Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 31

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Н.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД: 0-497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бөөчүүд овогт Нармандахын Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031265 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-317 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсон хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бөөчүүд овогт Нармандахын Ууганбаяр /РД: УЗ88082554/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ууганбаяр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12-15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 8-318 тоотод оршин суух иргэн Н.Гантөмөрийн байшинд цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн орж “Хас” зуух хулгайлан авч бусдад  300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Ууганбаяр: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Гантөмөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ очтол байншингийн үүдний амбаарын хаалганы цоожийг эвдэж хулгайч орж төслөөр авсан Хас зуухыг хулгайлсан байсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан зуухаа буцаан авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Гэрч Г.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хулгай хийсэн талаараа Ууганбаяр надад 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хэлсэн. Манай гадаа ирээд намайг дуудаад байхаар нь би гарсан. Тэгэхэд Ууганбаяр согтуу, би Гантөмөр ахын байшингаас төслийн зуухыг нь хулгайлсан, худалдаж авдаг хүний дугаар байна уу гэж надаас асуусан. ...Би Ууганбаярт Гантөмөр ахын гэрээс хулгай хийх хэрэггүй байсан юм, авсан зуухаа буцаагаад оруулаад тавьчих гэж хэлсэн. Тэгтэл Ууганбаяр би өөрөө мэдэж байна гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэснээ намайг бүлэглэн үйлдсэн гэх байх гэж бодоод айгаад хэлээгүй. Учир нь би өөрөө урьд өмнө хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан юм...” /хх-ийн 27-28/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өмнөх өдөр найз Энхтайвантай хамт архи уусан байсан учраас өглөө согтуу гэртээ сэрсэн. Шараа тайлахаар гэрээсээ 09-10 цагийн орчим гарсан. Надад мөнгө байсан учраас дэлгүүрээс 1 шил архи аваад Энхтайванг гэрээс нь дуудаж архиа гудамжинд хувааж уусан. ...Яаж мөнгө олж архи уух вэ гэж би бодсон. Тэр үед манай баруун талын айл болох Гантөмөр ахынх эзэнгүй байсан. Би Гантөмөр ахынх эзэнгүй байгаа, тэднийхээс аваад зарчих юм юу байгаа билээ гэж бодсон. Хас зуухаас өөр зүйл байхгүй юм байна гэж бодсон. ...Тэгээд нэг мэдэхэд гэртээ унтаж байгаад гарч Гантөмөр ахын байшингийн цоожийг татаж онгойлгон орж дотроос нь Хас зуухыг нь аваад хашаандаа оруулж нүүрсний амбаарын урьд тавиад гэртээ ороод буцаад унтсан. ...Уг зуух их хүнд байсан тул би гэрийн үүдэнд байсан усны тэргээ оруулж ирээд дээр нь зуухаа ачиж авч гарсан. ...Би согтуу байсан учраас тэр зуухыг зарж мөнгөөр нь архи авч ууя л гэж бодсон...” /хх-ийн 45-47, 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэрэг учралын газарт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-13/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35/,

- Шүүгдэгч Н.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 54/,

- Тодорхойлолт /хх-ийн 61/,

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-82/

- Шүүгдэгч Н.Ууганбаярын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Эрдэнэ /хх-ийн 23-25/, Б.Лхагвадорж /хх-ийн 26/ нарын мэдүүлгүүд зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.Ууганбаяр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12-15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-318 тоотод оршин суух иргэн Н.Гантөмөрийн байшинд цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтрэн орж “Хас” зуух хулгайлан авч бусдад  300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Гантөмөр, гэрч Г.Энхтайван нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Н.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ууганбаярыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Гантөмөрт 300,000 төгрөгийг хохирол учирсан ба түүнд “Хас” зуухыг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 17/, хохирогч Н.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...алдсан зуухаа буцааж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” /хх-ийн 19-20/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохиролгүй болно.

 

Шүүгдэгч Н.Ууганбаяр нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Ууганбаярт ял оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.Ууганбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон /хх-ийн 109/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг усны тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комист” даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бөөчүүд овогт Нармандахын Ууганбаярыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Бөөчүүд овогт Нармандахын Ууганбаярт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 03 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

                

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэмтэй бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаярын  цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг усны тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комист” даалгасугай.

 

6. Эрүүгийн 201626031265 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ууганбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР