Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

             улсын яллагч Б.Алтанцэцэг,

            шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46,

           иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын Б.Ссүрэнд холбогдох эрүүгийн 1806 0713 81962 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Б.С

             Холбогдсон хэргийн талаар:

           Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамирчин” ХХК-ийн хашааны гадна иргэн Д.Түвшинтэй маргалдан түүний толгой хэсэг болон  цээжний хөндий рүү хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн  шалгах  ажиллагаанд  хохирогч Д.Түвшингийн: ...2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө эхнэр рүү явах гээд Цайзаас хойшоо явж байхад нэг үл таних залуутай таараад хамт архи хувааж уугаад байж байтал тэр сааданд 1 эмэгтэй, 1 эрэгтэй  хоёр   ирээд бид дөрөв  хамт архи уусан. Тэгтэл тэр эмэгтэй цаасны хутгаар толгой руу хатгаад байхаар нь яагаад хүн хатгаад байгаа юм гэж хэлэхэд хатгасан ч яадаг юм гэж хэлээд миний цээж рүү цаасны хутгаараа зоосон. Би тухайн үед хутгалуулснаа мэдээгүй. Тэгээд эмнэлэгт ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Отгонбаярын өгсөн: ...Зуу татчихмаар байна, нэмэх юм байна уу гэхээр нь наад мөнгөөрөө тамхи авчих гэж хэлэхэд тэр залуу дэлгүүр ороод тамхи болон нэг удаагийн аяга аваад гараад ирсэн. Тэр залууг дүү архиа тойруулчих гээд өгсөн. Б.С тэр залуу руу хандаж чи ахын архийг авчихсан юу бэ гэж хэлэхэд тэр залуу босч ирээд чи муу авгай юу вэ гэж хэлээд Б.Сэг түлхсэн. Алтан-Өлзий босч ирээд боль гээд тэр хоёрыг салгасан. Дээрээс Амарзаяа дуудсан. Алтан-Өлзий бид хоёр босоод Амарзаяа дээр очоод юм яриад зогсож байхад доороос Б.С хүрч ирээд энэ муу бацаан далчиганаад байхаар нь хатгаад хаячихлаа гэж хэлсэн. Чи юу яриад байгаа юм гэж хэлээд зогсож байхад нөгөө залуу хүрч ирсэн. Пудволк нь нилээн цус болчихсон байсан. Намайг тэр залуу тэврээд ах дүү явлаа, сайхан танилцлаа энэ хүүхэн чинь балай юм байна гэж хэлсэн. Б.Сэ доошоо алхаад явсан. Бид гурав  юм яриад зогсож байтал хөдөлгөөнт эргүүл ирээд Алтан-Өлзий бид хоёрыг бариад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаярын өгсөн: ...Б.С танихгүй залуугийн хамт суугаад үлдсэн. Алтан-Өлзий, Отгонбаяр хоёроос Б.С ямар танихгүй залуутай суугаад байгаа юм гэж асуухад танихгүй залуутай сууж байгаа гэсэн. Удалгүй Б.С хүрээд ирэхээр нь яасан гэж асуухад наад пизда чинь намайг оролдох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм би хатгачихаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэр үед хамт байсан залуу доороос нилээн гуйваад алхаад ирсэн. Ойртоод ирэхэд тэр залуугийн цамц цус болчихсон ирсэн. Би Б.Сэг загнаад чи яаж байгаа юм бэ гэхэд наад муу пизда чинь намайг оролдох гээд чангаахаар нь би хатгачихсан юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр тал/,

Батлан Хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн лабораторид шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 405 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Түвшинд цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн цээжний хөндийн цус, хийн хураагаар хүндэрсэн зүсэгдсэн шарх, арьсан доорх хийн хураа, дагзны хуйх, цээжний хананы зүсэгдсэн шарх, нүүр, зүүн мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шархнууд нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн гурваас цөөнгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан амь насанд аюултай “ХҮНД” зэргийн гэмтэл болно.

4. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Ахмад Д.Баасансүрэн, Бичсэн Ц.Солонго гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн Б.С-н: ...Отгонбаяр, Алтан-Өлзий хоёр нэг залуутай танилцаад архины мөнгө нийлүүлж 0,33 литрийн “Хараа” нэртэй архи авсан. Сааданд юм яриад сууж байхад танилцсан тэр залуу над руу агсраад байсан. Чам шиг юмнаас болоод амьдралаа алдаж яваа гэхээр нь би биш андуураад байна гэж хэлсэн. Тэгээд муудалцсан тэр залуутай маргалдаж байгаад цаасны хутгаар толгойг зүссэн. Тэр залуу намайг хоёр гараараа түлхэхээр нь би цээж рүү хутгаараа дүрчихсэн. Тэр хооронд түргэн, цагдаа хоёр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.С-н иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86, 87 дугаар тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6, 12-14 дүгээр тал/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай  мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 36 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-ийн 70-74, 91-93 дугаар тал/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамирчин” ХХК-ийн хашааны гадна иргэн Д.Түвшинтэй маргалдан түүний толгой хэсэг болож цээжний хөндий рүү хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт болсон  байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамирчин” ХХК-ийн хашааны гадна иргэн Д.Түвшинтэй маргалдан түүний толгой хэсэг болож цээжний хөндий рүү хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Түвшингийн “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өглөө эхнэр рүү явах гээд Цайзаас хойшоо явж байхад нэг үл таних залуутай таараад хамт архи хувааж уугаад байж байтал тэр сааданд 1 эмэгтэй, 1 эрэгтэй 2 ирээд бид 4 хамт архи уусан. Тэгтэл тэр эмэгтэй цаасны хутгаар толгой руу хатгаад байхаар нь яагаад хүн хатгаад байгаа юм гэж хэлэхэд хатгасан ч яадаг юм гэж хэлээд миний цээж рүү цаасны хутгаараа зоосон. Би тухайн үед хутгалуулснаа мэдээгүй. Тэгээд эмнэлэгт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаад гэрч Р.Отгонбаярын “... Дээрээс Амарзаяа дуудсан. Алтан-Өлзий бид хоёр босоод Амарзаяа дээр очоод юм яриад зогсож байхад доороос Б.С хүрч ирээд энэ муу бацаан далчиганаад байхаар нь хатгаад хаячихлаа гэж хэлсэн. Чи юу яриад байгаа юм гэж хэлээд зогсож байхад нөгөө залуу хүрч ирсэн. Пудволк нь нилээн цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбаярын “...Алтан-Өлзий, Отгонбаяр хоёроос Б.С ямар танихгүй залуутай суугаад байгаа юм гэж асуухад танихгүй залуутай сууж байгаа гэсэн. Удалгүй Б.С хүрээд ирэхээр нь яасан гэж асуухад наад пизда чинь намайг оролдох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм би хатгачихаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэр үед хамт байсан залуу доороос нилээн гуйваад алхаад ирсэн. Ойртоод ирэхэд тэр залуугийн цамц цус болчихсон ирсэн. Би Б.Сэг загнаад чи яаж байгаа юм бэ гэхэд наад муу пизда чинь намайг оролдох гээд чангаахаар нь би хатгачихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр тал/,

- Батлан Хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн лабораторид шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 405 дугаартай “...Д.Түвшинд цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн цээжний хөндийн цус, хийн хураагаар хүндэрсэн зүсэгдсэн шарх, арьсан доорх хийн хураа, дагзны хуйх, цээжний хананы зүсэгдсэн шарх, нүүр, зүүн мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шархнууд нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн гурваас цөөнгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан амь насанд аюултай “ХҮНД” зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/,

- Мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн Б.С-н “...Сааданд юм яриад сууж байхад танилцсан тэр залуу над руу агсраад байсан. Чам шиг юмнаас болоод амьдралаа алдаж яваа гэхээр нь би биш андуураад байна гэж хэлсэн. Тэгээд муудалцсан тэр залуутай маргалдаж байгаад цаасны хутгаар толгойг зүссэн. Тэр залуу намайг хоёр гараараа түлхэхээр нь би цээж рүү хутгаараа дүрчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Түвшингийн эрүүл мэндэд цаасны хутга ашиглан хүнд хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Д.Түвшин 230.000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.С уг хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн хохирогч Д.Түвшингийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүгдэгч Б.С нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл яллагдагчаар  цагдан хоригдсон болох  нь  яллагдагчийг  цагдан хорих тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул  нийт цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 70-74, 91-93 дугаар тал/

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б овогт Б.С-г зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.С-г 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.С-д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.С-н цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.С /РД: /-с 230.000 /хоёр зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Түвшин /РД:/-д олгосугай.

            8. Хохирогч Д.Түвшин нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмлэх эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧИД                            С.ӨСӨХБАЯР,

                                                                          Б.АРИУНХИШИГ.