Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 118

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Ууганбаярт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Пүрэвтогтох,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 8 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн 201626031265 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Бөөчүүд овогт Нармандахын Ууганбаяр, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-317 тоотод оршин суух бүртгэлтэй,

 

          Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УЗ88082554/,   

 

          Н.Ууганбаяр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12-15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-318 тоотод оршин суух иргэн Н.Гантөмөрийн байшинд цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн орж “Хас” зуух хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Н.Ууганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Н.Ууганбаярыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Ууганбаярт 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Н.Ууганбаярт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэмтэй бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Ууганбаярын цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг усны тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комист” даалгаж, эрүүгийн 201626031265 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Н.Ууганбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хүлээн авч хянавал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “…шүүгдэгч Н.Ууганбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай…” гэж, 9 дэх заалтад “…шүүгдэгч Н.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй…” гэж заасан байгаа нь шүүгдэгч Н.Ууганбаярт ямар таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн эсэх нь ойлгомжгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Н.Ууганбаяр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12-15 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-318 тоотод оршин суух иргэн Н.Гантөмөрийн байшинд цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн орж “Хас” зуух хулгайлан авч, 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Гантөмөрийн “…2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр гэртээ очтол байншингийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэж ороод төслөөр авсан “Хас” зуухыг хулгайлсан байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан зуухаа буцаан авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-19-20/,

Гэрч Г.Энхтайваны “...Хулгай хийсэн талаараа Н.Ууганбаяр надад 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хэлсэн. Манай гадаа ирээд намайг дуудаад байхаар нь би гарсан. Тэгэхэд Н.Ууганбаяр согтуу, би Н.Гантөмөр ахын байшингаас төслийн зуухыг нь хулгайлсан, худалдаж авдаг хүний дугаар байна уу гэж надаас асуусан. ...Би Н.Ууганбаярт Н.Гантөмөр ахын гэрээс хулгай хийх хэрэггүй байсан юм, авсан зуухаа буцаагаад оруулаад тавьчих гэж хэлсэн. Тэгтэл Н.Ууганбаяр би өөрөө мэдэж байна гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэснээ намайг бүлэглэн үйлдсэн гэх байх гэж бодоод айгаад хэлээгүй. Учир нь би өөрөө урьд өмнө хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан юм...” /хх-27-28/,

Н.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өмнөх өдөр найз Г.Энхтайвантай хамт архи уусан байсан учраас өглөө согтуу гэртээ сэрсэн. Шараа тайлахаар гэрээсээ 09-10 цагийн орчим гарсан. Надад мөнгө байсан учраас дэлгүүрээс 1 шил архи аваад Энхтайванг гэрээс нь дуудаж архиа гудамжинд хувааж уусан. ...Яаж мөнгө олж архи уух вэ гэж би бодсон. Тэр үед манай баруун талын айл болох Н.Гантөмөр ахынх эзэнгүй байсан. Би Н.Гантөмөр ахынх эзэнгүй байгаа, тэднийхээс аваад зарчих юм юу байгаа билээ гэж бодсон. “Хас” зуухаас өөр зүйл байхгүй юм байна гэж бодсон. ...Тэгээд нэг мэдэхэд гэртээ унтаж байгаад гарч Н.Гантөмөр ахын байшингийн цоожийг татаж онгойлгон орж дотроос нь “Хас” зуухыг нь аваад хашаандаа оруулж нүүрсний амбаарын урд тавиад гэртээ ороод буцаад унтсан. ...Уг зуух их хүнд байсан тул би гэрийн үүдэнд байсан усны тэргээ оруулж ирээд дээр нь зуухаа ачиж авч гарсан. ...Би согтуу байсан учраас тэр зуухыг зарж мөнгөөр нь архи авч ууя л гэж бодсон...” /хх-45-47, 51-52/ гэх мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх-6-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Н.Ууганбаярын үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял шийтгэл оногдуулсан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Харин анхан шатны шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолын 9 дэх заалтад ялтанд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрүүтэй байдлаар буруу бичсэн алдаа гарсан байх ба энэхүү заалтад өөрчлөлт оруулах талаар бичсэн прокурор Н.Пүрэвтогтохын улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг...” гэснийг “...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

 ШҮҮГЧИД                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              Д.МЯГМАРЖАВ