Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 88

 

 

 

                                                                                                                    

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Мөнхбарс” ХХК /

Хариуцагч: “Гурван тамга”  ХХК

45 122 200 /дөчин таван сая нэг зуун хорин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК-ийн захирал Д.Есүхэйбаатар, хариуцагч “Гурван тамга” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч компанийн захирал Д.Есүхэйбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр “Гурван тамга” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй 6497Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Мөнхбарс” ХХК-д шилжүүлэхээр тохирч 65 000 000 төгрөг өгөхийг захирал Д.Лхагвасүрэн надад санал болгож зөвшөөрөл бүрэн шилжих хүртэл урьдчилгаа төлбөр 70 хувь буюу 45 122 000 төгрөг өгөхийг шаардаж энэхүү мөнгийг түүнд бэлнээр өгсөн. Үлдэгдэл 30 хувийг буюу 6497Х дугаартай тусгай зөвшөөрлийг бүрэн шилжсэний дараа өгөхөөр тохирсон. 2008 оны 9 дүгээр сарын эхээр энэхүү талбай нь алтны нөөцгүй хоосон газар байсныг өөрийн хайгуулын ажлаар тогтоож мэдсэн ба алтны нөөцгүй гэдгийг мэдэнгүүтээ хариуцагч “Гурван тамга” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй холбогдож энэ байдлаа хэлэхэд тэр өөр газар өгөхөөр тохиролцсон боловч итгэж хүлээсээр ихээхэн цаг хугацаа алдсан. Миний бие 2011 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж ажиллагаа хийлгэсэн боловч хариуцагчийн хаяг олдохгүй байсан тултус шүүхээс эрэн сурвалжлах тухай захирамж гаргаж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Тахарын алба эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгсөн. Иймд хариуцагч “Гурван тамга” ХХК-иас 45 120 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК-д олгож өгнө үү.

Хариуцагч “Гурван тамга” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс дараах үндэслэлүүдээр татгалзаж байна. Миний бие 2000 оноос хойш 99110052 гэсэн дугаарыг ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч надтай холбоо барьж байгаагүй. Мөн нэхэмжлэгч “Мөнхбарс“ ХХК-д 6497Х дугаартай хайгуулын талбайн тусгай зөвшөөрөл /лиценз/ шилжүүлсэн, уг талбай нь нөөц тогтоогдоогүй талбай байсан ба миний бие өөр талбай өгөхөөр ярилцаж тохиролцсон зүйлгүй. Манай компаниас шилжүүлэн авсан 6497 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайг эргүүлэн өгвөл мөнгийг төлөх боломжтой байсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь эрсдэл болон ашигаа өөрөө тооцож, хариуцлагаа хүлээн ёстой. Шилжүүлэн өгсөн талбайд бид хайгуул явуулаагүй, нөөцийг нь тогтоогоогүй тул хууран мэхэлсэн гэх явдал байхгүй, тэгээд ч нэхэмжлэгч компани цөөхөн газар сайндаа л 10 метр өрөмдөөд нөөцгүй гэж байгаа нь үндэслэлгүй, төлбөрийг төлөөгүйгээс талбайгаа хураалгаад надаас тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан төлбөрт өгсөн мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК-ийн захирал Д.Есүхэйбаатар,  хариуцагч “Гурван тамга” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нар харилцан тохиролцож хариуцагч компанийн эзэмшлийн Төв, Сэлэнгэ аймгийн Заамар, Орхонтуул сумын нутагт байрлах Их баясгалантын талбайд хайгуул хийх 6497Х дугаартай тусгай зөвшөөрлийг  нэхэмжлэгч компани шилжүүлэн авах, тусгай зөвшөөрлийг шилжүүлсний төлбөрийг 65 000 000 төгрөг байхаар тохирч, төлбөрийн 70 хувийг буюу 45 122 000 төгрөгийг хариуцагч компанид 2008 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр бэлнээр өгсөн байх бөгөөд энэ үйл баримтын тухай талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ хариуцагчаас шилжүүлэн авсан талбайд хайгуулын ажлыг явуулахад алтны ямар ч нөөц тогтоогдоогүй, алтны илэрцгүй байсан, энэ тухай хариуцагчид мэдэгдэхэд өөр талбай өгөхөөр тохиролцсон боловч өгөөгүй гэж, хариуцагч тал татгалзлын үндэслэлээ хайгуулын тусгай зөвшөөрлийг тохиролцсон ёсоор шилжүүлэн өгсөн, нөөц нь тогтоогдоогүй, хайгуул хийгдээгүй талбай тул хууран мэхэлсэн гэх үндэслэлгүй, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүйгээс хураалгасан байсан ба бид өөр талбай өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй, 2008 оноос хойш надтай холбоо бариагүй, энэ талаар шаардлага гаргаж байгаагүй гэж тайлбарлана.

Хэрэгт нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн  2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/3792 дугаартай албан бичиг, Төв аймгийн Заамар сумын Байгаль орчний хяналтын улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний 1904-349 дугаартай тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээс  үзэхэд “Мөнхбарс” ХХК нь “Гуван тамга” ХХК-иас ХҮ006497 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-ээр шилжүүлэн авсан, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр цуцлагдсан, 2008 оны 6 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал хайгуулын ажлыг явуулсан боловч хайгуул хийсэн 6497Х талбайд алтны илэрцгүй байсан тул хаяад явсан болох нь тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, журмыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эрхтэй байхаар, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болохоор тус тус зохицуулсан байх бөгөөд энэхүү шаардлагыг хангасны үндсэн дээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр “Гурван тамга” ХХК-ийн эзэмшиж байсан 6497Х дугаартай тусгай зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр “Мөнхбарс” ХХК-д шилжүүлжээ.

Талуудын хооронд хийсэн хэлцлээр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн 6497Х дугаартай, хайгуулын тусгай зөвшөөрлийг 65 000 000 төгрөгөөг худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, “Хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ” байгуулан урьдчилгаа 45 122 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч “Гурван тамга” ХХК нь гэрээний  дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгсөн байна.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт “үүргийн агуулгад харшлахгүй бол эрх шаардлага, бусад хөрөнгө  худалдан авахад эд хөрөнгө худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал эрхийг шилжүүлэн өгсөн, худалдан авагч үнийг төлсөн, худалдсан тусгай зөвшөөрөл нь эрхийн доголдолгүй болох нь худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь өөрийн шилжүүлэн авсан тусгай зөвшөөрөл бүхий талбайд  алтны хайгуул хийхээр Хайгуулын ажлын төлөвлөгөөг эрх бүхий байгууллагуудаар батлуулан явуулсан боловч алт илрээгүй хэмээн талбайгаа орхин явсан, хайгуулын ажлаа дүгнүүлээгүй, нөөцтэй эсэхийг тогтоогоогүй, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүйгээс цуцлуулсан нь тусгай зөвшөөрлийг худалдан авсан үнийг худалдагчаас буцаан нэхэмжлэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалыг эрэх, хайх үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу явуулах ба хайгуулын үр дүн буюу нөөцийг батлаж тогтоосон баримтыг шилжүүлэн аваагүй байна. 

Нэхэмжлэгч тал Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан 2011 онд анх нэхэмжлэл гаргаж байсан, хариуцагч өөр талбай өгөхийг зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа ч нотлож чадаагүй, хариуцагчийн тайлбараар үгүйсгэгдэж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх  үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Ашигт малтамлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Гурван тамга” ХХК-иас 45 122 000 /дөчин таван сая нэг зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэгч “Мөнхбарс” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.БАТСҮХ