Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00376

 

Д.гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/05197 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.га

Хариуцагч: Т.Эд холбогдох

Гуравдагч этгээд: ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Д.га нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Лийн гудамж, 90/1 тоот хаягт байрлах, 60 айлын орон сууцыг захиалан бариулсан. 2015 оны 08 дугаар сард Улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан.

Уг 60 айлын орон сууцнаас А нь 2017 онд 10 орон сууцыг худалдан авах, төлбөрийг тодорхой хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон боловч 10 орон сууцны төлбөрийг төлөх боломжгүй болсон тул хоорондын тохиролцоог дуусгавар болгож, Агаас 10 орон сууцыг буцаан авсан. Агаас 10 орон сууц буцаан авах явцад Т.Э нь миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Лийн гудамж, 90/1 дугаар байр, 49 тоотын 58,06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд хэний зөвшөөрлөөр орсон нь тодорхойгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарч, өмчлөгч миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б.Лийн гудамж 90/1 дугаар байр, 49 тоот хайгтай, 58,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Т.Эий хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Т.Э орон сууцыг худалдан авахаар Д.гын компани дээр очиход нягтлан нь уулзан ...манай зарж буй орон сууц дууссан, харин манай компаниас 10 ширхэг орон сууц худалдан авсан ХХК-д бол худалдах орон сууц байгаа гэсний дагуу ХХК-ийн захирал Атай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр T3/13 дугаартай орон сууц санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээг байгуулж, 2 өрөө орон сууцыг 98,702,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Байрны урьдчилгаанд 61,100,000 төгрөгийг төлсөн.

2.2 ХХК нь байрыг захиалж бариулсан Д.гатай гэрээ байгуулан 10 ширхэг орон сууцны урьдчилгаанд 300,000,000 төгрөг төлсөн гэрээг надад үзүүлсэн учраас би орон сууц худалдан авахаар тус компанитай гэрээ байгуулсан. 2021 оны 09 дүгээр сард би байрны үлдэгдэл төлбөрийг төлж дуусган, орон сууцны гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулж авахаар ХХК-ийн захиралтай уулзахад ...байрны захиалагчтай үл ойлголцол үүссэн, хүлээ гэсэн хариуг өгсөн. Би байрны үлдэгдэл төлбөрийг төлж дуусган, гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулахаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл гаргаж, ХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Т ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ХХК нь 2019 оны 09 дүгээр сараас хойш үйл ажиллагаа бүрэн зогссон тул өөрсдийн бичиг баримт болон агуулах савгүйгээс болж бичиг баримтууд устсан тул гаргаж өгөх боломжгүй байна. н.Э нь манай компанийн 50 хувийн эзэмшдэг боловч дур мэдэн хэн нэгнээс машин болон урьдчилгаа авах эрхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Эд холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол /13342/ Б.Лийн гудамж, 90/1 байр, 49 тоот хаягт байрлах, 58.06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэгч Д.гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйчийн 106.1 дэх хэсэгт заасан нь маргаж буй хөрөнгө нь бусдын өмчлөлд байхаас гадна эзэмшил нь хууль бус байх учиртай гэж хуулийн заалтыг илт гуйвуулан тайлбарлаж, маргаж буй хөрөнгийг бусдын өмчлөлд байх учиртай гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолын 3 дахь заалт болох Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан "өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна гэх Иргэний хуулийн тайлбарыг зөрчсөн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж, маргаан бүхий орон сууцны өмчлөлийн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

5.2 Т ХХК нь Д.гаас Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, Б.Лийн гудамж 90/1 тоот хаягт байрлах 60 айлын орон сууцнаас 10 ширхэг орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон. Үнийг тодорхой хугацааны дараа төлж дуусгах, ийнхүү төлбөр дууссанаар орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэвч Т ХХК нь орон сууцны үнийг бүрэн төлөх боломжгүй талаараа дурдаж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсаны дагуу гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ харилцан буцаан өгөхөөр тохиролцсон.

Т ХХК нь Д.гаас авсан 10 ширхэг орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, хууль ёсны өмчлөгч болоогүй атал Т.Эд худалдсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй бусдын өмчлөлийн зүйлийг захиран зарцуулсан үйлдэл буюу Т.Этэй байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

5.3 Хариуцагч Т.Э нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар Т ХХК-тай харилцан тохиролцож, орон сууцны үнэд 2 ширхэг автомашиныг 61,100,000 төгрөгт тооцож өгсөн гэх боловч энэхүү үйл байдал нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй. Хэргийн оролцогч бус этгээдүүд болох Ч.Зоригтмөнх, О.Э нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн, М.Батхишиг, Э.Ариунзаяа нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнүүдийн нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож орон сууцны үнэд авто машин өгсөн нь тогтоогдож байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан гэрээг хууль бус гэрээ гэж үзсэн. Нэхэмжлэгч компанийн нягтлан манайд зарах байр байхгүй, тус компани манай байрнаас 10 ширхэг байр худалдаж авсан, тус компаниас худалдаж аваарай гэж хариуцагч нь гуравдагч этгээд рүү явуулсан. Т ХХК 2 өрөө байрны урьдчилгаа төлбөрт 2 автомашин буюу 61,200,000 төгрөгийг өгсөн. Үүнийг нэхэмжлэгч талаас гэрээгээр батлагдаагүй гэж тайлбарласан. Уг асуудлыг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст албан тоот явуулсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст Т ХХК 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай 2 хүний эзэмшил буюу н.Э болон н нар юм.

6.2 Мөн гуравдагч этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, хариуцагч Т.Этэй байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр юм. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Учир нь хариуцагч тухайн байрыг анх худалдан авахдаа хүчин төгөлдөр гэрээнүүдийн үндсэнд орон сууцны дийлэх буюу 98,000,000 төгрөгийн 61,200,000 төгрөгийг төлж худалдан авсан гэж хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд 479.5 дахь хэсэгт гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусдад төлнө. Мөн хуулийн 479 дүгээр зүйлд 479.6 дахь хэсэгт гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасан. Т ХХК нэхэмжлэгчтэй Д.гатай хамтран ажиллах гэрээг цуцалж байгаа бол хариуцагч Т.Э хүлээсэн үүргээ хэвээр үлдээнэ гэсэн хуулийн зохицуулалттай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтын үндэслэн гаргасан шийдвэр гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээд давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.га нь хариуцагч Т.Эд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилсийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Гуравдагч этгээд ХХК нь Д.гатай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч 2 байрыг авч, үлдэх төлбөрийг төлөөгүй байх тул үлдэгдэл байрыг акт үйлдэж хүлээж авсан. Э нь миний зөвшөөрөлгүй төлбөрийг авсан. Ингээд үлдэх мөнгийг Д.гад өгөөрэй гэж хэлсэн гэж тайлбарласан байна.

3. Маргааны зүйл болох улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Б.Лийн гудамж, 90/1 дугаар байр, 49 тоот хаягт байршилтай, 58.06 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэлтэй болох нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 000755663 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 5/

4. Дээрх үйл баримтаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХХК болон Д.га нар нь Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Д.гын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Б.Лийн гудамж, 90/1 тоот хаягт байршилтай, нийт 579,82 м.кв талбай бүхий 10 ширхэг орон сууцыг ХХК гуравдагч этгээдэд санхүүгийн түрээсээр худалдах, орон сууц худалдсаны төлбөрийг гэрээний дагуу Д.гад төлж барагдуулж, өмчлөх эрхийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцжээ. /хх 40-43/

4.1 Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох тухай албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож, 90/1 дугаар байрны 47, 16, 19, 29, 39 тоот орон сууцны гэрээний нөхцөлийг өөрчлөхгүйгээр Д.гад шилжүүлэх, мөн тус байрны 09, 35, 49 тоотуудад оршин суух иргэдийн орон сууцыг чөлөөлүүлэх, суллах үйл ажиллагааг хариуцан ажиллаж Д.гад хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. /хх 44/

4.2 Дээрх цаг хугацаанаас өмнө буюу гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ цуцлагдахаас өмнө гуравдагч этгээд ХХК нь Т.Э, З.Д нартай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ТЗ/13 дугаартай Орон сууцны санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. Уг гэрээгээр маргааны зүйл болох орон сууцыг /өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа бөгөөд түрээслэгч төлбөрөө 100% төлөхөд нь нэр дээр нь анх удаа бүртгүүлж гэрчилгээ гаргаж өгөх/ тодорхой хугацаатай, хүүтэй барьцаатайгаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, орон сууцны төлбөрийн хүүгийн хамт гэрээний хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна. /хх 55/ Хэдийгээр уг гэрээнд хариуцагч Т.Э гарын үсэг зураагүй байх боловч тэрээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар маргаагүй, мөн гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байхаас гадна орон сууцны үнэд 2 ширхэг автомашиныг 62,000,000 төгрөгт тооцон гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь гуравдагч этгээдийн төлөөлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 190/.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэж, хариуцагч Т.Э орон сууцны санхүүгийн гэрээний үнэд 61,100,000 төгрөгт тооцож 2 ширхэг автомашин өгсөн үйл баримтыг зөв тогтоосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх гэрээ, ...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

5.1 Анхан шатны шүүх хариуцагчийг тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн орон сууцыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцны үнийг гуравдагч этгээдэд төлсөн байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшигч гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/05197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН