Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

2019            4              4                                              2019/ДШМ/299                                                

 

         Б.С- холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.С- ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С- гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1806071381962 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-ын С- , ................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:........................./;

 

Б.С-  нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамирчин” ХХК-ийн хашааны гадаа иргэн Д.Түвшинтэй маргалдан, түүний толгой хэсэг болон цээжний хөндий рүү хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.С- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.С- г зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.С- г 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.С- оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.С- гийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.С-  /РД:ЧЛ79112964/-ээс 230,000 /хоёр зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Түвшин /РД:НВ83052116/-д олгож, хохирогч Д.Түвшин нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С- гийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Б.С- гийн нөхөр нь нас барсан, өрх толгойлсон эмэгтэй, 2 нас, 13 нас, 18 настай 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд нь ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хувьд баримтаар 230,000 төгрөг гаргаж өгсөн боловч /хх 87-88/ “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдэг байдлаа бичгээр өгсөн. Д.Түвшингийн хувьд Төв аймгийн Батсүмбэр сангийн аж ахуйд амьдардаг гэх боловч тэндээ огт амьдардаггүй. Хаана байгааг мэдэхгүй, олох ямар ч боломж байхгүй. 89461828 дугаарын утсаар залгахад Бадамжунай гэдэг хүн авч “Түвшин огт байдаггүй, би Архангай аймагт амьдардаг хүн байна” гэдэг. 96833010 дугаарын утас руу залгахад холбогдохгүй дугаар өгсөн.

Иймд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж, ойлгож байгаа, ар гэр, ахуй амьдрал, хохирогч Түвшин “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 6 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хорих ялыг багасгаж өгөхийг хүсье. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.С-  гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С-  би нөхөр нас барснаас хойш хадам ээж болон 2-18 насны гурван хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сумын 1 дүгээр багт өрх толгойлон амьдардаг. Гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ хадам ээжийнхээ хамтаар мал маллах, ямаа самнах, хадлан тариа, бригадын тогооч зэрэг ажлуудыг хийдэг.

2018 онд том хүү маань Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн орж, би хүүдээ нэмэр болохоор Улаанбаатар хотод ирээд “Ногоон мөрөөдөл” хүлэмжийн аж ахуйд туслахаар ажилд орсон. Энэ үед уг болчимгүй хэргийг үйлдсэндээ маш их харамсан гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б.С-  би болчимгүй үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гарсан хор уршгийг бүрэн ойлгон ухамсарлаж, харамсан гэмшиж, чин сэтгэлээсээ уучлалт хүсч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадахаа илэрхийлж байна.

Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсан гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн амьдрал, хувийн байдлыг минь харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар Б.С- гийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С- холбогдох ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас прокурорын зүгээс тусгайлан гаргах ямар нэгэн санал байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.С-  нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамирчин” ХХК-ийн хашааны гадаа иргэн Д.Түвшинтэй маргалдан, түүний толгой хэсэг болон цээжний хөндий рүү хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Түвшингийн “...Цаасны хутгаар толгой руу хатгаад байхаар нь “яагаад хүн хатгаад байгаа юм” гэж хэлэхэд “хатгасан ч яадаг юм” гэж хэлээд миний цээж рүү цаасны хутгаараа зоосон. Би тухайн үед хутгалуулснаа мэдээгүй. Тэгээд эмнэлэгт ирсэн. ...” /хх 41/,

гэрч Р.Отгонбаярын “...Сэлэнгэ хүрч ирээд энэ муу бацаан далчиганаад байхаар нь хатгаад хаячихлаа гэж хэлсэн. Чи юу яриад байгаа юм гэж хэлээд зогсож байхад нөгөө залуу хүрч ирсэн.Фудволка нь нилээн цус болчихсон байсан. ...” /хх 55-57/,

гэрч Г.Энхбаярын “...Удалгүй Сэлэнгэ хүрээд ирэхээр нь яасан гэж асуухад наад пизда чинь намайг оролдох гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм, би хатгачихаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэр үед хамт байсан залуу доороос нилээн гуйваад алхаад ирсэн. Ойртоод ирэхэд тэр залуугийн цамц цус болчихсон ирсэн...” /хх 47-49/,

шүүгдэгч Б.С- гийн “...Танилцсан тэр залуу над руу агсам тавиад байсан. Чам шиг юмнаас болоод амьдралаа алдаж яваа гэхээр нь би андуураад байна гэж хэлсэн. Тэгээд муудалцсан тэр залуутай маргалдаж байгаад цаасны хутгаар толгойг зүссэн. Тэр залуу намайг хоёр гараараа түлхэхээр нь би цээж рүү хутгаараа дүрчихсэн...” /хх 75-77, 80-85/ гэх мэдүүлгүүд,

Батлан Хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 405 дугаартай “...Д.Түвшинд цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн цээжний хөндийн цус, хийн хураагаар хүндэрсэн зүсэгдсэн шарх, арьсан доорх хийн хураа, дагзны хуйх, цээжний хананы зүсэгдсэн шарх, нүүр, зүүн мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх шархнууд нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн гурваас цөөнгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, ...3.1.11-д заасан амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 67/,

Хэрэг болсон газарт хохирогчийн цус мэт зүйлээр бохирлогдсон цамц, цамцнаас 2,5 метр зайд цус мэт зүйл 16х18 хэмжээтэй болсон байгааг тэмдэглэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/, уг байдлыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.С- гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүнийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.С- гийн иргэн Д.Түвшинтэй маргалдан, түүний толгой хэсэг болон цээжний хөндий рүү хутгалж, түүний биед “...цээжний хөндийд нэвтэрч баруун уушгийг гэмтээсэн цээжний хөндийн цус, хийн хураагаар хүндэрсэн зүсэгдсэн шарх, арьсан доорх хийн хураа, дагзны хуйх, цээжний хананы зүсэгдсэн шарх, нүүр, зүүн мөрний зулгаралт...” хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч С.С-  нь “...Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч харамсан гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн амьдрал, хувийн байдлыг минь харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгч Э.С- гийн хувийн байдлын талаар гэрч Г.Энхбаяр “...Сэлэнгэ байнга хутгатай явдаг, 19 хавиар архи уугаад яваад байдаг. Хэдэн гороочингууддаа их даам гардаг, жаахан согтохоороо хатгана шүү гэж дарамталдаг гэж дуулдсан. ...” /хх 48/, гэрч П.Амарболд “...19 тэр хавьд анх танилцсан. Нэг жижигхэн бор хүүхэн архи уугаад явж байсан. Шоронгоос гараад 3-4 жил болж байна гэж ярьсан. ...” /хх 51/, гэрч Ө.Алтан-Өлзий, Р.Отгонбаяр нар “...Сэлэнгэтэй би 2018 оны 6 сард Петр Амраатай архи уугаад сууж байхад нь танилцсан. Өөрийгөө саяхан шоронгоос гарч ирсэн гэж ярьж байсан. 19 хавиар таардаг. ...” /хх 53, 55/ гэх мэдүүлгүүд өгчээ. Шүүгдэгч С.С- гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Д.Түвшингийн биед үүссэн шархнууд нь ир үзүүр бүхий зүйлийн гурваас цөөнгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 67/-ийг харгалзан шүүгдэгч С.С- д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Б.С- гийн хоёроос арван найман насны 3 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг байсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал /хх 46/,хохирогч Д.Түвшингийн “...санал гомдол байхгүй...” гэсэн /хх 88/ байдлыг тус тус харгалзан Б.С- анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Б.С- нь хоёроос арван найман насны 3 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг талаар давж заалдах гомдолдоо дурдсан байх боловч хавтас хэрэгт хүүхдүүдийн хувийн байдалтай холбоотой баримт авагдаагүй байх тул тэдний асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Б.С- гийн эгч Б.Цэндсүрэн гэрчээр мэдүүлэхдээ “...2007 онд нөхөр Саруултамир нь өвчний улмаас нас барсан. Хоёр хүүхэдтэйгээ бид нартай амьдарч байсан. ...2015 онд Бямбасүрэн гэх хүнтэй амьдарч байгаад 2016 онд нэг охин төрүүлж, тухайн охин нь Төв аймгийн Цээл суманд амьдарч байгаад хотод манай гэрт хэсэг амьдарсан. ...Охиноо дагуулаад архи, дарс уугаад байхаар нь аавд нь өгөөд явуулсан. ...” гэж /хх 45-46/, шүүгдэгч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт хүүхдүүдийнхээ талаар “...Нөхрийн ээж, аав дээр байгаа. ...Хөдөө 2 бага нь эмээ дээрээ байдаг. Том нь хотод оюутан болоод ирсэн. ...” гэж /хх 117-123/ мэдүүлжээ. Б.С- гийн мэдүүлгээс үзэхэд, хүүхдүүд нь хадам эцэг, эхийнх нь асрамжинд байх бөгөөд асран хамгаалагчийн талаар асуудал гарвал эрх бүхий этгээд Гэр бүлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Баатарын С- г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.С- г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.С- оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.С- оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

 

                       ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ