Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00717

 

 

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00717

 

 Х.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч, Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08ы өдрийн 102/ШШ2021/03281 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Т-ын хариуцагч Ж.Г-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,746,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, хариуцагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Т-ын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 3*-9* У** улсын дугаартай, Тоёота лексус-570 маркийн автомашиныг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 63 дугаар байрны доод талын 7 дугаар зогсоолд тавьсан байсан. Гэтэл тэр өдрийн орой нэхэмжлэгч рүү ...хажуу талын зогсоолын машин таны машиныг мөргөчихлөө гэж хүн ярьсан. Ингээд доошоо граж руу буугаад очиход Бодь даатгалын ажилтан ирээд зураг аваад зогсож байсан бөгөөд нэхэмжлэгчид үнэлгээний газрын нэрийн хуудас өгсөн байдаг. Ингээд өөрийн автомашиныг үнэлүүлэхэд автомашинд учирсан хохирлын хэмжээ 1,701,830 төгрөг, үнэлгээ хийсэн ажлын хөлс 45,000 төгрөг болсон. Гэвч энэхүү 1,746,830 төгрөгийг хариуцагч Ж.Г төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч Ж.Г-аас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирол болох нийт 1,746,830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тухайн үед даатгалын байгууллага ирсэн байсан. Даатгалын байгууллагад материал бүрдүүлж өгөөгүй, төлөөгүй байна. Надаас биш даатгалын байгууллагаас нэхэмжлэх ёстой. Мандал даатгал болон Бодь даатгал-ын 2 тодорхойлолтод иргэн Х.Т материалаа бүрдүүлж өгөөгүй гэх бөгөөд өнөөдрийг хүртэл даатгал төлбөр төлөөгүй нь баримтаар нотлогдож байна. Хоёрт, надад холбогдуулж нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Х.Т, Ж.Г нар тухай бүр цаг тухайд нь даатгалаа төлж байсан тодорхой албан бичиг ирсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г аас 1,746,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 691 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Г аас 42,899 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Т д олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Даатгалын компаниас шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүй Х.Т-ын буруу байхад би 100 хувь хариуцах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Таван богд ХХК-аас ХААН банкаар дамжуулан худалдан авсан бөгөөд одоо лизингээ төлөөд явдаг гэсэн ба энэ нь ч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн тодорхойлолтоор дээрх автомашины өмчлөгч нь ХААН банк болох нь хэргийн материалд тодорхой авагдсан байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт өмчлөгчийн эрхийг зохицуулсан. Х.Т нь нэхэмжилбэл зохих этгээд биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Т-ын эзэмшлийн автомашиныг шүргэсэн гэм буруугийн талаар маргаагүй. Харин хохирлыг даатгалын компани төлөх ёстой, мөн нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт гаргаагүй нь буруу гэж маргасан. Хариуцагч нь Х.Тулгыг Бодь даатгал ХХК-д хүсэлт гаргах ёстой байсан гэж маргаж байгаа боловч Х.Т нь жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний оролцогч биш учир нөхөн төлбөр авах хүсэлт гаргах боломжгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд хариуцагч Ж.Г нь өөрөө учруулсан гэм хороо арилгах үүрэгтэй. Х.Т нь уг автомашиныг ХААН банк ХХК-ийн зээлээр худалдан авсан учир уг автомашинд учирсан хохирлыг бусад этгээдээс шаардах, хохирол төлбөрийг хүлээн авах, тээврийн хэрэгслийг хэвийн байдалд оруулах үүргийг зээлдэгч Х.Т хүлээсэн. Иймд Х.Т нь өөрийн автомашинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй этгээд мөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Х.Т нь Ж.Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 1,746,830 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 63 дугаар байрны №7 зогсоолд байрлуулсан нэхэмжлэгч Х.Т-ын эзэмшлийн 3*-9* У** дугаартай, Тоёота лексус-570 маркийн автомашиныг хариуцагч нь 9*7* У** дугаартай Ланд крузер-200 маркийн автомашинаар шүргэж, нэхэмжлэгчийн автомашинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар зохигчид маргаагүй байна.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй

Нэхэмжлэгч Х.Т өөрийн эд хөрөнгөд гэм хор учирсан үндэслэлээр хариуцагчаас автомашинд учирсан хохирол, үнэлгээний ажлын хөлс зэргийг хохиролд тооцож нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн Тоёота лексус-570 маркийн автомашины урд буфер, зүүн урд крыло эвдэрч гэмтсэн, хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй ч хохирлыг даатгалын байгууллага хариуцах ёстой гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн маргаж буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэний үндсэн дээр хариуцагч гэрээт даатгалын компанид шаардлагатай баримтыг бүрдүүлэн өгөөгүй тул даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Ж.Г нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Бодь даатгал компанитай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан байх ба 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдсэн хэдий ч уг осол нь даатгалын тохиолдол биш гэх үндэслэлээр даатгагч даатгалын нөхөн төлбөр олгоогүй байх тул даатгалын компаниас шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүй Х.Т-ын буруу байхад би 100 хувь хариуцахгүй гэх үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Х.Т ХААН банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулан дээрх автомашиныг худалдан авсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, уг гэрээгээр автомашиныг ХААН банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн шаардах эрх нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарах тул Х.Т нь нэхэмжилбэл зохих этгээд биш гэх үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08ы өдрийн 102/ШШ2021/03281 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Ж.Г ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Г-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.БЯМБАСҮРЭН