Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 42

 

Б.Х-, С.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0063/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.А-, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: 

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгч                                       С.А-, Б.Х-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Л.Оюунсувд

Нарийн бичгийн дарга                 Б.Мандуул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой, С-ийн А-, Б-н Х- нарт холбогдох, 1818006750531 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд

- 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3, 123 дугаар зүйлийн 123.3.т зааснаар нийт 6 жил хорих ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан.,  ********** регистрийн дугаартай, Т- овогт С-ийн А-,

- Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд

-  2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар 1 жил хорих ялаар.,

- 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар нийт 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар.,

- 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1.д зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар.,

- 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял., 146 дугаар зүйлийн 146.3, 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  2015 оны 11 дүгээр сарын 05-нд шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 2 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн.,

- 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сард  ялыг нийцүүлэн хасаж, эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар, 25 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдсан., ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-н Х-.

Шүүгдэгч С.А-, Б.Х- нар нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Портер” маркийн авто машин хөлслөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Пионерийн 13 дугаар гудамж, 87 тоотод оршин суух  иргэн Б.Б-ын гэрийн хашаанд эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч уг хашаанд байсан “ЮМЗ” маркийн тракторын ган диск 1 ширхэг, “Тоёота исузу” маркийн ачааны автомашины 6 нум,  4 метрийн урттай 20-ын шевелер төмөр, 500 кг цул төмөр зэрэг эд зүйлсийг авч ачин хаягдал төмөр, түүхий эд авдаг Б.А-д худалдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Т- овогт С-ийн А-, Б- овогт Б-н Х- нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4.д зааснаар С.А-, Б.Х- нарт тус бүр 1 жил 6  сар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар С.А-, Б.Х- нарт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.д зааснаар С.А-ын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Х-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.А- давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор С.А- миний бие 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн.

Дүү Б.Х-ыг “төмөр ачилцаад өгөөч” гэхэд нь туслах санаатай дагаж яваад хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна.

Хохирогч Б-д дүү бид 2 хохирол учруулснаа нөхөн төлж барагдуулсан. Миний бие шүүх хуралд орохоосоо өмнө ажил хийж байхдаа унаж гэмтээд 4 хавирга хугарсан. Эмчилгээ хийлгэж чадаагүй хоригдож байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж 1 жил хорих ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдолдоо:

“... Б.Х- миний бие нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн. Би урьд өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож байсан ч тухай тухайн үедээ эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгэлийг эдэлж байсан.

Миний бие нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн учир надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д зааснаар 1 жил  хорих ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.А- тайлбартаа:

Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Анхан шатны шүүхийн оногдуулсан ялаас хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Х- тайлбартаа:

Би хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Мөн энэ хэрэгт гэм зэмгүй ах С.А-ыг уруу татан оролцуулсандаа харамсаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Хорих ялыг 1 жил хүртэлх хугацаагаар багасгах хууль зүйн боломж байгаа гэж үзэж байна. Хэргийг мөрдөн шалгах үед ч тогтоогдоогүй тул энэ талаарх хохирлыг гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөлөөр үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь 2-оос дээш жилээр хорих ялтай. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж доод хэмжээгээр буюу 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан тул үүнээс багасгах боломжгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.А-, Б.Х- нар нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Портер” маркийн авто машин хөлслөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Пионерийн 13 дугаар гудамж, 87 тоотод оршин суух иргэн Б.Б-ын  хашаанаас эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, “ЮМЗ” маркийн тракторын ган диск нэгийг, “Тоёота исузу” маркийн ачааны автомашины 6 нум, 4 метрийн урттай 20-ын шевелер төмөр мөн 500 кг цул төмөр авч хаягдал төмөр, түүхий эд авдаг Б.А-д  худалдаж бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж, эд зүйлээ хадгалсан хашаанаас авсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийн болон хохирогч Б.Б-ын мэдүүлэг, хулгайлагдсан эд зүйлээ хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлоо нөхөн төлүүлсэн тухай тайлбар, гэрч Б.А-, А.Досжан, Н.Ууганцэцэг нарын мэдүүлэг, “Капитал зууч” компанийн шинжээчийн үнэлгээ хийсэн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд  хэлэлцэж  шүүгдэгч С.А-, Б.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4.д зааснаар 1  жил 6  сар хорих ялаар шийтгэж, мөн  хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан 1  жил 6  сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч С.А-ын цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдэнд 1 жил 6 сар хорих ял оногдуулсан нь үйлдсэн хэрэгт нь тохирсон,  гэмт хэргийн улмаас учирсан  хохирлыг зөв тооцож, хуульд заасан бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга,  зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч С.А-, Б.Х- нарын гаргасан ...оногдуулсан ялаас хасаж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдллыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэлд тэднийг урьд ял шийтгүүлж байсан талаар  бичсэн нь зөв гэтэл дахиад тодорхойлох хэсэгтээ бүгдийг нь хуулж бичих шаардлагагүй.,  мөн тухайн гэмт хэрэг нь тухайлбал Эрүүгийн хуульд хулгайн гэмт хэргийн “...хүн амьдрах орох байранд.., үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд., тусгайлан хамгаалсан байранд.., эсхүл агуулахад .., гэх мэт шинжүүдийг заахдаа аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг агуулсан байж болохоор заасан боловч энэ тохиолдолд хашааг агуулах гэж үзсэн шинжтэй байхад хуульд байгаа хулгайн гэмт хэргийн бүх шинжийг бичсэн нь буруу байна.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуульд ...хоёр түүнээс дээш олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ..,” “...хамжигч, хатгагч...”, гэж заажээ., эсхүл “...эрүүгийн хариуцлага нь ...ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ...” “Эрүүгийн хуулийн зорилго нь ... хүнийг нийгэмшүүлэхэд оршино...,” “Эрүүгийн хуульд ял оногдуулахдаа ...  нөхцөл байдлыг харгалзан үзнэ...” гэж заажээ.... “ гэх мэтчилэн хуулийн заалтыг шууд хуулж бичих шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэмт үйлдэл болон нотлох баримтын талаар харилцан уялдаатай   дүгнэлт хийж, хэлбэр, агуулгын хувьд хуульд нийцсэн байхаас гадна үг, өгүүлбэр, найрууллага, хууль зүйн хэллэгийн  хувьд  ойлгомжтой алдаагүй байх шаардлагатайг цаашид анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С-ийн А-, Б-н Х- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                              Ц.ТУЯА