Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0159/З |
Дугаар | 001/ХТ2023/0013 |
Огноо | 2023-02-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2023/0013
Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн
Дотоод аудитын албаны даргад
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 670 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Т.Э, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Баянгол Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/09 дугаар акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 дугаар албан шаардлагыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилохыг даалгах, цалин олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, бичилт хийхийг даалгах;
2.Хэргийн нөхцөл байдал: 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсэг 89 дүгээр цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “төсвийг үрэлгэн зарцуулсан” гэж 1,785,000 төгрөгийг гаргуулахаар, акт үйлдэж, бараа материал худалдан авахдаа анхан шатны баримт авч байх, тушаал шийдвэргүйгээр хөрөнгө мөнгө захиран зарцуулахгүй байх, гүйцэтгэсэн ажлын тайлан, хүлээлцсэн актыг санхүүгийн баримтад тухай бүр хавсаргаж байх, илүү цагийн нэмэгдэл хөлс олгохдоо баталгаажуулах, тооцооны хуудас хөтлөх зэрэг үүргийг хэрэгжүүлэхийг шаардаж, хугацаатай албан шаардлагыг үйлджээ.
3.Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт болон акт, албан шаардлагыг үндэслэн Засаг даргын захирамжаар “хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн зарцуулалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй, 18,191,500 төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан” гэсэн үндэслэлээр Б.Ц-г ажлаас халсан байна.
4.Нэхэмжлэгчээс “... Боловсролын тухай хуульд 2020 онд өөрчлөлт орсонтой холбоотой дүүргийн Засаг дарга хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж ажлаас халсан нь үндэслэлгүй, ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзсэн нь тодорхойгүй, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар санхүүгийн баримтыг бүрдүүлэх, шаардаж авах нь нягтлан бодогчийн үүрэг байхад Б.Ц-г зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй, ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг хэн нь, ямар албан тушаалтан нь гаргасан гэдгийг шалгаж тогтоогоогүй” гэж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Ажлын хэсэг шалгахад нийт 18,191,000 төгрөгийн зөрчил илэрч, төсвийг үр ашиггүй зарцуулсан гэх дүгнэлт гарсан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ ирүүлээгүй” гэж, хариуцагч Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны даргаас “... Төрийн байгууллагууд 2021-2022 онд төсвийн хяналтын горимд шилжин ажиллаж байтал төсвийн үр ашиггүй зарцуулсан нь тогтоогдсон” гэж, гуравдагч этгээдээс “... намайг уг албан тушаалд томилсон томилгоо нь ямар нэгэн хууль, дүрэм журам зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх: “...улсын байцаагчийн акт болон албан шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрч гарын үсэг зурж, тогтоосон хугацаанд биелүүлсэн байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, нэхэмжлэгч нь албан шаардлагын дагуу 1,785,000 төгрөгийг төрийн санд төлсөн бөгөөд үүнийг үл харгалзан улсын байцаагчийн акт, ажлын хэсгийн дүгнэлт гарч энэ нь маргаан бүхий тушаалын үндэслэл болсон тул нэг зөрчилд хоёр хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээс үзвэл уг ажлын хэсгийн дүгнэлт, болон улсын байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан бүх зөрчил нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүрэгт нь хамааралтай эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч уг зөрчлийг дангаараа гаргасан гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна, 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг эхний болон сүүлийн хагас жилээр үнэлээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хуульд зааснаар Нийслэлийн боловсролын газраас санал гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг хүчингүй болгож, 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, цалин 8,373,941 төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/09 дугаар акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 дугаар албан шаардлагыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.Давж заалдах шатны шүүх: “... Хариуцагч нэхэмжлэгчийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг эхний болон сүүлийн хагас жилээр үнэлээгүй, Нийслэлийн боловсролын газраас санал гаргаагүй байхад маргаан бүхий захирамжийг гаргасан нь үндэслэлгүй, Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дүүргийн Засаг дарга нь ажил олгогч тул цэцэрлэгийн эрхлэгчтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй, уг үүргээ хариуцагч биелүүлээгүй, зарим зөрчлийн хувьд анхан шатны баримтын бүрдэл дутуу боловч холбогдох баримт болон гэрчийн мэдүүлгээр ажил, үйлчилгээг хийсэн болох нь нотлогдсон, албан шаардлагад дурдсан 1,785,000 төгрөгийг төрийн санд тухайн өдөр нь төлсөн зэргээс үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн шинж байдал, анх буюу давтан зэргийг харгалзан үзэлгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
7.1.Б.Ц-д төрийн албан хаагчийнх хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 48.2-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан,
7.2.Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох тайлан гаргах журам”-ын дагуу төлөвлөгөөний биелэлтээ ирүүлээгүй буюу үнэлэх боломж олгоогүй, үүнд хариуцагчийг буруутгах боломжгүй,
7.3.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэх заалтын “болон” гэх холбоос үг нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг зааглах тэгш эрхтэй болгох үүрэгтэй, үр дүнгийн хэрэгжилт, аймаг, нийслэлийн боловсролын газрын санал гэсэн 2 үндэслэл нь тэгш эрхтэйгээр буюу аль нэг үндэслэл нь бий болсон байхад сургуулийн захирлыг ажлаас чөлөөлж болохоор зохицуулалт юм.
7.4.Төрийн албаны зөвлөлөөс “зохих хууль журмын дагуу томилогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхгүй үргэлжлүүлэн ажиллуулах, сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй” гэж Боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой чиглэл ирүүлсэн байхад уг баримтыг шүүх үнэлээгүй, үндэслэл бүхий тайлбар хийгээгүй.
7.5.Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой баримт болон нэхэмжлэгчийн зүгээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн баримт зэрэг нь хэрэгт авагдсан байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
10.Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч Боловсролын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
11.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж төсвийн шууд захирагчийн үүргийг нэрлэн заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Ц нь “18,191,500 төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
12.Тодруулбал, Дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/09 дугаар актаар “1,785,000 төгрөгийн төсвийг үрэлгэн зарцуулсан” гэсэн болохоос 18 сая төгрөгийн зөрчил тусгагдаагүй, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх, ажил гүйлгээг бүртгэх, баталгаажуулах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэж үзэх шууд үндэслэл биш бөгөөд тухайн гүйлгээ бодитой, зориулалтын дагуу байсан эсэх, байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэгт нийцэх эсэх, зайлшгүй шаардлагатай байсан эсэхийг шалгасны эцэст төсвийг үр ашиггүй зарцуулсан гэж төсвийн шууд захирагчийн буруутгах үндэслэл болох юм.
13.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...бодит нөхцөлд тохирсон байх” гэж захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зохицуулсныг хариуцагч нараас хэрэгжүүлээгүй, ямар учраас үр ашиггүй зарцуулалт байсан талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр гаргасан, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
14.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 28.1-д “...зөрчлийг зогсоох ... шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах зорилгоор улсын байцаагчийн албан шаардлага үйлдэнэ” гэж тус тус заасан, энэ тохиолдолд улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан худалдан авалт хийхдээ анхан шатны баримт авч байх, гүйцэтгэсэн ажлын тайлан хүлээлцсэн актыг санхүүгийн баримтад хавсаргаж байх, нэмэгдэл хөлс тооцож олгох хуудсаар баталгаажуулах зэрэг зөрчлийг дахин гаргуулахгүй, зогсоох үүднээс албан шаардлага үйлдсэн болохоос бус 18,191,500 төгрөгийн төлбөр тогтоогоогүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
15.Харин Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь (төсвийн шууд захирагч) хяналт тавих” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг нэхэмжлэгч Б.Ц зөрчсөн, нягтлан бодогчийн санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавиагүй, илүү цагийг олгох тушаал шийдвэр гаргаагүй, тооцооны хуудас хөтлөөгүй, зарим хийсэн ажлын тайлан гүйцэтгэл байхгүй байна.
16.Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд Б.Ц-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
17.Маргаан бүхий албан тушаал болох цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу Төсвийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэснээр үүрэг хүлээсэн, төсвийн шууд захирагч тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг маргааны үйл баримтад хэрэглэх үндэслэлтэй.
18.Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгчийн тухайд дүүргийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг боловч түүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж зааснаар гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж, үнэлүүлж дүгнүүлэх тусгайлсан зохицуулалттай байна. Энэ маргааны тухайд, “хөдөлмөрийн гэрээний үүргээ биелээгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө хэрэгжүүлээгүй” гэсэн үйл баримтад голлож маргаагүй, харин “санхүүгийн хяналт шалгалтаар зөрчил илэрсэн” гэсэн гол үндэслэл байгаа учир шүүхээс энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийлээ.
19.Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн “ажлаас чөлөөлөхдөө Нийслэлийн боловсролын газраас санал авах үүрэгтэй байсан” гэсэн дүгнэлт буруу байна. Учир нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.10-т “өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах” гэж Нийслэлийн боловсролын газрын эрх, үүргийг зохицуулсан, тухайн тохиолдолд мэргэжлийн ур чадвартай холбоотой маргаан үүсээгүй, харин тусгайлсан хууль буюу төсвийн зөрчил гаргасан эсэхтэй холбоотой маргаан үүссэн тул Боловсролын газраас санал авах шаардлагагүй, Төрийн албаны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр байна.
20.Дээрх зохицуулалтын талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 425 дугаар тогтоолд “...тодорхой зөрчил гаргасан тохиолдолд шууд ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хуульд тусгайлан заасан нөхцөлд “боловсролын газрын саналыг аваагүй” нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж, 2022 оны 76 дугаар тогтоолд “...сургуулийн захирлыг томилж, чөлөөлөхдөө аймаг, Нийслэлийн боловсролын газрын саналыг авах ажиллагаа нь тухайн албан тушаалтан үндсэн чиг үүргээ (боловсролын удирдлага, мэргэжлийн асуудлаар) хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хувьд өгөх саналын тухай зохицуулалт байна” гэж тус тус тайлбарлажээ.
21.Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч нь албан шаардлагын дагуу 1,785,000 төгрөгийг төрийн санд төлсөн бөгөөд үүнийг үл харгалзан улсын байцаагчийн акт, ажлын хэсгийн дүгнэлт гарч, энэ нь маргаан бүхий тушаалын үндэслэл болсон тул нэг зөрчилд хоёр хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт буруу бөгөөд албан шаардлага, улсын байцаагчийн акт өөр өөр үйл баримтад хамааралтай, нөгөө талаар актыг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулж болох тул нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхгүй.
22.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг” хураахаар зохицуулсан, нэг индекстэй, нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар маргааныг хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан төлсөн 140,400 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэлээ.
23.Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 476 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 670 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.12” гэснийг хасч, 2 дахь заалтад “илүү төлсөн 140,400 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д буцаан олгох” гэж нэмж, өөрчилсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ