Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01474

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01474

 

 

У ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02770 дугаар шийдвэртэй

Хүсэлт гаргагч: У ХХК

Нэхэмжлэгч: Ч.Г Д.Б, Г.Ц, А.Х, А.Г, Ж.Б, Г.Г, М.С, Я.Ы, Й

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөрийн чадваргүйг тогтоон, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг хийлгэх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болгохыг даалгах,

Орон сууцны талбайн зөрүү болон зардалд 2,183,930 төгрөг, 2,295,000 төгрөг, 986,000 төгрөг, 2,281,500 төгрөг, 1,556,000 төгрөг, 3,562,550 төгрөг, 3,472,000 төгрөг, 2,493,241 төгрөг, нийт 18,830,221 төгрөг гаргуулах,

Татварын өр 221,924,783 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнгөнзул, Нийслэлийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 У ХХК нь 1997 оны 05 сарын 22-ны өдөр нэг гишүүнтэй, 134,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан. 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус компанийн захирал Х.Й нь Ц.Од компанийн нийт хувьцааг шилжүүлснээр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авсан.

1.2 У ХХК нь 2011 оноос Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х 2 хорооллын барилгын ажлыг ёГ ХХК-аар гүйцэтгүүлэх явцад их хэмжээний татварын өр төлбөрт орсон. Мөн барилгын зургийг хийж гүйцэтгэсэн компанийн буруутай ажиллагааны улмаас талбайн зөрүү гарч 360 айлд 233,000,000 төгрөг төлж барагдуулснаас компани санхүүгийн хүндрэлд орж 2015 оны эхээр үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. У ХХК нь өнөөгийн байдлаар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй, төлбөр төлөх ямар ч чадваргүй болсон. Тус компани нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 27-ны өдрийн 2948 дугаар захирамжийн дагуу Йт 233,000,000 төгрөгийн өр төлбөртэй.

Мөн бусдаас авах ямар нэг авлагагүй. У ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, энэ тухай санал байхгүй. Иймд У ХХК-ийн дээрх байдлуудыг харгалзан үзэж хуульд заасны дагуу төлбөрийн чадваргүйг тогтоож, дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2.1 Тус хэлтэс нь У ХХК-д холбогдуулан татварын өр 233,515,910 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан. Шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2948 дугаар захирамжаар татварыг өрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд татварын өр 233,515,910 төгрөгийг У ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч А.Хгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 2012 оноос У ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг байгуулсан. Гэрээгээр У ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Х 2 цогцолбор орон сууцны 101 дүгээр байр, 58 тоотод байрлах, 47.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл хэмжилт хийлгэхэд 45.95 м.кв буюу 1.41 м.кв дутуу байх тул дутуу м.кв-ын үнэ 2,115,000 төгрөг, хэмжилтийн хөлс 68,930 төгрөг, нийт 2,183,930 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ч.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Х 2 цогцолбор хотхоны 101 дүгээр байр, 101 тоотод байрлах 47.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар У ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 45.83 м.кв буюу 1.53 м.кв дутуу байх тул дутуу м.кв-ын үнэ 2,226,070 төгрөг, хэмжилтийн хөлс 68,930 төгрөг, нийт 2,295,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Г.Цын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1 Х 2 цогцолбор хотхоны 101 дүгээр байр, 113 тоотод байрлах, 42.06 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр худалдан авахаар У ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 41.4 м.кв буюу 0.66 м.кв дутуу байх тул дутуу м.кв-ын үнэ 986,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

6.1 Х 2 цогцолбор хотхоны 102 дугаар байр, 26 тоотод байрлах, 47.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,350,000 төгрөгөөр худалдан авахаар У ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 45.67 м.кв буюу 1.69 м.кв дутуу байх тул дутуу м.кв-ын үнэ 2,281,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

7.1 Х 2 цогцолбор хотхоны 103 дугаар байр, 4 тоотод байрлах, 48.34 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар У ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 47.35 м.кв буюу 0.99 м.кв дутуу байх тул дутуу м.кв-ын үнэ 1,485,000 төгрөг, хэмжилтийн хөлс 71,000 төгрөг, нийт 1,556,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч А.Гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

8.1 Х 2 цогцолбор хотхоны 103 дугаар байр, 116 тоотод байрлах, 47.36 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр худалдан авахаар У ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 45.03 м.кв буюу 2.33 м.кв дутуу байх тул дутуу м.кв-ын үнэ 3,495,000 төгрөг, хэмжилтийн хөлс 67,550 төгрөг, нийт 3,562,550 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

9.1 Х 2 цогцолбор хотхоны 103 дугаар байр, 117 тоотод байрлах, 48.34 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,400,000 төгрөгөөр худалдан авахаар У ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. Хэмжилт хийлгэхэд 45.86 м.кв буюу 2.48 м.кв дутуу байх тул дутуу м.кв-ын үнэ 3,472,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

10. Нэхэмжлэгч Я.Ыын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

10.1 Байрны нийт үнэ 82,000,000 төгрөг, нэг м.кв 1,731,418 төгрөг, дутуу 1.44 м.кв, нэхэмжилж буй үнэ 2,493,241 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

11. Нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

11.1 Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Х 2 цогцолбор хорооллыг У ХХК-ийн захиалгаар 2013 оны 01 дүгээр сард ашиглалтад оруулсан. Үүнээс хойш тус байрны чанар, стандарт, аюулгүй байдалтай холбоотой зөрчил удаа дараа илэрсэн ба бид тухай бүрт нь У ХХК-ийн удирдлагад асуудлыг тавьдаг боловч үл тоосон байдлаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд бохирын хоолой задрах, төвийн дулааны шугаманд холбогдоогүй 2 жил гаруйн хугацаанд халаалт доголдох, 10, 11 дүгээр давхрын айлууд халахгүй байх, захын айлууд хананаасаа дулаанаа алдах зэргээр эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. 2015 онд төвийн дулааны шугаманд холбогдсон боловч халаалт, халуун ус доголдох асуудал үргэлжилсээр байна. Энэ асуудлаар одоогийн СТНАА конторт хандахад цаанаасаа доголдож байгаа, манайх хэвийн гэх хариу өгдөг.

Иймд У ХХК-ийн барилгын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж иргэд оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж эдийн болон эдийн бус хохирол учруулсаар байна. Байрны агааржуулалтыг стандартын дагуу ажилладаг болгуулж, байрны гадна талбайн гэрэлтүүлэг, гадна фасад, хөөс, цонхны ус зайлуулах төмөр хашлага, цахилгааны ерөнхий щитний өрөөний кабель, хүүхдийн тоглоомын талбай зэрэг барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болохыг У ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

12. Прокурорын газрын тайлбар, татгалзлын агуулга:

12.1 Компанийн төлөөлөгч этгээдийн хувьд хэрэг гүйцэтгэгч бүхэлд нь дүгнэж үзээгүй. Зогсоол, үйлчилгээний төвүүдийг борлуулсан, иргэдэд төлбөрийг нөхөн өгсөн гэдэгтэй холбоотой баримт байхгүй байна. Шинжээч, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зөрүүтэй байгаа нь дампуурсанд тооцох боломжгүй байна. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын байгууллагын тухайд өмнөх шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр тул одоо гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг нь хангах боломжгүй. М.С нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа ирүүлээгүй тул мөн хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Үнийн дүнгийн зөрүү, өөрийн хөрөнгө зэргийг харгалзаж үзээд хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргасан гэх хэдий ч санхүүгийн баримтууд болон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн дампуурсанд тооцох үндэслэлгүй байна гэжээ.

 

13. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн агуулга:

13.1 Монгол Улсын Дээд Шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1 тоот тогтоолын 1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй болсон аж ахуй нэгж, байгууллагын хамгийн сүүлд татварын байгууллагад гаргасан тайлан, тэнцэл болон Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, тэнцэлд Монгол улёын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18 -ны өдрийн 343 тоот тушаалаар батлагдсан Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлалаа-аар У ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоож ажилласан.

Хэрэг гүйцэтгэгчийн ажиллагаа:

Хариуцагч У ХХК-ийн холбогдох баримт бичиг, тамга тэмдгийг хамгаалалтад авсан. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчдийн хурлыг хуралдуулсан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хариуцагч У ХХК-ийн талаархи мэдээллийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газар, Й, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудаас гаргуулах хүсэлтийг гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Автотээврийн үндэсний төв газруудаас лавлагаа гаргуулах хүсэлтийг гаргасан.

У ХХК-ийн хөрөнгийн талаар:

У ХХК-ийн тайлант үеийн шүүхэд гаргаж өгсөн тайлан болон шүүхэд ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бичиг, Автотээврийн үндэсний төвийн албан бичиг, Газар зохион байгуулалтын албаны бичиг зэргээс өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө байхгүй байна. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8/362 тоот албан бичгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 7173 тоот албан бичгээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна.

У ХХК-ийн газар ашиглах эрхийн талаар:

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/346 тоот шийдвэрийг үндэслэн У ХХК -д 000000 дугаар бүхий 6178 м2 газрыг 5 жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглуулахаар 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон байна. Дээрх газар одоо У ХХК-ийн ашиглалтад байхгүй бөгөөд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Х хотхоны барилгын ажил дууссанаар оршин суугчдын мэдэлд шилжсэн.

У ХХК -ийн ашигт малтмалын хайгуулын лицензийн талаар:

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн албанаас Дундговь аймгийн Гурвансайхан сумын Цагаан шовгор нэртэй газарт орших 532 гектор талбайг ашигт малтмалын 1798Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна. У ХХК-ийн тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр Кадастрын нэгжийн даргын 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 443 дугаартай шийдвэрээр цуцалсан байна.

У ХХК-ийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслэлийн талаар:

Авто тээврийн Үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 400 дугаартай лавлагаагаар Жонотан ХХК-ийн эзэмшилд 17-68 УББ улсын дугаартай 869750 арлын дугаартай Зил-130 маркын тээврийн хэрэгслэл бүртгэлтэй байна.

У ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь:

Хариуцагч У ХХК нь 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэлүүлсэн байна. Хэрэг гүйцэтгэгч би У ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг доорхи хүчин зүйлээс болсон гэж дүгнэлээ. Үүнд:

Хариуцагч нь 2011 онд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х 2 хорооллын барилгын ажлыг Й ХХК-иар гүйцэтгүүлсэн байна. Тухайн хорооллын дулаан халаалтын асуудлыг бүрэн шийдээгүйгээс уурын зуухаар дулаан халаалтыг шийдсэнээр компанид их хэмжээний зардал үүссэн. Уурын зуухыг 280,000,000 төгрөгөөр худалдан авч 240,970,000 төгрөгийн өртгөөр дулааны асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ нь компанийг өр төлбөрт оруулах шалтгаан болсон байна. Барилгын зургийг стандартын дагуу хийгээгүйгээс оршин суугчтай хийсэн гэрээний талбай хэмжээ зөрүүтэй байснаар хариуцагч оршин суугчдад зөрүү төлбөр 230,125,388 төгрөгийн төлсөн нь компанийг төлбөрийн чадамжгүй болгосон байна.

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн татварын албаны явуулсан 2016 оны хяналт шалгалтын акт болон татварын өрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2948 дугаартай шүүгчийн захирамжаар Йт 233,515,910 төгрөгийг төлөхөөр болсон нь өр төлбөрийг нэмэгдүүлсэн байна.

У ХХК өөрийн хөрөнгө бий болгох болон төлбөрийн чадвартай байх өр төлбөр барагдуулаагүй талаар ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй орхигдуулсан байдал нь төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан болсон байна. Хариуцагчийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэрэг гүйцэтгэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч болон нэхэмжлэгчдийн зүгээс дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг татан буулгах нь зүйтэй гэж дүгнэсэн гэжээ.

 

14. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

14.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг баримтлан У ХХК-аас гаргасан төлбөрийн чадваргүйг тогтоон, дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 148 дугаар зүйлийн 148.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч У ХХК-д холбогдох нэхэмжлэгч А.Хгийн 2,183,930 төгрөг, Ч.Ганцэцэгийн 2,295,000 төгрөг, Г.Цын 986,000 төгрөг, Д.Бын 2,281,500 төгрөг, Хийн 1,556,000 төгрөг, А.Гийн 3,562,550 төгрөг, Г.Гын 3,472,000 төгрөг, Я.Ыын 2,493,241 төгрөг гаргуулах болон М.Сын Саруултэнгэр-2 цогцолбор хотхон орон сууцны агааржуулалтыг стандартын дагуу ажилладаг болгуулж, байрны гадна талбайн гэрэлтүүлэг, гадна фасад, хөөс, цонхны ус зайлуулах төмөр хашлага, цахилгааны ерөнхий щитний өрөөний кабель, хүүхдийн тоглоомын талбай зэрэг барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч У ХХК-д холбогдох татварын өр төлбөр 221,924,783 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч Й улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагч У ХХК-аас 70,200 төгрөг, Ж.Бэс 39,900 төгрөг, Ч.Ганцэцэгээс 51,670 төгрөг, Д.Баас 51,500 төгрөг, А.Хгээс 50,600 төгрөг, Г.Цаас 28,800 төгрөг, А.Гээс 71,951 төгрөг, Г.Гаас 70,510 төгрөг, М.Саас 70,200 төгрөг, Я.Ыаас 54,841 төгрөг төлснийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

15. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

15.1 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142 тоот дүгнэлтийг гаргахдаа шинжээч нь У ХХК-аас тухайн барилгын өмчлөлийн талаар асууж тодруулалгүйгээр шууд дур мэдэн 73 айлын орон сууц, үйлчилгээний талбай, дулаан зогсоолын борлуулалтын үнэ тодорхойгүй гэж үндэслэлгүй дүгнэжээ. Тухайн орон сууц нь бүхэлдээ У ХХК-ийн өмч биш бөгөөд У ХХК нь өөрийн өмчид хамаарах орон сууцыг худалдан борлуулж, татварт мэдүүлсэн. Үлдсэн талбай нь барилгын ажлыг барих үйл ажиллагаанд туслах ажил гүйцэтгэгч нарт ажлын хөлсөнд олгохоор тохиролцсон зүйл юм. Гэтэл шинжээч нь бүхэлдээ У ХХК-ийн өмч мэтээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн анхан шатны шүүх нь тухайн орон сууцны барилга бүхэлдээ У ХХК-ийн өмч гэх баримт байхгүй байхад үндэслэлгүйгээр бүхэлдээ У ХХК-ийн өмч гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагч У ХХК-ийн хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

 

16 Давж заалдах гомдолд гаргасан Нийслэлийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

16.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хүсэлт гаргагч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэх атлаа шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулгатай давж заалдах гомдол гаргаж буй нь ойлгомжгүй байна. Харин анхан шатны шүүхэд шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар хүсэлт гаргах эрхтэй байсан. Хэрэг гүйцэтгэгч болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

17. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Хүсэлт гаргагч нь У ХХК-ийг дампуурсанд тооцож, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгохоор шаардсан.

 

3. Хариуцагч У ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч А.Х орон сууцны талбайн зөрүү үнэ болон хэмжилт хийлгэсэн зардалд 2,183,930 төгрөг, нэхэмжлэгч Ч.Ганцэцэг 2,295,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Ц 986,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Б 2,281,500 төгрөг, нэхэмжлэгч Ж.Б 1,556,000 төгрөг, нэхэмжлэгч А.Г 3,562,550 төгрөг, нэхэмжлэгч Г.Г 3,472,000 төгрөг, нэхэмжлэгч Я.Ы 2,493,241 төгрөг, нэхэмжлэгч Й татварын өр 221,924,783 төгрөг тус тус гаргуулах, нэхэмжлэгч М.С байрны агааржуулалтыг стандартын дагуу ажилладаг болгуулж, байрны гадна талбайн гэрэлтүүлэг, гадна фасад, хөөс, цонхны ус зайлуулах төмөр хашлага, цахилгааны ерөнхий щитний өрөөний кабель, хүүхдийн тоглоомын талбай зэрэг барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болохыг У ХХК-д даалгах тухай шаардлага гаргасан.

 

4. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2016/22891 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцон, Өдрийн сонины 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 146 /5411/ дугаарт, Зууны мэдээ сонины 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 123 (5309) дугаарт тус тус нийтэлж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсан байна.

 

4.1 У ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон нийтэд мэдээлснээс хойш буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 21 хоногийн дотор нэхэмжлэгч Ч.Г Д.Б, Г.Ц, А.Х, А.Г, Ж.Б, Г.Г, М.С, Я.Ы нар нь барилгын засвартай холбоотой тохижилтын ажлыг хийлгэх болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах стандартын байртай болгохыг даалгах болон гэрээний үүрэгт нийт 18,830,221 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Й татварын өр 221,924,783.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

5. Нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн анхан шатны шүүх Ш.ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон нь Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1хх188-189/

 

5.1 Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон тухай шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2016/22891 дугаар захирамж гарсан өдрөөс хойш хүсэлт гаргагч У ХХК, нэхэмжлэгч болон хэрэг гүйцэтгэгч нараас дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй байна.

 

5.2 Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд зохих ажиллагааг явуулж, хариуцагч У ХХК-ийн дампуурах болсон шалтгааныг ...Барилгын зургийг стандартын дагуу хийгээгүйгээс оршин суугчтай хийсэн гэрээний талбай хэмжээ зөрүүтэй байснаар хариуцагч оршин суугчдад зөрүү төлбөр 230,125,388 төгрөгийн төлсөн нь компанийг төлбөрийн чадамжгүй болгосон байна. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн татварын албаны явуулсан 2016 оны хяналт шалгалтын акт болон татварын өрийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2948 дугаартай захирамжаар Йт 233,515,910 төгрөгийг төлөхөөр болсон нь өр төлбөрийг нэмэгдүүлсэн байна. У ХХК өөрийн хөрөнгө бий болгох болон төлбөрийн чадвартай байх өр төлбөр барагдуулаагүй талаар ямар ч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй орхигдуулсан байдал нь төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан болсон байна.... гэж дүгнэжээ. /3хх36-64/

 

6. Хэрэг гүйцэтгэгчээс У ХХК-ийн санхүүгийн баримтад хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан, шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2018/08782 дугаар захирамжаар шинжээчээр Ө ХХК-ийг томилсон. /2хх206-208, 217, 219-220/

 

6.1 Шинжээч Аккурэйт-аудит ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А004/21 (1) дугаар дүгнэлтэд Эздийн өмчийн хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, үндэслэл баримтгүйгээр удаа дараа буюу 2012, 2013, 2015 онуудад өөрчлөлт оруулан залруулга хийлгэж байсан, мөнгөн гүйлгээний тайлангийн мэдээллээс бусад мөнгөн орлого, зарлагаар ангилагдан толилуулагдсан мөнгөний хэмжээ материаллаг өндөр дүн (21.3 тэрбум)-тэй байгаа нь уг тайлан бодитой бус гэж үзэхэд хүргэж байна. тус компани санхүүгийн мөнгөн орлого, зарлагаа ямагт бэлнээр хийж, харилцах дансанд орсон борлуулалтын орлогыг тухай бүр нь бэлнээр гарган авч бүрдэл болоогүй анхан шатны баримтаар гүйлгээ хийдгээс их хэмжээний мөнгөн зарлагыг хуурамч баримтаар гаргасан ... Барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн И ХХК болон Г ХХК-тай холбоотой талууд байсан эсэхийг тодруулж чадаагүй гэж дүгнэсэн. /2хх225-232, 3хх15-18/

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142 дугаар дүгнэлтэд 2015 онд санхүүгийн хаалтын тайлан гаргаснаас хойш санхүүгийн тайлан гаргаагүй байна. 2010-2012 онуудад санхүүгийн тайландаа борлуулалтын орлого борлуулсан бүтээгдэхүүний өртөг тусгаагүй, удирдлагын зардал тусгасан, 2013 оны санхүүгийн тайландаа борлуулалтын орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртөг, удирдлагын зардал тусгасан байна. Иргэний хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын актаар У ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээтэй 22 айлын орон сууцны барилга байгууламж, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оффис үйлчилгээтэй, авто машины дулаан зогсоолтой 342 айлын орон сууцны барилга байгууламжийг хүлээлгэн өгсөн байна. Дээрх актуудаар У ХХК нь 2012 оны 12 дугаар сард оффис үйлчилгээний төв, авто машины дулаан зогсоол, 364 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгсөн тул 2013 онд оффис үйлчилгээний төв, авто машины дулаан зогсоол, 364 айлын орон сууцны борлуулалтын орлогыг бүрэн тайлагнах ёстой. Гэтэл 2013 онд тайлагнасан 19,298,325,294 төгрөгийн борлуулалтын орлого нь хэдэн оффис үйлчилгээний төв, хэдэн авто машины дулаан зогсоол, хэдэн айлын орон сууцны орлого болох нь тогтоогдохгүй, У ХХК нь борлуулалтын орлогоо бүрэн тайлагнасан эсэх нь тодорхойгүй байх тул 2010 санхүүгийн байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангаа СТОУС-ийн дагуу үнэн зөв илэрхийлээгүй гэж үзэхээр байна. ...Шинжилгээнд ирүүлсэн баримтад 19,298,325,294 төгрөгийн борлуулалтын орлогын дэлгэрэнгүй тооцоолол ирүүлээгүй зөрчилтэй байна гэж дүгнэсэн. /3хх 51-65/ Хүсэлт гаргагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаагүй.

 

7.1 Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн У ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь, У ХХК нь орон сууц борлуулалтын орлогыг санхүүгий тайланд тусгаагүй, орон сууц болон үйлчилгээний талбай, автомашины зогсоол борлуулалтын орлогын талаарх мэдээлэл тодорхойгүй байх тул У ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах нь үндэслэлгүй.

 

8. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн орон сууцны барилга бүхэлдээ У ХХК-ийн өмч гэх баримт байхгүй байхад үндэслэлгүйгээр бүхэлдээ У ХХК-ийн өмч гэж дүгнэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, хүсэлт гаргагч нь үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаж байгаагүй байхаас гадна уг үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Х, Ч.Г Г.Ц, Д.Б, Ж.Б, А.Г, Г.Г, Я.Ы нарын нэхэмжлэлийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар талбайн зөрүү төлбөр гаргуулах шаардлага гаргах эрхээ алдсан үндэслэлээр, мөн нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлийг Сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс шаардах эрхгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хэргийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд гомдол гаргаагүй байх тул талуудын зарчимд үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/02770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хүсэлт гаргагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН