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Х овогт Я.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч Я.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-г В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж. ...” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Я.Д нь “...хохирогчийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Осол гарах үед хохирогчийг хараагүй. Эмнэлэг, цагдаа дуудсан бөгөөд цагдаа 10 минутын дараа ирсэн бол эмнэлэг 1 цаг орчмын дараа ирсэн. Хохирогчид тариа хийгээд эмнэлэг рүү авч явах үед хохирогч амьд байсан. Удалгүй хохирогч нас барж, би цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Миний бие айдас сандралтай, даралт ихэссэн, биеийн байдал хэвийн бус байхдаа мэдүүлэг өгсөн бөгөөд зарим зүйлсийг анзаарч уншилгүй гарын үсэг зурсан. Мөрдөгчийн зүгээс хохирогч буруутай учир та өмгөөлөгч авах шаардлагагүй гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 7,087,000 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлсөн. Улмаар мөрдөгч солигдож, өмгөөлөгчгүйгээр тулгаж мэдүүлэг авсан. Прокурор руу хэрэг шилжээд удалгүй хэрэг шүүхэд шилжсэн болохыг мэдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед миний эрх зүйн байдлыг дордуулж, хуулиар олгогдсон өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг маань зөрчсөн. Уг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл анх юунаас урган гарсан болохыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Гэм буруугийн талаар огт маргадаггүй боловч хэргийн бодит байдлыг зөв тогтоолгохыг хүсч байна. Би ам бүл 8, бага насны 3 хүүхэдтэй. Би ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээн тэтгэдэг. Миний бие зүрхний хэм алдагддаг, зүрх судасны нарийсалтай, үе мөч өвддөг тул эмчийн хяналтад байдаг. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваадорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг тулгаж, хөтөлж мэдүүлэг авсан. Хэрэг гарсан зам нь хот хоорондын эсхүл орон нутгийн зам эсэх нь маргаантай байдаг. Ял шийтгэл оногдуулах үндэслэл буюу замын статусын хувьд маргаантай байсаар эцэслэн шийдээгүйгээр анхан шатны шүүх зөвхөн хэргийн газрын анхны үзлэгийн тэмдэглэлд шүүгдэгч тухайн осол гараад сэтгэхүйн хувьд сандарсан, уншиж танилцуулаагүйгээс болж орон нутгийн зам гэснийг анзааралгүй гарын үсэг зурсан бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэж шийтгэх тогтоолыг гаргасан байдаг. Тухайн замыг судалж үзэхэд хотоос хоёр товчоогоор гараад хураамжаа төлөөд хот хоорондын замд гарсан байдаг. Өмгөөлөгчийн хувьд Зам тээврийн яаманд тухайн замыг хэдэн онд ашиглалтад өгөөч, хэрхэн хүлээлгэж өгсөн талаар тодруулахад хот хоорондын зам байсан. Анхан шатны шүүх шийдвэр гарсан үндэслэлээ тайлбарлахдаа энэ талаар эцэслэн судалж амжсангүй, яагаад гэхээр энэ зам засварын ажил гэсэн. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа талаараа дурдсан байдаг. Тээврийн цагдаагийн мөрдөн байцаагчид анх тайлбар өгөхдөө “би өмгөөлөгч авья гэхэд хэрэггүй та 100% буруугүй, хохирогч тэр хавьд ээжийнхээ гэрт түр оршин суугч бөгөөд тухайн үед гэрч байсан гэдэг. Замын хажуу талын дугуй засварын хүмүүс энэ хүн 2-3 сар энд согтуу байдаг, энэ замаар хөндлөн гүйдэг, заримдаа манай энэ путикны хажууд унтаад хэвтдэг байсан, энэ талаар тайлбар гаргаж болно шүү гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч тухайн осол гарах үед “Шар зам ирээдүй” тусгай зөвшөөрөлтэй компанид түүний эзэмшлийн машинаар хүн тээврийн үйлчилгээ хийдэг адил статустай Дархан хотоос хүн тээвэрлэж байсан таксины жолооч тэр хувцастай, тэр хүн, тухайн газар миний урдуур гүйж байсан гэдэг тайлбарыг гаргах хүсэлт тавьж байсан. Энэ талаар мөрдөн байцаагчид хэлж байсан боловч та буруугүй, энэ байдал чинь тогтоогдоно, та өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өг гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч “би тухайн үед хохирогчийг хараагүй гэхэд та харсан байх ёстой, харсан байвал танд ашигтай, тийм учраас та харсан гэж өг гэж бичүүлсэн байгаа юм. Автомашины урд хэсэгт гэмтэл байдаггүй, зөвхөн толь, хажуу талын шил цуурсан байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. Эдгээрийг үндэслэж хэргийг прокурорт буцааж дахин хянуулах хүсэлтэй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд прокурор оролцохдоо өмгөөлөгч бид нарын саналыг дэмжиж байсан. Гэвч давж заалдах шатны шүүхэд тухайн байр сууриа өөрчилсөн. Я.Д нь ам бүл 8-лаа гэдэг боловч нэг хүүхэд нь дауны синдромтой, ахуйн хувьд хүнд амьдралтай бөгөөд хөнгөн ял шийтгэл оногдуулж, тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг прокурор дэмжиж байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргасан” гэжээ. 

 

Мөн түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж аргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан бөгөөд шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байхад хор уршигт төлсөн 1,500,000 төгрөгийг хохирол оруулан тооцож дүгнэсэн нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Уг асуудлаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хохирол, хор уршгийн талаар буруу дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаагүй.

Гэмт хэргийн улмаас хор уршгийг Иргэний хуульд заасны дагуу Шар зам ирээдүй хоршооноос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байтал шүүх энэ талаар магадлалдаа огт дурдаагүй. Үйлчлүүлэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь уг хоршооны эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд Я.Дтэй гэрээ байгуулсан байдаг. Түүнээс өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан. Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарахгүй, хот хоорондын зам дээр гарсан осол байтал хот, суурин газрын нутаг дэвсгэрт хурд хэтрүүлсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан нь үндэслэлтэй. Уг осол гарсан замын маршрутыг дахин тогтоолгох шаардлагатай. Б.Даваадорж өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа” гэжээ.

 

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Я.Д-г Замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Өөрөөр хэлбэл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед жолооч хурдаа зөв сонгож, тохируулан явах ёстой. Хурд хэтрүүлсэн гэсэн хоёр заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч нас барсан бөгөөд шүүх эдгээр заалтыг зөрчсөн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан фото зургаас харахад суурин газар болох нь тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ярьж байгаа постоос гарсан л бол суурин газраас гадна зам гэж дүгнэх боломжгүй. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр бол хотын захад байрладаг. Хотын захаас гарсан тохиолдолд суурин газрын төгсгөл хэсгийг замын тэмдэг, тэмдэглэгээгээр тогтоодог. Хотоос баруун тийш гарсан тэмдэглэгээ хүй 7 худагт байрладаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Б.Даваадорж нарын гаргасан гомдлыг үндэслэн Я.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Я.Д-г 2020 оны 05 дугаар сарын 25-ны шөнийн 22 цаг 43 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн замд “Хьюндай Соната-6” загварын 37-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч Ц.Э-ыг мөргөсний улмаас амь насыг хохироосон нөхцөл байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Хоёр шатны шүүх Я.Д-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн, гэм буруутайд тооцож, хуульд заасан нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2 жил хорих ялыг сонгон оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Я.Д-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг судлахад, хохирогч Ц.Э амь насаа алдсан нөхцөл байдал Я.Д-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэх үүднээс давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн гомдол гаргагчдын “шалган өнгөрүүлэх товчоо өнгөрснөөр хот, суурин газраас гарсан, Нийслэлийн хилийн цэс маргаантай” гэх агуулга бүхий гомдлын тухайд Автотээврийн шалган бүртгэх товчоо нь Улаанбаатар хотод орж, түүнээс гарч буй автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн үйл ажиллагаанд төрийн захиргааны хяналтыг 24 цаг тасралтгүй хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэгж болохоос Нийслэлийн хилийн заагийг тодорхойлсон цэгүүд биш юм.

 

Уг осол болсон “Эмээлт” гэх газар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарч буй нь хэрэгт авагдсан хэмжилтийн схемийн бичвэр, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна хүн ам төвлөрч суурьшсан, барилга байгууламжийн нягтаршилтай буюу хот, суурин газрын нутаг дэвсгэрт тооцогдох бүрэн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн, шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах, иргэний хариуцлага хүлээх этгээдийг татах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс шүүх хэргийн бодит байдлыг гүйцэт тогтоогоогүй, хохирогч нь тээврийн хэрэгслийг өөрөө мөргөж амь насаа алдсан гэх үйл баримтыг тогтоолгохоор прокурорт хэргийг буцаалгах агуулга бүхий гомдол гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...эрхгүй” хэмээн тодорхой заасан тул гомдол гаргагчдын дээрх агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Б.Даваадорж нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 996 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1449 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Д болон түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Б.Даваадорж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                     Ч.ХОСБАЯР

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.ЦОГТ

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН