Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17ы өдрийн 313 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 01 дүгээр магадлалтай, Ш.М-д холбогдох 1934006590288 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт Шижээгийн Ш.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.М-ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Мад 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Э-ын эзэмшлийн “Нордбенз” загварын тээврийн хэрэгслийн үнэ 29,750,000 төгрөгийг шүүгдэгч Ш.Маас гаргуулж, улсын төсөвт оруулах,

Хэрэгт Ц.Э-ын эзэмшлийн “Нордбенз” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.М-ыг нэг жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дугаар заалтыг “2 жилийн” гэснийг “1 жилийн” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ш.М-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байгаа. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотлон тогтоох хуулийн шаардлагыг хангаагүй. Хэргийн зүйлчлэл, прокурорын яллах дүгнэлт нь эргэлзээтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо эд зүйлийн эзэмшигч, өмчлөгч мөн болохыг тогтоогоогүй. Шүүгдэгчид төлбөр ногдуулахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг агуулгаар гомдол гаргасан. 300.000 төгрөг шилжүүлээд 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өдрийн цагаар машин механизмтай суурийн блок, шигшүүр төмрийг ачиж авсан үйл баримттай шүүгдэгч маргадаггүй. Энэ бодит байдалд болсон асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайн гэмт хэрэг мөн үү, эсхүл мөн зүйлийн 2.4-д заасан хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэг мөн үү гэдгийг нотлон тогтоож хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа. 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь маргаантай байна. Учир нь Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны 300 дугаар тогтоолоор хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэг машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамруулан үздэггүй гэсэн тайлбар байдаг. Манаач аваарай гэхээр төлбөрийг төлөөд хулгайлах үйлдэл төгссөн гэж үзэж байгаа. Дараа нь машин механизм ашиглаж тохиролцсон зүйлээ авсан бодит байдал байгаа. Иймд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинж байхгүй байна. Хэрэв хулгайн гэмт хэрэг гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэх боломжтой байсан. Хулгайн гэмт хэрэг болон иргэний нэхэмжлэгчийн асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан байх шинжийг шаарддаг. Бодит нөхцөл байдалд харуул, хамгаалалт, манаач, хашаа, хаалга байхгүй. Манаач нь 1 км орчим зайд байдаг гэж хэлдэг. Бат-Өлзий гэрчтэй тохирсон асуудлын хувьд түүнийг шалгаж, нотлон тогтоох ёстой байсан асуудлыг шалгаагүй гэж үзэж байгаа. н.Б-д итгэж хулгайлах зорилгогүйгээр өдрийн цагаар эд зүйлийг авсан үйлдэл байгаа. Мөн түүний авсан блок, шигшүүр төмрийн өмчлөгч, эзэмшигч нь хэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Гангар инвенст ХХК-ийн манаач н.Ц гэдэг хүн гомдол гаргадаг. н.Ц тухайн компанийн манаач гэдэг баримт хэрэгт байдаггүй. Мөрдөгчөөс Гангар инвенст ХХК-ийн иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон. Тухайн эд зүйлийг Гангар инвенст ХХК эзэмшигч, өмчлөгч мөн эсэх асуудлыг мөн тогтоогоогүй. Түүнчлэн тухайн эд зүйл байсан газар хэний эзэмшил, ашиглалтад байдаг, газар эзэмшигч нь хэн болохыг нотлог тогтоогоогүй. Энэ асуудал иргэний эрх зүйн зохицуулалтаар явах байсан асуудлыг эрүүгийн хэрэг болгосон гэсэн үндэслэл харагдаж байгаа. Хохирогч өөрийн эд зүйл гэдгийг нотолж чадаагүй байхад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч эзэнгүй байсан эд зүйлийг авсан гэж үзэх үндэслэл бүрдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хулгайн гэмт хэргийн шинжийг няцааж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэл уг хэрэгт тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэ 29.750.000 төгрөгийг Ш.М-аас гаргуулж, улсын төсөвт оруулсугай гэсэн. Мөн 6 дахь заалтад бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай гэсэн. Хуулийн дээрх зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 29.750.000 төгрөгийг шүүгдэгч Ш.М-аас гаргуулсан шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Цар тахалтай холбоотойгоор хяналтын журмаар гаргасан гомдлоо Улаанбаатараас Төв аймаг явж Ш.Мад танилцуулж чадаагүй юм. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд карриарын ямар ч хашаа байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар Гангар инвенст ХХК-ийн карриар юм бол газрыг яаж эзэмшүүлсэн, тусгай зөвшөөрөл хэрхэн олгогдсон эсэх талаар баримт авагдаагүй. н.Ц-ын хашаанаас гэж яригддаг боловч хавтаст хэргийн 10 дугаар талд хэргийн газрын үзлэг зураг, тэмдэглэл авагдсан ба хоосон газар харагддаг ба хашаа ерөөсөө харагддаггүй. Ш.М-аас хашаатай байсан юм уу гэж асуухад огт хашаа байхгүй газар гэдэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр Алтанбулаг сумын тодорхойлолтыг авч өгсөн. Өмгөөлөгчийн хувьд Ш.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив, субъектив талын шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Хашаа, хороо байхгүй, эзэнгүй мэт байсан газар учир гээгдэл хөрөнгө гэж үзэж байна. Мөн Ш.Мын тухайн гэмт хэрэгт хандсан ухамсрын байдлыг авч үзвэл хохирол учруулахгүй гэж найдсан. 5-6 жил огт эзэнгүй байсан, хохирол учруулахгүй гэж найдсан, хөнгөмсгөөр хандсан, болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ш.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулж байгаа. Иймд Ш.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар гээгдэл эд хөрөнгийг завшсан гэж зүйлчлэх боломжтой байсан. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ашигласан тээврийн хэрэгсэл өөрийн өмчлөлд байна гэж заасан ба тухайн тээврийн хэрэгсэл нь Энхбатынх гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоосон. Ш.М-с, Ц.Э руу шилжсэн зүйл байхгүй учир улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ш.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн тохиолдол гараагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.М-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр заасан ба тус заалтыг давж заалдах шатны шүүх буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өнөөдрийг хүртэл гэм буруугийн талаар маргасаар байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хоёр шатны шүүх Ш.М-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, өмчлөгчийн хууль ёсны эзэмшлээс эд хөрөнгийг нь шүүгдэгч хэрхэн өөрийн хууль бус захиран зарцуулах боломжид шилжүүлж байгаа  талаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ. 

 

Өмчийн эсрэг гэмт хэрэгт гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөрт авахын тулд өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх байдлаар өөрийн хөрөнгөд тогтоосон хяналт, хамгаалалтыг хэрхэн няцаан алдагдуулж буй байдал нь хэргийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тодорхой төрлөөр зүйлчлэхэд гол нөлөө үзүүлэх хүчин зүйл юм.

 

Тухайлбал хулгайлах гэмт хэрэгт эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, дээрмийн гэмт хэрэгт хүч хэрэглэх буюу хэрэглэхээр сүрдүүлэх, залилах гэмт хэрэгт төөрөгдүүлэн мэхлэх байдлаар эд хөрөнгийг өөрийн мэдэлд авдаг ба аль ч тохиолдолд энэ нь идэвхтэй үйлдэл байх ёстой. 

 

Харин завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн хяналтад хууль, гэрээний дагуу шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах санаа гэмт этгээдэд бий болдгоороо онцлог юм.

 

Өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс хаягдаж орхигдох эсвэл хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүйгээс, мөн хөндлөнгийн хүчин зүйлээс хамааралтайгаар эд зүйл энэхүү хяналт, хамгаалалтаас гадуур байсан үед эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авсан бол   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба уг зүйл, хэсэгт тодорхойлсон “алдаатай”, “андуурагдсан”,  “гээгдэл” гэх нэр томъёо нь цогцоороо хууль ёсны эзэмшигч тодорхой нөхцөл байдлын улмаас эд хөрөнгөдөө хяналт, хамгаалалт хэрэгжүүлээгүй байсан үед шүүгдэгч хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан бөгөөд харин эд хөрөнгийн хяналт, хамгаалалтыг няцаах, алдагдуулах ноцтой, идэвхтэй үйлдэл хийгээгүй гэж ойлгоно.

 

“Гангар инвест” ХХК-ийн эзэмшлийн гэх швеллэр, булан төмөр, суурийн блок зэрэг нь өмнөх барилгын үлдэгдэл материал гэж харагдахуйц, хэзээ, хэн гэгч этгээд орхисон, хадгалсан эсэх нь тодорхойгүй, зориулалтын тор, хашаа зэрэг харуул хамгаалалтгүй, тус компанийн манаач гэх П.Ц нь тухайн эд хөрөнгөөс тодорхой зайтай мал аж ахуй эрхэлдэг малчны хувьд  хамгаалалтын арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал байсан, шүүгдэгч уг эд хөрөнгийг ил аргаар авч завшсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ц.Э-ын эзэмшлийн “Нордбенз” загварын тээврийн хэрэгслийн үнэ 29,750,000 төгрөгийг шүүгдэгч Ш.М-аас гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүгдэгч Ш.М-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, уг зүйл, хэсэгт зааснаар түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг хоригдсон хоногт нь дүйцүүлэн тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17ы өдрийн 313 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 01 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:

 

“Прокуророос шүүгдэгч Ш.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-г 720 /долоон зуун хорь/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.М-н цагдан хоригдсон 214 /хоёр зуун арван дөрөв/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцоход уг ялыг эдэлж дууссан байх тул түүнийг нэн даруй сулласугай.

 

            3. Шийтгэх тогтоолын 4, 5 дахь заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.  

 

 

          ДАРГАЛАГЧ                                                   С.БАТДЭЛГЭР

          ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

              Ч.ХОСБАЯР

              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН