Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01314

 

 

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01314

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01832 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: А ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Монголбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэмөнх, М.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай компани нь А ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах, захиалагч талаас гүйцэтгэсэн ажлын хөлс төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Манай компани гэрээний дагуу зураг төслийн ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний урьдчилгаанд 1,000,000 төгрөг авсан боловч үлдэгдэл 15,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн захиалагч буюу хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт ажил 11980 метр шилэн кабель татах зураг төсөл-ийн ажлыг манай компаниар гүйцэтгэхээр болж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 15,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг нэмэлт ажлын урьдчилгаанд 4,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 11,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Бидний зүгээс тохиролцсон уг нэмэлт ажил болох 11980 метр шилэн кабель татах зураг төслийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Энэ ажил дээр тусдаа гэрээ эсхүл гэрээний нэмэлт байдлаар бичгээр үйлдсэн зүйл байхгүй боловч хийх ажил, гэрээний үнийг хэрхэн тохиролцсон болох нь 1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн протоколын хүснэгтийн гэрээний хэрэгжилт гэсэн хэсэгт бичгээр баталгаажсан байдаг. 1 дугаартай гэрээ дүгнэсэн протокол гэсэн баримтыг манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Т.Э компанийн өмнөөс тохиролцож, илт хүчин төгөлдөр бус тохиролцоо хийсэн байна. Уг гэрээ дүгнэсэн протоколд нэгэнт ажил нь гүйцэтгэгдэж дууссан 1 гэрээг цуцалж, дахиад шинэ хийх ажлын хөлсийг төлөхгүй, тооцоо дууссан байдлаар, ямар нэгэн маргаангүй, А ХХК-аас төлбөр нэхэмжлэхгүй байх зэргээр гэрээний нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан, Б ХХК-д илтэд хохиролтой, шударга ёсны зарчимд үл нийцсэн баримт бичиг үйлдсэн байна. Иймд энэхүү гэрээ дүгнэсэн протокол нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ажлын хөлсийг төлөхгүй байхаар протоколд бичсэн болон ажлыг гүйцэтгээд урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцааж төлөөд, үлдэх төлбөрийг нэхэмжлэхгүй байхын тулд хариуцагч тал хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшилсан зэргийг аль алийг нь агуулж байна. Иймд А ХХК болон Б ХХК-ийг төлөөлж Т.Э нарын үйлдсэн 1 гэрээг дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт гэх хэсгийн ...1 гэрээг цуцалж...үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөгийг А ХХК-аас нэхэмжлэхгүй болохыг үүгээр баталгаажуулав, мөн энэхүү гэрээний дагуу А ХХК-аас Б ХХК-д олгосон нийт урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөгийг Б ХХК нь зураг төслийн санхүүжилтийг хүлээн авсны дараа ажлын 5 хоногт багтаан А ХХК-д эргүүлэн олгохыг санал болгож, саналыг харилцан эөвшөөрөв, гэрээний хэрэгжилтийн талаар ямар нэгэн маргаан үл ойлголцол үүсээгүй болохыг талууд харилцан баталгаажуулав гэсэн хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 15,200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт ажил 11980 метр шилэн кабель татах зураг төслийн ажлын үлдэгдэл төлбөр 11,200,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээ нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан. Тус гэрээний 6.2-д Захиалагчийн өмнө зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниуд нь /Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь/ нэг баг болж, хамтран хатуу хариуцлага хүлээж ажиллана, гэрээний 6.3-д Ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчаас туслан гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс удирдамж, зааврыг хүлээн авах эрхтэй бөгөөд уг удирдамж, зааврыг туслан гүйцэтгэгч биелүүлэх үүрэгтэй болно гэсэн байна. Иймээс захиалагч гэдэг нь энэ гэрээний хувьд гуравдагч тал болох нь гэрээнд тодорхой тусгагдсан байна. Нэхэмжлэгч нь хийсэн ажлаа А ХХК-д хүлээлгэж өгөөгүй, захиалагчид хүлээлгэн өгсөн гэсэн, тэгэхдээ ажлаа захиалагчид хүлээлгэн өгсөн акт баримт шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч Б ХХК нь захирал Т.Эын баталсан, 1 дугаартай гэрээг тамга тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд хүчин төгөлдөр хэмээн үзэж, төлбөрийн зөрүүг нэхэмжилсэн байна. Мөн энэхүү гэрээг дүгнэсэн протоколыг захирал Т.Э нь Б ХХК-ийг төлөөлөн үйлдсэн бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажсан байна. Гэтэл нэхэмжлэгч талаас Т.Э захирлын байгуулсан гэрээ нь хүчинтэй боловч, Т.Э захирлын үйлдсэн гэрээ дүгнэсэн протокол нь хүчингүй хэмээн тайлбарлаж байгаа нь зөрчилтэй байна. Мөн эдгээр баримт бичгүүдэд Т.Эын албан тушаалыг захирал гэсэн бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажсан байгаа. Захирал Т.Эт захирал Э.Бын олгосон итгэмжлэх, гэрчилгээ, компаний дүрэм зэрэг нь гэрээ байгуулагч талд өгөгдөөгүй тул Б ХХК-ийн захирал нь Т.Э уу, Э.Б уу гэдгийг бид мэдэх боломгүй юм. Гэрээний хоёр талын, компанийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан баримт бичгийг, нэг талын санаачлагаар хүчингүй гэж үзэх үндэслэлгүй юм. 1 дугаар бүхий гэрээг дүгнэсэн протоколд төлбөр авах цэгийн зураг төслийг Зам тээвэр хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн хэмээн тэмдэглэгдсэн байгаа бөгөөд төлбөрийг яамнаас барилгын ажил хийгдэх үед нь олгох тухай тэмдэглэсэн байна. Мөн нэмэлт ажил болох шилэн кабель татах ажлын зургийг Б ХХК хийлгэх бөгөөд түүний урьдчилгааг Б ХХК-ийн хүсэлтээр А ХХК нь түр хугацаагаар төлж, кабель шилжүүлэх зураг төслийг боловсруулах ажпыг хийлгэж эхлэх боломжоор хангасан байна. Харин эдгээр ажлын барилгын ажил хийгдэж, баригдсаны дараа холбогдох төлбөрийг болон урьдчилан төлсөн төлбөрөө Б ХХК-аас нэхэмжлэх боломж үүсэх болно. Одоогоор Улаанбаатар-Дарханы зам барих ажил удааширч, төлбөр авах цэгийн барилгын ажил эхлээгүй байна. Иймд дээрх үндэслээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-аиас 11,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон 15,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 194,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс Гэрээ дүгнэсэн протокол-ын холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаан дээр 56.1.8 дахь заалтад заасныг хууль зүйн үндэслэлээ болгохгүй гэдгээ хэлээд 56.1.1 дэх заалтад заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэсэн үндэслэлээрээ мэтгэлцсэн. Гэрээ дүгнэсэн протокол-ын Гэрээний биелэлт, тайлбар, шийдвэрлэлт гэсэн хүснэгтэд нэмэлтээр хийгдэж буй ... 11980 метр шилэн кабель татах зураг төсөл, төсвүүдийг ... Зам, тээвэр хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн байна гэж бичсэнээс үзвэл талуудын хооронд шилэн кабелийн нэмэлт ажил хийгдсэн нь тодорхой харагддаг. Шүүхээс ч энэхүү протоколыг хүчин төгөлдөр гэж үзсэн. Талууд харилцан тохиролцоод нэмэлтээр шилэн кабелийн зураг төсөл боловсруулахаар болсон, боловсруулаад дууссаны дараа яам уг ажлыг явуулахаа болиод, зураг төслийн төсвийг татсан байна. Иймд А ХХК уг ажил дээр төсөвгүй болсон тул Б ХХК-ийн гүйцэтгэлд төлбөр төлөхгүй гэсэн. Иймд Б ХХК нь А ХХК-аас төлбөрөө нэхэмжилж, А ХХК нь Зам тээвэр хөгжлийн яамнаас төлбөр, хохирлоо нэхэмжлэх нөхцөл байдал үүссэн байна. Гэтэл шүүхээс уг нэмэлт ажлын хөлсийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нэмэлтээр гүйцэтгэсэн ажил болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын 11980 метр шилэн кабелийн зураг төсөл-ийг бүрэн эх хувиар нь уг хэрэгт гаргаж өгсөн. Хэргийн 23 дугаар талд байгаа уг зураг төслийг зөвшөөрч Зам тээвэр хөгжлийн яамны ТЗДТХЗГ-ын дарга, АЗБХЗГ-ын дарга нар болон бусад холбогдох албан тушаалтнууд хүлээн авч баталсан байдаг. Гэтэл шүүхээс хаана, хэнд зориулж хийсэн зураг гэдэг нь харагдахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч компани хэний ч захиалгагүйгээр, өөрөө сайн дураараа шилэн кабелийн бүхэл бүтэн зураг төсөл боловсруулаад дуусгасан байхгүй нь ойлгомжтой. Мөн шүүх хэрэгт өгсөн Шилэн кабелийн зураг төслийг экспертизээр баталгаажуулаагүй, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй гэж үгүйсгэж байгаа нь буруу юм. Учир нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг тендерээр хэрэгжүүлж буй ерөнхий гүйцэтгэгч нь хариуцагч А ХХК бөгөөд нэхэмжлэгч Б ХХК туслан гүйцэтгэгч юм. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар зураг төсөлд магадлал хийх ёстой. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Барилгын ажил гүйцэтгэгч-ийн чиг үүргийг заасан бөгөөд 40.1.18-д барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажпын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах гэж, 40.1.23-д гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх гэж заасан. А ХХК нь Б ХХК-ийн хувьд захиалагч юм. Иймд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-т зааснаар үүргийг захиалагч буюу А ХХК хэрэгжүүлэхээр заасан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Гэрээ дүгнэсэн протокол-ын эхний хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа атлаа уг протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь учир дутагдалтай гэжээ. Гэрээ дүгнэсэн протокол-ын үнэн зөв бичигдсэн зүйлсийг хүлээн зөвшөөрч, манай компанид мөнгө өгөхгүй байхаар бичсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа гэж маргасан. Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус байж болно.

Анхан шатны шүүх дотоод итгэл үнэмшлээрээ Гэрээ дүгнэсэн протокол-ын холбогдох хэсэг нь шударга ёсны хэм хэмжээг зөрчиж үү, үгүй юу гэдгээ шийдвэрлэх ёстой байтал нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ гэх бэлэн тодорхой зүйлийг шаардсан агуулгатай тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хууль зөрчсөн гэх үндэслэлийн хувьд нэхэмжлэлдээ бичсэнчлэн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж шүүх хурал дээр шүүгч асуухад хариулсан болно. Шүүхийн энэхүү дүгнэлт болон гэрээ дүгнэсэн протокол-оос үзвэл нэмэлт ажил болох шилэн кабелийн зураг төслийн ажлыг А ХХК-ийн захиалгаар Б ХХК гүйцэтгэсэн болохыг харуулж байгаа юм. Гэхдээ шүүх нэмэлт ажлын төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна уу, эсвэл талуудын хооронд Шилэн кабелийн зураг төсөл гүйцэтгэх, гүйцэтгүүлэх харилцаа үүсээгүй гэж үзэж байна уу гэдэг нь тодорхойгүй 2 үзүүртэй дүгнэлт хийсэн. Энэ нь шүүхийн шийдвэрт эргэлзэх, хүлээн зөвшөөрөхгүй байх бас нэг шалтгаан болж байна. Гэрээ дүгнэсэн протокол-ын зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага биш байж болох ч түүний үр дагаврыг бас шаардаж буйн хувьд нийт 26,400,000 төгрөгийг хангуулах хангалттай хууль зүйн үндэслэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...нэхэмжлэлээс үлдэх ...хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төсөлд болон уг гэрээний нэмэлт ажил 11980 метр шилэн кабель татах зураг төслийн ажлын зургийг гүйцэтгэсэн эсэхэд маргаж үүнтэй холбоотой нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

4. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зам, тээврийн хөгжлийн яамнаас ...Дархан-Уул аймгийн МХС ХХК-ийн байрнаас Дархан-Эрдэнэт-Улаанбаатарын уулзварт баригдах төлбөр авах цэгийн барилга хүртэлх 11980 метр шилэн кабель татах ажлын явцын талаарх тайлбар мэдээлэл, түүнтэй холбоотой баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2022/04712 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/1082 дугаар албан бичгээр ...Дархан-Уул аймгийн МХС ХХК-ийн байрнаас энэхүү төлбөр авах цэгийн барилга хүртэлх 11980 у/м шилэн кабель татах ажил өнөөдрийн байдлаар хийгдэж эхлээгүй байна гэжээ.

5. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга нь энэ хэргийн маргааны зүйл болж буй 11980 метр шилэн кабель татах зураг төслийг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн эсэх, хийж гүйцэтгэсэн бол хэний захиалгаар хийж гүйцэтгэсэн болон хүлээлгэн өгсөн эсэхийг тус тус нотлох зорилготой байхад шүүх уг хүсэлтийн агуулгыг тодруулалгүйгээр дээрх албан бичигт ...11980 у/м шилэн кабель татах ажил өнөөдрийн байдлаар хийгдэж эхлээгүй байна гэснийг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

5.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Гэтэл шүүгчийн захирамжийн дагуу холбогдох байгууллагаас ирүүлсэн нотлох баримтад ...11980 у/м шилэн кабель татах ажил өнөөдрийн байдлаар хийгдэж эхлээгүй байна гэснийг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай буюу маргаанд хамааралтай нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, дээрх албан бичигт дурдагдсан мэдээлэл нь хэрэгт хамааралгүй байхаас гадна хүсэлтийн агуулгад нийцээгүй байна.

6. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01832 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 304,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН