Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1434

 

                                

“Мөнхбарс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2016/00088 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Гурван тамга” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 45 122 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Есүхэйбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК-ийн захирал Д.Есүхэйбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “Гурван тамга" ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй 6497Х дугаартай тусгай зөвшөөрлийг "Мөнхбарс" ХХК-д шилжүүлэхээр тохирч 65 000 000 төгрөг өгөхийг захирал Д.Лхагвасүрэн надад санал болгож зөвшөөрөл бүрэн шилжих хүртэл урьдчилгаа төлбөр 70 хувь буюу 45 122 000 төгрөг өгөхийг шаардаж энэхүү мөнгийг түүнд бэлнээр өгсөн. Үлдэгдэл 30 хувийг буюу 6497Х дугаартай тусгай зөвшөөрлийг бүрэн шилжсэний дараа өгөхөөр тохирсон. 2008 оны 9 дүгээр сарын эхээр энэхүү талбай нь алтны нөөцгүй хоосон газар байсныг өөрийн хайгуулын ажлаар тогтоож мэдсэн ба алтны нөөцгүй гэдгийг мэдэнгүүтээ хариуцагч “Гурван тамга" ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй холбогдож энэ байдлаа хэлэхэд тэр өөр газар өгөхөөр тохиролцсон боловч итгэж хүлээсээр ихээхэн цаг хугацаа алдсан. Миний бие 2011 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж ажиллагаа хийлгэсэн боловч хариуцагчийн хаяг олдохгүй байсан тул тус шүүхээс эрэн сурвалжлах тухай захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Тахарын алба эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгсөн. Иймд хариуцагч “Гурван тамга" ХХК-иас 45 120 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Мөнхбарс" ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Гурван тамга" ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс дараах үндэслэлүүдээр татгалзаж байна. Миний бие 2000 оноос хойш 99110052 гэсэн дугаарыг ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч надтай холбоо барьж байгаагүй. Мөн нэхэмжлэгч "Мөнхбарс" ХХК-д 6497Х дугаартай хайгуулын талбайн тусгай зөвшөөрөл /лиценз/ шилжүүлсэн. Уг талбай нь нөөц тогтоогдоогүй талбай байсан ба миний бие өөр талбай өгөхөөр ярилцаж тохиролцсон зүйлгүй. Манай компаниас шилжүүлэн авсан 6497Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг эргүүлэн өгвөл мөнгийг төлөх боломжтой байсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь эрсдэл болон ашигаа өөрөө тооцож, хариуцлагаа хүлээх ёстой. Шилжүүлэн өгсөн талбайд бид хайгуул явуулаагүй, нөөцийг нь тогтоогоогүй тул хуурч мэхлээгүй. Нэхэмжлэгч компани цөөхөн газар, 10 метр өрөмдөөд нөөцгүй гэж байгаа нь үндэслэлгүй, төлбөрийг төлөөгүйгээс талбайгаа хураалгаад надаас тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан төлбөрт өгсөн мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Ашигт малтамлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Гурван тамга” ХХК-иас 45 122 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч "Мөнхбарс" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Есүхэйбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн хоёр удаагийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шүүхэд авагдсан нотлох баримтаар "Мөнхбарс" ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг "Гурван тамга" ХХК-иас хууль ёсоор шилжүүлэн авч, 45 122 000 төгрөг өгсөн нь нотлогдож байна гэж дүгнэсэн атал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн дүгнэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт, тогтоох хэсгийн дүгнэлт хоёр өөрөөр байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарна уу. "Мөнхбарс" ХХК нь холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж хууль ёсны татвар төлж лицензээ шилжүүлж авчихаад, үйл ажиллагаагаа явуулж, хайгуул хийгээд ямар ч алтны илэрц олдоогүй учир аргагүйн эрхэнд газрыг орхисон учраас буцааж, мөнгөө нэхэмжилж байгааг анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй тухайн асуудалд огт хамааралгүй "Ашигт малтмалын тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийн заалтыг үндэслэл болгон хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн шилжүүлэн авсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны хайгуул хийхээр Хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий байгууллагуудаар батлуулан явуулсан боловч, алт илэрээгүй хэмээн талбайгаа орхин явсан хайгуулын ажлаа дүгнүүлээгүй, нөөцтэй эсэхийг тогтоогоогүй, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүйгээс цуцлуулсан нь тусгай зөвшөөрлийг худалдан авсан үнийг худалдагчаас буцаан нэхэмжлэх үндэслэл болохгүй гэж дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын үйл ажиллагаа хийсэн нотлох баримтаа өгсөн, алт илрээгүйгээс талбайгаа орхин явсан шалтгаанд тодорхой дүгнэлт хийхгүй байж, нөөцтөй эсэхийг тогтоогоогүй гэдгийг шүүх яаж мэдэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. "Мөнхбарс" ХХК нь тухайн талбайд нөөцийг тогтоохоор маш их үйл ажиллагаа явуулсан. Яагаад тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүйгээс цуцлуулсанд шүүх дүгнэлт хийсэнгүй. Тухайн газраас юу ч гараагүй учраас илүү их зардал гаргахгүйн тулд талбайг орхихоос өөр арга байгаагүй болно. "Гурван тамга" ХХК нь алтны нөөцгүй газраа худал хэлж, хуурч мэхлэн мөнгө авсныг шүүхээр тогтоолгох гэж л мөнгөө нэхэмжилсэн байхад анхан шатны шүүхээс анхаарч үзэхгүй өөр зүйлд ач холбогдол өгч, буруу дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалыг эрэх хайх үйл ажиллагаагаа хуульд заасан нөхцөл журмын дагуу явуулсан ба хайгуулын үр дүн буюу нөөцийг баталж тогтоосон баримтыг Эрх бүхий төрийн байгууллага хүлээн авсан байхад аваагүй мэтээр анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.  “Миний бие "Гурван тамга" ХХК-ийн 6497 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, алтны илрэц олдохгүй бол өөр талбай өгье гэж тухайн үед ярилцаж байсан” гэсэн хариуцагч "Гурван тамга" ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд тухайн үед алтны илрэц байхгүй гэдгийг сайн мэдэж байсан нь харагдаж байна. "Гурван тамга" ХХК, "Мөнхбарс" ХХК нь лиценз шилжүүлэхдээ гэрээ байгуулж, Геологи уул уурхайн кадастрын албанд бүртгүүлсэн гэрээг анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас гаргаж өгч чадаагүй. Нэхэмжлэгч Д.Есүхэйбаатар надад уг гэрээ нь байгаагүй. Хариуцагч Д.Лхагвасүрэн нь Чингэлтэй дүүргийн шүүхэд 2010 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа "Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх " гэрээний хуулбарыг нотлох баримтаар өгсөн гэсэн байсан. Миний бие уг тайлбарыг шүүх хурал болсны дараа өөрийн хавтаснаас олж авсан. Лиценз шилжүүлэхэд заавал хоёр тал гэрээ байгуулдаг энэхүү байгуулсан гэрээгээр ямар эрх үүрэгтэй байсныг тодруулах зайлшгүй шаардлагатай чухал нотлох баримт байна. Анхан шатны шүүхэд гэрээг өгөөгүйгээс асуудал бүрэн шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэж байна. Иймээс гэрээг шүүхийн архиваас нотлох баримтаар олж авах шаардлагатай байна. Нэхэмжлэгч Д.Есүхэйбаатар миний хувьд "Гурван тамга" ХХК-иас 45 122 000 төгрөг нэхэмжилж 2011 оны 2 сард Чингэлтэй дүүргийн шүүхэд, 2014 онд Хан-Уул дүүргийн шүүхэд тус тус гаргаж байсан болно. Анхан шатны шүүхээс "Гурван тамга" ХХК-аас 45 122 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн "Мөнхбарс" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болжээ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн "Мөнхбарс" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК нь хариуцагч “Гурван тамга” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 45 122 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК-ийн захирал Д.Есүхэйбаатар, хариуцагч “Гурван тамга” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нар нь харилцан тохиролцож “Гурван тамга” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Их баясгалантын талбайд хайгуул хийх 6497Х дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК шилжүүлэн авах, тусгай зөвшөөрлийг шилжүүлсний төлбөрийг 65 000 000 төгрөгөөр тохирч, төлбөрийн 70 хувийг буюу 45 122 000 төгрөгийг хариуцагчид 2008 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу хариуцагч XV-006497 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлснээр хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.                               /хх-62 дугаар тал/

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэжээ.

 

Хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлэхдээ эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, алтны нөөцтэй газар өгөх, хайгуулын ажлын явцад алт гараагүй нөхцөлд өөр газар өгөх үүрэг хүлээсэн болохыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

            Хариуцагч “Гурван тамга” ХХК нь алтны нөөцгүй газраа худал хэлж, хууран мэхэлж мөнгө авсныг шүүхээр тогтоолгох гэж мөнгө нэхэмжилсэн байхад шүүх өөр зүйлд ач холбогдол өгч, буруу дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалыг эрэх хайх үйл ажиллагаагаа хуульд заасан нөхцөл журмын дагуу явуулсан гэх тайлбар гомдол үндэслэлгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Геологи уул уурхайн кадастрын албанд бүртгүүлсэн гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргаагүй байх тул уг гэрээг шүүхийн архиваас нотлох баримтаар гаргуулах шаардлагатай гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2016/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 561 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ