Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02186

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02191

 

 Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/02511 дугаар шийдвэртэй,

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу зөвтгөн явуулж дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэрээр Н ХХК болон Ц.О нараас 232,164,309 төгрөг, Н ХХК-иас 764,547,285 төгрөгийг гаргуулж Ч-д олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01523 дугаар тогтоолоор шийдвэрийн 2 дах заалтад нэмэлт өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

1.1. НШШГГ нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан урьдчилсан нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэрт заасан төлбөрийг Н ХХК болон Ц.О нар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахийг даалгажээ. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын 1 дэх хэсэгт заалтад Н ХХК-ийн төлөх төлбөрөөс 88,000,000 төгрөгийг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгч Чны өмчлөлд шилжүүлсэн 67-26 УНУ дугаартай том оврын тээврийн хэрэгслээр хангаж гэж өөрчилсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан ажиллагааг тэргүүн ээлжинд явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө дээрх хуульд зааснаар Н ХХК болон Ц.О нарын банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байтал шууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагааг эхлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолоор оруулсан нэмэлт өөрчлөлтөд заасан барьцаа хөрөнгө буюу тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангах чиглэлээр ажиллагааг явуулаагүй. Барьцаа хөрөнгө буюу Х.Г, Б.Т нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, О хотхон, Туул гол гудамж, ** дүгээр байр, ** тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнэлүүлсэн ба дуудлага худалдаанд оруулах хугацааг тогтоосон байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас "Н ХХК болон Ц.О нарт холбогдуулан ажиллагаа огт хийгээгүй, тэдгээрт эд хөрөнгө байгаа эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг хуульд зааснаар хийлгэх, 88,000,000 төгрөгт эхлээд ажиллагаа хийлгэх шаардлагатай тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг даалгаж өгнө үү.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөрөнгө үнэлэх ажиллагаанд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд оролцдог байтал НХХК болон Ц.О нар төлбөр төлөгчөөр оролцоогүй. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзэх ажиллагаа хийлгүй шууд өмчлөгч буюу гуравдагч этгээдэд холбогдуулан ажиллагаа хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан төлбөр төлөгчтэй харьцах, санал асуух ажиллагаа хийгдээгүй нь хууль зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байх явцад төлбөр төлөгч Ц.О нас барсан бөгөөд талууд маргадаггүй. Төлбөр төлөгч нас барсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар өвлөгч эсхүл эрх шилжүүлж авч байгаа этгээдэд үүрэг хариуцлагыг танилцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах боломж байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүнтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй орхигдуулсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан журмыг хэрэглээгүй, барьцаа хөрөнгөөс ажиллагаа хийсэн нь хуульд нийцээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг даалгаж өгнө үү.

1.3. Нэхэмжлэгч Б.Т-т Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан тухай мэдэгдэлд анхны дуудлага худалдааг явуулах өдрийг товлосон ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээ 415,251,054 төгрөгийн 70 хувь буюу 290,675,738 төгрөгөөр дуудлага худалдаа хийхээр мэдэгджээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буюу 1 жилийн өмнө 4-126/1066 дугаар албан бичгээр "Үнийн мэдэгдэл гэх мэдэгдлийг анх мэдэгдсэн. Түүнээс хойш 1 жилийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2022 оны 01 дүгээр сард үнэлэгдсэн зах зээлийн ханшаар дуудлага худалдааг явуулахаар тогтоол гаргасан бөгөөд эдийн засгийн инфляци, барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 жилийн өмнөх үеэс тодорхой хэмжээгээр өссөн энэ үед 2021 оны сүүл үеийн зах зээлийн үнэлгээний ханшаар дуудлага худалдаа явуулах болсон нь нэхэмжлэгч миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт заасан ажиллагааг хийсний дараа нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах, ингэхдээ дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн ханшаар бодитоор үнэлэгдсэн үнэлгээгээр хийгдэх ёстой. Иймд С ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ болон түүнийг үндэслэн гарсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол-ы г тус тус хүчингүй болгож өгнө үү.

1.4. Шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгчийн тавьсан хүсэлтийг хүлээн аваагүй шинээр үнэлгээ хийлгээгүй ба 12 сарын өмнөх ханшаар тогтоогдсон үнээр дуудлага худалдаа явуулахаар тогтоол гаргасан.

Иймд нэхэмжлэгч Б.Т-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, О хотхон, Туул гол гудамж, ** дүгээр байр, ** тоот орон сууцанд 2022 оны 01 дүгээр сард үнэлгээ хийгдсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар 2023 оны зах зээлийн ханшаар үнэлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01523 дугаар тогтоолоор "Нида" ХХК болон Ц.О нараас 232,164,309 төгрөг, "Н ХХК-иас 764,547,285 төгрөг, Ц.О гаас улсын тэмдэгтийн хураамжид 659,385 төгрөг, "Н" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,482,123 төгрөг нийт 1,001,853,102 төгрөг гаргуулж, "Ч" ХХК-д олгож, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ХД-75Б байр, ** тоотод байрлах 51.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, **/* байр, ** тоот, 87.37 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-220603**** дугаартай орон сууц, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** байр, *** тоот, 35 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-220501**** дугаартай орон сууц, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, О хотхон, Туул гол гудамж, ** байр ** тоот, 147.68 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-220602**** дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум, ** дугаар баг, Д ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2882 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-040500**** дугаартай орон сууцны барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

2.1. Дээрх шийдвэрт дурдсан бүх барьцаа хөрөнгө дээр зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр төлөгч Ц.О нас барсан бөгөөд түүний болон НХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансанд мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө байдаггүй. Харин Ц.О д төлбөр төлөлтийн ногдох хувийг түдгэлзүүлэх ажиллагаа хийгдэнэ. Шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдсан ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулга хийх талаар хуулийн зохицуулалт байдаг.

2.2. Үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байгаа. 2022 оны 01 дүгээр сард үнэлсэн үнэлгээний талаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл хүргүүлсний дараа шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, уг үнэлгээ нь хуулийн дагуу зах зээлийн бодит ханшаар тогтоосон байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр үргэлжлүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр таарсан нь ямар нэгэн байдлаар хуульд харшлаагүй. 2022 оны 01 дүгээр сард цар тахлын үеийн байдалтай холбоотой 2022 оноос 2023 оны хугацаанд барилгын болон өргөн хэрэглээний үнийн хооронд зах зээлийн зөрүү гараагүй гэж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 55 дугаар зүйлийн 55.5, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг даалгах, С ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/48 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ/2017/00961 дугаар шийдвэрт заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмыг шийдвэр гүйцэтгэгч хийж хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 86, 93 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн байна.

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ/2017/00961 дугаар шийдвэрээр Н ХХК болон Ц.О нараас 232,164,309 төгрөг, Н ХХК-иас 764,547,285 төгрөгийг гаргуулж Ч-д олгохоор шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01523 дугаар тогтоолоор шийдвэрийн 2 дах заалтад нэмэлт өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч Н ХХК болон Ц.О нар гүйцэтгэх баримт бичигт тодорхойлогдсон. Гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 93 дугаар зүйлийн 93.1, 93.4 дэх хэсэгт тус тус заасан. Хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө дээрх хуульд зааснаар Н ХХК болон Ц.О нарын банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байтал шууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагааг эхлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 93 дугаар зүйлд нийцэхгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...төлбөр төлөгч нарыг хөрөнгөтэй эсэхийг шалгасан боловч нэр дээрээ хөрөнгөгүй байсан гэх боловч төлбөр төлөгч нарын банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөтэй эсэхийг шалгаж тодруулсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйг шүүх анхаарсангүй. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолд нэмэлт өөрчлөлтөөр орсон барьцаа хөрөнгө буюу 67-26 УНУ дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангах чиглэлээр ямар нэгэн ажиллагааг явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх дарааллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 болон 93 дугаар зүйлд заасан журмаар хэрэгжүүлээгүй, энэ талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч хүлээн аваагүйй тул гомдол гаргаж байна.

4.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийг томилж, тус компани үнэлгээг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хийж гүйцэтгэсэн. Гэтэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг дуудлага худалдаа явуулахаас өмнө гаргах хуулийн зохицуулалттай байхад 1 жилийн өмнө гарсан үнэлгээний дүнгээр буюу 2023 онд дуудлага худалдаа явуулах болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиин 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгааг шүүх буруу дүгнэсэн. Бид дуудлага худалдааг 1 жилийн өмнө гарсан үнэлгээгээр явуулах болсон тухай мэдэгдсэн даруй шийдвэр гүйцэтгэгчид хандан дуудлага худалдаа явуулахаас өмнө шинээр үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан боловч шийдвэр гүйцэтгэгчээс хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болон анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу зөвтгөн явуулж дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01523 дугаар тогтоолоор Н ХХК, Ц.О нараас 232,164,309 төгрөг, Н ХХК-аас 764,547,285 төгрөг тус тус гаргуулж Ч ХХК-д олгох, үүнээс 88,000,000 төгрөгийг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Beiben маркийн **-** УНУ улсын дугаартай автомашинаар хангах, хариуцагч нар төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэжээ. Үүнд:

а. Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, **/* дугаар байр, ** тоот, 87.37 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-220603**** дугаартай орон сууц,

б. Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ХД-75Б байр, ** тоот, 3 өрөө, 51.4 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-220404**** дугаартай орон сууц,

в. Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, *** тоот, 35 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-220501**** дугаартай орон сууц,

г. Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, О хотхон, Туул гол гудамж, ** дүгээр байр, ** тоот, 147.68 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-220602**** дугаартай орон сууц,

д. Булган аймаг, Булган сум, ** дугаар баг, Д ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2,882 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-040500***** дугаартай орон сууцны барилга.

3.2. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэрт дурдсан Б.Т, Х.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, О хотхон, Туул гол гудамж, ** дүгээр байр, ** тоот хаягт байрлах, 147.68 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хураан авчээ.

4. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг хариуцагчид даалгах шаардлагын үндэслэлээ хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86, 93 дугаар зүйлүүдэд зааснаар төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хийлгүйгээр шууд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн, фидуцийн зүйлээс төлбөр гаргуулах ажиллагаа хийгээгүй гэж тодорхойлжээ.

4.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйл нь төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг зохицуулсан заалт тул төлбөр төлөгч-хуулийн этгээд болох Н ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагаанд уг зохицуулалт хамааралгүй.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт гүйцэтгэх баримт бичгийн агуулгыг тодорхойлсон ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00961 дүгээр шийдвэр болон гүйцэтгэх хуудаст барьцаа хөрөнгө болох дээрх 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн.

Иймээс хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх зорилгоор шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг хураасан нь хууль зөрчөөгүй.

4.3. Үүнээс гадна нэхэмжлэгч нь эд хөрөнгө хураах тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

4.4. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр НХХК-ийн төлөх төлбөрөөс 88,000,000 төгрөгийг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашинаар хангаж шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан зохицуулалтад тус тус нийцсэн тул хуулийн 86, 93 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Хариуцагч байгууллага нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээчээр С ХХК-ийн үнэлгээчин Г.О-ыг томилсон. Шинжээч Г.О-т 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, энэ талаар баримт үйлдсэн байна.

С ХХК хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 415,251,054 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01852 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6. Мөн нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ С ХХК хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үнэлсэн бөгөөд хариуцагч анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн, 2023 оны 01 дүгээр сарын зах зээлийн ханшаар үнэлгээг дахин тогтоолгож дуудлага худалдаа явуулах ёстой байсан гэж тодорхойлжээ.

6.1. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/48 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг 290,675,738 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр албадан дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч дээрх үнэлгээний дагуу анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргаснаар дуудлага худалдаа явагдаагүй байна. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2022/01852 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр явуулахаар дахин товложээ. Ийнхүү нэхэмжлэгч шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны улмаас анхны албадан дуудлага худалдаа анх товлосон хугацаандаа явагдаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгох ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч талуудын хүсэлтээр хийхээр зохицуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд холбогдох хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс шүүх нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах, түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/48 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсгийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/02511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 Д.БЯМБАСҮРЭН