Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2022/0445/З |
Дугаар | 001/ХТ2023/0009 |
Огноо | 2023-02-06 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2023/0009
“М э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын
Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: А.Гантогтох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 621 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2022/0723 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Ч.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А (цахимаар) нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “М э” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгуулах” нэхэмжлэлийг гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “М э” ХХК-д Д аймгийн Г сумын *** нэртэй газарт орших 3306.27 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ... дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, энэхүү зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болохоор тусгагдсан. “М э” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргасан байх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8/2165 дугаар албан бичгээр “... хугацаа дуусахаас 1 сарын өмнө эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.
2.1. Нэхэмжлэгч “М э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ts P P нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхээр БНХАУлс руу явсан боловч ковидоор өвдөж, тусгаарлалтад орсон, өнөөдрийг хүртэл Монгол Улсад буцаж ирж чадаагүй ...” гэж тодорхойлон, улмаар “... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар материалаа өгөхөд өргөдлийг аваад бусад материалыг буцаасан, хүндэтгэн үзэх шалтгаан буюу Ts P P-аас өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн байхад түүнийг харгалзаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй ... ” гэж маргасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах, өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна, ... Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь аливаа этгээд рүү чиглэсэн, ялангуяа сөрөг үйлчлэлтэй захиргааны акт гаргах нөхцөлд заавал уг этгээдийг сонсох ажиллагаа явуулах ёстой, ... түүнчлэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн өргөдөлд, түүнд хавсаргасан баримтыг өргөдөл гаргах хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр тухайн байгууллагын бичиг хэргийн болон мэдээлэл лавлагааны ажилтан нь хүлээн авахаас татгалзах эрх түүнд хуулиар олгоогүй тул ийнхүү уг ажилтан хүлээн авдаггүй үйлдэл нь илт хууль бус, ... нэхэмжлэгч талаас тус компанийн гүйцэтгэх удирдлага Ts P Р-ийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 18-ний өдрийн хооронд гэрийн хөл хорио бусад хорионд байсан нь ... баримтуудаар тогтоогдож байна. Энэ үйл баримтыг шүүх давагдашгүй хүчин зүйлийн улмаас төрийн захиргааны байгууллагад хандах, өргөдлөө гаргах, өргөдөлд хавсаргах баримтыг бүрдүүлэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл мөн гэж үзнэ, ... хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үндэслэлүүдийг гаргаж мэтгэлцсэн бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахыг шүүх даалгах нь ... хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан эрх хэмжээнд халдах тул ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл агуулгад нийцүүлэн тус компанийн гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ ...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй байхад анхан шатны шүүхээс ... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т нийцэхгүй байна, ... Хариуцагчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй тул түүнд захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх үндэслэл байхгүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн дуусах хугацаанаас 1 сарын өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө хэдийд ч сунгуулах хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргаж болно. Өөрөөр хэлбэл, “М э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ts P P нь Монгол Улсад байхдаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хүсэлт гаргах эрх олгох боломжтой байсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн явдалд төрийн захиргааны байгууллагыг буруутгаж болохгүй ...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Ч.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-гаас “... Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанаас өмнө хүсэлт гаргаагүй бол сунгахгүй эсхүл хүчингүй болгох хуулийн зохицуулалт, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байхад татгалзаж буй үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, үндэслэлгүйгээр хохироож байна гэж үзсэн.
6.1.1. Давж заалдах шатны шүүх хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг хэрэглэсэн нь энэ тохиолдолтой нийцэхгүй. Учир нь, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн талаар үйл баримт болон маргаантай зүйл байхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хугацаа сунгах хүсэлт гаргах хугацаа хэтрүүлсэн гэх заалт байхгүй ба хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үүрэгтэй байсан. Хариуцагч эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар, хуульд зааснаар ч тогтоогддог, хариуцагчийн буруугаас тусгай зөвшөөрлийн хуулийн хугацаа дууссан.
6.1.2. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар хэрэгт нотлох баримт гаргаж өгсөн, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бодит нөхцөл байдалтай харьцуулж үнэлэхгүйгээр урьдчилж өгөх боломжтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан, манай тохиолдол нь дээрх хууль болон бусад хууль, тайлбарт заасан нөхцөл байдалтай нийцэж байна.
6.1.3. Нэхэмжлэгчээс хариуцагч талд гаргасан хүсэлт, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбарлаж, энэ нь баримтуудаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас гадуур “хүндэтгэн үзэх шалтгаангүй байна” гэж шийдвэрлэсэнд гомдолтой ...” гэх агуулгаар гомдол гаргасан.
6.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П-гээс “... Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, холбогдох хуулийн зүйл заалтуудыг анхан шатны шүүхийн тайлбарласнаас өөрөөр тайлбарласан. Хэргийг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг агуулгын хувьд буруу тайлбарлаж хэрэглэсэн, тус заалт нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 31 хоног ч биш 32 хоног ч биш аль эсвэл 60 хоног ч биш яг 30 хоногийн өмнө гаргахаар нарийвчлан зохицуулж хуульчилсан заалт юм.
6.2.1. Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг хууль зүйн хувьд дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх нотлох зарчим болон нотлох баримтыг үнэлэх хуулийн үүргээ үл биелүүлж хэрэгт үндэслэлгүй дүгнэлт хийсэн, энэ нь нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд нөлөөлсөн, хэт нэг талыг барьсан.
6.2.2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “М э” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ts P P тохиолдсон нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж дүгнэсэн нь буруу. Хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн ойлголт нь Монгол Улсын хууль болон Монгол Улсын дээд шүүх албан ёсоор тайлбарласан эрх зүйн ойлголт. Хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” зөвлөмжийн 2.1-д тодорхой заасан ... ” гэх агуулгаар гомдол гаргасан.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-гаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана” гэж тус тус төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болон Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны тусгай зарчмыг заасан.
10. Төрийн байгууллага, албан тушаалтан гагцхүү хуульд заасан эрхийн хүрээнд, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах нь “хууль ёсыг сахих” буюу “төрийн байгууллага албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох, иргэнд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрөх” эрх зүйт ёсны зарчмаас эх үндэстэй, энэ тохиолдолд хариуцагчид өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх хуулиар олгогдоогүй байна.
11. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.
12. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй; харин эсрэгээр өргөдлийг хүлээн авч, хуульд заасан буюу мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 (иш татсан диспозицээр 7.1), 31 дүгээр зүйлд (мөн иш татсан диспозицээр 32, 33 дугаар зүйл) заасан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, зардлын доод хэмжээг зарцуулан баталгаажуулах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгожээ.
13. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзах биш, харин өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хугацааг сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заажээ.
14. Үүнтэй холбоотой Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолд “... Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ...” гэж заасан нь нэхэмжлэгчид хуулиар ногдуулсан үүрэг боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй нь өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг хариуцагчид олгож байгаа хуулийн зохицуулалт биш бөгөөд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн “хугацааг дуусгавар болтол хүлээх” хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх эрх зүйн үндэслэл ч биш юм ... дээрх хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаандаа гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг хариуцагч байгууллага хүлээн авч, уг өргөдөл нь шаардлага хангасан эсэх талаар хариуг бичгээр өгөхөөр байхад давж заалдах шатны шүүхээс “хуулийн шаардлага хангасан өргөдлийг хариуцагч хүлээн авах ёстой” гэж нэхэмжлэгчийн эрхийг дордуулан тайлбарлаж, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна” гэж; Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тогтоолд “... өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү хугацаандаа гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг захиргааны байгууллага нягтлах боломжтой, хугацааг сунгах, сунгахаас татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах хүртэл тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байна гэж ойлгоно ...” гэж; Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 208 дугаар тогтоолд “... Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хамгаалагдах тул тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нь түүнийг сунгуулах тухай өргөдлөө гаргах эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгосон ...” гэж тус тус дүгнэсэн.
15. Гэтэл давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, ... “М э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ts P P нь Монгол Улсад байхдаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хүсэлт гаргах эрх олгох боломжтой байсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн явдалд төрийн захиргааны байгууллагыг буруутгаж болохгүй ...” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
16. Анхан шатны шүүх энэ талаар: “... 22 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ 1 сарын өмнө гаргаагүй бол уг тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах, өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг төрийн захиргааны байгууллагад олгоогүй ... аливаа этгээдээс гаргасан өргөдөл, түүнд туссан асуудал, хавсаргасан баримтуудын талаар дүгнэлт хийх энэ шийдвэрийг гаргах эрхтэй болоод үүрэгтэй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хугацаа хэтэрсэн өргөдөлд хавсаргасан баримтыг нэг цэгийн үйлчилгээн дээр мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авахгүй байх нь зөв гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн үйлдэл ...” гэж зөв дүгнэжээ.
17. Нөгөө талаас, нэхэмжлэгчээс хуулийн дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй боловч тусгай зөвшөөрлийн хүчинтэй байхад буюу 2022 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдөр “компанийн удирдлага ... Ts P P нь Ковид-19 цар тахлын улмаас Хятад улсад хөл хорионд орсон ...” гэсэн үндэслэл зааж тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан бөгөөд энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, хариуцагч талаас маргаагүй, өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг дурдах нь зүйтэй.
18. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Ч.П нарын гаргасан хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2022/0723 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Ч.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ