Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00719

 

 

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00719

 

 

Б.Б, Б.Ш нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/03266 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нарын хариуцагч “Т” ХХК болон тус компаний Баянгол салбарт холбогдуулан гаргасан 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаар, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18/155 дугаар зээлийн гэрээнүүдийг цуцлуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 7,409,408,794.64 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ч.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буянхишиг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Базаргүр овогтой Б миний бие нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны барилгын төслийг 2015 оноос хойш явуулж байгаа билээ. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор би “Т” ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаар зээлийн гэрээг байгуулж 2,380,000,000 төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18/155 дугаар зээлийн гэрээг байгуулж 2,020,000,000 төгрөгийн, нийтдээ 4,400,000,000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаар барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн Ү-22060460** дугаар, Ү-22060460** дугаар, Ү-22060460** дугаар, Ү-22060460** дугаар 4 блок үл хөдлөх хөрөнгийг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/148-1 дугаар барьцааны гэрээгээр төсөл хэрэгжүүлж буй газрыг тус тус барьцаалсан. “Т” ХХК-ийн зүгээс эхний зээл олгосноос хойш дараагийн зээлийг олгоход судалгаа хийнэ, хурлаар орно гэх зэргээр явсаар бүтэн жилийн дараа олгосон. Гэтэл уг зээлээс хойш дараагийн шатны зээлийг авч барилгын ажлыг түргэн шуурхай дуусгах талаархи хүсэлтийг удаа дараа тавьсан боловч банкны зүгээс ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсаар 2 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Миний бие 2019 оны 02 дугаар сараас хойш үндсэн зээлийн төлбөр 1,252,100,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,677,100,000 төгрөг төлж чадахгүй байдалтай байна. Мөн хугацаа явахын хэрээр банкны зээлийн хүү, бусад гүйцэтгэгч байгууллага, иргэдийн өмнө гэрээний дагуу хүү, алданги, торгууль хүлээх зэрэг санхүүгийн  хувьд бүр хүнд байдалд ороод байгаа билээ. Иймд “Т” ХХК-тай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18/155 дугаар зээлийн гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаар барьцааны гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/148-1 дугаар барьцааны гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18/155 дугаар барьцааны гэрээг тус тус цуцалж өгнө үү гэжээ.

 2.    Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Ш хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлснээр Иргэний хуулийн 203 дугаар зүйлд заасны дагуу гэрээ цуцлах талаар мэдэгдэж байгаа. 2020 оны 10 дугаар сараас гэрээ цуцлахыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээнд заасан хугацааг 973 хоногоор, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд заасан хугацааг 1001 хоногоор тус тус хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир банкны зүгээс гэрээний 25.1-д зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр цуцалж, цуцалсантай холбоотойгоор 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2,379,816,130.18 төгрөг, үндсэн хүү 1,564,868,584.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,023,755.78 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2,019,999,340 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,330,795,724.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 44,905,259.28 төгрөг, нийт 7,409,408,794.54 төгрөгийг нэхэмжилж байгаа. 7,409,408,794.54 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу 4 үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

4. Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга: “Т” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,399,815,470.18 төгрөг дээр нэхэмжлэгч талаас маргаан байхгүй. Үндсэн зээлийн төлбөрөөс 705,899,161.42 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн хүүгээс 2,189,765,147.88 төгрөгийг зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүү 113,929,015 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2 зээлийн гэрээний  хугацаа дуусаагүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Б.Ш, хариуцагч “Т” ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 17/148 дугаар зээлийн гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 18/155 дугаар зээлийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч “Т” ХХК-ийн Баянгол салбарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нараас 6,627,929,786.54 төгрөг гаргуулан хариуцагч “Т” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 781,479,008 төгрөгт холбогдох хэсгийг болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нар нь 6,627,929,786.54 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0007993** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-220604**** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Энгельс гудамж, 7/* тоот 8840 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0007993** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060460** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Энгельс гудамж, 7/* тоот 768 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0006681** дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060460** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Энгельс гудамж, 7/* тоот 8840 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060460** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Энгельс гудамж, 7/* тоот 4352 м.кв, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны үйлчилгээний зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0005153** дугаар гэрчилгээтэй, 178008/0057 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, эмнэлэг оношилгоо, сургалтын төв, үйлчилгээтэй орон сууц, оффисын зориулалттай, 3500 м.кв эзэмших эрх бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид 12,368,550 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000,000 төгрөгийг, хариуцагч “Т” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,275,194 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нараас 33,367,799 төгрөгийг гаргуулан хариуцагч “Т” ХХК-д олгож, 12,228,150 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч “Т” ХХК-аас 22,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нарт олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/148-1 дүгээр, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 18/155 дугаар барьцааны гэрээнүүдийг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх тул нэхэмжлэгчийн татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж болох 22,157,950 төгрөгийг банкнаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэсэн гэх гомдолд хэлэх тайлбаргүй. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэх нь хэргийн оролцогч нарын хүсэл зоригоос үл хамааран Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудаар зохицуулагдана. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 781,479,008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ техникийн алдаа гаргаж хэрэгсэхгүй гэдэг үгийг орхигдуулсан тул энэ хэсгийг засварлаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нар хариуцагч “Т” ХХК болон тус компаний Баянгол салбарт холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж, “Т” ХХК болон Б.Б, Б.Ш нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 17/148 тоот, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 18/155 тоот зээлийн гэрээнүүдийг, мөн “Т” ХХК болон Б.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 17/148 тоот, “Т” ХХК болон Г.А нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 17/148-1 тоот, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 18/155 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус цуцлуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Т” ХХК нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нарт холбогдуулан үндсэн зээлд 4,399,815,470.18 төгрөг, зээлийн хүү 2,895,664,309.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,929,015.06 төгрөг, нийт 7,409,408,794.64 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нар барьцааны гэрээнүүдийг цуцлуулах шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан байна. 

3. Нэхэмжлэгч Б.Б, Б.Ш нар болон хариуцагч “Т” ХХК-ийн хоорондох зээлийн гэрээнүүдийг цуцлах үндэслэл байгаа эсэх, үүнтэй холбоотой хариуцагч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болж зохигч, гуравдагч этгээд энэ хүрээнд мэтгэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

4. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, Б.Б, Б.Ш нар болон “Т” ХХК-ий хооронд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 17/148 тоот, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 18/155 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, улмаар хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба энэ талаар зохигч гомдол гаргаагүй байна.

5. Хариуцагч “Т” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх тул нэхэмжлэгчийн татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж болох 22,157,950 төгрөгийг банкнаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна” гэж гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нар шүүхэд зээлийн гэрээнүүдийг цуцлах нэхэмжлэл гаргасан ба энэ нь эд хөрөнгийн бус нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө. Гэтэл шүүх гэрээний үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулсан нь буруу байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 781,479,008 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “хэрэгсэхгүй” гэсэн үгийг орхигдуулсан алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/03266 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хэсгийг” гэсний дараа “хэрэгсэхгүй” гэж нэмж, 3 дахь заалтын “төгрөгийг” гэснийг “төгрөгөөс 70,200 төгрөгийг,” гэж, “22,157,950” гэснийг “70,200” гэж тус тус өөрчилж, “12,228,150 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж” гэснийг хасаж, “төгрөгийг” гэсний дараа “,улсын орлогоос 9,929,800 төгрөгийг тус тус” гэж нэмэн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 268,740 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                                                                             Д.БЯМБАСҮРЭН