Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 85

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нямдорж,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч С.А, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт С.А, Б овогт Б.Х нарт холбогдох эрүүгийн 1818006750531 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Т овогт С.А /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

2. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Х /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч С.А, Б.Х нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.А, Б.Х нар нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Портер маркийн авто машин хөлслөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Пионерын 13 дугаар гудамж, 87 тоотод оршин суух иргэн Б.Бын гэрийн хашаанд эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч уг хашаанд байсан ЮМЗ маркийн тракторын ган диск 1 ширхэг, Тоёота исузу маркийн ачааны автомашины нум 6 ширхэг, 4 метрийн урттай 20-ын шевелер төмөр 1 ширхэг, 500кг цул төмөр зэрэг эд зүйлсийг авч ачин хаягдал төмөр, түүхий эд авдаг Б.А гэх хүнд худалдсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Аын өгсөн: Б.Хтай бүлэглэн хулгай хийж 630.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Хын өгсөн: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Б.Бын өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр намайг ногоо руугаа явах гэж байхад манай хашаанд ЮМЗ маркийн тракторын ган диск 1 ширхэг, Тоёота исузу маркийн ачааны машины нум 6 ширхэг, 4 метрийн урттай 20-ын шевелер төмөр 1 ширхэг, 500 кг цул төмөр зэрэг эд зүйлс маань байсан. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өглөө хашаандаа ирэхэд алга болсон байсан. Намайг явсны дараа портер машинтай ирээд ачаад явсан юм шиг байгаа юм. Би хажуу айлын Б.Хыг сэжиглэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Гэрч Н.У-ийн өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Б.Б над руу залгаад “гэрийн хашаанд байсан төмөрнүүд хулгайд алдагдсан байна” гэж хэлсэн. Манай нөхөр юм хийх гээд цуглуулж байсан төмөрнүүд юм. Хашаанд байсан дөрвөн дугуй нь байхгүй чиргүүлийн тэвш дээр байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Гэрч Б.А-ийн өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай хашаанд цэнхэр өнгийн портер маркийн машинтай 3-н залуу ирсэн. Би хашаандаа хаягдал төмөр, түүхий эд авдаг юм. Тэд нарын ачиж ирсэн төмөрнүүдийг үзэхэд машины нум төмөр, шевелер, пийшингийн төмөр, машины чиргүүлийн гар төмөр, машины ган диск зэрэг хаягдал, хуучин төмөрнүүд байсан. Тэр төмөрнүүдийг жинлэж үзэхэд 500 гаруй килограмм болсон. Мөнгө нь 110.000 төгрөг болсон. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Гэрч А.Д-ны өгсөн: ...С.А, Б.Х 2 нэг протер машинтай ирээд надад “ах хашаанаас төмөр ачилцаад өгөөч, хөлс мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр 2-той цуг тосгоны 1 дүгээр багт байрлах нэг хашаанд очоод чиргүүлийн сэг дээрээс төмөрнүүдийг портер машинд ачсан. Б.Х нь манай хашаа байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Сэлэнгэ рүү явдаг замын тэнд хаягдал төмөр авдаг цэг дээр очоод портерт ачсан төмөрнүүдийг буулгасан. Б.Х надад төмөр ачиж өгсөн гээд 10.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Шүүгдэгч С.Аын гэрчээр өгсөн: ...Б.Хтой цуг Шинэ захаас нэг портер хөлслөөд тосгоны Пионерын гудамжинд Б.Хын гэрийн цаана байх хашаанд очиж хоосон ЗИЛ-130 машины тэвш дээр байсан зэвэнд идэгдсэн төмөрнүүдийг портер машинд ачсан. Тэгээд Толгойт руу төмөр авдаг газарт очоод төмөрнүүдээ жинлэж үзэхэд 520 кг болсон. Төмөр авдаг хүн Б.Хт 120.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Шүүгдэгч Б.Хын яллагдагчаар өгсөн: Би хажууд талын айл болох Б.Бын хашаанаас хаягдал төмөрнүүдийг авч мөнгө болгох гэж нагац ах С.Аыг төмөр ачилцаад өг гэж хэлээд дагуулаад явсан. Би зах дээрээс портер машин хөлсөлсөн. С.Ад “төмөр ачаад өгөх хүн байна уу” гэж асуухад С.А нь зүс таних Аагий гэх хүнийг дагуулж ирсэн. Тэгээд Дааяа буюу Б.Бын хашаанд байсан хаягдал муусайн төмөрнүүдийг портер машинд ачаад 1 дүгээр сургуулийн цаана байдаг хаягдал төмөр авдаг цэгт аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Пионерын 13 дугаар гудамж, 87 тоот хашаа байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн: ...иргэн Б.Бын алдагдсан ЮМЗ маркийн тракторын ган диск 1 ширхэг, Тоёота исузу маркийн ачааны автомашины нум 6 ширхэг, 4 метрийн урттай 20-ын шевелер төмөр 1 ширхэг, 500кг цул төмөр зэрэг эд зүйлсийн зах зээлийн үнэ 630.000 төгрөг байна ... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.А, Б.Х нарын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Портер маркийн авто машин хөлслөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Пионерын 13 дугаар гудамж, 87 тоотод оршин суух иргэн Б.Бын гэрийн хашаанд эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч уг хашаанд байсан ЮМЗ маркийн тракторын ган диск 1 ширхэг, Тоёота исузу маркийн ачааны автомашины нум 6 ширхэг, 4 метрийн урттай 20-ын шевелер төмөр 1 ширхэг, 500кг цул төмөр зэрэг эд зүйлсийг авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байна.

Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэх бөгөөд гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзэж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар хуульчилсан байна.  

Шүүгдэгч С.А, Б.Х нар нь хоёул дээрх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо адилхан байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна.

Иймд шүүгдэгч С.А, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бд 630.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөрт 400.000 төгрөг төлсөн, хохирогч нь 400.000 төгрөг авсан, өөр санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан Б.Хаас 400.000 төгрөгийг хохирогч Б.Бд өгсөн талаар эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/, хохирогч Б.Бын шүүхэд ирүүлсэн “...С.А, Б.Х нараас хохирол төлбөрт 400.000 төгрөгийг цагдаагийн байцаагчаар дамжуулан авсан. Одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 131/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.А, Б.Х нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч С.А нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Б.Х нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй болох нь тэдний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжийн хуулбараар нотлогдож байх бөгөөд энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт юм.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч С.А, Б.Х нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч С.А, Б.Х нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Аын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болгохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Ад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Хт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт С.А, Б овогт Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Б.Х нарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А, Б.Х нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Аын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Хт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.А, Б.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР