Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00379

 

Ч.ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/05235 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ч.

Хариуцагч: Г.Э,

Хариуцагч: Ц.Ө нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9,244,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ц.Өгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагч нарын өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ч. нь өөрийн төрсөн дүү Ч.ээр дамжуулан өөрийн ээж н.Бадамд автомашин худалдан авч өгөх зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,652,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл уг мөнгийг Г.Э аваад, өөртөө УАМ улсын дугаартай автомашин худалдан авсан. Энэ хугацаанд гадаад улсад байсан болохоор өөрийн facebook мессенжерийн "Si Si" хаягаар Г.Э,Ц.Ө нартай харилцаж мөнгө төгрөг шилжүүлсэн баримтаа оруулж байсан.

1.2 Г.Эгийн эхнэр Ц.Өд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны 000 дугаар дансаар 1,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг зээлдүүлсэн.

1.3 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Э, Ц.Ө нар хадам ээжийнхээ 16 хороололд байдаг хашаа байшинг барьцаанд тавиад 15,000,000 төгрөг зээлдүүлэх санал гаргасан. Мөнгө зээлдүүлсэнгүй гэдэг шалтгаанаар Ч.ыг зодсон. Г.Эд зодуулснаас Ч.ын тархи толгой, хүзүү гэмтэж, үүнээс болж байнгын өвддөг болсон, зодуулах үед уруулын дотор хэсэг сэтэрч урд талын шүд суларсан гэмтэл учирсан. Тухайн үед цагдаад гомдол гаргаагүй боловч дахиад доромжлоод байсан учир гомдол гаргасан. Уг асуудлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж, хэрэг бүртгэлтийн 220601418 дугаартай хэргийг Г.Эд холбогдуулан хэрэг үүсгэсэн боловч хууль зүйн мэдлэг дутуугаас болж зодуулсан даруй цагдаад хандах, шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах зүйлийг орхидуулсан зэргээс болоод Г.Эд зодуулсан хөхрөлт, зургаралт нь эдгэрсэн байсан.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн амбулаториар эмчлүүлсэн картанд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зодуулсан болох нь бичигдсэн, уг гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ бичигдэж, үүний дагуу эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдоно. Уг картанд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд удаа дараа үзлэг, шинжилгээ хийлгэсэн байдаг. Уг гэмтлээс учирсан эмчилгээ, эм тариа, эмнэлгийн зардалд 1,572,150 төгрөг зарцуулсан. Г.Эг 100,000 төгрөгөөр торгосон.

1.4 Нэхэмжлэгч Ч. нь Солонгос улсад байсан учир хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болж өмгөөлөгч Б.Э нь зөрчлийн хэрэгт өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх, Ц.Ж нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр төлөөлөн оролцохоор тохиролцож, энэхүү 2 ажиллагааны зардалд зориулан 1,500,000 төгрөгийг төлсөн.

Дээрх эрүү болон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 1,500,000 төгрөгийг Ц.Жд шилжүүлсэн, өмгөөлөгч Б.Эт зардал төлсөн баримт байхгүй.

Иймд Ц.Өгаас зээлийн гэрээний үүрэгт 1,100,000 төгрөг нэхэмжилсэн, тэрээр 450,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 650,000 төгрөгийг, хариуцагч Г.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 5,072,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, эмчилгээний зардал 1,572,150 төгрөг, нийт 8,144,150 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Өгийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ч.ын нэхэмжилж буй 1,100,000 төгрөгийг Ц.Өгийн дансаар дамжуулан хүлээн авсан нь үнэн бөгөөд үүнээс 450,000 төгрөгийг буцаагаад өгсөн, үлдэх 650,000 төгрөгийг буцааж өгнө.

2.2 Ч. өөрийн ХААН банкны дансаар эгч Ч.ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,652,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөгийг хүлээн авсан. Түүнээс уг мөнгийг ээжид өгсөн, зээлж аваагүй, түүний ээжид өгсөн мөнгөөр машин авсан зүйл байхгүй гэжээ.

3. Хариуцагч Г.Эгийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Нэхэмжлэгч Ч.ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3,422,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1,652,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөгийг Ц.Өгийн дансаар хүлээн аваагүй. Түүний мөнгөөр худалдан авсан гэх УАМ улсын дугаартай автомашиныг зун шинээр авсан байсан. Дээрх мөнгийг дансаараа хүлээн авсан хүн нь Ч. байх бөгөөд уг мөнгийг ээждээ зориулан шилжүүлсэн. Үүнээс үзэхэд Ч. болон Г.Эгийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул 5,072,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй.

3.2 Би Ч.ын зодож гэмтгэл учруулаагүй. Эгч Ч.ын гомдлоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаад, түүний биед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, түүний бие дэх зулгаралт, шүд эмтэрсэн зэргийг хэзээ учирсан болохыг тогтоох боломжгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг прокуророос хаасан, уг тогтоол хүчин төгөлдөр болсон.

Ч.ын биед гэмтэл, хохирол учруулаагүй байхад өмгөөлөлийн хөлс 1,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, зайлшгүй гарах зардалд тооцогдохгүй гэж үзэж байна.

Иймд Ч.ын нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

4.1 Нэхэмжлэгч Ч.ын нэхэмжлэл нь хангалттай баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Өгаас зээлийн гэрээний үүрэгт 650,000 төгрөг, хариуцагч Г.Эгаас гэм хор учруулсны хохиролд 130,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,014,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Өгаас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөг, хариуцагч Г.Эгаас 4,550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38, мөн хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаар үнэлэгдсэн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1006 дугаартай тогтоолд ... Г.Эгийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас Ч.ын биед гэмтэл үүссэн болох нь нотлогдож байх боловч тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж дурдсан байхад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокуророос хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан Г.Эгийн үйлдлээс хохирогч Ч.т гэмтэл шарх учирч түүндээ эмчилгээ хийлгэсэн байхад шүүхээс хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант хамааралтай гэх байдлаа нотолж чадахгүй байна гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

6.2 Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, түүнчлэн өмгөөлөгч болон үйлчлүүлэгч нар харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулж үйлчлүүлэгч Ч. хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ авч төлбөр төлсөн байхад анхан шатны шүүхээс өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцааны зардал төлөөгүй хэмээн өрөөсгөл шийдвэр гаргасан. Хууль зүйн туслалцаа, үйлчилгээг зөвхөн шүүх хуралдаанд орсонгүй гэдэг байдлаар дүгнэж ажиллуулагч нь хөлс төлж ажиллагч нь тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэж байхад үгүйсгэж байгаа нь хэт нэг талыг барьж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

6.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг шийдвэрт тусгаагүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан Ц.Өгийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ч., Г.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгө буюу эд хөрөнгийг өгөөгүй. Нэхэмжлэгч 2 удаа н. гэх хүн рүү мөнгө шилжүүлсэн. Гэм хор учруулсны улмаас үүсэх үүрэгт Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Нэхэмжлэгч талаас хариу тайлбар өгөхдөө Г.Эгийн буруутай үйлдлийн улмаас хохирол тогтоосон баримт хөндөгдөөгүй байсан. Үүнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Хэрэгт авагдсан Голомт банк ХХК-ийн дансны хуулгаас үзэхэд Ц.Ж руу өмгөөллийн хөлс шилжсэн. Мөн Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа надад өгсөн гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Б.Этай гэрээ хэлцэл байгуулаагүй, анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байсан. Өмгөөллийн хөлсийг зайлшгүй гарах зардал биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Г.Э давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч Г.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,072,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөг, эмчилгээний зардал 1,572,150 төгрөг, нийт 8,144,150 төгрөг, хариуцагч Ц.Өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 650,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Ө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч Г.Эд холбогдох шаардлагын тухайд:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлснээ нотлох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь нийт 5,072,000 төгрөгийг хариуцагч Г.Эд шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна. Нэхэмжлэгч нь энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

3.2 Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1006 дугаар тогтоолоор ...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны 70 тоот орон сууцанд Ч. нь Г.Эд зодуулсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан байна. /хх 152-153/

Уг тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4/810 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ...тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжгүй. Г.Э нь Ч.ын биед халдсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгуулсан байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн хяналтын прокурорын шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хууль зүйн шаардлагад нийцэж байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгджээ. /хх 73-74/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаар Г.Эгаас нэхэмжлэгч Ч.ын биед гэмтэл учруулсны улмаас нэхэмжлэгчээс эмчилгээний зардалд 1,442,150 төгрөгийн зардал гарсан гэж үзэх үндэслэл эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн баримтууд нь хариуцагч Г.Эгаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсантай холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх үндэслэлийг буюу шалтгаант холбоог нотолж чадахгүй байх тул анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Med Truma Hospital эмнэлэгт толгойн дүрс оношилгооны шинжилгээний төлбөр 130,000 төгрөгийг хариуцагч Г.Эгаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...шүүхээс хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант хамааралтай гэх байдлаа нотолж чадахгүй байна гэж дүгнэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эмчилгээний зардал гаргасан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

3.3 Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1015 дугаар итгэмжлэлээр уг иргэний хэрэгт өөрийгөө төлөөлүүлэхээр Ц.Жд 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, мөн өдрөө 1,500,000 төгрөгийг Ц.Жд өмгөөллийн төлбөр гэх утгаар шилжүүлсэн байна. /хх 4, 11/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр уг иргэний хэрэгт өмгөөлөгч Б.Этай 18 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 3.1-д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнийн дүнг 1,500,000 төгрөг байхаар заажээ. /хх 114-115/.

Дээрх итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчээс төлөөлөгч Ц.Жд өмгөөллийн төлбөр гэх утгаар шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч болон Б.Э нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Ц.Жд шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс Б.Эт шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...нэхэмжлэгч нь хууль зүйн зөвлөгөө авч төлбөр төлсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх дээрх 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

4. Хариуцагч Ц.Өд холбогдох шаардлагын тухайд:

4.1 Хариуцагч Ц.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 650,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна зохигч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

5. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг шийдвэрт тусгаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт нэмэлт оруулна.

6. Иргэдийн төлөөлөгчийн Ч.ын нэхэмжлэл нь хангалттай баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох саналтай гэх дүгнэлтийн зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/05235 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 229 дүгээр зүйлийн 229.1 гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж өөрчилж,

тогтоох хэсэгт 3 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 143,175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН