Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02103

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02103

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02476 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: В-.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, Төгс орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар ** тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулан авах тухай нэхэмжлэлтэй,

дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01230 дугаартай захирамжаар А ХХК нь хэв хашмалын түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 20,157,593 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, Б ХХК нь 100,787,962 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

Уг захирамжийн дагуу Б ХХК нь 100,787,962 төгрөгийг төлөхөөс 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 91,618,907 төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/ Наадамчдын зам гудамж, Төгс орчин-1 орон сууцны хотхоны 286Б байрны 8 давхрын ** тоот хаягт байрлах, 66,68 м.кв 3 өрөө орон сууцыг А ХХК-д шилжүүлэн өгөхөөр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.

Гэвч Б ХХК нь А" ХХК-д гэрээний дагуу дээрх орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ зөрчиж, бусдад худалдсан байна.

1.2. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний үүргийн дагуу Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/ Наадамчдын зам гудамж, Төгс орчин-1 хотхон, 286Б-байрны 8 давхрын ** тоот хаягт байрлах, 66,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

Бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай байгууллага А ХХК-д төлөх хэв хашмалын түрээсийн төлбөртөө тооцож Төгс Орчин хотхоны 286Б байрны ** тоотыг өгөхөөр тохиролцох үед гэрээний мэргэжилтэн солигдсон байсан тул иргэн Г-т борлуулсан орон сууцыг А ХХК-д борлуулж болно гэж буруу мэдээлэл өгсөн байсан.

Байгууллагын удирдлагын зүгээс байрны давхардал гарсныг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн бөгөөд мэдсэн өдрөө А ХХК-д ** тоот орон сууцны оронд өөр орон сууц өгөх, эсвэл 91,618,907 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөх санал гаргаж бэлэн мөнгөөр өгөхөөр тохиролцож тухайн өдөртөө 20,000,000 төгрөг шилжүүлсэн, одоо 71,618,907 төгрөгийн өр төлбөртэй байна.

2.2. А ХХК-д өгөхөөр тохиролцсон орон сууцыг тус компанитай гэрээ байгуулахаас өмнө иргэн Г-т борлуулсан болно. Г-тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний эрх одоо В-т шилжиж ирсэн.

Иймд А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг зөвшөөрч байна.

 

3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, тайлбарын агуулга:

3.1. В- нь амьдрах нөхцөлөө сайжруулах зорилгоор өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 3 өрөө болгохоор үл хөдлөх эд хөрөнгийн зуучлагчаар дамжуулан Д-тай уулзан, түүний захиалсан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төгс орчин1 хотхоны 2 дугаар блок, 8 давхрын ** тоотод байрлах орон сууцыг худалдан авахаар Б ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.

Орон сууцны төлбөрт В- нь өөрийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг Д-д шилжүүлж, орон сууцны үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөгийг Б ХХК-ийн Хаан банкны 517514*** дугаар дансанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн ба орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан. Иймд В- нь уг маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч юм.

3.2. Б ХХК нь В-т мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг 91,618,907 төгрөгт тооцож А ХХК-д төлөх хэв хашмалын түрээсийн төлбөрт шилжүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иймд, В-ийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төгс Орчин 1 хотхоны 2 дугаар блок, 8 дугаар байрны давхрын ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр В-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Б ХХК-д даалгаж, Б ХХК, А ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн оронд сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б ХХК-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, Төгс орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар ** тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт тус тус зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В-ийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, Төгс орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар ** тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В-т хүлээлгэж өгөхийг хариуцагч Б ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 616,045 төгрөг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,282,075 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 736,230 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В-т олгох олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

А ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01230 дугаар захирамжийг үндэслэн Б ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр гэрээ юм.

Орон сууцны төлбөрийг Б ХХК-аас А ХХК-д төлөх төлбөрт суутгасан тул орон сууцны төлбөр 91,618,907 төгрөгийг бүрэн төлснөөр тооцогдож Б ХХК-аас уг орон сууцыг ашиглалтанд орсны дараа А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийн гүйцэтгэл хүлээгдэж байсан.

Гэтэл орон сууц нь 2022 онд ашиглалтанд орсон боловч Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн В-тэй орон сууц захиалгын гэрээ байгуулж орон сууцыг давхардуулан худалдсан байхад шүүхээс В-ийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.2. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнд Хан-Уул дүүргийн, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, 286Б тоот хаягт байршилтай "Төгс орчин" орон сууцны хотхоны "Төгс орчин 1" хотхоны 286Б байрны 8 давхрын ** тоот, 3 өрөө, 66,68 м.кв 91,618,907 төгрөгийн үнэ бүхий орон сууц гэсэн гэрээ байгуулсан байхад Б ХХК болон В- нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд Хан-Уул дүүргийн, 21 дүгээр хороо, НГЗБА-ны ажилчдын орон сууцны 2-** тоот, 8 давхар, 3 өрөө, 70,08 м.кв талбай бүхий 101,616,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц гэж гэрээ байгуулсан нь Б ХХК-аас А ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний хаяг зөрүүтэй орц тоот хаягийг гараар засварлаж 286Б болгож засварлаж бичсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

5.3. В- нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дансаар 60,000,000 төгрөгийг Б ХХК-ийн дансанд төлснөөс өөр төлбөр тооцоо хийгдээгүй.

Мөн Б ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны, Газар чөлөөлөх мэргэжилтэн Г-тэй дээрх маргаан бүхий орон сууцыг худалдахаар орон сууц захиалгын гэрээ байгуулж, улмаар Г- нь өөрийн эрхийг Д-д шилжүүлсэн талаар нотлох баримтгүй.

Г-тэй байгуулсан гэрээ болон А ХХК-тай байгуулсан гэрээнд заагдсан орон сууцны хороо, хаяг, талбайн хэмжээний хувьд зөрүүтэй, өөр орон сууцны захиалгын гэрээ байхад шүүхээс Б ХХК нь Г-тэй орон сууцны захиалгын гэрээг эхэлж байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Г- нь 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Х-т 2-** тоот орон сууцыг бусдад шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл нь А ХХК болон Б ХХК хооронд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээнээс хойш олгогдсон. Мөн Д-гаас орон сууцны төлбөрт 43,194,000 төгрөгийг төлсөн гэх боловч мөнгө төлсөн баримт байхгүй байна.

Г-ээс Х-т итгэмжлэл олгосон боловч Х- нь Д-д эрх шилжүүлсэн ямар ч нотлох баримт байхгүй. Д- нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь А ХХК болон "Б" ХХК-ийн хооронд 2020 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан гэрээнээс хойш байгуулагдсан. Мөн Г-ээс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дансаар 12,300,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дансаар 7,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дансаар 2,297,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр 21,597,000 төгрөгийг төлсөн байдаг,

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, В-ийг орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5.4. Б ХХК нь орон сууц захиалгын гэрээг давхардуулан хийж А ХХК-ийг залилсан талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анх гэрээ байгуулах үед тус орон сууц Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байсан боловч хороо солигдож, хуваагдах явцад 21 дүгээр хороо болж өөрчлөгдсөн.

Г- болон Д- нар орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэхээр өөрсдөө хүсэлт гаргасан. В-ийн төлбөр тооцоо дууссан бөгөөд үүнд ямар нэгэн маргаан байхгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоогүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Гэрч асуух товыг талуудад бүгдэд нь мэдэгдсэн. Маргаан бүхий байранд В- амьдарч байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс тус орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй.

Анх 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Г-тэй гэрээ байгуулсан, гэрээний эрх нь В- рүү шилжсэн тул В-тэй байгуулагдсан гэрээг А ХХК-аас өмнө байгуулагдсан гэж үзнэ.

Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаарх нотлох баримт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. В- бол шударга эзэмшигч.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, Төгс орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар ** тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулан авах тухай нэхэмжлэл,

гуравдагч этгээд В- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан мөн тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлага тус тус гаргаснаас хариуцагч бие даасан шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01230 дугаар захирамжаар Б ХХК нь 100,787,962 төгрөгийг А ХХК-д төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг барагдуулах зорилгоор А ХХК болон Б ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх үлдэгдэл 91,618,907 төгрөгийн төлбөрт Хан-Уул дүүргийн, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, Төгс орчин орон сууцны хотхоны, 286Б байр, 8 давхар, ** тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Мөн В- нь Г-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, Д-гийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус тус хариуцагчтай байгуулсан гэрээний захиалагчийн эрх, үүргийг шилжүүлэн авч Б ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Иргэний нисэхийн Ерөнхий газрын хойд талд, Төгс орчин-1 хотхоны 286Б байр, 2 дугаар орц, 8 давхар, ** тоот орон сууцыг 2022 оны 07 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, В- нь 101,616,000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээнүүдийн харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

3.1. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд маргааны зүйл болж буй орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд давхардуулан худалдан борлуулсан, улмаар орон сууцыг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлж өгсөн, тухайн орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

3.2. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдэн үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болдог.

Зохигчийн маргаж буй орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авсан гуравдагч этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд гуравдагч этгээд нь тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шударгаар эзэмшиж буй тул түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан дээрх орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

3.3. Гуравдагч этгээдийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нь бие даасан шаардлага биш, харин шаардлагын үндэслэлд хамаарахаар байна.

А ХХК болон Б ХХК-ийн байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.1. Г-ийн Б ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний шаардах эрх В-т шилжсэн, уг гэрээнд заасан төлбөр төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдсон. Үүнд:

- Г-ийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, Д-гийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, В-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус тус хариуцагчтай байгуулсан гэрээ,

- В-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөг Б ХХК-нд төлсөн шилжүүлгийн баримт, В-ээс Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол, Архивчдын гудамж, 806-30 тоотод байрлах 50.4 м.кв орон сууцыг худалдах эрхийг Д-д олгосон итгэмжлэл,

- Г-ээс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12,300,000 төгрөг, 06 дугаар сарын 19-ний өдөр 7,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,297,000 төгрөгийг Б ХХК-нд төлсөн шилжүүлгийн баримт, мөн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 21,597,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн орлогын баримт, Г-ээс маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэх эрхийг Х-т олгосон итгэмжлэл,

- Г-, Д- нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 56-57, 60-66, 71-72, 93-101, 110-117/.

Иймд В-ийн байгуулсан гэрээ нь А ХХК-ийн Б ХХК-тай байгуулсан гэрээнээс сүүлд байгуулагдсан, гэрээний төлбөрөө гуравдагч этгээд төлж дуусгаагүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.2. Г-, Д-, В- нарын Б ХХК-тай байгуулсан гэрээнд заасан орон сууцны хаяг, байршил нь А ХХК-ийн Б ХХК-тай байгуулсан гэрээнд заасан хаяг, байршлаас ялгаатай гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хариуцагчаас шаардаж буй орон сууц давхардсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон бөгөөд гуравдагч этгээдийн эзэмшиж буй орон сууцаас өөр орон сууцыг гаргуулахаар хариуцагчаас шаардсан болохоо нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

4.3. Энэ маргаантай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж буй гэж давж заалдах гомдолд дурдсаныг хүлээн авахгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнд холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэхгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/02476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ