Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00186

 

 

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00186

 

 

М ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03471 дугаар шийдвэртэй

Хүсэлт гаргагч: М ХХК-ийн хүсэлттэй

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэгч: Х ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Хүсэлт гаргагчийн дампуурсанд тооцож, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох тухай хүсэлттэй, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 67,697,275 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 60,240,221 төгрөг, Х ХХК-ийн 410,665,186 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 74,780,990 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ЙЦ, Ц.Ц, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болорцэцэг, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 М ХХК нь 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа буюу бараа импортлон худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч валютын ханш өссөнөөс ам.доллароор авсан зээлийн ханшийн зөрүү нэмэгдэж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн. Мөн үйлдвэрлэгч Axis communication компаниас дистрибьютер эрхийг цуцалж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад худалдаалах эрхийг олноор олгосноор 2015 оноос хойш үйл ажиллагаа доголдож эхэлсэн.

2005 оноос 2019 онуудад тус компанийн өмнөх эзэмшигч С.Б Х ХХК-аас өөрийн болон хамаатан садны орон сууцуудыг барьцаалан авсан 2,920,434,224 төгрөгийн зээлээ төлж чадахгүйд хүрснээс 2,620,434,224 төгрөгийн зээлийн төлбөрт оффисын зориулалттай 5 давхар барилга, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоот орон сууц, авто зогсоолоор хаахаар банктай тохиролцсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ20188/01059 дугаар захирамж гарсан ба энэ асуудал одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа.

1.2 М ХХК нь дээрх зээлийн төлбөрүүдээс үүдэн ямар ч өөрийн хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болсон. Тус компанийг босгох, эсхүл худалдаж бага ч гэсэн ашиг олох зорилготойгоор 2019 онд С.Зүчээс компанийг шилжүүлэн авсан боловч чадсангүй. Тус компани 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. 2017 оны 10 сарын байдлаар татварын хэлтэст 43,664,224.41 төгрөгийн, нийгмийн даатгалд 40,452,454.73 төгрөгийн, УБЦТС ТӨХК-д 8,024,767 төгрөгийн, МХС ХХК-д 5,855,740 төгрөгийн, Б ХХК-д төгрөгийн 74,780,990 төгрөг, Х /ОНӨААТҮГ/-т 905,379,647 төгрөгийн, нийт 1,486,331,989.14 төгрөгийн өр төлбөртэй, авлагагүй.

Иймд дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1 М ХХК-ийн өр төлбөр нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 190,748,653.22 төгрөг байна. Дээрх өр төлбөр нь 2015 оноос үүссэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн өр. Татварын алба татварын өрийг төлүүлэхээ ажиллагаа хийж татвар төлөгчид татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн татварын өр төлбөрийг тооцоолж үзэхэд 67,697,275 төгрөгийн өртэй байна. Иймд хариуцагч М ХХК-аас татварын өр төлбөрт 67,697,275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 М ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын 20,845,649.87 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үнэ 38,620,375.65 төгрөг, авто тээвэр болон өөрөө явагч тээврийн албан татварын өр 112,000 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварт 658,096.1 төгрөг, агаарын бохирдлын төлбөрийн үлдэгдэл 100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст төлөх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй ба татварын алба төлөх ёстой өр төлбөрөө барагдуулах талаар татвар төлөгчид нэхэмжлэл хүргүүлсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 60,240,221 төгрөгийг М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1059 тоот захирамжаар М ХХК-аас Х ХХК-д нийт зээлийн гэрээний үүрэгт 408,174,176 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,289,020 төгрөгийг тус тус аргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор талууд харилцан тохиролцсоныг шүүгчийн захирамжаар баталсан. Шүүгчийн захирамжийг хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан хугацаагаар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.Бйн өмчлөлийн улсын бүртгэлийн 2206020681 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзсэн.

Иймд хариуцагч М ХХК-ийг дампуурсанд тооцон татан буулгаж, шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэмэгдсэн нийт өр төлбөр болох 410,665,186 төгрөгийг гаргуулж, М ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгөөс эдгээр нэхэмжлэлийн шаардлагын үнэ гаргуулахад хүрэлцэхгүй байх юм бол барьцааны зүйл болох С.Бйн өмчлөлийн улсын бүртгэлийн 2206020681 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан тусгаж өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК-ийн шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1 Б ХХК нь М ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 190,467,460 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32017/16115 дугаар захирамжаар 2018 оны 02 дугаар сард багтаан 74,780,990 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн.

5.2 Гэвч шүүхийн захирамжийг М ХХК нь биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж боловч М ХХК нь дампуурлын хэрэг тус шүүх дээр үүсгэсэн байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. М ХХК-ийг тус шүүхээс татан буулгаж дампуурлыг зарласан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох тул Б ХХК-ийн М ХХК-аас авах төлбөр болон шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Иймд М ХХК-аас 74,780,990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч М ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1 Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

6.2 Шүүх Х ХХК-ийг гэр бүлийн маргаантай байр буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх байрыг гэр бүлийн бусад өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр барьцаалсан нь буруу гэж шийдвэрлэсэн. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй. Харин нэхэмжилж байгаа 410,665,486 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

7. Хэрэг гүйцэтгэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа:

7.1 М ХХК нь улсын бүртгэлийн 9011038041 дугаартай, 5035546 тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Хос харцага төвийн 3 давхарт байрлаж ажиллахаар 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, худалдааны зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. М ХХК нь 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дүрмийн сан 89,986,500 төгрөг болсныг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигч нь А.Билгүүн болж өөрчлөгдсөнийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. Иймд М ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дараах эд хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчид хуваарилан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм. М ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь:

1. Арилжааны банкууд дахь М ХХК-ийн харилцах данснуудын үлдэгдэл 47,414.20 төгрөг,

2. М ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй 26 нэр төрлийн 843 ширхэг 1,026,928,269 төгрөгийн үнэ бүхий камер болон иж бүрдэл тоног төхөөрөмж, эд хөрөнгө

3. Харин М ХХК-ийн Хтай байгуулсан

ЗБ/СС160406006-5-1 тоот Үл хөдлөх хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ барьцааны зүйл болох бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь М ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөд үл хамаарах хөрөнгө байна.

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар С.Бйн өмчлөлийн Хан-Уул Дүүрэг, 11 хороо Зайсан, Зайсангийн гудамж, 76-р байрны 11 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаартай, 263 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон зоорийн давхар 24 тоотод байрлах 18 мкв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Дампуурлын хуулиар зохицуулсан төлбөрийн чадваргүй болсон этгээдийн өмчлөлд үл хамаарах буюу хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй хөрөнгө байх ба нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага нь тусдаа буюу ердийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага тул онцгой ажиллагааны журмаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэхэд хариуцагч биш этгээдэд хамаарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн дүн нийт нэхэмжлэлд эзлэх хувь Х ХХК 410,665,186 төгрөг буюу 48.18%, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 250,988,774.75 төгрөг буюу 29.44%, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 190,748,653.22 төгрөг буюу 22.38%, нийт нэхэмжлэлийн дүн 852,402,613.97 100%

Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдээс 1 нь буюу Хны нэхэмжлэл өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна.

Дүгнэлт: Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6/8102 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр татвар ногдуулсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025295, Ү-2203004910 дугаартай үл хөдлөх хөрөнгүүд нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 142 дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээ-ээр Арж групп ХХК /РД:6078389/ -ийн өмчлөлд шилжсэн байна. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсүүд нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн албан татвар 190,748,653.22 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн байна. М ХХК нь ногдуулсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025295, Ү-2203004910 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс өмнөх татварыг хариуцах нь Татварын Ерөнхий хууль болон Иргэний хуулийн зохицуулалтад нийцэх юм. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн албан татвар дараахь байдлаар ногдуулахаар байна. Татвар ногдох он өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаараар Ү-2203025295 Ү-2203004910 2015 он 20,730,975 төгрөг, 2016 он 19,324,831.40 төгрөг 11,986,035.74 төгрөг, 2017 он 2-р улирал 9,662,415.70 төгрөг, 5,993,017.85 төгрөг, нийт 28,987,247.10 төгрөг 38,710,028.59 төгрөг, татвар ногдох нийт дүн 67,697,275.69 төгрөг байна.

Дүгнэлт: Татварын маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй юм.

1. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/406 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг 67,697,275.69 төгрөг болгон өөрчлөх,

2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/401 дугаартай нэхэмжлэлийн шаардлага 250,988,774.75 төгрөгөөс давхардуулан ногдуулсан 190,748,653.22 төгрөгийг хасан тооцож 60,240,121.53 төгрөгөөр тогтоох,

3. Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг заалтыг тайлбарлах тухай 01 дугаар тогтоолын 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчдийн хурал болох тухайн үеийн нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүнд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцүү саналын эрхтэй оролцоно гэж ойлговол зохино. Өөрөөр хэлбэл дээрх саналын эрхийг тооцохдоо хэрэг гүйцэтгэгч энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан дагуу дүгнэлт гаргахаас өмнөх хугацаанд энэ тайлбарын заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг, харин хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргасан тохиолдолд уг дүгнэлтийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тус баримтална гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд эзлэх саналын эрхийг тооцоход:

Нэхэмжлэлд эзлэх хувь Х ХХК 410,665,186 төгрөг буюу 76.25%, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 60,240,121.53 төгрөг буюу 11.18%, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 67,697,275.69 төгрөг буюу 12.57%, нийт нэхэмжлэлийн дүн 538,602,583.22 төгрөг буюу 100% байна.

Миний бие тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100 %-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар:

1. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоогүйгээр биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар шийдвэрлэлээ.

2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар шийдвэрлэлээ.

3. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ.

Дээрх шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100 хувиар батлагдаж хүчин төгөлдөр болсон.

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус М ХХК нь 2016 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс М ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу М ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу М ХХК-д холбогдох нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 67,697,275 төгрөг, 69 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 60,240,221 төгрөг 53 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Х ХХК-ийн 410,665,186 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК-ийн 74,780,990 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хангаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу М ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч /А.Энхболд/-д шилжүүлж, М ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж, дуусгавар болгож, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч /А.Энхболд/-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,269,020 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хүсэлт гаргагч М ХХК-аас 2,269,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д, 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

9. Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

9.1 Онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тус шүүх энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5.3 дахь хэсэгт М ХХК-аас 410,665,186 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох С.Бйн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байрны 11 тоот хаягт байрлах орон сууцаас хангаж, хүрэлцэхгүй тохиолдолд энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлж, хариуцагчийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн дүгнэж, тогтоох хэсгийн 2-т Дампуурлын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу М ХХК-д холбогдох Х ХХК-ийн 410,665,186 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг ... тус тус хангасугай хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүх нэгэнт шийдвэрлэсэн буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлаар дахин шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасанд нийцэхгүй байна.

9.2 Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар үүнтэй холбогдуулан Дампуурлын хэрэг гүйцэтгэгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ С.Бйн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон зоорийн давхар 24 тоотод байрлах 18 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Дампуурлын хуулиар зохицуулсан төлбөрийн чадваргүй болсон этгээдийн өмчлөлд үл хамаарах буюу хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй хөрөнгө байх ба нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага нь тусдаа буюу ердийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага тул онцгой ажиллагааны журмаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэхэд хариуцагч биш этгээдэд хамаарах асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, хэрэг гүйцэтгэгч энэхүү М ХХК-ийн зээлд барьцаалагдсан иргэн С.Бйн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дампуурч байгаа компанийн хуваарилагдах хөрөнгөд хамааралгүй гэж дүгнэснийг шүүх анхаараагүй. Харин хариуцагч М ХХК нь Х ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, зөвшөөрч байгаа болно.

9.3 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д ... гэж заасны дагуу Монгол газар компанийг татан буулгах тухай ... гэж заасан техникийн алдаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т байгаа ... үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг ... хангасугай гэсэн заалтыг шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, уул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Х ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

10.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийг тухайн харилцааг нарийвчилсан зохицуулсан хуулиар, тухайн нарийвчилсан хуулиар зохицуулаагүй харилцааг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан. Дампуурлын тухай хуулиар барьцаатай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрхэн хангуулах, дараалал нь ямар байхаар нарийвчлан тогтоож зааж өгсөн. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт заасны дагуу хэрэв нэхэмжлэгч барьцаатай бол барьцааны зүйлээс үүргийг гүйцэтгэлийг хангуулж, тухайн барьцааны тухайн барьцааны зүйлийн үнээс нэхэмжлэлийн шаардлагын дүнг хангаж хүрэлцээгүй тохиолдолд үлдсэн хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулна гэж тодорхой заасан. Уг заалтад заавал тухайн барьцааны хөрөнгө нь хүсэлт гаргагч буюу татан буугдах гэж байгаа хуулийн этгээдийн өмчлөлийн хөрөнгө байна гэж тодорхойлон заагаагүй. Иймд тухайн барьцааны зүйл нь гуравдагч этгээдийн өмчлөл байна уу, эсхүл хүсэлт гаргагчийн өмчлөл байна уу гэдгээс үл хамааран тухайн барьцааны зүйлээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь зүйтэй. Үнийн дүнд маргаагүй учир өөр тайлбаргүй гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хариу тайлбарын агуулга:

11.1 Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй хүсэлт гаргагч татварын өр төлбөрт маргаагүй. Гэвч тухайн компани 1,000,000,000 төгрөгийн хөрөнгөтэй гэж үзэж байгаа нь тухайн хөрөнгө нь зах зээлийн ханшаар хэзээ, хэрхэн борлогдож, үнэ хүрэхүйц байдлаар нэхэмжлэгч нарт хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй тул Х ХХК-ийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

12. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

13. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК давж заалдах гомдол хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Хүсэлт гаргагч нь М ХХК-ийг дампуурсанд тооцож, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс 67,697,275 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 60,240,221 төгрөг, Х ХХК 410,665,186 төгрөгийн гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 74,780,990 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэд М ХХК нь Х ХХК-д 408,174,166 төгрөгийн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 43,664,224.41 төгрөгийн, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 31,532,200 төгрөгийн, Х ОНӨААТҮГ-т 905,379,647 төгрөгийн, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-т 8,024,767 төгрөгийн, Ы ХХК-д 5,855,740 төгрөгийн, Б ХХК-д 74,780,990 төгрөгийн, нийт 1,477,411,734.41 төгрөгийн өр төлбөртэй талаар, мөн хүсэлт гаргагч М ХХК нь энэ талаар хүсэлтдээ дурдсан байна. /1хх 1, 3хх 68-85/

3.1 Онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, шаардлагатай үйл баримтыг тогтоох боломжтой.

Анхан шатны шүүх хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх Х ОНӨААТҮГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ, Ы ХХК-иудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах, өр төлбөртэй холбоотой баримтыг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр М ХХК-ийн хөрөнгөд бүртгэлтэй 26 нэр төрлийн 843 ширхэг 1,026,928,269 төгрөгийн үнэ бүхий камер болон иж бүрдэл тоног төхөөрөмж, эд хөрөнгө бодитой байгаа талаар дүгнэлт гаргасан байна. Уг эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн бодит үнэлгээг тогтоох ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийн бодит үнэ цэнийг тогтоох нь М ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой.

5. Түүнчлэн, хэргийн 169-172 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2010 оноос 2016 оны хооронд М ХХК-ийн өмчлөлд хэд хэдэн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан байна. Уг тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсантай холбоотой санхүүгийн болон бусад баримт хэрэг гүйцэтгэгчийн болон хэргийн баримт авагдаагүй байхад хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/03471 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН